Хэдэн жилийн өмнө Замын II анги замчдынхаа нэгдсэн хүчээр замд дунд засвар хийж, миний бие сурвалжилахаар очсон билээ. Тэр үед бүрх малгай өмсөж нарны шил зүүгээд, алчууруураар нүүрээ хагас ороосон бүсгүй ид ажил буцалж буй замчдын дундуур ангийнхаа Хүний нөөцийн тасгийн даргын хамт алхаж явсан юм. Түүнийг замчид бүгд л “Сайн уу инженер ээ” гэх. Зарим нь “Инженертэйгээ нэг зургаа татуулчихъя” гэцгээж байв. Юу хариуцсан инженер болохыг нь  мастераас лавлавал “Манай ангийн ҮЭ-ийн хорооны дарга П.Жаргалсайхан” гэсэн юм. Яагаад хэн ч “Хорооны даргаа” гэхгүй байгааг нь лавлавал “Манай ангийн инженер байсан болохоор бид тэр байдлаар нь харьцаад сурчихсан юм. Маш сайн инженер дээ” гээд инээмсэглэж билээ. Тэр цагаас хойш П.Жаргалсайхан даргатай танил болж, зам засвар, шинэчлэлт, замчдаа хэвлэлээр алдаршуулах, урамшуулах зэрэг олон ажилд аяны дөрөө нийлсэн билээ. Харин энэ удаагийнхаа баярын дугаарт түүнтэй хөөрөлдсөнөө уншигч та бүхэнд хүргэж байна.

 

Дагалдан замчнаас инженер хүртэлх замнал

 

   -Би 1997 онд Дархан-Уул аймгийн 15 дугаар сургуулийг төгсөөд Төмөр замын сургуулийн зам Барилгын инженерийн хуваарь аван элсэж байлаа. Тэр үед эхний гурван жилд нь техникчээр сургаж оноогоороо тавд орсон хүүхдүүдийг хоёр жилийн инженерийн ангид дэвшүүлдэг байсан юм. Ингээд 2002 онд Дархан руу хуваарилахаар нь яваагүй. Хотод гэр бүл зохиосон байсан болохоор эндээ үлдээд хэсэг ажилгүй байсан. Тэгээд Замын II ангийн н.Ням-Осор даргад өргөдлөө барьж орон цохоод 2003 оны гуравдугаар сарын 10-нд Улаанбаатар өртөөн дэх VII хэсгийн II бригадад дагалдан замчин буюу сум цэвэрлэгчээр хуваарилагдсан. Манай хэсгийнхэн намайг замчнаар удаан ажиллуулаагүй. Хоёр жилийн дараа бригадын дарга, төдөлгүй шалгалтын бригадын дарга болгосон. 2007 он гарангуут ангийн Техник тасгийн ахлах инженер Я.Долгормаа эгч “Чи замчны ажил ямар байдгийг мэддэг боллоо. Одоо инженер хүний хувьд ангийн ажилтай танилцах хэрэгтэй” гэж зөвлөөд техникч болгосон. VII хэсгийн хувьд 70 гаруй суман шилжүүлэг, 18 замтай маш том хэсэг шүү дээ. Бригад байхдаа зарим үед мастераа орлодог байлаа. Баруун талынх нь суман шилжүүлгүүдийг Р-50-аас Р-65 руу шилжүүлэх ажил ид хийгдэж байсан. Замын голоор овоолсон шороонуудыг гүүр хоолойн бригадын тракторчин Д.Чулуунбаатар агсантай хамтран тэгшлэх, зам паркийг засах зэрэг олон ажлыг удирдсан. Улаанбаатар өртөөнөөс цөөнгүй удаа шагнуулж билээ. Орлогчоор Ц.Лувсан дарга байсан. Бид маш сайн хамтарч ажилладаг байлаа. Харин техникч болоод хэдхэн сарын дараа салбар зам хариуцсан инженерээр томлигдсон. Энэ ажлаа 2011 оны эцэс хүртэл хийж, ХАБЭА сургалт хариуцсан инженерээр томилогдсон. Хамгийн сайхан нь би дандаа дэвшсэн хүмүүсийн ажлыг авдаг байлаа. Гэрээт замын инженер н.Мягмарсүрэн ангийн ерөнхий инженер болоход мөн Замын III ангийн дарга байсан Б.Ариунболд тухайн үед ХАБЭА сургалт хариуцсан инженерээс алба руу дэвшихэд ажлыг нь хүлээж авч байлаа. Энэ ажлаа 2019 оны дөрөвдүгээр сард ҮЭ-ийн хорооны дарга болтлоо хийсэн.

