Замын даргын A02 тоот тушаалын дагуу “Хөдөлгөөний аюулгүй байдлын соёлын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилтын хүрээнд Дохиолол холбооны III ангийн инженер техникийн ажилтнуудын зөвлөгөөнийг энэ сарын 9-нд зохион байгуулав. Зөвлөгөөнд Дохиолол холбооны албаны төлөөлөгчид болон ангийн хэмжээний дээд,дунд шатны удирдлагууд гээд нийт тавь гаруй хүн оролцлоо. Энэ үеэр ангийн хэмжээнд хэрэгжиж буй дүрэм журмын хэрэгжилт болон үйл ажиллагаа, санхүүгийн тайланг нээлттэй танилцуулав. Мөн ХАБЭА-н тайлан, Хүний нөөцийн сургалт, Санхүүгийн зөвлөмж, ҮЭ-ийн хорооны тайланг хүргэлээ. Ийнхүү хөтөлбөрийн дагуу нэг өдрийн турш болсон тус зөвлөгөөн үдээс өмнө тайлан сонсох байдлаар эхэлж, үдээс хойш  Замын даргын А/02 тушаалын хүрээнд “Аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх”, “Нээлттэй мэдээллийн тогтолцооны үр дүн, хэрэгжилт”, “Аюулгүй байдлын соёл, хүний хүчин зүйлийн нөлөөллийг үнэлэх” зэргээр мэдээлэл хүргэх үйл ажиллагаагаар үргэлжилсэн юм. Төгсөлд нь нийт оролцогчдод зориулсан хувь хүний хөгжлийн сургалтыг ЗТБ-ын “Шинэ үе” залуучууд хөгжлийн академийн сургагч багш нар удирдан явууллаа.

Дохиолол холбооны III анги холбооны таван байшингаас гадна Чойр, Айраг, Улаан-Уул, Замын-Үүд өртөөнд тус бүр нэг, Сайншанд өртөөнд гурав гээд нийт найман шугамын хэсэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг аж. Энэ өдрийн зөвлөгөөнд тухайн хэсгүүдийн инженер, шугамын инженерүүд хүрэлцэн ирж оролцов. Тус ангид шинэ дарга томилогдоод удаагүй байгаа бөгөөд байгууллагын соёлоо сурталчлан таниулах, хамт олны халуун дулаан уур амьсгалыг нэмэгдүүлэх, залуу ажилтнуудыг идэвхжүүлэх, гурван үеийн хамтын ажиллагааг сайжруулах хэрэгцээ шаардлага өндөр байгааг энэ үеэр онцолж байлаа. Ингэснээр хүмүүс ажлаа шахаж шаардуулах бус, дурлаж хийдэг үндэс нөхцөлийг бүрдүүлэх бүрэн боломжтой хэмжээн дүгнэсэн аж.

 

Б.БАТТӨР:АЖИЛТНУУДЫНХАА УРАМ ЗОРИГИЙГ ДЭМЖИХ, ӨӨРИЙНХӨӨРӨӨ АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ НЭЭЖ ӨГӨХ НЬ ЧУХАЛ БАЙНА

 

 

Энэ үеэр Дохиолол холбооны III ангийн дарга Баттөртэй цөөн хором ярилцсан юм.

 

-Хоёул танай ангийн үйл ажиллагаанаас яриагаа эхлүүлэх үү. Амжилт бүтээл арвин байна уу?

 

-Юуны өмнө “Ган зам” сониныхоо нийт уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн манай хамт олны ажил үйлстэй газар дээр нь ирж танилцан, мэдээлэл бэлтгэж байгаа танай редакцынханд талархал илэрхийлье. Дохиолол холбооны албаны хэмжээнд нийт гурван анги байдгийг та бүхэн мэднэ. Өнгөрсөн жилийн тухайд манай хамт олон ажлын бүтээмжээрээ “сүүл” мушгилаа. 2024 он гарснаас хойш гэмтлийн тоогоороо мөн л эхний байранд явж байна. Гуравдугаар сард Дохиолол холбооны чиглэлээр гарсан нийт есөн гэмт манай ангид бүртгэгдсэн. Шалтгаан нөхцөлийг нь судлаад үзэхэд ихэвчлэн хувь хүний үйл ажиллагаатай холбоотой гэсэн дүгнэлт гарсан. Хариуцсан ажлаа хийж чадаагүй, мэдлэг чадвар дутмагаас болж тухайн гэмтлийг засах арга барил нь буруу байсан зэрэгтэй холбоотой болох нь тогтоогдсон. Энэ мэт хувь хүний алдаатай үйлдлээс шалтгаалж галт тэрэг зогсоох хүртэлх хэмжээний гарч байгаа нь харамсалтай. Найман гэмтлийн нэг нь л хувь хүний үйл ажиллагаас шууд нөлөөлөөгүй байх жишээтэй.

