Тариан талбайд зөвхөн эрчүүдийн хөлс үнэртэж, эрчүүдийн яриа л өрнөнө. Хэр баргын аавын хүүгийн шандсыг сорьдог их хөдөлмөрийн талбар. Хаврын тариалалт, зуны уринш, намрын тариа хураалт гээд ёстой л борви бохисхийх завгүй. Тэр тусмаа комбайнч хүнд чийг буухаас өмнө амжиж тариагаа хураах гээд хэдэн шөнө дараалан нүд амраалгүй ажиллах үе бишгүй тохиолдоно. Ажил үүргээ цалгардуулж алдаа, эндэгдэл гаргавал ах нараас шанаа авна, хатуу хүтүү үгийг нь сонсоно. Социалист нийгмийн төгсгөл үеийг ч хэлэх үү, эд бараа хомс. Шантрах, халгах, "Би чадахгүй нь" гэж хэлэх ойлголт ч үгүй цаг. "16-хан настай жаал хүү ийм л замаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, амжилт бүтээлээр хамт олноо хошуучилж байлаа" гээд ярихад өнөөгийн үеийнхэнд бол үнэндээ дэгсдүүлсэн мэт сонсогдмоор. Гэхдээ л энэ бол Авирмэдийн өөрийнх нь хүсэж тэмүүлж, сонгосон мэргэжил... Тэрбээр дунд сургууль төгсөхдөө Баянчандманы ТМС-т хүслээрээ оржээ. "Би багаасаа техникт дуртай. Тариан талбайгаас би их ч зүйлийг сурсан даа. Үр тарианы бригадад туслах засварчнаар ажиллахдаа тракторын эд ангийг буруу зөрүү угсарна. Нас биед хүрсэн залуучуудад бол шууд шанаа өгнө. Намайг харин жаахан хүүхэд болохоор хоол идэх эрхийг нь хасна. Алдаагаа застал хоол өгөхгүй. Ажлын талбарт хоолгүй хононо гэдэг залуу хүүхдэд том сургамж. Хэзээ ч гаргасан алдаагаа давтахгүй шүү дээ" хэмээн ярих энэ эрхэм нээрэн л өөрийнхөө юу хийж чадахыг сайн мэдэж байж. Ид төлөвшил хүмүүжлийн насандаа хүдэр бадир ах нарын дунд анжис, комбайн хоёртой таван жил нөхөрлөв. Энэ хугацаанд техникийн ажиллагааны ерөнхий зарчмыг ойлгож, юу нь эвдэрэхэд яаж засах вэ гэсэн эв дүйгээ ч олов. Бас болоогүй будаанаас чулуу ялгах, арвай хальслах төхөөрөмж зэргийг өөрийн санаачилгаар зохион бүтээж, хамт олондоо сайшаагдав. Тэгж байтал 1990 он гарч зах зээл эхлэв. Түүний ажиллаж байсан үр тарианы компани хувьчлагдаж, ажилчид нь хувьцаагаа авцгаав. Авирмэдийн хувьд хувьцааны тухай ойлголтгүй ч үгүй. Гэтэл түүний хөдөлмөр зүтгэлийг бригадын удирдлага нь үнэлж, гинжит трактор, 15 хургаар урамшуулав. Энэ бол 10 гаруй жил ажилласан туршлагатай хүмүүст ч олгоогүй өндөр шагнал байлаа. "20 нас ч хүрээгүй байхдаа аавыгаа баярлуулсан тэр дурсамж миний санаанаас ер гардаггүй. Жаргалантын сангийн аж ахуйн нэгэн ах тракторыг маань худалдаж авахаар болоод "Ахын дүү, шуудай аваад ир" гэсэн. Би ч гурилын хоосон шуудай аваад очтол "УАЗ-469" машины араас 20,10 төгрөгийн дэвсгэртүүдийг шуудайлаад өгч билээ. Гэртээ 25 кг-ын шуудайгаар дүүрэн мөнгөтэй очиход аав минь мөн ч их баярлаж билээ. Тэр мөнгөөрөө дүү нарынхаа