Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд улирал солигдохтой холбоотой өвчлөл ихэсдэг. Улирлын шинж чанартай цочмог халдварт өвчний тархалт нэмэгдэж байна хэмээн Төв эмнэлгийн Халдвартын их эмч Г.Хишигдэлгэр ярианыхаа эхэнд хэлсэн юм. Түүнтэй хийсэн ярилцлагаа уншигчиддаа хүргэж байна.

 

Хаврын улиралд ямар түгээмэл тохиолддог халдварын талаар мэдээлэл өгөөч?

Хаврын цагт амьсгалын болон, агаар дуслын цочмог халдварт өвчлөл ихэсдэг. Хавар хөрс гэсэж, хөрсний бохирдол агаарт дэгдсэнээр гэдэсний халдварт өвчин тархалтыг нэмэгдүүлдэг.  Мөн жил бүрийн 3-8 дугаар сарыг хачигт халдварын эрсдэлт үе гэж үздэг. Сүүлийн үед тууралтат халдвар буюу салхин цэцэг, гар хөл амны өвчин, улаан эсэргэнэ зэрэг амьсгалын замын цочмог халдварт өвчнүүд бага насны хүүхдийн дунд тархалт өндөртэй байна. Тухайлбал, ХӨСҮТ-ийн хүлээн авахаар өдөрт 2-3 тууралтат халдварын хүндэрсэн тохиолдол ирж хэвтэн эмчлүүлж байна.  Энэ нь улсын хэмжээнд хүнд, хүндэвтэр олон тохиолдол бүртгэгдэж байгаагийнх юм.  Мөн ОХУ, БНХАУ зэрэг хил залгаа улс орнуудад улаан бурхан өвчний тохиолдол бүртгэгдэх болсон тул бага насны хүүхдийн нөхөн дархлаажуулалт, урьдчилан сэргийлэлтэд онцгой анхаарах шаардлагатай байна. Үүн дээр томуугийн халдвар,  коронавируст халдварын тархалт  ч байгааг сануулах нь зүйтэй.

Салхин цэцэг, гар, хөл, амны өвчин ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

Нийслэлийн хэмжээнд сүүлийн таван сарын турш салхин цэцэг өвчний анхдагч хэлбэрээр бага насны хүүхдийн өвчлөл тогтмол өндөр, хоёрдогч хэлбэр буюу бүсэлхийн яр өвчнөөр өвдсөн насанд хүрэгчдийн тоо өсөж буй нь хүн амын дундах далд халдвар тээгчдийн тоо, мөн үүнийг дагаад хүндрэлтэй хэлбэрээр өвчлөх эрсдэл нэмэгдэж  байна.  Харин гар хөл амны өвчин агаар дуслын замаар халддаг цочмог халдварт өвчин бөгөөд энтервирусийн бүлэгт багтдаг. Бага насны хүүхэд ялангуяа 2-5 насныханд элбэг тохиолдоно. Шинж тэмдэг нь, богино хугацаанд халуурах, гар хөл амны эргэн тойронд цэврүүт тууралт гарах хэлбэрээр илэрдэг. Хүүхдийн дархлаанаас хамаарч 7-14 хоногт эдгэрнэ. Гар хөл амны өвчин нь харьцангуй хөнгөн тул ихэнхдээ гэрээр эмчлэх зөвлөгөөг өгдөг. Гэхдээ энэ өвчний вирус хэдэн долоо хоногийн турш хадгалагдах тул тууралт алга болонгуут  цэцэрлэг, сургуульд явуулах нь буруу. Ингэснээр вирус бусдад халдварлаад байгаа юм.

Халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх арга зам анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө өгөөч?

Халдварт өвчин бол нийгмийн шинж чанартай учраас хувь хүн бүр нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй, олон нийтийн газар ам хамраа дарахгүй ханиалгаж, найтаах зэрэг зохисгүй үйлдлийг гаргахгүй байж, дор бүрнээ хариуцлагатай байх нь чухал. 2019-2022 оны цар тахал өвчний дэгдэлтийн үеийнх шиг дэглэм сахьж, амны хаалт зүүж, гараа тогтмол угааж, ариутган, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх зэргээр халдвар хамгааллын дэглэмийг  нийтээрээ маш сайн баримтлах хэрэгтэй. Дээрх дэглэм цочмог халдварт өвчний тархалт эрс буурахад нөлөөлсөн байдаг.  Одоо ч цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд эдгээр энгийн аргууд  өндөр үр дүнтэй урьдчилан сэргийлэлт. Бага насны хүүхдүүдийг агаар салхинд сайн гаргаж, шим тэжээлтэй хоол хүнсээр хооллон, бие чийрэгжүүлэх дасгал, иллэг хийх зэргээр тогтмол дархлааг нь дэмжээрэй.

Мэдээлэл өгсөн танд баярлалаа.