УБТЗ-ын Соёлын ордны хуучир хөгжимчин, МУСТА Г.Сумьяарагчаатай ярилцлаа.
-Юуны түрүүнд танд 80 жилийн ойн мэнд хүргэе. Та хэдэн оноос төмөр замын урлагийн салбарт хөл тавив?
-Баярлалаа, би 1980 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд шалгалт өгч тэнцээд хуучир хөгжмийн ангид орж байлаа. 1988 онд төгсөөд Эрдэнэт хотын Дуу бүжгийн чуулгад хуваарилагдсан. Эрдэнэтэд хоёр жил ажиллаад 1991 оны эхээр Улаанбаатар хотод шилжиж ирэн УБТЗ-ын Соёлын ордонд орсон доо. Энд орох болсон шалтгаан нь манай Хөгжим бүжгийн Ц.Батчулуун /Ардын жүжигчин, Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач/ багш маань “Чи Төмөр замын чуулгад оч. Соёлын ордноо чуулга болгон байгуулж байгаа юм” гэсний дагуу ирсэн. Тэр цагаас хойш өнөөг хүртэл эндээ тасралтгүй ажиллаж байна. Намайг орж ирсний дараахан албан ёсоор Дуу бүжгийн чуулга болж байгуулагдсан.
-Тэр үед урлаг соёлын томчууд энэ чуулгад ажилладаг байв уу?
-Намайг анх ороход ч, түүнээс хойш ч дуучид, хөгжимчид, бүжигчид гээд олон мундаг уран бүтээлч ажиллаж байсан. Анх чуулгын даргаар МУУГЗ П.Дамдинжав гуай ажиллаж байлаа. Мөн дуучнаар хошин урлагийн жүжигчин Бооёогийн ээж Л.Доржсүрэн, мөн МУУГЗ Ц.Баатаржав, Н.Туулайхүү, Д.Цэвээнравдан гэхчлэн мундаг хүмүүс ажиллаж байсан. “Тэнгэр аялгуу” хамтлагийн олонхи нь манай чуулгаас ажлын гараагаа эхэлсэн шүү дээ. Нэг ангийн оюутнууд төгсөөд ирцгээж байсан.
-Та анх яагаад урлагийн хүн, тэр дундаа хөгжимчин болохоор шийдэв?
-Уг нь, багадаа хөгжимчин болохсон гэж бодож байгаагүй. Хүүхдүүд “Би том болоод тийм хүн болно” гэдэг дээ. Эгчийн маань хэлснээр би нэг удаа хоёр гараа савчуулаад байж л дээ. Тэгээд эгч “Чи яагаад ингээд байгаа юм” гэхэд нь “Би удирдаач болно” гэж хэлсэн гэсэн. Тэгээд Хөгжим бүжгийн сургууль элсэлт авч байна гэдгийг сонсоод “Би бүртгүүлье” гэж. Одоо санадаггүй юм. Тавдугаар ангид байсан үе. Эгч сургуулийн гадна дагуулан очиж зааж өгчихөөд л яваад өгсөн гэсэн. Харин би орж шалгалт өгч тэнцээд ёочин хөгжмийн ангид орох гэтэл элсэлт нь дуусчихсан учраас хуучир хөгжмийн ангийг сонгосон. Түүнээс хойш 38 жил хуучир хөгжим тоглож байна даа.
-Та аль нутгийн гаралтэй вэ. Аав, ээж тань урлагийн хүн байв уу?
-Манай гэрт урлагийн хүн байгаагүй. Би Архангай аймгийн Тариат суманд төрсөн. Нэгдүгээр ангиас манайх хот руу шилжиж ирсэн. Үстэй дээлтэй, хоёр том лент зүүсэн охин л шинэ ангидаа орж байлаа /инээв.сур/. Ээж маань Баянзүрх дүүргийн нэг дэлгүүрт ажилладаг Бүжинлхам гэж хүн байсан. Хичээлээсээ ирээд автобуснаас буухад нь дэлгүүрийн гадаа тосоод л зогсч байдаг сан. Бага байсан болохоор аавыгаа би сайн санадаггүй юм аа.
