УБТЗ-ын Замын II ангийн ойн инженер Я.Бямбабаяртай “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд ярилцлаа.
Юуны түрүүнд та өөрийгөө танилцуулна уу?
-Би энэ оны гуравдугаар сараас УБТЗ-ын ХАБЭА-н албаны Экологийн хэлтэст ажиллаж байгаад наймдугаар сарын 15-наас Замын II анги руу шилжин “Тэрбум мод” хөтөлбөр хариуцсан ойн инженерээр ажиллаж байна. Миний хувьд МУИС-ийг гадаргын усны чиглэлээр төгсөн мэргэжлээрээ ажиллаж байгаад, 2015 онд ШУТИС-д Байгаль орчны үйлдвэрлэлийн экологийн чиглэлээр суралцаж төгссөн. Түүнээс хойш арваад жил байгаль орчин экологийн чиглэлээр ажиллаж байна.
-Замын хэмжээнд “Тэрбум мод” хөтөлбөр ямархуу түвшинд хэрэгжиж байна вэ?
-Ер нь, хур бороо ихтэй услаг жилүүд эхэлчихсэн учраас сүүлийн 2-3 жилд говь, хангайн бүсэд модны ургалт харьцангуй сайн байгаа. Өөрөөр хэлбэл, нэг нэр төрлийн модыг өөр өөр бүс нутагт тарьсан ч ургалтын хувьд зөрүү бага байна гэсэн үг. Жишээ нь, хайлаасны энэ жилийн ургалт хангайн бүсэд 10-15 см, Сайншанд, Чойр зэрэг говийн бүсэд 7-8 см байна. Агч модны ургалт хангай, говьд бараг ижил шахуу. Багахангайн Алсын худагт тарьсан шилмүүст модны хувьд хангайн бүсийнхээс ургалт арай бага ажиглагдлаа. Энэ нь аргагүй л дээ, шилмүүст мод бол сэрүүн бүсэд ургадаг мод. Тийм модыг хээр талд тарьж байгаа болохоор байгаль цаг уурын нөлөөллөөс ургалт арай удаан байна.
-Нийт тарьсан модны ургалтыг хувилж үзвэл хэд орчим хувь нь амжилттай ургасан байна вэ?
-Ер нь, ургалт тун давгүй. Ганц нэг жишээ дурдахад Зүүнхараад тарьсан бургасны ургалт 100 хувь байсан. Төмөр замчдын баяраа тэмдэглэдэг Хөлийн голийн дэнжид тарьсан бургасны хувьд голын баруун талынх нь 85, зүүн талынх нь 90 хувийн ургалттай байна. Тэнд есдүгээр сарын сүүлийн долоо хоногт нөхөн сэргээлт хийсэн.
-Мод үржүүлгийн талбайгаар явж ажилтай нь танилцаж амжсан уу?
-Замын хэмжээнд мод үржүүлгийн таван газар бий. Үүнээс Сайншандад буюу Замын IV анги сүүлийн хоёр жил л мод үржүүлж байгаа. Гэхдээ мод үржүүлгийн талбайгаа улам өргөжүүлээд говийн бүсэд ургадаг заг, сухай, жигд, торой гэх мэт мод үржүүлэх бэлтгэл ажлаа хийж байна. Худгийн тендер нь өнгөрсөн долоо хоногт зарлагдсан. Уг талбайд өнгөрсөн жил 50 тоннын багтаамжтай усны нөөцийн сав суурилуулсан.
Зүүнхараагийн Мод боловсруулах үйлдвэрийн мод үржүүлгийн талбайн ургалт маш сайн байна. Өнгөрсөн хаврын бойжуулалт хийсэн улиас гэхэд 1.6, агч 1.2 метр ургасан байна.
-Намрын тариалалт эхэлж байна. Энэ намар Замын хэмжээнд хичнээн мод тарихаар төлөвлөсөн бол?
-Намрын тариалалт энэ сарын 5-наас эхэлсэн. Төмөр замын аж ахуйн нэгж, байгууллагуудаас өгсөн модны захиалгаас харахад зургаан нэр төрлийн 19900 мод тарихаар байна. Модны нийлүүлэлтийг Мод боловсруулах үйлдвэрийн Номт дахь талбай болон Замын II ангийн мод үржүүлгийн талбайгаас хийж байна.
-Мэргэжлийн хүний хувьд мод тарих талаар төмөр замчдад зөвлөгөө өгнө үү?
-“Модыг нэг өдөр суулгаад 1000 өдөр арчил” гэдэг үг бий. Яагаад гэхээр мод гурван жил болж байж хөрсөндөө сая дасан зохицож, ургах чадвартай болдог. 1000 өдөр гэдэг нь мод тарьснаас хойш эхний гурван жилд маш сайн арчилж, торд гэсэн үг.