 

 “Жагаа инженер”-ээ гэж дуудуулах дуртай.

 

 

-ХАБЭА сургалтыг тэр үед ганц л хүн хариуцдаг байсан. Тиймээс ч замчид бүгд намайг андахгүй мэддэг болсон. Олон зуун хүнд хүрч ажиллахад ачаалал ч ихтэй байлаа. Одоо бол гурав, дөрвөн хүнтэй болсон. Замчид маань “Жагаа инженер”-ээ гэх нь хороон даргаа гэхээс дотно санагддаг. VII хэсгийнхэн маань “Бригад аа” гэж дууддаг, сайхан шүү. Намайг анх ҮЭ-ийн хорооны даргад нэр дэвшихэд нийт зургаан хүн өрсөлдсөн. Замын ангийн бүх гишүүнээс санал авч, жинхэнэ ардчилсан сонгууль хийж билээ. Энэ сонгуулиар би 50-аас дээш хувийн санал авсан. Би уг нь ХАБЭА хариуцсан инженер болохоор эрүүл, аюулгүй ажиллах ёстой гэдэг үүднээс ажилтнуудад хатуу шаардлага тавьдаг байсан л даа. Тиймээс хүмүүс надад санал бага өгөх болов уу гэж бодсон ч тэгээгүйд их гайхаж билээ. Харин өнгөрсөн жил дахин нэр дэвшихэд хэн ч өрсөлдөөгүй, ҮЭ-ийн хорооны даргаар улиран сонгогдсон. Олны итгэлийг алдахгүй явна гэдэг амаргүй. Би “Итгэлийг нь зүтгэлээр хариулъя” л гэж боддог. Түүнчлэн, ҮЭ-ийн хороо зөвхөн ажилчдын аялал зугаалга зохион байгуулж, хүнд шагнал өгдөг байгууллага гэдэг нийтийн хэвшмэл ойлголтын эсрэг байдаг. Өөрөөр хэлбэл, ажилтны эрхийг хамгаалахад анхаарлаа илүү хандуулж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдийн тоглоомын талбай бий болгох зэрэгт бол хөрөнгө мөнгө харамгүй зардаг. Энэ нь ч замчдын хүсэл шүү дээ. Хамгийн хүнд хэцүү ажлыг замчид л хийдэг. Үер боллоо, галт тэрэг уналаа гэхэд замчид л хамгийн түрүүнд ирж хамгийн сүүлд явдаг. Улаан гараараа ажиллаж байгаа хүмүүс замчид л байдаг. Тэр тусмаа эмэгтэй замчдад хамгийн хэцүү эмэгтэй хүний гоо сайхан алдагдан жилийн дөрвөн улиралд ажиллаж л байдаг доод тал нь найман кг жинтэй төмөр багаж өргөж ажилладаг. Ар гэр, үр хүүхэд гэрийн ажил, анхаарал халамж бүгд хойш тавигддаг. Алслагдасн өртөө, зөрлөгийн ажилчдын хүүхдүүд ихэвчлэн дотур байраар дамжиж 24-ийн цэцэрлэгт явдаг. Тэр ч утгаараа би ажилчдынхаа хүүхдүүдэд зориулж тоглоомын талбайтай болгосон. Одоо тохижуулах ажил хийгдэж байгаа. Нэг ёсондоо ажилчдынхаа буюу ээж аавынх нь татварын мөнгөөр хүүхдүүдэд нь зориулж бүтээн байгуулалт хийж байгаа юм л даа.  Одоогоор бол есөн хэсэг дээр  гадаа талбайг тохижуулчихсан байна. Цаана нь хоёр гуравхан хэсэг, тасаг л үлдээд байгаа.

