Залуу халуун насаа дэлгэсэн шар дарцаг шигээ дэрвэж, дээр өлгөсөн туг мэт бөхийлгүй өнгөрүүлсэн галт тэрэгний олон найруулагч УБТЗ-д бий. Тэдний нэг бол яах аргагүй Улаанбаатар өртөөний галт тэрэгний найруулагч Г.Түмэнбаяр. УБТЗ-д тасралтгүй 23 жил ажиллахдаа галт тэрэгний туслах найруулагч, найруулагчаар ажиллаад хэдхэн хоногийн өмнө гавьяаныхаа амралтад суусан билээ. Зуны аагим, идэр есийн хүйтний алинд ч үүрэгт ажлаа яг таг гүйцэтгэчихээд “Би” гэж өөрийгөө хэтийдүүлэн үнэлээд байдаггүй. Хийсэн бүтээсэн нь ил. Үр дүн нь, та бидний хийгээд улс орны амьдрал ахуйд нөлөөлж байдаг ийм л эгэл хөдөлмөрч баатруудыг “Ган зам” сонины хамт олон дугаарт бүртээ мөнхжүүлэхээр зорьдог. Энэ удаагийнхаа “Эгэл төмөр замчин" буланд бид Г.Түмэнбаярыг сонгов. Сонгох ч гэж, хамт олных нь хүсэлтээр түүнд санал тавьсан юм. Магадгүй ажил хөдөлмөр, зан чанараараа хамт олондоо үнэлэгдсэн болоод тэд нь ийн санал болгоо биз. Хойшид өгүүлэх багахан баримтууд ч үүнийг илтгэх болов уу. Тийм ээ, тэр бол хүлээн зөвшөөрөгдсөн хүн.

Ярилцаж суух богинохон хугацаанд түүний амнаас байс гээд л “Манай хамт олон”, “Бид” гэсэн үг гарах ажээ. Үг, дуу цөөтэйн дээр элдэв хачиргүй товч ярина. “Ийм л хамт олон намайг тосч авсан учраас би өдий зэрэгтэй явна” гэж Г.Түмэнбаяр давтана. Түүний энэ үг үнэн сэтгэлийн угаас гарч буй нь илт. Уулзахаар тохирсон өдрөө тэр нямбайлан эвхсэн цаас ширээн дээр гаргаж тавиад яриагаа эхлүүлэв. Ярианыхаа дундуур өнөө цаас руугаа байн байна нүд нь гүйгээд, нэг шүүрч авснаа байж буцаад тавих нь харагдана. Учрыг  лавлавал, "Дүү минь, миний тухай бичих яах вэ, гол нь хамт олныг минь гаргаарай гэж их л нухацтай царай гаргалаа. "Ах нь хамт олондоо хандаж цөөн хэдэн үг хэлэх гээд бичээд ирсэн юм. Чи ахдаа дайж тус болно биз” гээд цаасаа дэлгээд уншиж байна. Сэтгэл хөдлөлөө барьж байгаа нь анзаарагдана. “Хамт олондоо хэлэх үг” гэснээ над руу нэг эгцэлж хараад, эргээд тонгойв. “Миний бие өндөр насныхаа тэтгэвэрт гарлаа. Залуу насны минь цог золбоотой, эрч хүчтэй ажилсаг, эвтэй хамт олондоо ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе. Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Ажил үйлс нь үргэлж мандан бадарч яваг. Төмөр замчдын яруу алдар бадартугай” гэсээр цаас атгасан гараа буулгав. Уншиж байхдаа хоолой нь зангирч, нулимс унагаж байна. Хангалуун жаргал дунд хүртэл нулимс задгай байдаг хорвоод гантай зуны бороо шиг ховорхон тохиох эр хүний нулимс бага бөгөөд үнэ цэнэтэй гэдэг.

