МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Ядамдоржийн Мөнхжаргалын  үргэлжилсэн үгийн “Газрын нүд” ном уншигчдын гарт хүрээд удаагүй байна. Хэвлэл мэдээллийн болон Соёлын тэргүүний ажилтан тэрээр Увс аймгийн Баруунтуруун сумын дунд сургууль, “Бэрс” дээд сургууль, Удирдлагын академи дүүргэж, Монголын анхны мэдээллийн “Алаг хорвоо”, хайрын “Хонгорзул”, “Болсон явдал” зэрэг сонины эрхлэгчээр ажиллаж байжээ. Одоо “Оч” студийн захирлаар ажиллаж байгаа юм байна. Зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Я.Мөнхжаргалтай ярилцлагаа толилуулъя.

 

-Та төрсөн нутаг ус, хүүхэд насныхаа тухай яриач?

 

-Миний бие Увс аймгийн Цагаанхайрхан сумын Мөндөөхөөд төрсөн. Төрсөн газар маань төрийн тахилгат Ханхөхий нурууны ард, байгалийн үзэсгэлэн төгөлдөр, уул ус тэгширсэн нутаг байдаг. Энэ сайхан нутагт наадмын өглөө төрж байлаа. Хүүхэд нас минь хөдөөгийн хүүхдүүдийн нэгэн адил өнгөрсөн дөө. Хонь хурга хариулах, түлээ модонд явах, самар жимс түүх гээд л хөгтэй хөгжилтэй үйл явдлаар хүүхэд нас минь дүүрэн байж дээ.

 

-Аав, ээжийнхээ тухай?

 

-Манай аав Г.Ядамдорж тракторын жолооч хүн байсан. Аав маань нутаг орондоо “Тоног” хэмээн алдаршсан, морь сайн булгиулдаг, сургадаг, уртын дуу сайхан дуулдаг, эдийн сайныг хэрэглэдэг, морины сайныг унадаг нэгэн байлаа. Ээж Ч.Цэндээ маань Монголын анхны төмрийн дархан эмэгтэй. Зуух яндан, боов, буузны жигнүүр, усны сав, лааны суурь, тогооны таг гээд нимгэн төмрөөр юу л бол юуг  хийдэг байлаа. Бас байшингийн дээвэр, монгол гэрийн тооно төмөрлөдөг байв. Ээж минь олон хүүхэд төрүүлж, өсгөсөн учраас шинэ, залуу гэр бүл зуух яндан, зуухны тавиур зэргээ хийлгэхдээ ихэд билэгшээдэг байсан. Ээж маань олон айлын гал голомтыг урлаж өгсөн буянтай буурал бий.

 

-Таны зохиолч болох гараа юунаас эхлэлтэй вэ?

 

-Ерээд оны эхээр шүлэг бичиж эхэлж байхдаа буюу 1993 онд “Бэрс” дээд сургуулийн кино-жүжгийн зохиолч, радио-телевизийн сэтгүүлчийн ангид элсэн орсон. Энэ үедээ Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Дарамын Батбаяр багшийнхаа урланд шавилан суралцаж, уран зохиолын арга зүй, билиг чанар, туурвил зүйд чадах ядахаараа суралцсан. 

 

-Та одоо хийж буй шинэ уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу?

 

-Үргэлжилсэн үгийн хоёр дахь номоо хайрт аавдаа зориулсан өгүүллэгийнхээ нэрээр “Газрын нүд” нэртэйгээр өлгийдөн аваад удаагүй байна. Гуч гаруй өгүүллэгээс бүрдэх номондоо  хүн хийгээд байгаль, хүний ахуй, тэр тусмаа монгол аж байдал, хүн хоорондын харилцаанаас урган гарах гүн ухаан, учир шалтгаан, эцэг өвгөдийн холч бодол, ухаарал, хайрын тухай өгүүлэхийг хичээсэн. Одоо гурамсан туужийнхаа номон дээр ажиллаж байна. Бас хайку буюу гурван мөрт шүлгийнхээ номоо гаргахаар бэлдэж байна.

 

-Та яруу найргын хэд хэдэн ном гаргасан шүү дээ. Манай төмөр замчид дунд яруу найрагт дуртай хүн олон. Яруу найрагчтай уулзсаных манай уншигчдад зориулж нэг шүлэг дурдана уу?

