Сүүлийн өдрүүдэд цаг агаар огцом хүйтэрч, амьсгалын замын өвчин ихсэж байна. Энэ талаар Төв эмнэлгийн халдвар судлаач Г.Пүрэвдуламаас тодрууллаа.
Томуу, томуу төст өвчний үед ямар шинж илэрч байна?
-
Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг, сүүлийн 10 хоног 380 С ба түүнээс дээш хэм хүртэл халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Халдвартай хүн ханиаж, найтаах үед амьсгалын замаар дамждаг халдварт өвчин юм. Улирлын томуугийн оргил үе нь 10 дугаар сараас гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг. Энэ оны томуугийн нөхцөл байдлын онцлог нь хурдан хүндрэх, хатгаа болох магадлал өндөр байгаа.
Өдийд томуугийн дэгдэлтийн оргил үе үргэлжилж байна. Дэлхий даяар болон манай улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний нөхцөл байдал ямар байна вэ?
-
Дэлхий даяар томуугийн идэвхжил нэмэгдэж, томуугийн А (H3N2) вирус давамгайлж байна. Манай улстай хил залгаа БНХАУ-д томуугийн А (H3N2), В (victoria), БНСУ-д А (H3N2), Япон улсад А (H3N2), А хүрээний вирус, ОХУ-д А (H3N2), А (H1N1), В вирус тус тус хүн амын дунд дэлгэрээд байна.
Монгол Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Манай улсын хүн амын дунд томуу үүсгэгч гурван төрлийн, томуу томуу төст өвчин үүсгэгч зургаагаас долоон төрлийн вирус эргэлтэд байна.
Улсын хэмжээнд амбулаториор 2023 оны эхний долоо хоногт 227907 хүн үйлчлүүлсний 29349 буюу 12.9 хувь нь томуу, томуу төст өвчтэй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 9399 иргэний 2173 буюу 23.1 хувь нь амьсгалын замын цочмог халдвартай гэсэн тоо мэдээ гарсан. УБТЗ-ын Төв эмнэлгийн хувьд энэ долоо хоногийн байдлаар хэвтэн эмчлүүлэгчдийн 3.2 хувь, амбулаториор үйлчлүүлэгчдийн долоон хувь нь энэ төрлийн өвчтэй байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад хэвтэн эмчлүүлэгчдийн дунд томуу, томуу төст өвчний тохиолдол өссөн үзүүлэлтт юм.
-Томуу томуу төст өвчнөөс сэргийлэхийн тулд бид юуг анхаарах, ямар зан үйлийг өдөр тутамдаа хэвшүүлэх хэрэгтэй талаар та зөвлөгөө өгнө үү!
-Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд, төмөр замчид маань:
-халдвар хамгааллын энгийн дэглэм баримтлах,
-дархлаагаа дэмжих, улиралдаа тохируулан хувцаслах,
-ханиад томуутай хүнтэй зайнаас харьцах,
-гэр, албан тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээ хийж, хоёроос гурван цаг тутамд цэвэр агаар сэлгэх
-ханиалгаж найтаах үедээ амны алчуур, цаас хэрэглэх
-олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүх
-халуун бүлээн шингэн зүйл сайн уух
-дур мэдэн антибиотик хэрэглэхгүй байх
-томуугийн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаж, эмчээс зөвлөгөө авах зэргийг хэвшүүлэх хэрэгтэй.
Мөн улирлын томуугийн дэгдэлтийн үед амны хаалтыг тогтмол хэрэглэх нь энгийн бөгөөд хамгийн үр дүнтэй арга юм. Учир нь томуу, томуу төст өвчнийг үүсгэгч вирус нь дуслын замаар буюу таван микрометрээс том хэмжээтэй шүлсний дуслаар 1.5-2 метрийн зайд агаарт тархаж халдварлуулах чадвартай байдаг. Тиймээс бид тогтмол амны хаалтаа зүүснээр вирус агуулсан дуслыг агаарт цацахгүй, агаарт цацагдсан дусланцрыг амьсгалын замд нэвтрүүлэхгүй хамгаалж, халдвар авахаас урьдчилан сэргийлэх боломжтой болдог.
Дээр дурдсан урьдчилан сэргийлэх аргуудаас гадна бас нэг чухал арга нь томуугийн вирусний эсрэг дархлаажуулалт юм. ДЭМБ-аас гишүүн орнуудад томуугийн шалтгаант эмнэлэгт хэвтэлт, хүндрэл, эндэгдлээс урьдчилан сэргийлэхийн тулд томуугийн вирусийн эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг зөвлөж байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ЭМС-ын 2022 оны А/512 дугаар тоот тушаалын дагуу улирлын томуугийн эсрэг вакцины дархлаажуулалт явагдаж байгаа.