сургалтын төлбөрөөс эхлээд бүх асуудлыг нь шийдсэн дээ" хэмээн өгүүлэв. Эр хүн бүрийн сурах ёстой хоёр эрдмийн нэг нь үг даах, нөгөөх нь ачаа үүрч сурах гэдэг. Тариа бригадад ажилласан таван жилд Авирмэд "Хүний үг дааж сурах" эрдэмд суралцсан бол ачаа үүрэх эрдэмд хүний ухаан орохоосоо л суралцсан гэмээр. Тэрбээр дөрвөн дүүтэй, айлын ууган хүү. Аав нь цэргийн дарга, ээж нь цэргийн ангийн хангалтын нярав. Байсхийгээд л түгшүүр зарлаж, аав ээж хоёр нь 7-10 хоногоор хээрийн сургуульд явчихна. Тэр үед Авирмэд гуравдугаар ангийн сурагч байв. Аав, ээжийгээ иртэл дүү нарынхаа хувцсыг угааж, хичээл номыг нь давтуулж, боорцог хүртэл хайрна. Хар багаас нь бие даалгасан гэр бүлийн ийм хүмүүжил түүний амьдралын замд том тулгуур болжээ. Тэрээр айлын ууган хүү, ахын үүргийг маш сайн биелүүлсэн. Одоо түүний том дүү Толгойт өртөөнд, удаах нь Зорчигчийн вагон депод, эмэгтэй нь 51 дугаар сургуульд багшилдаг гээд бүгд төмөр замчин болцгоожээ.
Даргын жолоос зүтгүүрчийн бүхээгт
Трактор комбайны залуураас УБТЗ-ын Зүтгүүрийн албаны дарга Халиуны Лхагвасүрэнгийн жолоочоор шилжин ажиллах болов. 1999 онд шүү дээ. Төд удалгүй гэргийтэйгээ ч учирлаа. Түүний дурлалт бүсгүй сургууль төгсөх жилээ жирэмсэн болж, хүний хань хүүхдийн аав, өрх гэрийн тэргүүн хэмээн өндөр хариуцлага нэмэгдэх нь тэр... "Эхнэр маань сургуулиа төсгөх үеэр манай дарга шинэ машин авч таарав. Би ажил хийж байгаа хүний хувьд тогоо шиг гэдэстэй эхнэрээ аав, ээж рүү нь автобусанд суулгаад явуулчихмааргүй байлаа. Ингээд даргадаа үнэн учраа хэллээ. "Манай найз бүсгүй Хөвсгөлийнх. Айлын хүргэн болж байгаагийнх өөрөө хүргэж өгч аав ээжтэй нь танилцах гэсэн юм. Та намайг машинтайгаа явах чөлөө өгч болох уу?" л гэлээ. Дарга огтхон ч татгалзсангүй. "Тэг тэг. Болгоомжтой яваарай, миний дүү" гэхэд баярласан гэж тоймгүй. Энэ мэдээг гуравдугаар сарын 8-нд эхнэртээ хэлж том сюрприз барьж байлаа. Ингээд зургадугаар сард эхнэрээ цоо шинэ "УАЗ-469" машины кабинд суулгаад л Хөвсгөл хэмээх үзэсгэлэнт газрыг зорьсон доо. Манай хадмынх Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул, "Мянгат малчин" буурлууд байлаа" хэмээн залуу халуун насны гэрэлт дурсамжийг хүүрнэв. Авирмэд даргын жолоочоор ажиллаж байхдаа зүтгүүрийн депо руу анх орж үзсэн нь сүрдмээр бөгөөд цаанаа л нэг таатай мэдрэмжийг төрүүлжээ. Угийн техникт хорхойтойг хэлэх үү, энэ хүчирхэг төмөр хүлгийг жолоодож үзэх хүсэл бадамлаад явчих нь тэр. Тосны үнэр ханхалсан, том том хөдөлгүүр сэтгэлийг нь хөдөлгөсөн тухай даргадаа хэлтэл "Туслах машинчийн курст сур. Юутай ч төгсөөдөх" гэв. 2000 онд туслах машинчийн курсээ төгслөө. Гэтэл дарга нь түүнийг "Чи болоогүй ээ. Машинч болно гэдэг хүн бүрийн хийж чадах ажил биш. Үнэхээр хүсэж байгаа бол тийш явж болно. Гэхдээ зүтгүүрчдийн ажлыг хөндлөнгөөс харах дотор нь ороод ажиллах хоёр газар тэнгэр шиг ялгаатай. Тэдний амьдрал дунд орохоор шантармаар зүйл маш их. Ер нь, хүнд шүү дээ, дүү минь" гээд явуулсангүй. Эх орны хойд хилээс өмнөд хил хүртэлх өртөө зөрлөгүүд рүү өдөр шөнөгүй довтолгох албан томилолт хөвөрсөөр. Авирмэдийн сэтгэлд машинч болох хүсэл бадарсаар. Зүтгүүрийн аж ахуйн албаны даргын машины кабинд энэ салбарын мэргэжилтнүүдийн жаргал зовлон үнэртсэн бичил хурал, халуухан яриа буцална. Тэр бүхэнд Авирмэд чих сортолзуулна. Магадгүй Х.Лхагвасүрэн дарга түүнд энэ бүхнийг сайтар ойлгуулж, мэдрүүлэх гэж зориуд дэргэдээ "сойгоод" байсан байх. Ийнхүү албаны даргын жолоочоор долоон жил ажилласныхаа дараа буюу 2006 онд Улаанбаатар татах хэсэг рүү шилжих өргөдлөө өгөв. "Дарга маань намайг үдэж өгөхдөө "Машинч хүн хамгийн наад зах нь 12 цагийн өл даахаас эхлээд их тэсвэр тэвчээр шаардана даа. Сайн бодоорой" гэж билээ. Ингэж л Улаанбаатар татах хэсгийн Ашиглалтын наймдугаар цуваанд туслах завсарчнаар ажиллах болсон. Эхэндээ энгийн жижиг асуудалд ч түүртдэг байв. Гэхдээ эр хүн нэгэнт шийдвэр гаргасан бол түүнийхээ төлөө тууштай явах хэрэгтэй. Лхагваа даргын "Би наад тостой хувцасны чинь голоос энэ ширээний ард ирсэн юм шүү" гэж хэлдэг байсан нь надад их хүч болсон гэж боддог" гэлээ.
Машинчийн шалгуурт шигшигдсэн нь
Авирмэд удалгүй туслах машинч болж, хүсэж мөрөөдсөн хүчирхэг төмөр хүлгийнхээ бүхээгт орох нь тэр. "Намайг Ашиглалтын наймдугаар цуваанд туслах машинчаар очиход Д.Өлзийжаргал гэдэг зааварлагч машинч зүгшрүүлэлтэд оруулж, машинч хэмээх хүндтэй албанд хүргэж өгсөн. Туслах машинчаар ажиллаж эхлэнгүүтээ машинчдаа "Та зөвхөн өмнөхөө анхаараарай. Арын ажлыг би 100 хувь хариуцнаа" гэж хэлэхэд "Чи дөнгөж ажлын гараагаа эхэлж байгаа туршлага багатай хүн. Чадах уу?" гээд гайхаж байсан. Тэгэхэд нь "Би чадна. Та надад итгээрэй" гээд бардам хэлсэн дээ. Өмнө нь, тэрэг техниктэй багагүй хугацаанд нөхөрлөсний минь ач тус. Зүтгүүрийн дизель, хэмжээгээрээ л том болохоос орос техникийн ажиллагааны зарчим бүгд адилхан шүү дээ.Ер нь, энэ хүртэлх замд минь Ж.Батдэлгэр, Б.