-Эхээс хэдүүлээ вэ?
-Тавуулаа, би багаасаа хоёр дахь нь. Миний дээд ах цэргийн эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны доктор, тэгээд дээд талынх нь холбоочин, том нь Барилга ашиглалт үйлчилгээний ангиас тэтгэвэртээ гарсан. Ээж маань залуухнаараа, намайг наймдугаар ангид байхад бурхан болсон доо хөөрхий.
-Таны гэр бүлийн хүнийг энэ чуулгаас тэтгэвэртээ гарсан гэж сонссон. Одоо нөхөр чинь юу хийж байна вэ?
-Тийм шүү, манайх урлагийн гэр бүл. Нөхөр маань Б.Олонбаяр гэж эвэр бүрээчин хүн бий. Энэ чуулгад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Үлээвэр хөгжимчид хүнд нөхцөл гэж явдаг болохоор надаас хоёр дүү ч өндөр настан болчихсон. “Ирж тоглоод өгөөч” гэсэн урлагийн байгууллагууд байдаг. Гэтэл өндөр настан дүрдээ итгэчихээд очихгүй, 24 цаг гарч, 48 цаг амардаг биед хөнгөн, хамгаалалтын ажил хийчих гээд л байх юм /инээв.сур/.
Ер нь, би төмөр замдаа маш их баярладаг. Эрдэнэтийн хоёр жилийг эс тооцвол энэ урлагийн байгууллагаас би ажлын гараагаа эхэлсэн гэж хэлж болно. Эндээс хань ижилтэй болж, төмөр замаас маань сайхан байр өгч байлаа. Олон сайхан шагналаа өгсөн. Үнэхээр ээлтэй байгууллага гэж шүтэж явдаг юм. Тиймээс илүү сайн ажиллаж, төмөр замчдадаа сайн уран бүтээлээр үйлчлэхийг хичээж явдаг даа. Манайх хоёр хүүхэд, нэг зээтэй. “Бид хоёр урлагийнх юм чинь та хоёр урлагаар яв” гэж хүүхдэдээ хэлдэггүй. Гэвч том охин маань урлагийн хүн болохоор шийдэн СУИС-д уртын дууны ангид сурдаг. Одоогоор төрчихөөд гэртээ сууж байгаа. Бага маань есдүгээр анги. Зээдээ бол бид хоёр “нурж унана” шүү дээ. Охиноосоо өмөөрөөд л явчихна.
-Аав ээж хоёрынх нь нэг л сайхан дуулдаг байх нь, тэгээд л охин дуурайж?
-Миний хувьд энд тэнд дугараа ирвэл дуулчихдаг л юм /инээв.сур/. Яах вэ, урлагийн хүн болоод ч тэр үү муугүй дуулчихна. Хүмүүс намайг “Та сайхан дуулдаг” гэдэг.
-Төмөр замчин уран бүтээлч байхын онцлог нь юу вэ?
-Бусад чуулга, соёлын ордныг бодвол цаг яс барьдаг. Төмөр замд хагас цэрэгжилтийн байдал аль ч салбарт нь үйлчилдэг шүү дээ. Манайх 08.00-17.00 цаг хүртэл ажлын байрандаа яс байх ёстой. Гэтэл уран бүтээлийн бусад байгууллага өглөөд 10.00-11.00 цагийн үед ирээд, орой нь тоглолтодоо оролцоод тардаг, багасгасан цагаар ажилладаг. Манйхаас бусад газарт нэг тоглолт хийлээ гэхэд бүтэн найман цаг ажилласантай тэнцдэг гэсэн бичигдээгүй соёлын хууль үйлчилдэг. Харин манайд тийм юм байхгүй, уртасгасан цагаар ажилладаг. Миний хувьд ажлынхаа хажуугаар эндээ төгөлдөр хуурын анхан шатны дугуйлан ажиллуулаад дөрвөн жил болж байна.