Ерөөс хүний амьдралын зам мөр гэж сонин. Хүн бүр л өөрийн гэсэн хувь тавилантай. Нэгэн цагт сумынхаа Нэгдэл дундын үйлдвэрт мод бэлтгэгч, нормчин, цаг уурч явсан түүнийг ажилгүй болоход хадам ах нь хотод ажиллах санал тавив. Цаг үеийн байдал ороо бусгаа. Цалин пүнлүү ч армаг тармаг. Гурван хүүхдийн эцэг түүнд хүлээх хариуцлага ч дэндүү өндөр байв. Тийм дээ  нарийн учрыг сайн ухалгүй хадам ахын дуун дээр “За” гээд хэлж орхисон нь УБТЗ гэх их айл руу хөтөлсөн гэдэг. 1997 оны аравдугаар сарын дунд үеийн нэг их жихүүн өдөр. Улаанбаатар өртөөнд ажилд орохоор орж очив. Дарга нь н.Ариунсайхан гэх нүдэнд дулаахан залуу угтана. Хэд хоног маани мэгзэм мэт цээжилсэн өргөдлөө сарвайсаар дөхвөл, залуухан дарга өргөдлийг авч анхааралтай гэгч уншснаа “За нөхөөр, галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой чухал ажил шүү дээ. Чадах уу?" гэхэд нь хадам ахдаа амалсан амлалтаа санан, санан “Чадна” гэж сулхан хариу дуугарав. Нэр бүтэн, мөр сэвгүй явсных ирээдүйн ажил, амьдрал руугаа санаандгүй байдлаар явж очсон нь энэ байлаа. Ингээд төмөр замд байх бичигдээгүй дүрэм ёсоор “Багш, шавийн гэрээ” байгуулан н.Баатар гэх сүрхий залууг дагалдан галт тэрэгний туслах найруулагчаар ажиллах болжээ.

Цэрэгт явсан ахыгаа эргэхээр ижийтэйгээ хамт суудлаар Эрдэнэт рүү ганц нэг явснаас түүнд төмөр замын талаар ямар ч ойлголт байсангүй. Өвөл байсан болоод ч тэр үү. Салхи сөрөөд хүйтэн төмрөөс зүүгдэж явах хэцүү санагдаж. Байс гээд л төмөр тажигнаад л, зүтгүүрийн дохио хангинана... Нэгэнт л ажилтай болъё гээд зориод ирчихсэн хүн, дээр нь ахынхаа сэтгэлийг бодоод “Хүнд, хэцүү байна больё” гэлтэй биш гүрийх болов. Бусад нь хийгээд чадаад байхад би юугаар дутах вэ. Хүнд, хариуцлагатай тусмаа хүн шантарч болохгүй  гэж хааяахан өөрийгөө зоригжуулна. "Яах вэ, нэгэн хэвийн, нэг тийм хэмшмэл ажил байна даа гэж санагдсан ч энэ сайхан хамт олон намайг маш сайхан хүлээж авсан учраас тэр бүх зүйлийг "Үнсэнд хаясан шалз" шиг амархаан мартсан. Сайхан хамт олонтой байна гэдэг муухан хамаатнаас илүү хүнд хэрэгтэй шүү дээ. Тийм ч учраас би хамт олондоо хайртай. Тэд минь миний амьдралд их өмөг түшиг болсон” хэмээн Г.Түмэнбаяр сэтгэл хангалуун өгүүллээ.

Жаргалд ташуурч зовлонд сөхрөхгүй, зам мөрөө зөв залж байх нь хүний дайтай хүн байхын утга учир билээ. Амьдралынхаа турш явж ирсэн зам мөр нь зөвхөн өөрийг нь тодорхойлж байх учиртай гэлцдэг. Явах зам зөв байвал үлдэх мөр зөв байх нь дамжиггүй.

Түүнийг анхлан ажилд орж байхад Улаанбаатар өртөөнд ердөө гуравхан сэлгээний зүтгүүр ажиллаж байв. Тэр хэрээр одоотой харьцуулбал ажил бага. Гэхдээ л шинэ хүнд ажил бага гэж санагдахгүй. Хөгжилтэй зүйл ч олон гарна. Мэргэжлийн үг хэллэгүүд нь ихэнх нь Орос. Байс гээд л нэг Орос үг цээжлэх хэрэгтэй болдог. Ажлын төлөвлөгөөг сайн ойлгохгүй. Найруулагчийнхаа хэлснийг л хийнэ. Заримдаа “Тэдэн вагон салгаарай” гэхэд нь мартчихаад ахин асуухаас айхдаа илүү, дутуу салгах тохиолдол ч гардаг байжээ. Гэвч хамт олон нь буруудлаа гэж зэмлэхээс илүү зааж зөвлөж, өгдөг нь сайхан. Түүний хэлснээр ямар ч хүний ажилдаа хандах хандлага маш чухал. Хүн мэдэхгүй, чадахгүй байж болно. Сэтгэл, зүтгэлтэй байхад бүх юм аяндаа болно. Хамт олон чинь ч үнэлнэ гэж тэр ярих дуртай.  