 

-Энэ байдлыг хэрхэн, ямар арга замаар шийдвэрлэх вэ?

 

-Нэн тэргүүнд залуу ажилтнуудынхаа мэдлэг, туршлагыг дээшлүүлэх. Үүний тулд сургалтыг эрчимжүүлэх. Нөгөө талдаа хийсэн сургалтуудынхаа үр дүнг нь тжхай бүрд нь шалгах, бодит байдал дээр дадлага сургууль хийлгэх нь чухал гэж үзэж байгаа. Дээр нь манай ангийн хэмжээнд мэдлэг чадвараараа манлайлдаг инженер үнэндээ хомсдолтой байна. Мэдлэг, туршлага, хандлага, хувь хүний соёл, төлөвшлөөрөө манлайлдаг инженерүүд олон байх тусмаа байгууллагын үйл ажиллагаа сайжирдаг. Залуусын хооронд ажил мэргэжлийн нөхөрсөг өрсөлдөөн бий болдог юм шүү дээ.

 

-Чадварлаг инженерүүд цөөн байгаагийн үндсэн шалтгаан нь юу вэ?

 

-Говийн нөхцөлд ажиллах хүсэл сонирхол өнөөгийн залууст бага байна. Шинэ төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор боловсон хүчний шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байна. Улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай холбоотойгоор БНСУ-ыг зорих залуус ч мэр сэр гарч байна гэхчлэнгээр олон төрлийн шалтгаан бий. Дөнгөж сургуулиа төгссөн шинэ залуус хүч түрэн орж ирж байгаа ч тал бий. Гэхдээ ирсэн залуус бүгд муу гэсэн үг биш. Тухайн хүн өөрөө сурах, мэдэх хүсэл эрмэлзэлтэй, хамт олныхоо дунд богино хугацаанд зохицон ажиллах хэмжээний зөв хандлагатай бол заавал урт хугацаа зарахгүйгээр сурдаг. Ер нь, ямар ч хүн ирсэн байгууллагын удирдлага, хамт олны хувьд сургаж, дасгаад л авах ёстой. Манай байгууллагад нийт 214 ажилтан байх ёстойгоос 185 хүн ажиллаж байна. Бараг 30 хүний орон тоо дутуу нь ажлын үзүүлэлтэд шууд нөлөөлж байгаа. Тиймээс сул орон тоогоо нөхөх хэрэгцээ бидэнд бий. Одоогоор байгаа нөхцөл байдалдаа тохируулаад өртөө, зөрлөгүүдийн дохиолол холбооны төхөөрөмжүүд дээр хийдэг үзлэг, засвар, арчилгаа, үйлчилгээг бригадын аргаар хийгээд явж байна. Гэхдээ цаашид ийм байдлаар удаан явах аргагүй. Хамгийн наад зах нь өглөө бригадаараа гараад явсан хүмүүс үзлэг шалгалтыг дутуу дулимаг хийх магадлал өндөр шүү дээ.

 

-Таны ярианаас амаргүй цаг үед энэ ангийн удирдлагаар томилогдсон юм байна гэж ойлголоо. Өөрийгөө хэр хэмжээнд чадавхажсан хүн гэж дүгнэх вэ?

 

 -Би энэ ангийн даргаар томилогдож ирээд 20 ч хоноогүй байна. Өмнө нь энэ байгууллагад 2003 оноос эхлэн ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр Дохиолол холбооны II анги руу шилжсэн. Дараа нь шинэ төмөр замын төсөл дээр гурван жил ажилласан. Өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ нийт 21 дэх жилдээ ажиллаж байна. Яг энэ ангидаа 13 жил ажилласан учраас дотоод үйл ажиллагаа нь хэрхэн өрнөдөг, онцлог нь юу вэ гэдгийг сайн мэднэ.