-Ажлынхаа хажуугаар хувиараа хичээллүүлдэг гэсэн үг үү?
-Үгүй, дугуйлангаас орж ирэх ашиг төмөр замд орно. Багш гэсэн нэмэгдэл цалин авахгүй ч энэ миний л ажил. Манайд багш гэсэн орон тоо байхгүй л дээ.
-Хүүхдүүд их сурдаг уу?
-Зуны амралтаараа хүүхдүүд их ирж суралцдаг. Анх дугуйлан нээсэн цагаас өнөөг хүртэл явж байгаа хүүхдүүд ч бий.Тухайлбал, нийслэлийн 51 дүгээр сургуулийн сурагч Б.ОдончимэгI-IV анги хүртлээ тасралтгүй хичээллэж байна. Ер нь, хүүхдүүд ихэвчлэн хичээлээ орохоор ирэхээ больчихдог. Суралцсан хүүхдүүдээс маань сургуулийнхаа урлагийн үзлэгээс алтан медаль авсан нь хэд хэд бий.
-Төгөлдөр хуурын аялгуу ч сайхан шүү. Миний хувьд тавгүйтсэн үедээ төгөлдөр хуур болон морин хуураар тоглосон сонгодог аялгуунууд сонсдог. Харин хөгжимчин хүн аялгуугаа тоглож тайтгардаг болов уу?
-Ер нь, урлаг бол хүний сэтгэхүй, оюун ухааны асар том хөрөнгө оруулалт шүү дээ. Уур бухимдал, тавгүйтэл нь ихэдсэн өнөөгийн нийгэмд хөгжим сонсоход тайтгарч, уярал хайрыг мэдэрдэг хүн олон байх. Хөгжимчин хүн ч ялгаагүй аялгуу сонсож, бас хөгжмөө тоглож тайтгарах нь бий. Над дээр тэтгэвэрт гарсан ахмадууд ч ирээд хөгжим тоглож сурч байгаа. Тэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, стресстэй нийгэмд хөгжим тоглож ангижрах гэдэг ч юм уу зорилготой байдаг. Нөгөө талаар хөгжим тоглох нь эрүүл мэндэд ч тустай. Цэх суудаг учраас нуруу өвдөх асуудал гарах нь бага. Ер нь, урлаг бол харах, сонсох бүхий л талаасаа гоо сайхан байхыг шаарддаг болохоор хувийн соёл хүмүүжлийг олгох ач хологдолтой.
-Хөгжимчдийг харахаар бүр аялгуундаа гүн орчихсон, аялгуу эгшигийн ямар нэгэн төсөөллийн орон зайдаа нисээд ч байх шиг санагддаг юм. Таны хувьд яг ямар мэдрэмж төрдөг вэ?
-Дотоод сэтгэлээсээ тоглож чадвал аяндаа гүн орчихдог. Хөгжимдөнө гэдэг чинь сэтгэлийн гүнээс гарч байгаа уянга юм. Өөрөөр хэлбэл, ном уншиж, түүндээ гүн орохоор кино үзэж буй юм шиг төсөөлөгддөг биз дээ. Яг л түүн шиг миний хувьд дотоод сэтгэлийн гүнд тухайн аялгуу эгшиглэж, түүнийг нотынхоо дагуу хөгжимддөг. Зүгээр л дотроо хөгжимдөхгүйгээр нот уншаад хөгжмөө тогловол ямар ч амьгүй юм болно. Чин сэтгэлээсэээ мэдэрч, уусан шингэж байж л тоглосон тэр аялгуу, хөгжим хүний сэтгэлд хүрнэ. Морин хуурын аялгуу, уртын дууг нүдээ аниад сонсоход хөдөө тал, уул, ус харагддаг даа. Ер нь, хүн гэдэг сэтгэлийн амьтан шүү дээ. Хөгжим тоглож, сонсож, гүнээс нь мэдэрч сэтгэлээ хөглөж байна гэсэн үг.