 

-Тийм ээ, яруу найргийн “Жирийн бус догдлол”, "Өвсний нүд”, "Жигүүр холын амраг”, "Гүн хөх бодол”, ”Дотогшоо гэрэлтэх огторгуй” зэрэг номтой. Бас “Ээжийгээ баярлуулж яваарай” уран бүтээлийн цэнгүүн хийж, "Ээжтэйгээ байх жаргалтай” дууны бүтээлийн хамтарсан цомог гаргаж байлаа. Нийт төмөр замчид, тэдний гэр бүлд зориулаад “Намрын тунгалаг өглөө” гэдэг шүлэг хэлье.

Наран дор унага цахална

Намрын шүүдэр өшигчин цахилна

Том цагаан гэрээс гоо бүсгүй гарч

Толгодын оройд тогоруу явгалахыг саравчилна

Суниахад суганаас нь шувуу нисэх шиг болно

Сур хөлөрсөн шөнийн явдал сөгнөх шиг бодогдоно

Уяан дээр атга болтлоо хярж, ганзага нь цантсан морь

Унаад хаашаа ч хамаагүй давхиасай гэх шиг сэртэлзэнэ

Тэндээс холгүй бас нэг цагаан гэр

Тэнгэр өөд шургах аргалын цэнхэр утаа

Намрын ийм сайхан тунгалаг өглөө

Нартай нутгаа тэврээд дуулан гүймээр

Нам гүмхэн, анир түгжинхэн

Тэртээ алсыг ширтээд л баймаар...

 

-Уран бүтээлч найз нөхдийнхөө тухай хуучлахгүй юу?

 

-Үе үеийн уран бүтээлчидтэй ах дүү, найз нөхөр явлаа. МЗЭ-ийн шагналт зохиолч Ж.Зана, Г.Нямаа, Ж.Дашзэвэг, СГЗ зхиолч Д.Жамъян, Дан.Нямаа, Мөнхийн Амгалан, Ж.Болд-Эрдэнэ, Ш.Уянга гээд олон доо. Мэдээж ерээд оны үеийнхэнтэйгээ одоо ч үй зайгүй үерхэж нөхөрлөж явна. Мөн дараа үеийн дүү нартайгаа үерхэж нөхөрлөж, тусалж дэмжсээр яваа. Олон хөгжмийн зохиолчтой найзалж нөхөрлөж, уран бүтээл хийж байна. Тухайлбал, хөгжмийн зохиолч, СТА О.Эрдэнэбат нарын хөгжмийн зохиолчидтой хамтарч “Харц зөөлөн”, “Хос зүрхэндээ анирхан” зэрэг дуу хийсэн.

 

-Сургамжтай, хөгжилтэй явдлаасаа хуваалцаач?

 

-Хүүхэд насны хөгжилтэй гэхээсээ сургамжтай нэгэн явдлыг ярья. Наяад оны эхээр гудамжныхаа хүүхдүүдтэй хонь хариулж явлаа. Манай сум модны үйлдвэртэй. Мод татах “Маз” машинд зам гаргахын тулд уул хадыг дэлбэлдэг байв. Бид тэгж хонио хариулж явахдаа тэрхүү тэсэлгээний цаасан хайрцагтай, бууны сумны хонгио шиг юм олсон. Үүнийгээ гэртээ авчирч, үзэгний шайб хийж үзгээ гоёхоор тайрах гэж байтал дэлбэрч азаар амьд үлдэж билээ. Ах маань гэхэд ная гаруй удаа хагалгаанд орж, шар цагаан будаа шиг төмрийн үртэс биеэсээ түүлгэж байлаа. Тэр тухай одоо бодоход бие зарсхийж, ямар азаар амьд үлдсэн юм  бэ гэж бодож, уул ус, аав ээждээ залбирч явдаг даа.

 

- Та төмөр замчдын талаар бичиж байсан уу? Төмөр замтай холбоотой дурсамжаа хуваалцаач?

 

-Миний ах Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Я.Бадамсүрэн Төмөр замын техникум төгсөж, улмаар зүтгүүрийн депод ажиллаж байлаа. Бас танай сонины эрхлэгчээр ажиллаж асан, МЗЭ-ийн шагналт Ж.Заяабаатар ахтай ойр дотно явж, ном зохиолыг хэвлүүлж байлаа. Ерээд оны үед танай сонины эх бэлтгэгч байсан Амгалан ахаар “Хонгорзул”, ”Алаг хорвоо” сонины эхээ бэлтгүүлж явсан удаа ч бий. Төмөр замын тухай сэтгүүлчийн хувьд бичиж байсан. Харин уран бүтээлийн хувьд төмөр замын тухай арваад шүлэг бичжээ. Энэ удаа цээжинд орсон нэг шүлгээ дуудья.