 

-Гарсан алдаа дутагдалд эзэн холбогдогчийг нь олж тогтоох нэг асуудал. Гэхдээ буруутай этгээдэд хариуцлага тооцохоос илүүтэйгээр үүдэл шалтгаан буюу тухайн хүнийг алдаа гаргахад чухам юу нөлөөлөв гэдгийг зөв олж харж, түүнд нь тохирсон оновчтой бодлогыг хэрэгжүүлэх нь хамгаас чухал юм болов уу гэж би хувьдаа хардаг. Энэ талаар та swot шинжилгээ, анализ хийж үзэв үү?

 

-Тэгэлгүй яах вэ, манай удирдлагын баг асуудлыг аль болох олон талаас нь шинжилж, үүдэл  шалтгаанд нь тохирсон оновчтой бодлого хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байгаа. Ялангуяа, боловсон хүчний тогтвортой байдалд цалин хангамж гэхээсээ илүүтэйгээр байгууллагын соёлд нь их татагддаг юм байна. Шинээр ажилд ороод дасаж, мэргэжилдээ дурлаж, ажлын байрандаа дадахад хамт олны уур амьсгал маш чухал юм байна. Мэдээж шинэ техник технологи, ажлын арга барил, цалин хөлсний хэмжээг сонирхоод явж байгаа залуус бий.

 

-Өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг шүү дээ. Хамт олноо хэрхэн удирдах эрх нь одоо таны гарт байна. Тэгэхээр ангийн даргын зүгээс ямар бодлого хэрэгжүүлэх ёстой гэж харж байна вэ?

 

-Намайг ажлаа авах үед гурван ч хүн ажлаас гарах өргөдлөө өгсөн байсан. Гэхдээ яг тулаад ярилцахад хоёр нь өгсөн өргөдлөө буцаан татсан. Миний хувьд “Бид хамтдаа байгууллагын соёлоо өөрчлөөд үзье. Нэг зорилгын төлөө хамтарч ажиллая. Өөрсдийн ажлын байрандаа таатай нөхцөлийг бий болгох үндсэн шалтгаан нь ажилтан та өөрөө юм” гэдэг агуулгыг л тэдэнд ярьсан. Би энд ирээд нэг л зүйлийг анзаарлаа. Ер нь, манай залуучууд ямар нэгэн бахархал, үнэт зүйлгүй болчхож. Хэт их дүрэм журмаар шахуулж, гологдол зөрчилтэй холбоотой дараалан арга хэмжээ авхуулснаас ч тэр үү нэг л сүр сүлдгүй, урам зориггүй байна. Тийм ч учраас хамт олныхоо халуун дулаан уур амьсгалыг нэмэгдүүлэх, урам зориг өгөх зорилгоор Замын даргын А/02 тушаалын хүрээнд сургалт зөвлөгөөнийг арай өөр, шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулахыг эрмэлзлээ.

 

-Хүмүүсийн ажилдаа хандах хандлагад байгаль цаг уурын нөлөөлөл ч голлох хүчин зүйл болдог. “Говийн төмөр замчин” хөтөлбөр холбоочдод хүрч байна уу. Ямар нэгэн байдлаар өөрчлөлт авчирч чадав уу?

 

-“Говийн төмөр замчин” хөтөлбөр манай хамт олонд хүрч байгаа.  Бүсийн нэмэгдлээс эхлээд холбогдох урамшуулал хөтөлбөрт нь манайхан эхнээсээ хамрагдаад явж байна. Түүнээс гадна би энэ сарын эхээр ТЗДС-ийн оюутнуудтай уулзаад ирсэн. Энэ үеэр дээрх хөтөлбөрийн давуу талуудыг нэлээд сайн сурталчлаад ирсэн. Жишээ нь, говийн бүсэд анх ажилд орж байгаа хүнийг туршилтын хугацаанд нь үндсэн цалинг 90 хувиар бодож дээр нь шагналт цалинг олгоно  гэхчлэнгээр олон давуу талтай. Хангайн бүсэд 75 хувиар цалинждаг шүү дээ. Шинэ залууст говийн зуны халуун, хаврын шуурга зэрэг нөлөөлдөг л байх. Гэхдээ дасаад ирэхээр манай говь хамгийн урт налгар намар болдгоос эхлээд өөрийн гэсэн давтагдашгүй онцлогтой. Хангайд цас орсон байхад говийн бид гадуур хувцасгүй ажиллаж байдгийг та бүхэн мэднэ. Ингээд бодохоор боловсон хүчний тогтвор суурьшилд цаг агаарын нөлөөлөл харьцангуй бага болов уу гэж бодож байна.