 

 

Хүнд тус болж чадахгүй бол гай болохгүйг хичээдэг

 

Халуун өдөр дээрээс нар халахад зам төмөр улайсаж нүүр рүү төөнөнө. Бороо, шороо, цас, шуурга, үер ус гээд байгалийн ямар ч бэрхшээлд ажиллана. Энэ бүхнийг би дунд нь ажиллаж явсан хүний хувьд сайн мэдэх учир зарим нь намайг хэтэрхий наалинхай, зөөлөн хандах юм гэдэг. Ямар хэцүү ажил хийдгийг нь мэдэх болохоор тэднийг хайрлах сэтгэл надад бий. Шугам замаас хэн нэг нь ирчихсэн зогсож байвал аль болох туслахыг хичээдэг. Хэдхэн цагийн чөлөө аваад л ирсэн байгаа шүү дээ. Гэтэл уулзах, гарын үсэг зуруулах хүн нь эзгүй, эсвэл завгүй байж болно. Бүр зарим нь хэнтэй уулзах, гарц шийдлээ ч мэдэхгүй байдаг. Тиймээс захиргааныхан дээр дагуулж ороод асуудлыг нь аль болох хурдан шийдүүлээд, бүтээгээд өгөх нь чухал.  Гэхдээ мэдээж чанга байх зүйл дээр чанга байлгүй яах вэ. Буруу зүйлд нь “за” гэхгүй шүү дээ. Ер нь, би хүнд тус болж чадахгүй бол гай болохгүйг хичээдэг. Хүнд тусалчихаад “Энэ хүн эргээд надад тусална даа” гэдэг хүн байдаг. “Буян нь буцаад бороо шиг ирнэ” ч гэх нь бий. Би бол хүнээс хэзээ ч хариу хүлээдэггүй. Хэн нэгний ажлыг бүтээгээд өгчихвөл өөрийн ажил бүтсэн мэт сайхан мэдрэмж төрдөг. Энэ бол эмээгийн л өгсөн хүмүүжил байх.

     

Шаргуу байвал амьдралд нь дэвшил гарна

 

-Би айлын гурав дахь хүүхэд болж төрөхөд аав дүүгийндээ хүүхэд тогтохгүй байсан учир үрчлүүлсэн юм билээ. Өвчин ээрээд байхаар нь нагац эмээ “Буцааж авъя” гэж авсан гэдэг. Аав, ээж залуу хүмүүс, ажилтай учир хэдхэн сартайгаасаа эмээ, өвөө дээрээ өссөн. 1986 онд өвөө минь бурхан болж хоёулаа үлдсэн. “Эмээг үхвэл дагаад үхнэ” гэж ярьдаг хүүхэд байлаа. Гэтэл 1999 онд том хүүгээ төрүүлээд эмнэлгээс гарч ирсны маргааш үүрээр эмээ маань бурхан болж билээ. Маш  хэцүү байсан. Хань ижил, үр хүүхэдтэй болсон тулдаа л сэтгэлээ барьсан. Эмээ маань “Олны дотор үгээ ганцаар явахад сэтгэлээ шинж”, “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэх мэт зүйр цэцэн үгээр л сургадаг байлаа. Багаасаа үнээ сааж, аарцаа буцалган тогоо нэрж, ааруул тавьж сурсан. Эмээгийнх урд древенд, Чулуут голын ард, Хараа голын хажуугийн эхний гудамжны айл байсан. Хашаандаа худагтай, бас маш олон туулайтай. Би хөвгүүдтэй их тоглодог, айлын эрх хүүхэд байлаа. Одоо би эмээ шигээ “Эзэн хичээвэл заяа хичээнэ”, “Санаа зөв бол заяа зөв” гэхчлэн зүйр үгээр ярьчих гээд байдаг болсон байна (инээв). Ер нь, хүн өөрөө л хичээж, аливаад дайчин, шаргуу байвал амьдралд нь дэвшил гарна. Өөрөө тэмүүлэлгүй бол яаж дэвжих вэ дээ. Хийж буй зүйлдээ чин сэтгэлээ зориулах хэрэгтэй. Би халтуурдах ч юм уу тийм занд дургүй. Дээр нь итгэл гэж байх ёстой. Нэг л итгэл алдсан хүнтэй би дахин харилцаж чаддаггүй. Итгэл гэдэг бол хүний харилцаанд маш гол зүйл шүү дээ.

 

Ээжийн үг хууль байсан...