Зөрөн өнгөрөх цаг хугацаа

Зөрлөгөөр дайрсан галт тэрэг шиг

Зөв талаар нь яарсан ирээдүй рүү

Зөөвөр чингэлгүүд тачигнуулсаар одлоо

Буруу талаас нь

Харин юу ч алга...

Буцаж ухрахгүй одсон

Бух тэрэгний утаат яндан

Буудлаасаа төөрсөн аянчин мэт

Бүүр алсад сулхан хангиналаа...

 

-Сайхан шүлэг байна. Сониноос төмөр зам хэрхэн баригдсан тухай нэрт зохиолч Ж.Зана гуайн “Цэнхэр сум” романыг та эрхлэн хэвлүүлсэн гэж сонссон. Энэ тухайгаа ярихгүй юу?

 

-Ж.Зана ахтай насны зөрүүтэй ч ойр дотно явлаа. ”Цэнхэр сум” романыг олон жилийн өмнө бичсэн ч хэвлүүлж чадахгүй байсан. Энэ роман бол Монголд төмөр зам анх тавигдсан тухай, тэр замыг тавьсан 505-ын гэгдэх орос хоригдлууд, тэдний хүнд хэцүү байдал, хайр сэтгэл, монголчууд тэдэнд хэрхэн хандаж байсан тухай зохиол юм. Соц нийгмийн үед үзэл сурталд таарахгүй байсан бол ардчилалын үед мөнгө олдохгүй байв. Тэгээд хэвлүүлж амжилгүй нас барсан даа. Өнгөрөхөөсөө өмнө надад “Дело” хавтастай номын эхээ өгч, олонд хүргэхийг хүссэн. Тиймээс эрхэм ахын хүсэлтийг биелүүлж, Монголд анх төмөр зам хэрхэн тавигдсан тухай энэхүү романыг уншигчдад хүргэж билээ. Уншигчдад, тэр дундаа төмөр замчдад энэ роман ихэд таалагдсан байна билээ. Одоо ч асууж сураглах хүн олон байдаг. Тиймээс уншигчдын хүсэлтээр удахгүй дахин хэвлүүлнэ. Мөн уран сайхны кино хийх хүсэлт хэд хэд ирсэн. Тэгэхээр удахгүй дэлгэцийн бүтээл болж үзэгчдэд хүрнэ гэдэгт итгэж байна.

 

-Та өөрийн уран бүтээлийн онгодоо хэрхэн хөглөж зохиол бүтээлээ бичдэг вэ?

 

-Хавар бол миний хувьд их гэгэлгэн улирал. Тиймээс надад санаа их орж ирдэг. Тэр бүхэн тухайн үедээ уран бүтээл болж чаддаггүй ч сэтгэлд яваад л байдаг. Тэгж тэгж намар юм уу, өвөл бүрэн боловсорч гүйцээд цаасан дээр буудаг. Гэхдээ зохиол бүтээл өөрийн төрөх цаг хугацаатай байдаг. Хэдийд ч төрж болно шүү дээ.

 

-Өнөө үед хүүхэд залуус уран зохиолоос хөндий болжээ. Уран зохиол залууст яагаад хэрэгтэй вэ?

 

-Цаг үе өөр болж байна. Тиймээс хүүхэд, залуусыг уран зохиолоос хөндийрч байна, ном уншихгүй байна гэх нь нэг талаар буруу. Нөгөө талаар бид тэднийг ном уншуулах, уран зохиолд ойртуулах ажил хийхгүй байна. Техник, технологи асар хурдтай хөгжиж буй өнөө үед хүүхэд залуусыг номонд дуртай болгох өргөн боломж байна. Даанч бид ашиглаж чадахгүй байгаа нь харамсалтай. Уран зохиол, яруу найргийн ном унших нь ямар өргөн мэдлэг, үгийн гүн утгыг өөртөө шингээж авдаг билээ. Нэг үгээс мянган утга цацарна гэсэн үг байдаг. Тиймээс уран зохиол, яруу найргийг уншина гэдэг эх хэлээ төгс мэдэх нэгэн түлхүүр, монгол хэлний дархлаагаа хамгаалах үүрэг гэж боддог. Гэхдээ сүүлийн үед манай залуучууд ном их уншиж байгаа шүү дээ. Харин унших номын сонголт нь ямар вэ гэдгийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан уншиж байна гэдэг нь сайны дохио шүү.

 

-Ярилцсад баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр ажмжилт хүсэн ерөөе.

 

 

Т.Анужин