Г.П.Запоровжцев, Н. Цэрэнноров нар 1966 он

 

1949 оны зургаадугаар сарын 06-нд хоёр тал гарын үсэг зурснаар баталгаажсан УБТЗ ХНН-ийн дүрэмд Замын даргыг хоёр талаас ээлжлэн гурав, гурван жилийн хугацаатайгаар томилон ажиллуулна гэсэн заалт 1991 оныг хүртэл огт хэрэгжээгүй байдаг юм. Үндсэндээ 40 гаруй жилийн хугацаанд Замын даргын албан тушаалд зөвхөн Оросын талаас хүн томилогдон ажиллаж байв. 1991 онд Замын даргаар Р.Раш томилогдсоноор сая Монголчууд бидэнд “хүрд эргүүлэх” боломж олдсон хэрэг л дээ. Энэхүү шийдвэрт цагаан морин жилийн нүргээнт үйл явдал, түүнээс үүдсэн нийгэм улс төрийн шинэ нөхцөл байдал  нөлөөлсөн гэдэгтэй маргах аргагүй билээ. Гэхдээ, хувь нийлүүлэгч Оросын тал, дангаараа  засагласан энэ хугацаандаа УБТЗ-ын гүйцэтгэх удирдлагад шилдэг мэргэжилтэн, төмөр замын анхан шатнаас өгсөж, аль нэг Замын орлогч дарга, даргаар дамжин, Зам харилцааны яаманд газрын даргаас доошгүй алба хашиж, туршлагажсан шилдэг ажилтнуудаа илгээж байсныг онцлон тэмдэглэх учиртай. Өнөөгийн хэллэгээр бол ”Топ”-ууд гэсэн үг. Тэдний нэг нь 1958-1967 онуудад УБТЗ-ын даргаар ажилласан Григорий Петрович Запорожцев байлаа. Тэрээр, 1912 онд өнөөгийн Казахстан Улсын Кавказын чанад дахь төмөр замын Налбант-Амалу өртөөнд төрсөн, үе залгамжилсан төмөр замчин хүн. Сэлгээний тэрэгний бачимдуухан дохион дуу, тоормосны чихраан, үе үе түг хийлдэх хөдлөх бүрэлдэхүүний чимээн дунд өссөн тэрээр, аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөн авахаар Москвагийн Төмөр замын дээд сургуульд элсэн оржээ. Таван жил суралцаж ашиглалтын инженер мэргэжил эзэмшсэн залуу хүү төрөлх төмөр замдаа зөрлөгийн жижүүрээр хөдөлмөрийн гараагаа эхэлсэн гэдэг. Мэдээж, янз бүрийн өртөөдөд даргын туслах, орлогч дарга, дарга, Замын орлогч даргын албан тушаалд дараалан дэвшиж ажилласан түүний удирдан зохион байгуулах авьяас чадвар, мэргэжлийн өндөр мэдлэг яам тамгынхны анхааралд өртөж, 1938 онд Зам харилцааны яамны Суудлын тээвэр эрхлэх Ерөнхий газарт мэргэжилтнээр татан авч ажиллуулав. Залуу мэргэжилтэн дорхноо л ажил мэргэжилдээ өсөж өндийн ерөнхий газрынхаа орлогч даргын албанд дэвшжээ. 1941 оны зургадугаар сарын 22-нд эхэлсэн эх орны их дайн Григорий Запорожцевийн ажил амьдралын замд томоохон сорилт болсон аж. Яамны удирдлага түүнийг Киев, Харьков хотуудыг хамаарсан Өмнөд төмөр замд тусгай үүрэгтэйгээр томилж уг хотуудын хамгаалалтын үеийн төмөр замын үйл ажиллагааг удирдан зохицуулах үүргийг хүлээлгэв. Г.Запорожцев уг үүргийг амжилттай биелүүлж төмөр замын албаны дэслэгч генерал цолтойгоор дайн тулааны хүнд цаг үеийг даван тууллаа. Дайны дараахан түүнийг Зам харилцааны яамны Суудлын тээвэр эрхэлсэн Ерөнхий газрын даргаар дэвшүүлэн томилов. Тэрээр тус яамны удирдах бүрэлдэхүүнд ажиллаж байхдаа дайны улмаас ихэд эвдэрсэн төмөр замын сүлжээг сэргээн босгох, үймж доголдсон зорчигч тээврийн үйлчилгээг хэвийн байдалд оруулах талаар их зүйлийг санаачлан хэрэгжүүлжээ. 1958 оны эхээр УБТЗ-ын даргаар ажиллаж асан Л.