Төмөр замын ажил мэргэжлийн нэршилтэй холбоотой хошин яриа хаа нэг дуулддаг. Тэдэн дундаас яагаад ч юм "Найруулагч" гэх нэршил бүр содон. Андуу, эндүү ойлгогдох нь ч элбэг. Энэ явдал түүнийг ч тойроогүй. Төмөр замын бус  нэгэнд урлагийн хүн мэт л төсөөлөгдөнө. Нэг удаа дунд сургуульд сурдаг охиных нь ангиас эцэг, эхийн хурал зарлаж. Ээлжийн ажлаасаа болоод тэр бүр хуралд суугаад байж завддаггүй эцэг нь ажлаа зохицуулаад  яваад очжээ. Тэгсэн багш нь “Та хэний аав билээ” л гэнэ. Охиныхоо нэрийг хэлтэл, “Та юу хийдэг вэ?” гэж хариу асуув. "Аан. Найруулагч" гэвэл “Өө, та чинь урлагийн хүн байна. Манай урлагийн үзлэгийг найруулж өгөөрэй” гэжээ. Тэгэхэд нь, сандрахдаа “Үгүй ээ. Би урлагийн хүн биш. Вагон найруулдаг хүн байхгүй юу" гэж залруулсан гэдэг.

            Өнөөдөр Улаанбаатар өртөө УБТЗ-ын нийт ажлын талаас илүүг гүйцэтгэдэг. Сэлгээний таван зүтгүүртэй. Галт тэрэгний найруулагчиддаа "Хоосон вагон тэд. Транзит ачаа төд" гээд норм заагаад өгчихнө. "Бид чинь аль болох нормоо биелүүлэхийн тулд л ажиллана шүү дээ. Ном дүрмийнхээ дагуу хийх ёстой ажлаа хийхэд ажил яг л хэвийн явагддаг. Заримдаа бидний ажлыг ганц хязгаарладаг эд нь зүтгүүр. Зүтгүүр байхгүй бол мянга вагон бэлдээд явуулж чадахгүй. Төмөр замын энэ олон ажил мэргэжил бүгд хоорондоо уялдаатай. Зам, зүтгүүр, эрчим хүч, холбоо гээд тээвэр гэдэг хамтын бүтээл” гэв.

Г.Түмэнбаярын хэлдэг үнэн. Үнэхээр тээвэр гэдэг хамтын хөдөлмөрийн үр дүн. Та хэн ч бай гагцхүү таны чин сэтгэлээс хичээж хийсэн бүхэн тань төмөр замын тээвэрт өөрийн хувь нэмрийг бага ч гэсэн оруулсаар байдаг юм шүү. Галт тэрэгний найруулагч л гэхэд цаг сайн барихаас гадна өгсөн үүрэг даалгаврыг тухай бүрт нь маш сайн гүйцэтгэлтэй биелүүлж байх учиртай. Ерөөс төмөр замчдын нийтлэг зарчим тийм. Ажлыг хойш тавихгүй. Үгүй бол дараагийн ээлжиндээ ажлаа “овоолоод” л өгнө. Магадгүй таны дутуу хийснээс болоод өөр хүн маш их ажил нугалах хэрэгтэй болдог. Тээвэр гэдэг хамт олны хамтын хөдөлмөр. Нийлмэл ажлын үр дүн гэдгийг ойлгох нь төмөр замчин бүрийн хувьд нэн чухал. Тэгэхээр ээлжийн ажлыг ээлжинд л хийх ёстой гэсэн ойлголт төмөр замчдад бат нот суусан байдаг.

 Би түүнээс “Хамгийн сүүлийн гараа гэж бодоод ажиллахад хэцүү байх юм уу” гэвэл, "Үгүй яах вэ, цэргээс халагдах гэж байгаа юм шиг л санагдсан. Гэхдээ “Сүүлийн гараа” гээд хамт олон маань гаргаж өгөхөд сэтгэл тавгүй болдог юм билээ. “Холбоотой байгаарай, биеэ бодож яваарай” гээд л... Миний ард үлдэж байгаа хэд 45, 46-тай залуу хүмүүс. Ажилдаа туршлагатай, сайн залуус болохоор алзахгүй байх аа” гэнэ.

Олон хүний хайрыг хүндэтгэж, хайрлаж амьдрах сайхан. Тэр тусмаа ижил дасал болсон хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг бүр ч сайхан. Явах зам зөв байвал үлдэх мөр цагаан гэж ярьдаг оргүй үг биш  ээ.  

 

Б.МӨРӨН