Модны ургалтад гурван хүчин зүйл их нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, хөрс, ус, уур амьсгал гурав маш чухал. Энэ гурван хүчин зүйл бүрдвэл мод амжилттай ургана гэсэн үг. Нөгөөтэйгүүр, мод тарихдаа ямар уур амьсгалтай бүсэд, ямар мод суулгах вэ гэдгээ мэдэж байх хэрэгтэй.
Хангайн бүсийн модыг хээр талд аваачаад суулгачих юм бол уур амьсгалын онцлогийг даван туулж чадахгүй байх эрсдэл өндөр. Хөрсний чийг, шим тэжээл, ялзмаг нь хүрэлцэхгүйгээс болоод мод ихээр хорогддог. Тиймээс эхлээд байгаль цаг уур, хөрсөндөө тохирох модыг сонгох хэрэгтэй. Хоёрт, нэгэнт тарьчихсан модыг бол асар сайн арчлах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
-Модны усалгааг тохируулах нь чухал санагддаг?
-Модны төрөл зүйлээс хамаараад усалгаа өөр өөр. Усалгаан дээр зайлшгүй анхаарах нэг зүйл бий. Бид тарьц суулгахаас өмнө ихэвчлэн нүхээ ухаж бэлтгэдэг. Ийм тохиолдолд хөрсөн дэх чийг ууршдаг учраас тарьц суулгахын өмнөх өдөр ханатал сайн услах хэрэгтэй. Тэгээд модоо тариад дахин ханатал услах хэрэгтэй. Мөн намрын цэнэг усалгааг маш сайн хийж өгөх хэрэгтэй. Тэгвэл модны үндэс чийгээ хуримтлуулж авч хөлдөөд хавар эрт ургах нөхцөл нь бүрддэг. Ялангуяа, намар тарьсан модыг одоо удахгүй үндэс нь хөлдчихнө гэж ерөөсөө орхиж болохгүй. Дуслын усалгааны систем намар хүйтрэнгүүт хөлдчихдөг учраас зөөврийн шланкаар усалгааг хийх нь зүйтэй. Мод тарьснаас хойш долоо хоногт нэг удаа усалж байгаад аравдугаар сарын сүүлчээс эхлээд арваннэгдүгээр сарын дунд үе хүртэл арав хоногт нэг удаа услах ёстой. Ингэхдээ нэг модыг 40-50 литр усаар тогоог нь дүүртэл услах шаардлагатай. Хуучин тарьчихсан байсан шилмүүст модны хөрсний чийгийг ууршуулахгүйн тулд нүхийг нь үртэс юмуу, хадсан өвсөөр дарж манаж болно. Ялангуяа, тал хээрийн бүсэд тарьсан модны хөрсний чийгийг ууршихаас ингэж хамгаалбал их үр дүнтэй. Хангайн бүсэд хөлдөлт эрт явагддаг бол говийн бүсэд нэлээд хожуу хүйтэрдэг, дээр нь хуурай салхи ихтэй учраас ийм аргыг хэрэглэвэл тохиромжтой. Мөн говийн бүсэд хөлдтөл цэнэг усалгааг сайн хийх боломжгүй бол нүхийг нь манаж чийгийг хадгалж болдог.
-Хаврын усалгааг хэзээнээс эхлэх вэ?
-Бас л бүс нутгийн цаг агаарын онцлогоос хамаарч усалгааг эхлүүлнэ. Говь хээрийн бүсэд гуравдугаар сарын сүүлчээс дулаардаг учраас дөрөвдүгээр сарын эхнээс усалгааг эхлүүлж болно. Өөрөөр хэлбэл, хавар Багахангайгаас урагш дөрөвдүгээр сарын 1-нээс, хангайн бүсэд дөрөвдүгээр сарын 15-наас цэнэг усалгааг эхлэхэд болно.
-Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Ирээдүй хойч үедээ амьсгалах агаар, амьдрах орчин үлдээхийн тулд бидэнтэй нийлж мод тариарай. Байгаль дэлхийгээ хайрлаач, хамгаалаач гэж уриалмаар байна.
2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс “Монгол Улс тэрбум мод тарина” гэдэг амлалт өгсөн. Түүнээс хойш УБТЗ ХНН-ийн хамт олон 2022 оны гуравдугаар сараас эхлэн “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг дэмжин мод тарьж эхэлсэн. Энэ хоёр жилд 150 мянга гаруй мод тарьсан. Гэтэл УБТЗ ХНН нийтдээ дөрвөн сая мод тарих ёстой. Жил бүр 500 мянган мод тарьж байгаад сүүлийн гурван жилд жил бүр 800 мянган мод тарьж байж амлалтаа биелүүлэхээр байна. Тэгэхээр УБТЗ-ыг 16 мянган ажилтантай гэж бодвол төмөр замчин бүр жилд дор хаяж таван мод тарихад жилд 80 мянган мод тарина. Үүний зэрэгцээ тарьсан модоо 1000 өдөр арчилж ургуулах нь маш чухал шүү гэдгийг дахин хэлье.
Б.Гүнжинлхам