-Та чин сэтгэлээсээ хөгжим тоглоод байтал ойлгохгүй нэгэн таарвал түүнд хөгжмийн хэлээ ойлгуулахыг хичээдэг үү?
-Хөгжим тоглож байхдаа аль хүн намайг дуртай хүлээж авч байна, бас хэн нь таагүй, дургүй байна гэдэг тухайн хүний царайнаас нь мэдрэгддэг. Нийтээрээ ч хүнээж авахгүй байж болно. Уран бүтээлч бидэнд хүнд үе зөндөө л гарна шүү дээ. Гэвч нэгэнт тайзан дээр гараад ирсэн юм чинь улам илүү хичээж, тухайн хөгжмөө мэдэрч тоглохыг хүсдэг. Ойлгохгүй байгаа хүнийг уяртал, ойлготол хүргэхийг хичээдэг. Дээр нь, үзэгчидтэйгээ нүдээрээ холбогдож харьцаад, маш сайхан инээмсэглэж, чин сэтгэлээсээ тоглоход уурлаад суугаад байдаггүй. Би шавь нартаа ч “Энэ нотыг зүгээр тоглох биш, дотроосоо аялж тогло. Тэгвэл чиний аялгуу хүнд хүрнэ” гэж заадаг. Урлагийн хүн тайзан дээр сайхан хувцаслаж, гарч ирэхдээ алхаж гишгэхээсээ эхлээд хүнийг татдаг байх ёстой. Сайхан байх гэдгийг хиймлээр ойлгох биш, өөртөө хэвшүүлэх хэрэгтэй. Тоглоод дуусахад үзэгчдийн дундаас хэн нэгэн гарч ирээд цэцэг өгөх, эсвэл урмын үг хэлэх, “Дахиад тогло” гэх тохиолдол гарна. Маш сайхан, сэтгэл улам сэргээд явчина. Хэрэв нурмайсан, унжуу юм гарч ирээд, зүгээр л нэг нот ширтээд тогловол хэн ч сонирхохгүй, хэнд ч хүрэхгүй шүү дээ.
-Тоглож буй бүтээлдээ гүн орж тайзан дээр уйлсан тохиолдол олон бий биз?
-Тийм тохиолдол олон. Гэхдээ асгартал уйлахгүй. Хөгжмийнхөө аялгуунд нь уусаад уярч нулимс гарах үе бий. Харин нулимсаа тэрүүхэн тэнд нь эгшээгээд, сэтгэлээ барьдаг. Дотроо бол маш их уйлдна. Хэрэв мэлмэртэл уйлвал үзэгчид “Энэ уяраад уйлж байна” гэж бодохгүй, “Цаанаа нэг өвчин зовлон байна даа” л гэж бодно байх. Ер нь, уран бүтээлчид харахад зөөлөн ч сэтгэлийн хаттай байдаг.
-Яг үнэндээ манай удирдлагууд өөрийнхөө уран бүтээлчдийг дэмжих нь бага юм шиг санагддаг. Харин энгийн төмөр замчид та бүхнийг очоод тоглоход хэрхэн хүлээж авдаг вэ?
-Ямар нэгэн томоохон арга хэмжээн дээр “Гаднаас уран бүтээлч авна” л гэдэг болсон шүү дээ. Гаднаас авалгүй л яах вэ. Магадгүй биднээс төмөр замчид уйдсан гэж боддог байх. Гэхдээ гадагш нь өгч буй их мөнгөө бидэнд зарцуулаад, “За танайх шинэ уран бүтээл хий. Тэгвэл та нарыг энэ арга хэмжээнд авъя” гэвэл бид хийнэ. Манайд гаднаас авч буй урлагийнхнаас нь дутахгүй чадварлаг уран бүтээлч олон бий. Хөрөнгө оруулалт нь байвал бид хүссэн уран бүтээлийг нь хийж чадна. Дандаа л байдаг хэдэн дуугаа дуулж, хөгжмөө тоглоод байхгүй шүү дээ.Манай чуулга хаана ч очоод тоглосон гологддоггүй. Олон чуулга оролцсон тэмцээнээс тэргүүн, дэд байр, гадаад явсан ч гранпри шагнал аваад ирсэн үе бий. Санхүүгээр дэмжээд өгвөл манайх Монголдоо тэргүүлэх зэргийн чуулга юм шүү.
