Инфляци 7 хувьд хүрсэн гэж тайвшрах хэрэггүй, үнэ эргээд өснө. Учир нь ...  

Энэ сарын 22-ны байдлаар аймгийн төвүүдэд нэг кг хонины махыг 13754 төгрөгөөр, үхрийн махыг 16285 төгрөгөөр тус тус худалдаалж байна. Энэ нь өмнөх долоо хоногоос өссөн дүн юм. Мөн нийслэлд гол нэрийн зарим хүнсний үнэ өмнөх сараас 2.7 хувиар өсжээ.

Өвөлжилт хүндэрч, энэ онд 6.3 сая мал хорогдсон тул махны үнэ хот хөдөөгүй өслөө. Хэрэглээний үнийн индексийн сагсанд хамгийн өндөр жин эзэлдэг хонины махны үнийн индекс сард 10 пунктээр нэмэгдэхэд инфляц тухайн сард дунджаар 0.03 пунктээр өсдөг. Энэ нөлөөг “Гол нэрийн барааны үнийн инфляцад үзүүлэх нөлөөлөл ба богино хугацааны инфляцын таамаглал, ҮСХ 2018” судалгаагаар тогтоосон байдаг. Гол нэрийн бараа гэдэг нь мах, гурил, сүү гэх мэт бидний өдөр тутам хэрэглэдэг бараанууд юм.      

Энэ сарын 1-нээс тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг нэмсэн. Төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувиар, нийтлэг үйлчилгээний ажиллагсдынхыг 20 хувиар нэмэв. Нийт 225 мянган хүний цалин нэмэгдсэн.

 

Зөвхөн төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд  800 тэрбум гаруй төгрөг зарцуулна

 

Мөн суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагч сар бүр үндсэн цалингийн 40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувийн орон нутгийн нэмэгдэл олгож эхлэв.

Мөн 496 мянган ахмадын тэтгэврийг 100 мянган төгрөгөөр, халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 хувиар нэмлээ. Зөвхөн төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд  800 тэрбум гаруй төгрөг зарцуулна. Цалин тэтгэврийг ийнхүү нэг дор нэмснээр иргэдийн хэрэглээ өснө. Хэрэглээ эрэлтийг өдөөдөг тул инфляц дагаад өснө.    

 

 

“ЭТТ” ХК хоёр удаа ногдол ашиг тараав. 2023 онд нүүрсний үнэ өндөр, нийлүүлэлт тогтвортой байв. Нүүрс экспортлогчдод таатай жил байсан тул “ЭТТ” энэ онд хоёр удаа ногдол ашиг тараахад нийт 1.2 их наяд төгрөг зарцуулав. 2022 оны ногдол ашгийг Цагаан сараас өмнө олгосон тул тэрхүү 340 тэрбум төгрөгийг золголт, бэлэг сэлт гэх мэт баярын зардалд дуусгасан нь тодорхой. Өөрөөр хэлбэл хадгаламж, хувьцаа, бонд гэх мэт хөрөнгө оруулалт болсон нь юу л бол.         

Энэ онд улсын төсвийн зардал ихээхэн өссөн. Мөн эрх баригчид зургаадугаар сарын 30-наас өмнө буюу УИХ-ын ээлжит сонгуулиас өмнө зарлагаа гарга, тендерүүдээ зарла, худалдан авалтаа хий хэмээн төрийн байгууллагуудыг шахаж байна. Тэгэхээр төрийн болон орон нутгийн ажил үйлчилгээг гүйцэтгэх хувийн хэвшлүүд санхүүжилтээ авна.   

Энэ мэтээр зах зээл дэх бэлэн мөнгөний нийлүүлэлт он гарсаар ихээхэн нэмэгдлээ. Иймд  инфляц өсөх нь гарцаагүй. Цаашид төсвийн зардал үргэлжлэн тэлж, импортыг урамшуулах, өрхийн орлого нэмэгдэж, эрэлтийн шалтгаантай инфляцын дарамт нэмэгдэх, өвөлжилт хүндэрч, махны нийлүүлэлт доголдох зэрэг нь инфляцын төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй гэж Монголбанк мэдээлсэн. Тэд энэ оны сүүлээр инфляц 8.7 хувь болно гэж таамаглажээ.

 

ҮСХ-НООС МЭДЭЭЛСНЭЭР ИНФЛЯЦАД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨТЭЙ БАРААНУУД

 

2018 онд

2023 оны эхний 11 сард

1

Хонины ястай мах, 1 кг

Эмэгтэй хүний нүүрний шингэн энгэсэг

2

Нэг шуудай нүүрс

Хонины ястай мах, 1 кг

3

Атар талх

Савласан гурил, 1-р зэрэг,  

4

Цагаан будаа, 1 кг

Улсын их, дээд сургуулийн сургалтын төлбөр

5

АИ-92, 1 литр

Гуанзны хоол, цуйван

6

Дизелийн түлш, 1 литр

Задгай сүү, 1 литр

7

Цагаан архи, Ерөөл, 0.5

Хувийн их, дээд сургуулийн сургалтын төлбөр  

8

Төмс, 1 кг

Талх, зүсээгүй, ууттай, 600 гр

9

Түлшний мод

Гурилан боов, ууттай, 900гр

10

Импортын янжуур тамхи

Үхрийн мах, ястай

 

 

Эх сурвалж: www.gogo.mn