Шагдарсүрэн, Бямбабасан, Намхайдэмид гээд олон мундаг машинч тус болсон доо. Тэд надад мэддэг чаддагаа харамгүй зааж өгсний ачаар л энэ зэрэгтэй явж байна гэж боддог. Машинч болсон хойноо ч би тэдэн рүүгээ мэдэхгүйгээ асуух гэж шөнө, орой хамаагүй утасдана. Тэр бүхэнд огтхон ч цааргалалгүй хэлж өгнө шүү дээ" хэмээн ярилаа. Тэрбээр есөн жил туслах машинчаар ажиллаж, 2014 онд ТЗДС-ийн машинчийн курсийг төгссөнөөр машинч хэмээх алдрыг албан ёсоор авсан байна. Авирмэд машинч мэргэжлийн талаар "Зүтгүүрчид бид цаг хугацаа, орон зайны эзэд шүү дээ. Жишээ нь Толгойт-Эмээлт хооронд 23 минутад бүрэн багтаад гарахдаа машинч хүн хамгийн том сэтгэлийн эрч хүчийг авч, мэргэжлээрээ омогшдог. Галт тэрэг саатах ч юмуу заагдсан хугацаанд багтаж чадахгүй бол дараа дараагийн галт тэргүүдийг өртөө, зөрлөгүүдэд түгжчихдэг болохоор нэг минут алдах нь ч машинч хүнд хайран санагддаг. Галт тэрэг саатсан үед цаг хугацаа хэчнээн хурдан өнгөрдөг гэж санана. Хуучин цагт бол ахмад машинчийн өврийн дэвтрийг өөрийнхөө дэвтэрт ноороглож аваад л явдаг байлаа шүү дээ. Хоорондын замд саатал гарвал түүнийгээ л харьцуулж харна, өөрөө мэдэрнэ. Одоо гэтэл шаардлагатай хичээлүүд төрөл бүрээрээ гар утсанд явж байдаг сайхан үе" хэмээн бахархалтай өгүүллээ.
2016 онд 406 дугаар км-ийн гарам руу автомашин орж, тухайн үед зорчигчийн галт тэрэг жолоодож явсан зүтгүүрийн бригад маш чадварлагаар яаралтай тоормос хийж зогссон. Тухайн үеийн дүрс бичлэг ч цахим орчинд түгж, машинч нар гавьяа шагналд тодорхойлогдож байсныг манай уншигчид тод санаж буй болов уу. Яг тэр үйл явдлын өмнөх шөнө тухайн гарам дээр Авирмэд мөн л яаралтай тоормос хийж болзошгүй эрсдлээс сэргийлжээ. Түүнээс гадна 324 дүгээр зөрлөгт цасан шуургатай, амралтын өдөр гурван замчин малгайгаа бүчилчихсэн зам дээр явж байхад нь амжиж яаралтай тоормос хийсэн, Наран-Элгэн зөрлөгт дохио хаалттай байгааг мэдэж зогссон гээд нэг онд гурван дараалан болзошгүй аюулаас сэргийлжээ. Энэ үйл явдлаас улбаалан хамт олон нь түүнийг "Яаралтай Авираа" хэмээн хочлох болж. "Тухайн үед миний сонор сэрэмжтэй ажилласныг Замын захиргаа өндөөр үнэлж, "Онц хөдөлгөөнчин" тэмдгээр шагнахад манай гэрийхэн маш их баярлаж билээ. "Хос зам дагасан хүн хоосон явдаггүй гэж энэ дээ, миний хүү" гээд л аавын минь хоолой зангирсан. Хүүгээрээ бахархсан аавын харц гэдэг үгээр илэрхийлэхийн аргагүй их урам шүү дээ. Ер нь, ээж аав хоёр минь намайг их үнэлдэг. Би ч тэднийхээ итгэлийг алдахгүйг хичээж явна даа" гэв.
Галт тэрэгний жин, урт, богиныг өөрийн эд эрхтэн мэт мэддэг машинч л яаралтай тоормосыг хэрэгтэй үед нь цаг, цэг хоёрыг зэрэг мэдэрч хийдэг чадвар хэмээн олон машинчийн ярианаас сонсож байв. Өгсүүр, уруудуурт тоормосны найдвартай ажиллагааг шалгах км, зуутыг Замын даргын тушаалаар нарийн зааж өгдөг ч тухайн цэгүүдэд л тооромс шалгахдаа өөрийн мэдрэмжид бүрэн оруулж ямар зайд, хэрхэн зогсохоо урдчилан тооцоолно гэдэг амаргүй. Авирмэдэд тийм ур чадвар бий.
