Дэлхийн экспортыг дэмжих 20 дахь удаагийн чуулга уулзалтыг манай улсад зохион байгуулж байгаа билээ. Эл уулзалт энэ сарын 29-нийг хүртэл болох юм. Үүнтэй холбоотойгоор Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндоржтой ярилцлаа.
-Энэ удаагийн чуулга уулзалтаар ямар асуудлыг хөндөх вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Эдийн засаг, хөгжлийн яамны удирдан зохион байгуулалтаар 20 дахь удаагийн “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ыг Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын худалдааны төвтэй хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Манай чуулга уулзалтад бодлого боловсруулагчид, олон улсын банк санхүүгийн байгууллагууд, худалдааны томоохон тоглогчид болон олон улсын хэвлэл мэдээллийн байгууллага зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож, дэлхийн ногоон худалдааны чиг хандлага, цаашдын хөгжил, инновац, худалдааны дижитал орчин болон эмэгтэйчүүдийн оролцоо, залуу бизнес эрхлэгчдийг дэмжих талаар хөндөж, ярилцана.
Гадаадаас 400 гаруй зочид төлөөлөгч оролцож байна. Олон улсын хэвлэл мэдээллүүд, төлөөлөгч, бизнес хамтрагчид гэх мэт төрөл бүрийн хүмүүс оролцож байгаа. Манай улс өөрийн улсаа сурталчлах, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх чухал боломж юм.
-Энэ удаагийн чуулга уулзалтаар дөрвөн төрлийн асуудлыг хөндөж байгаа. Манай улс экспорт хийхэд, эсвэл эдийн засгаа төрөлжүүлэхэд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх чухал зүйлс мөн үү?
-Манай улсын экспортын 97 хувь нь уул уурхайн түүхий бүтээгдэхүүнийг экспортлодог. Цаашид үүнийг нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгох нь чухал юм. Манай улсын уул уурхайн бус экспорт нийт экспортын гурав орчим хувийг эзэлдэг. Үүнийг хэрхэн төрөлжүүлэх сорилт Засгиийн газрын өмнө тулгарч байна. Уул уурхайгаас хэт хамааралтай байж, эдийн засгаа төрөлжүүлэхгүй байх нь хор уршиг ихтэй.
Дэлхий дахин ногоон бизнес, үйл ажиллагаа руу шилжиж байгаа. Бид дэлхийтэй хөл нийлүүлэн алхах ёстой. Мөн органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн юм.
Түүнчлэн тээвэр, ложистикийн асуудалд нэрвэгдэхгүй байх нь дижитал бизнесийн гол чанар. Бид хэрхэн бараа бүтээгдэхүүнээ дижитал хувилбар руу хэрхэн шилжүүлэх вэ гэдэг туршлагыг дэлхийн бусад улс орноос суралцах юм.
Түүнчлэн гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, эмэгтэйчүүдийн бизнесийн орчинг сайжруулах, тэдний асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх нь чухал.
Нөгөө талаасаа бизнес эрхлэгчдийг үйл ажиллагаагаа явуулахад нь туслах хэрэгтэй. Тэднийг цаг хугацааг их зарцуулах, зарим шаардлага хэт өндөр байдаг нь бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг нь хязгаарладаг.
Тиймээс төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудаас хэрхэн тусалж, дэмжих боломжтой, тэр бүх гарц боломжийг нь шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна.
-Манай улс далайд гарцгүй. Далайд гарцгүй улс орнуудын хоёр дахь том улс болохоор экспорт хийхэд тээвэр ложистик бол хамгийн том асуудал болдог. Энэ удаагийн уулзалтаас тээвэр ложистикийн асуудлыг шийдвэрлэх ямар хүлээлтийг тавьж байгаа вэ?
-Далайд гарцгүй бүх л оронд тулгардаг бэрхшээл нь тээвэр ложистик юм. Тиймээс боомтын хүчин чадлаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Олон улсын боомтын хүчин чадлыг нэмж, дэлхийд экспортоо нэмэгдүүлэх хэрэгтэй юм. Үүний тулд дэд бүтэц болох төмөр, авто замыг тавих нь чухал байдаг. Тиймээс ойрын үед төмөр замын бүтээн байгуулалт, боомтын асуудлыг эрчимжүүлэх шаардлага байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: https://eguur.mn/