Сүүлийн үед бид шугам замаар явж уран бүтээлээ хүргэж чадахгүй байна. Үнэндээ энэ нь эдийн засагтай холбоотой болохоор Замын захиргаа мөнгө хаяад явуулаад байж чаддаггүй байх л даа. Дээхэн үед биднийг их явуулдаг байлаа. Тусдаа нэг вагон авч дотроо хоолоо хийж идэн амарч, урд, хойд замд тус бүр 10 гаруй хоногоор явдаг.Төмөр замчид ч маш сайхан хүлээж авдаг байсан. Одоо ч биднийг яваад очиход сайхан угтдаг. Дахиад ирэхийг хүсдэг. “Ирээд тоглоод өгөөч” гэсэн газар ч олон бий. Төв суурин газраас хол ажиллаж буй залууст дуу хуур, үзвэр үйлчилгээ, соёл урлаг дутагдаж байна. Уг нь, энэ талд уран бүтээлчдийг зарлага гаргаад явж байна гэж харж болохгүй гэж би хувьдаа боддог. Нэг үдшийг дуу хууртай өнгөрүүлсэн залуусын сэтгэл сэргэж, ажлын бүтээмж ч өндөрсөнө, ажиллах урам зориг нь ч нэмэгдэнэ. Замын захиргаа маань сайхан урлагаар үйлчиллээ, биднийг хардаг юм байна гэдэг итгэл үнэмшил төрнө. Магадгүй хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахад нь ч урлаг нөлөөлж болно. Яагаад гэвэл тэр хүн алслагдсан өртөө, зөрлөгт ч гэлээ хүссэн урлагийнхаа үйлчилгээг авчихаад сэтгэл нь сэргэг ажлаа хийнэ шүү дээ. Энэ нь, төмөр замаас бид цалин авч буйн хариу болж, тухайн зөрлөгт арав хүрэхгүй хүн байсан ч бид хүрч үйлчлэх ёстой.
-Дайны үед ч цэргүүдийн урмыг сэргээж, зориг оруулж, итгэл үнэмшил төрүүлэхийн тулд хөгжимчид үргэлж хамт, тэргүүн эгнээнд хөгжим тоглож явдаг шүү дээ?
-Яг тийм, хамгийн гол нь төмөр замчдадаа бид үнэгүйгээр үйлчлэх хэрэгтэй байна. Үзэхийг хүссэн ч мөнгөгүй хүн олон бий. Зөвхөн манайх гэлтгүй Замын захиргаанаас үүнийг ажил болгоод, бүх өртөө, зөрлөгтөө урлагийн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Замчдын урам сэргэж, ажиллах эрч хүчээр дүүрээд ирнэ дээ. Урлаг бол хүний уух ус, амьсгалах агаартай ижил юм. Миний хувьд төмөр замчдынхаа дунд спорт, урлагийн тэмцээний шүүгчээр олон удаа явсан. Төмөр замчид маш их авьяастай. Цэнгээнт бүжгийн Замын аварга шалгаруулах тэмцээнийг би бие даагаад гурван ч жил зохион байгуулсан. Тэгэхэд маш олон бүжигчид оролцсон. Учир нь, Төмөр замын дээд сургууль цэнгээнт бүжгийн хамтлагтай. Хичээлийнхээ хажуугаар жил бүр бүжиг сургаж, хамтлагуудыг бэлтгэдэг. Тэр хамтлагт бүжиглэж байсан залуус төмөр замд ажиллаж байна. Манай тэмцээн бүр хаврын баяр шиг өргөн, өрсөлдөөн ихтэй, маш чанартай болж байсан. Гэтэл зарим байгууллагын удирдлага авьяастай залуусаа дэмжихгүй “Юун тэр урлаг соёл, ажлаа л хий” гэх хандлага гардаг. Үнэхээр ажил ихтэй ч залуусын хүслийг мохоож болохгүй, яаж ийгээд зохицуулалт хийх хэрэгтэй. Тиймээс би сүүлийн хэдэн жил зохиож чадсангүй.