Хорвоогийн өнгөнд
Хүний амьдрал алдаа, оноо, зовлон, жаргалаар хослон хөвөрдөг. Энэ бүхэнд эр хүн ноён нуруу нугаралгүй давж гэмээнэ сайн аав, сайхан хань, аз жаргалтай гэрийн тэргүүн болдог. Гэвч, амьдрал дандаа жаргалтай байх биш дээ. 2016 онд Авирмэдийн гэргий хөхний хорт хавдартай гэж оношлогдов. Төдөлгүй хорт хавдар уушгинд нь үсэрхийлсэн гэх аймшигт мэдээ шил дарав. "Эмчлэх боломжгүй. Найдваргүй " гэсэн гуравхан үг энэ ам бүлийн сайхан амьдрал, хүсэл мөрөөдөлд сүүдэр унагачих шиг болжээ. Энэ мэдээг сонсоод эхнэртэйгээ хоёул ХӨСҮТ-өөс гэртээ чухам яаж харьснаа ч мэдээгүй гэдэг. Тэр үед том охин нь наймдугаар ангийн сурагч, бага нь зургаахан сартай. Өдрөөс өдөрт зүс царай нь гундаж, үс нь туг тугаараа унаж байгаа залуу сайхан ханьдаа туслах аргагүй гэж бодох санаанд багтамгүй. Яаж ч хичээсэн анхаарал сарничих гээд байгаагаа зааварлагч машинчдаа дуулгав. Зааварлагч машинч нь шат шатны удирдлагадаа Авирмэдийн ар гэрийн байдлыг танилцуулж, Замын захиргаа, Хүүхдийн секторын захиргаа. Түүний харьяаны бүх цэцэрлэгүүд, Улаанбаатар татах хэсгийнхэн, ҮЭ-ийн хороо, найз нөхөд гээд таньдаг, мэддэг бүх хүн түүнд халуун сэтгэлийн гараа сунгав. Олон хүний сайхан сэтгэл, тусламжийн хүч, эхнэрээ эрүүл саруул болгоно гэсэн түүний цуцашгүй итгэл ч хоосон байсангүй. Тэр хэцүү цаг үед ард хоцроод хэдийнэ таван жилийг үджээ. "Би хэрэв төмөр замаас өөр байгууллагад ажилладаг бол үнэхээр арга мухардах байсан. 16 мянган төмөр замчин нэгдэхээрээ асар хүчтэй юм билээ.Миний хань өөрөө ч их чадварлаг багш. Хошин урлагийн жүжигчдээс эхлээд олон хүн ангид нь хүүхдүүдээ өгнө. Шинэ анги авах бүрт хүүхдийнх нь тоо хэтэрчих гээд байдаг тийм л мундаг хүн болохоор шавь нарынх нь эцэг эхчүүд ч их тусалсан. Ер нь, хүн аливаа мэргэжлийг сайн эзэмшиж, хамт олныхоо дунд нэр хүндтэй явбал ямар ч аюулаас татаад гаргадаг л юм байна гэж би бодсон. Миний хувьд надаас хэд дахин хэцүү байгаа гэргийдээ өөрийн сул дорой байдлыг харуулахгүйг л хичээсэн дээ" хэмээн дурсаж сууна.
