Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа эдийн засгийн сэтгүүлчидтэй өнөөдөр уулзаж, Монгол Улсын хөдөлмөр эрхлэлт болон дундаж цалингийн талаарх мэдээллийг танилцуулав. 

Тэрбээр "2022 оны дөрөвдүгээр улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 5.3 хувь, ажиллах хүчний оролцоо 57.9 хувь, хөдөлмөр эрхлэлт 54.9 хувьтай байна.

Ажилгүйдлийн болон хөдөлмөр дутуу ашиглалтын нийлмэл түвшнийг бүртгэж эхэлснээс хойших хамгийн доод түвшиндээ хүрсэн. Мөн нийгмийн даатгалд даатгуулагчид үргэлжлэн өссөн. 

Худалдаа, аж үйлдвэр, барилга, ХАА-н салбарын өсөлт бодит эдийн засаг болохын тулд хэрэглээ худалдан авалт тасралтгүй явах ёстой. Үүний 50-60 хувийг өрхийн хэрэглээ тодорхойлдог. Өрхийн орлогын эх сурвалж юу байна вэ гэдэг чухал. Тэр бол цалингийн орлого юм.

Цалингийн орлогын цаана хөдөлмөрийн зах зээл дээрх ажил эрхлэлтийн сэргэлт бий болдог. Цар тахлын үед хүмүүс ажилд орох зар тавьдаггүй, эдийн засгийн унтаа байдалтай байсан. 

Харин 2021 оны сүүлээс хүмүүс идэвхтэйгээр хөдөлмөрийн зах зээлд ажил хайгч болсон. Үүнийг дагаад ажлын байр олноор зарлагдаж, ажилгүйдлийн түвшин буурсан. 

Бодит цалин гэдэг нь нэрлэсэн цалингаас инфляцаа хасаад гарсан дүн юм. 2022 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нэрлэсэн цалин дунджаар ₮1.75 сая, бодит цалин ₮1.17 сая байна.

Хүмүүсийн бодит орлого унасан гэх сэдэв нэлээд яригддаг. 2022 оны гуравдугаар улирал хүртэл бодит цалин өсөөгүй. Тус оны дөрөвдүгээр улирлаас эхэлж бодит цалин эерэг болсон. Үүнд нөлөөлсөн хүчин зүйл нь нэрлэсэн цалингийн том өсөлт байсан.

2022 оны 1-3 дугаар улиралд нэрлэсэн цалин тасралтгүй өссөн ч бодит цалин бага байсан. Энэ үед инфляц өндөр байсан учир бодит цалингаа идээд байсан гэсэн үг. Инфляц аажмаар буурч эхэлснээр бодит цалингийн өсөлт нэмэгдсэн. 

2022 оны гуравдугаар улиралтай харьцуулахад нэрлэсэн цалингийн хэмжээ 15 хувиар өссөн. Өөрөөр хэлбэл, нэрлэсэн цалин инфляцаас 15 хувиар өсөж байна. Хүнсний инфляц өндөр учир хүмүүсийн бухимдлыг төрүүлж байгаа юм.

Инфляц буураагүй байхад цалин өсөөд байвал нэмэргүй. Яагаад гэвэл бизнес эрхэлж буй хүн хүртээмжээ нэмэгдүүлэхгүй бол цалингийн өсөлт нь бизнесийн зардал болно. Тэр зардлыг төлбөрт шингээдэг. Нийтээрээ цалин нэмэгдэж буй тохиолдолд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн ч борлуулагдсаар байвал үнийн өсөлт үргэлжилдэг.

Тэгэхээр төв банкууд цалингийн өсөлтийг жаахан тэвчих хэрэгтэй гэж зөвлөдөг. Энэ тохиолдолд хүсний инфляцад өртөж буй өрхүүдийг нийгмийн халамжийн бодлогоор зохицуулж болно" хэмээн ярилаа. 

 

Эх сурвалж: ikon.mn