 

   -Эмээтэйгээ үнээ сааж малынхаа ажлыг аялуулна. Эмээ маань хоёр жил болоод л хурган дээлийг маань торгоор өнгө татаж өгдөг. Шинэ хурган дээлээ өмсөөд саахалт айлуудаараа орж мялаалгах их дуртай. Манай ар талын хашаанд Бадам гэх хөгшин байсан. Бадам хөгшнөөр баяд биелгээ заалгасан. Арван жилдээ сагс гайгүй тоглочихдог, уртын харайлтаар хичээллэдэг сурлагаараа гайгүй хүүхэд байсан. Манай ангийнхан намайг гоё бичдэг гээд журналын нэр бичүүлдэг цэвэрч, нямбай хүүхэд байлаа. Төгсөлтөөсөө анги тус бүрээс онц сурдаг хүүхдийг шалгаруулдаг байхад би гуравдугаар ангидаа, ах маань долдугаар ангидаа аварга болж хамт тайзан дээр гарч шагнал авч байсан тийм нэг гоё үе байдаг. Санаанаас ер гардаггүй. Манай эгч П.Отгонжаргал тосолгооны зорчигчийн воганд үйлчлэгчээр ажилладаг. Дүү П.Отгонням одоо Сүхбаатар Техник үзлэгийн газар воган үзэгч, оператор. Ах П.Загаррагчаа воганы чиглэлийн хүн боловч эрт бурхан болсон. Би өөрөө монгол хэл уран зохиолын багш болно гээд шийдчихсэн конкурс өгсөн юм. Суурь дээрээ тэнцчихээд дараагийн шалгалтаа өгөх гэж байтал төмөр замын хуваарь ирээд ээж минь Төмөр зам бараадсан хүн ер нь алзахгүй. Яаж ийж байгаад Төмөр замд ор гээд, би хуваарийг бол хүлээн зөвшөөрдөггүй. Гэвч ээжийн үг хууль байсан болохоор төмөр зам руу орсон доо. Тухайн үедээ ирсэн хуваарь нилээн өрсөлдөөнтэй, өөртөө жаахан итгэл муутай байж билээ. Ёстой аз, хувь төөргийн дагуу нэгийг нь аваад одоо мэргэжлээрээ ажиллаж байна даа.

 

Үйлдвэрчний хороо

 

 -Одоо бүх юм даяарчлагдаад нийгэм маань ч өөр болж байна. Үйлдвэрчин гэдэг нь өөрөө хуулийн хэмжээнд хүний эрхийг хамгаалж ажиллах ёстой хүн байтал аялал зугаалга, биеийн тамир ч гэдэг юм уу өрөөсгөл ханддаг. Би тийм юм руу орох дургүй. Тийм учраас би ангийн захиргаанд “Миний ажил өөр. Би үүнд орохгүй” гэж хэлдэг. Оролцох хэмжээгээрээ бол оролцож, хувь нэмрээ гаргаад явна. Миний ажил тусдаа. Би энэ замчдын төлөө юу хийх вэ? Хүний эрхийг яаж хамгаалах вэ гээд сууж байгаа болохоос биш тэнд бөмбөг хөөгөөд юм уу, амралт зугаалга зохицуулаад явдаг хүн биш юм л даа. Ажилчдынхаа эрүүл мэндийг дэмжих талаас би ажилчдаа “Булагтай” сувилалд амруулж байна. Яг үйлдвэрчнээс 100 хувь даагаад улиралдаа арван хүнийг явуулдаг. Яг II, III улирал бол эд ачааллын үе учраас боломжгүй. Гэхдээ тэргэнцэр воганыхон ч гэдэг юм уу ээлжийн графикаар ажилдаг хүмүүсээ болж өгвөл амрааж байгаа. Ид ачаалал багасаад ирэхээр I,IV улиралын үед замчдаа амраадаг. Үйлдвэрчнийхээ эмчтэй зөвлөлдөөд шүү дээ. Хэсгээсээ нэрийг нь аваад цалинтай нь 100 хувь амраавал манай замчид их дуртай байдаг. Манай замчид шагнал, цалингүй бол явахгүй. Замчдад илүү цагийн мөнгө олгож байгаа. Илүү цаг нь хуримтлагдаж “Булагтай” сувилалд долоо хоног амарлаа гэхэд ажлын таван өдрийн 40 цагийн илүү цаг гардаг. Тэр илүү цагийг өөрөөр нь өргөдөл бичүүлээд сувилалд амраачихдаг. Энэ сувилалд би өмнөх жилээс эхлэн амраасан. Өнөөдрийн байдлаар 30 гаруй хүн амраасан байна. Ер нь үйлдвэрчин гэхээр хүмүүс буруугаар хүлээж авдаг. Би хүмүүсийг зөв ойлгоосой гэж их боддог. Яагаад гэхээр, үйлдвэрчин гэдэг нь ажилтан дундаас гарч ирсэн төлөөлөл юм шүү дээ. Ажилтны үгийг даргад дамжуулж өгч байгаа гүүр гэсэн үг. Одоо ажилтан захиргаа хоёр тийшээ харчихаад байна л даа. Ингэснээрээ  ажил урагшлахгүй.