-Замын хэмжээнд ажилчдаа дэмждэг, урлаг соёлоор үйлчилдэг байгууллага олон байна уу?
-Олон бий. Тухайлбал, Улаанбаатар өртөө байна. М.Цогт дарга өөрөө залуусаа манлайлж оролцдог. Мөн Төв эмнэлэг, Зорчигчийн вагон депо, Зорчигч үйлчилгээний Улаанбаатартөв буудал, Улаанбаатар татах хэсэг, ЦХОБА гээд олон байгууллага байгаа. Шугам замд ч бий. Харамсалтай нь бид шугам замынхандаа очиж үйлчилж чадахгүй байна.
-Танайх одоо төлөвлөгөө биелүүлж байгаа юу?
-Барилгын ангийн харьяанд очсон болохоор төлөвлөгөө өгөхгүй байгаа. Өмнө нь, маш өндөр төлөвлөгөө өгч, бид яаж ийгээд л биелүүлдэг байлаа. Өөрсдөө менежер болж, өдөр нь байгууллагын дарга нар дээр орж “Та манай тасалбарыг худалдаж аваач, сайхан тоглолт болно шүү” гэж гуйгаад, орой нь юу ч болоогүй юм шиг тайзан дээр хөгжмөө тоглоод л явдаг. Зарим нь “Энэ өнөө тасалбар шахаад байсан хүүхэн байна” гэдэг байсан биз /инээв.сур/. Урлагтаа хайртай, мэргэжилдээ үнэнч болохоор байгууллага бүрийн хаалга татаад гуйгаад л явдаг байсан. Уржинан арванхоёрдугаар сард Хархорин, Архангайгаар явж тоглосон. Үүрээр машиндаа суугаад дараагийн сумандаа үд дунд очиж тасалбараа борлуулаад гүйдэг. Тэгээд гялс хоол идээд л тоглолтодоо орж оройтоод, дахиад л үүрээр нь гарна. Энэ мэтчилэн, нойр хоолгүйгээр УБТЗ-ынхаа нэрийг орон нутагтаа ч, олон улсад ч их л гаргасан даа. Нэг удаа вагоноор явж нэг өртөөнд тоглолоо. Манай вагоныг салгаж байж байгаад дараагийн өртөө рүү галт тэрэг ирэхээр холбодог юм. Тэгсэн айлд хоол идэж байтал вагон залгагдчихлаа л гэж байна. Тэгээд бид гүйвээ. Миний араас 2-3 хүн гүйж байсан. Бид вагон тойрч, төмөр мөргөх бол энүүхэнд. Гэтэл араас манай нэг эгч “Сумъяа, Сумъяа хүлээ л дээ, хамт хоцоръё л доо” гэж билээ /инээв.сур/. Гэхдээ бид хоцроогүй л дээ. Ийм сайхан хөгтэй дурсамж, бас хатуу хөтүү өдрүүд олон бий. Ер нь, эгч нь энэ сайхан байгууллагад хүүхэд байхдаа ирж, одоо тэтгэвэрт гарах ойртож байна. Олон сайхан дарга манайхыг удирдаж байлаа. Анхны үүсгэн байгуулагч МУУГЗ П.Дамдинжав, Л.Сэнгээ, Д.Нямаа, Ю.Идэрчулуун гэхчлэн сайхан дарга нар байсан. Олон хүнийг зөв удирдана гэдэг маш их авьяас, чадвар шүү дээ. Эдгээр дарга маань ажилчдаа ч, ар гэрийг нь ч анхаардаг байсан.
-Дуучид олны танил болдог бол хөгжимчдийг тэр бүр хүмүүс таньдаггүй. Энэ нь уран бүтээлч хүний хувьд ямар санагддаг вэ?