Г.Тарянников өвчний улмаас гэнэт нас барж, оронд нь тавих хүн шаардлагатай болов. Приморын Төмөр замын даргаар ажилллаж байгаад Монголд 1956 оны дундуур томилогдон ирсэн их гарын төмөр замчин энэ хүн шинэхэн ашиглалтад орсон Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг тогтмолжуулан, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төмөр замчдын эгнээнд орохоор илгээлт өвөрлөн ирсэн хөдөөгийнхэнд ажил мэргэжлийн дөр суулгах талаар их ажлыг амжуулжээ. Тасралтгүй өндөр ачаалал, түүний өөрийн эрүүл мэнддээ тавих анхаарлыг сулруулж цус харвалтын улмаас нас барсан гэдэг. Зам харилцааны яам, Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хороонд санал оруулснаар Григорий Петрович Запорожцев УБТЗ-ын даргаар томилогдлоо. Энэхүү томилолт нь уг төмөр замын сүлжээ өргөсөж, хойд урд хоёр хөршөө холбон, олон улсын төмөр замын тээврийн сүлжээнд чухал үүрэг гүйцэтгэх болсныг харгалзсан ажээ. Энэхүү томилолтын дараахан буюу 1959 оны дөрөвдүгээр сард Казахстан улсын Алма-Атагийн Төмөр замын техникумыг вагоны техникчийн мэргэжлээр төгссөн, Зүүнхараагийн вагон депогийн даргаар томилогдоод нэг их удаагүй байсан С.Дамбадаржааг Замын нэгдүгээр орлогч даргаар дэвшүүлэн томилов. Ийнхүү Казахстан улсын төмөр замаас улбаатай хоёр хамтран ажиллаж эхэлсэн байна. Үүнийг бичигч миний бие С.Дамбадаржаа гэгч буянтай буурлыг сэрүүн тунгалаг ахуйд нь уулзаж учран, яриа хөөрөөг нь тэмдэглэж байсны учир Запорожцев даргын тухай ийн “мэдэмхийрч” байгаа нь энэ буюу. 1958 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотод Монгол, Зөвлөлт, Хятад, Солонгос, Вьетнам зэрэг таван орны гадаад худалдааны байгууллагын төлөөлөгчдийн зөвлөгөөн болж Улаанбаатар төмөр замаар дамжих тээврийн хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Үүний учир Замын хэмжээнд нэн яаралтай долоон зөрлөгийг нээж, эрчим хүчний найдвартай үүсвэрт холболоо. Мөн, төмөр замчдын дүрэмт хувцасны загварыг баталж, хангалтын арга хэмжээг авав. Түүнчлэн, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан төмөр замчдыг шагнаж урамшуулах “Тэргүүний төмөр замчин” тэмдгийн загвар, дүрмийг баталжээ. Чухам энэ үед өнөөдөр ч төгсгөлгүй мэт үргэлжилж буй шинэ бүтээл оновчтой санал нэврүүлэх эх үйлсийн эхлэл тавигдсан аж. 1957 онд гаргасан ШБОС-ын эдийн засгийн үр ашиг 1.5 сая төгрөг болж, даруй зуу шахам хүн үр дүнгийн шагнал хүртсэн байна.  Ажил үйлс, амжилт бүтээл өрнөсөн энэ үеийн оргил үйл явдал нь гарцаагүй Улаанбаатар зүтгүүрийн депогийн залуу инженер Г.Мандахын санаачилсан Социалист хөдөлмөрийн бригадын хөдөлгөөн байв. Запорожцев даргыг Москвад ажиллаж байхад нь Зөвлөлтийн төмөр замчдын санаачилгаар ид өрнөж эхэлсэн энэхүү хөдөлгөөнийг Монгол хөрсөнд хөрвүүлэн нутагшуулахад түүний оруулсан хувь нэмэр их билээ. Тэрээр, өөрийн нэгдүгээр орлогч С.