 

 Хорооны даргаас гадна хоёр ч ажил давхар хийдэг

 

-Давхар дээл гэдэг шиг би чинь давхар дээлтэй хүн шүү дээ. Үйлдвэрчний хорооны даргаас гадна холбооны тэргүүлэгчээр ажилладаг. Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гишүүнээр, холбооны дэргэдэх хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн зөвлөлд бас давхар ажиллдаг. Заримдаа надад ажлын найман цаг багадаад ажил амжихгүй байх үе их. Гэхдээ аль болох ажлаа хийдүүлэхгүй, хаа хаанаа зохицуулаад явахыг зорьдог.

Ер нь хамгийн хүнд хэцүү ажлыг замчид хийдэг. Үер боллоо, галт тэрэг уналаа гэхэд замчид л хамгийн түрүүнд ирж, хамгийн сүүлд л явдаг. Улаан гараараа ажиллаж байгаа хүмүүс замчид л байдаг. Тэр тусмаа эмэгтэй замчдад хамгийн хэцүү. Гоо сайхан нь алдагдан жилийн дөрвөн улиралд ажиллаж л байдаг. Ар гэр, үр хүүхэд, гэрийн ажил, анхаарал халамж бүгд хойш тавигддаг. Алслагдасн өртөө, зөрлөгийн ажилчдын хүүхдүүд ихэвчлэн дотуур байраар дамждаг, 24-ийн цэцэрлэгт явдаг. Тэр ч утгаараа би ажилчдынхаа хүүхдүүдэд зориулж тоглоомын талбайтай болгосон. Одоо тохижуулах ажил хийгдэж байгаа.

 Нэг ёсондоо ажилчдынхаа буюу ээж аавынх нь татварын мөнгөөр хүүхдүүдэд нь зориулж бүтээн байгуулалт хийж байгаа юм л даа.  Одоогоор бол есөн хэсэгт  талбайг тохижуулсан байна. Цаана нь хоёр гуравхан хэсэг, тасгууд л үлдээд байгаа юм.

 

Ангийнхан маань сайн яваа

 

Манай ангийнхан УБТЗ-аас гараад дуусч байна. Ангийн орлогч даргаар ажиллаж байсан Ж.Ууганбаяр, Зам хэмжигч воганы орлогч даргаар ажиллаж байсан С.Нямжав хоёр  маань бий. Яг таван жил нэг ангид явсан залуучууд гэвэл Ж.Ууганбаяр, С.Нямжав, Ууганбаярын эхнэр Ж.Цоггэрэл, Н.Мөнхзул. Мөн ажиллаж байгаад орж ирсэн нь Д.Алтангэрэл дарга, зам хэмжигч воган орлогч дарга Д.Чулуунбаатар. Ц.Энхбаатар, Туваанжавын Алтансүх 21 дүгээр татах хэсэгт ажиллаж байгаад сая бас амралтдаа гарсан. Хорин жил ажиллах хугацаанд надад өөр газраас маш их санал ирж байсан. Би өөрөө энэ ангидаа ээлтэй, элэгтэй ч юм уу явах дургүй. Миний хамт олон надад их гоё санагддаг. Төдийгөөс өдийг хүртэл халуунд нь халж хүйтэнд нь хөрсөн. Замчин байх үеэс л энэ байгууллагад ажилласан болохоор өөр газар руу  явах сонирхол байдаггүй. Манай гэр бүлийн хүн Цэгмидийн Мөнхсайхан гэж хүн бий. Зам ангид хангамжийн инженерээр 20 гаруй жил ажиллаж байна. Бид хоёр хүү нэг охинтой. Том хүү 25-тай, бага хүү дөрвөн настай.