-Тийм шүү, дуучдын, бүжигчдийн ард бид л хөгжим тоглодог. Бид чинь арын фронтынхон л юм даа. Мундаг том хөгжимчдийг хүмүүс нэрийг нь олон сонссон хэр нь хараад таньдаггүй. Сүүлийн үед урлагийнхан, ялангуяа шинэ залуу дуучид олонд танигдах гэж их гүйцгээж байна. Телевизийн нэг шоунд ороод л олны танил уран бүтээлч болчихлоо гэж ойлгодог бололтой. Хөгжим бүжгийн сургууль, СУИС-д сураад, олон жил хөдөлмөрлөөд уран бүтээл хийж байгаа маш олон хүн бий. Гэтэл нэг шоунд орчихоод өөрийгөө “Дуучин” гэх нь таалагддаггүй. Дуртай нь дуу дуулж, клип хийж болно. Гэхдээ ямар ч амьгүй юм хийчихээд радио, телевизээр мөнгөөр цацаж, хүмүүсийн сэтгэхүй рүү хүчээр хийж байна шүү дээ. Тэгээд “Мундаг уран бүтээлч” гэгдээд л... Яг үнэндээ тэдэнд жинхэнэ уран бүтээл, урлагийн салбарын үнэ цэнэ ердөө ч хамаагүй юм шиг байна. Олны танил болох чин хүсэлтэй, юу ч хамаагүй хийгээд л олонд хүчээр сонсгодог. Хамгийн гол нь, залуус олны танил болсноор нэр хүнд нь өснө, шагнал урамшуулал авна, мөнгөний үүд нээгдэнэ гэсэн хоноцын сэтгэлээр хандах юм. Ганц дуу дуулаад урлагийн хүн болохгүй. Нот ч мэдэхгүй шүү дээ. Яах вэ, номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уучихаад олонд танигдах гээд яваа залуус бий. Тэднийг үгүйсгэхгүй, тэдний олонх нь уран бүтээл хийдэг. Ер нь, урлагийн хүн бүр заавал танигдах албагүй. Би олны танил биш ч урлагийнхаа төлөө олон жил зүтгэж байна.
-Танайх олон сайхан залуу уран бүтээлчтэй. Тэдэндээ хэрхэн үлгэр дуурайлал болох ёстой гэж боддог вэ?
-Бүх талаараа л зөв үлгэр болохыг хичээдэг. Бэлтгэлийг бүгд ирсэн хойно л хийнэ шүү дээ. Тиймээс ажилдаа цагтаа ир, цалин авсныхаа төлөө чин сэтгэлээсээ ажилла, ангидаа цэвэрч суу, бусдадаа үлгэр дууриалал бай гэхчлэн захидаг. Харин “ахмадаа хүндэл” гэж хэлдэггүй. Тэд ахмадуудаа хүндлэх эсэхээ өөрсдөө л мэдэг. Гэхдээ манай залуус ахмадынхаа үгийг маш сайн авдаг юм.
-Хүн хаана ч явсан өөрийн мэдэлгүй л дурсаж явдаг найз байдаг даа. Танд тийм найз олон уу?
-Нэрлэвэл олон бий. Тухайлбал, насаараа найзалсан, дунд сургуульд тогоочоор ажилладаг Нансалмаа, мөн Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн лабораторийн эрхлэгч Б.Болормаа байна. Төмөр замд бол Суудлын вагон депогийн Галт тэрэгний дарга Г.Дуламсүрэн, үйлчлэгч Батмөнх, Зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудлийн дарга Л.Биндэръяа, ҮЭ-ийн хороон дарга Л.Дэлгэрмаа, Төв эмнэлгийн дарга С.Еркегүл гээд нэрлэвэл барагдахгүй олон найз бий.
-Сайхан ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа, уран бүтээлийн өндөр амижлт хүсье!
-Баярлалаа, танай сонины хамт олонд болон нийт уншигчдадаа ажлын өндөр амжилт хүсье!