Дамбадаржаа, төмөр замын нам, эвлэл, ҮЭ-ийн байгууллагын удирдагчдын хамт энэ хөдөлгөөнийг бүр эхнээс нь дэмжин, онцгой анхаарч, замын захиргааны ажил үүргийн хуваарьт бат суулгажээ. Захиргаа ингэж дэмжиж байхад уг хөдөлгөөн үр дүнтэй байхаас өөр аргагүй байв. Ийнхүү Төмөр замаас эхэлсэн Социалист хөдөлмөрийн хөдөлгөөн улс орон даяар түгэн дэлгэрэв. Ийнхүү Төмөр замчин аж төрөх ёс гэх өв соёлын бүхэл бүтэн тогтолцоо бүрэлдэн буй болсон нь эдүгээ ч үгүйсгэхийн аргагүй ул мөрөө үлдээжээ. 1960 онд Сайд нарын Зөвлөлийн тусгай тогтоол гарч ШБОС-ын Улсын комисс байгуулагдлаа. Улс эх орны цаашдын хөгжил дэвшлийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн энэхүү хөдөлгөөний анхны шанг төмөр замчид татсан гэхэд хилсдэхээргүй билээ.  Тэрээр, ЗХУ-д сургууль төгссөн мэргэжлийн инженерүүдийн бүхэл бүтэн үеийг гардан авч, ажил мэргэжилд нь дадлагажуулан, тодорхой албан тушаалд дэвшүүлэн тавьж дэмжин туслахад онцгой анхаардаг байжээ. Тухайлбал, 1959 онд Москвагийн ТЗДС-ийг төгсөн,  Улаанбаатар зүтгүүрийн депод засварчин, туслах машинч, машинч, тохируулгын инженер, депогийн орлогч даргаар дараалан ажиллаж асан Н. Цэрэнноровыг тус депогийн даргаар томилж тун удалгүй 1962 онд өөрийн нэгдүгээр орлогчоор дэвшүүлэх санал гаргасан нь чухам л нүдээ олсон хэрэг болов. Тэр хоёр Г.П.Запоровжцевийг нутаг буцах болтол зургаан жил шахам хугацаанд гар сэтгэл нийлэн үр бүтээлтэй ажиллажээ. Н.Цэрэнноров Монгол талаас нэгдүгээр хүн болох энэ албан тушаалд 23 жил ажиллахдаа дараагийн Замын дарга нар болох Н.Т.Солоткий, В.В.Сукачев, В.А.Реймаров, С.И.Соловьев, Н.Л.Гридасов  нартай ч чухам ингэж л ажиллаж байв. Төмөр замын домогт удирдагчдын нэг Н.Цэрэнноров сэрүүн тунгалаг ахуйдаа үүнийг бичигчид хандан “Манай Запорожцев дарга чухам л хангай шиг түшигтэй, тайван дөлгөөн зан, эгэл төрхтэй жинхэнэ Зөвлөлтийн Орос эр хүн байсан... Залуухан инженер надад удирдлагын арга ухаан заасан багш минь юм даа” хэмээн өгүүлж билээ. Зөвхөн Цэрэнноров дарга ч биш 1950-1960-аад оны ахмадууд ч түүний тухай хамгийн халуун дотноор дурсан өгүүлдэг юм билээ. Замын II ангийн ахмад мастер Хөдөлмөрийн баатар Ш.Түгж нэгэнтээ “Запорожцев дарга их энгийн даруу, Монголжуу зан чанартай хүн байсан сан. Шугам замд явж байхдаа замчидтай уулзан халуун дотно яриа өрнүүлж, тэдний өдрийн хоол болох бор цай, боов шоовхоноос эрээлэлгүй идчихээд л яваад өгдөг сөн” хэмээсэн. Ийм л сэтгэлд бүлээхэн дурсамж үлдээсэн удирдагч байж. Тэрээр, бүтэн найман жил,  хожмын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Рашийн зүйрлэж хэлснээр “Галзуу барын нуруун дээр мордсон юм шиг” Замын даргын ажлыг нэр төртэй гүйцэтгэжээ. Түүний их хөдөлмөр, яндашгүй зүтгэлийг манай төр засаг ч өндрөөр үнэлж, Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны  улаан тугийн одон, “Найрамдал” медалиар шагнасан байдаг. Улаанбаатар төмөр замд ажиллаж ирсэн үе үеийн Замын дарга нараас ийм шагнал хүртсэн, ийм олон жил ажилласан хүн өөр үгүй билээ. Тэгэхээр, Улаанбаатар төмөр замын 75 жилийн түүхэнд аргагүй л тод мөрөө үлдээсэн хүн мөнөөс мөн юм даа.

 

 

 МУСГЗ зохиолч, сэтгүүлч Л.Сэнгээ