Машинч хүний амжилтын үндэс нь ар гэрийн амгалан тайван байдал гэдэгтэй Авирмэд 100 хувь санал нийлдэг. "Залуу хүн алдаж онохыг алийг тэр гэх вэ. Ядарсан, задарсан аль ч үед төрүүлсэн ээж, аав, ханилсан хань гурав л дэргэд үлдэнэ шүү дээ" хэмээн ярих түүний хувьд мэргэжил нэгт залуусаа аль болох өөрийнхөө алдаанаас хол байлгаж, амжилтад дагуулахыг хичээнэ. Тиймдээ шинэ залууст хатуу шаардлага тавьдаг гэнэ. Энэ тухайд тэрбээр "Хамгийн хайртай хүнээ л юм сураасай, алдаа бүү гаргаасай гэсэндээ загнадаг юм шүү дээ. Муу санасан хүн бол алдаа хийхийг нь мэдсээр байж л чимээгүй өнгөрнө шүү дээ. Би хамт ажиллаж байгаа залуустаа "Хамгийн түрүүнд үг дааж сураарай. Үг дааж сурсан хүн ямар ч бэрхшээлийг давдаг юм шүү" гэж захьдаг. Өнөөгийн залуус хэдхэн хоногийн тусгаарлалтад орохоороо л цахим орчинд эсэн бусын юм бичиж байна. "Хил нээдэг л юм бол ажлаа хаяад зайлцгаая" гэх жишээтэй. Энэ маш буруу гэж би боддог. Цар тахал мөнхөд байхгүй нь ойлгомжтой. Цаг зуурын энэ үзэгдэлд амархан бууж өгөөд доторх хамаг муухай араншингаа олон нийтэд дэлгээд байж болохгүй. Ямар ч хүнд хэцүү зүйлээс сайхныг нь олж харж болно. Дүрэмт хувцсаа өмсөөд, ажил гэр хооронд тусгай автобусаар зорчоод л, байгууллагынхаа амрах байранд амралтаа эдлээд явахад ямар сайхан гэж санана. Энгийн хүний дэргэд огшмоор, бахархмаар шүү дээ. Бидэнд энэ бүхэн дасал болчихсон учраас л мэдрэхгүй байгаа юм. Бусад хувийн хэвшлийн байгууллагууд маш хэцүү нөхцөлтэй байна. Ажил нь тэг зогсолттой, 25 хувиар олгож байгаа цалингийнх хэмжээ байрны мөнгө, цалингийн зээлийнхээ хаана нь ч хүрэхгүй жишээ миний ойрын хүрээлэлд ч бий. Гэтэл төмөр замд үнэгүй хоол унд, тав тухтай амрах байрнаас эхлээд бүхий л зүйлийг хангаж өгч байна. Энэ ерөөсөө хувь хүний ухамсрын асуудал. Дарамт шахалт, ажлын онцлог хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй. Төмөр зам тэр дундаа машинч нарын ажил мэргэжил гэдэг бусадтай харьцуулахын аргагүй онцлогтой ажил. Хатуу чанд дүрэмтэй, өндөр сахилга баттай байхаас ч өөр аргагүй. Бидний хийж байгаа ажлын ард хүний амь нас, улсын онц чухал ачаа бараа явдаг учраас дүрэмч байдлыг огт цалгаруулж болохгүй. Машинчийн хийсэн үйлдэл бүхэн секундээр хэмжигддэг. Өнөөгийн зарим залуус үүрэг гүйцэтгэж явахдаа утсаар оролдож байж алдаа эндэгдэл гаргаж байна. Тэр бүгдийг нарийн хязгаарлаж, нэг бүрчлэн заагаад өгсөн дүрэм байхад яагаад мөрдөж болохгүй гэж. Дүрэм мөрдөж ажиллахаа дарамт шахалт гэж үзэж байгаа бол эртхэн чаддаг хүнд нь ажлаа өгсөн нь дээр. Хүн анхнаасаа илэрхий байдаг даа. Үг дааж чадаагүй нь замын дундаас шантраад өөр зам мөрөөр явцгаадаг. Машинч хүн цаг нартай уралддаг шиг сайн машинчийг цаг хугацаа л шүүдэг. Би олон дүүтэй өссөн учраас буруу зүйл хэлдэггүй байх гэж боддог. Зүтгүүр бол тэр чигтээ багийн ажиллагаа. Хамт аялалд гарсан туслах машинчтайгаа нэг хүн шиг ойлголцож ажиллах нь миний хувьд хамгийн том урам зориг юм даа. Зүтгүүрийн бригад үргэлж гар нийлэх ёстой. Санаа, зорилго, зүтгэл нэг бригадад ажлын бүтээмж ч өндөр байдаг. Хэр баргийн бэрхшээлийг давна шүү дээ. Жаахан л үл ойлголцол гарвал ажлын бүтээмжид шууд нөлөөлдөг” хэмээн сэтгэлээ уудлав.
Б.ДЭЛГЭРХИШИГ