 

-Хамт олны дундах ажиллах эрч хүч, урам зориг сул байна гэдгийг та сая дурдлаа шүү дээ. Үүнийг сайжруулах арга нь чухам юу байна вэ?

 

-Хүн бүр өөр өөрийн удирдах арга барилтай. Өмнөх удирдлагын хувьд мэдээж, сайн муу аль аль тал нь л байсан байх. Тиймээс сайн арга туршлагыг нь үргэлжлүүлээд, харьцангуй сул тал байж дээ гэж бодсоныгоо сайжруулаад л явахыг хичээнэ. Би хувьдаа дунд шатны удирдлагуудын ажиллах боломжийг илүү нээлттэй болгож өгье гэж бодож байгаа. Зөвхөн би, би гэсэн өнцгөөс хандаж болохгүй. Чиглэл хариуцсан инженерүүдээс эхлээд дор бүрнээ хариуцсан үүрэгтэй инженерүүд байж байхад тэднийг өөрийнхөө санасан бодсоныг хэрэгжүүлэх боломжийг нь олгох хэрэгтэй. Мэдээж тэр хүмүүс ажлаа өөрсдийнхөө гардаж хийхтэй зэрэгцээд хариуцлага нь нэмэгдэнэ гэдгийг мэдэж байгаа учраас сахилга зохион байгуулалт ч сайжирна. Тиймээс харилцан туслалцаж, хамтран ажиллах зарчмыг баримтална. Залуу хүмүүсийг зөвхөн өөрийнхөө нөлөөнд ажиллуулах гэвэл учир дутагдалтай. Ганц хүний шийдвэр, бодлого хэзээ ч төгс байж чадахгүй.

 

-Танай ангийн хэмжээнд ажиллах бааз суурь хангалттай юу. Ялангуяа, орчин цагийн залуус аль болох дэвшилтэт техник технологийг чухалчилдаг болж?

 

-Манай анги өөрөө онцлогтой байгууллага. 554 дүгээр км-ээс гол замын 1115 дугаар км хүртэл, Бор-Өндөрийн 60, Зүүнбаянгийн 49 гээд нийт 670 км төмөр замын дохиолол холбооны системийг хариуцан ажиллаж байгаа. Энэ ч утгаараа хойд, төвийн бүсийн ангиудаасаа нэг том давуу талтай нь техникийн шинэчлэлийг маш сайн хийсэн. Замын-Үүд боомт дахь ачаа найруулдаг хоёр том өртөө, Сайншанд, Айраг, Чойр өртөөд нь БМРЦ буюу блокон замнал релен төвлөрүүлэлтээр, бусад гол замын зөрлөгүүд БЭЦ системээр тогоглогдсон. 2013 оноос алсын удирдлагатай зөрлөгүүд анх нэвтэрч эхэлсэнээс хойш манай ангид 4 алсын удирдлагатай зөрлөгтэй болсон. Гэтэл хойд хэсэглэлд РЦЦМ гээд хуучны систем одоо хүртэл ашиглагдаж л байгаа. Хамгийн сүүлд нэвтэрсэн Сирдп-Е систем нэвтэрсэнээр  гэмтэл бүртгэдэг системтэй болсон. Ингэсэнээр гэмтлүүдийнхээ түүхийг тэр дор нь хараад богино хугацаанд шалтгаан нөхцөлийг нь олж тогтоох боломж нь бүрдсэн.

 

-Төгсгөлд нь дүгнэж хэлэхэд ажилтнуудад таагүй байдал үүсгэдэг гол шалтгаан нь таны харж буйгаар юу байна вэ?

 

-Миний харж байгаагаар ажил удирдах арга барил ихээхэн нөлөөлсөн юм болов уу. Дээр нь, миний түрүүнд дурдсанчлан ажилчид нэг л сүр сүлдгүй, ноомой байдал хагдаж байна. Хүн бүрийн харцнаас, хандлага, үйл хөдлөлөөс “Энэ ажлыг хэрхэн өөрийнхөөрөө хийх талаар ойлолт байхгүй, дарга юу гэх бол хэлээд үзвэл яах бол буруу юм хэлвэл шүүлжлэл хүртэх болов уу” гэсэн эмээх байдал ажиглагдаад байгаа. Тийм ч учраас ажилтнуудынхаа урам зоригийг сэргээх, өөрсдөд нь байгаа асуудлыг нээлттэй хэлэлцүүлэх зорилгоор өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Цаашид сургалт, идэвхжүүлэлтийн ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж байгаа.

 

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

 

Б.Дэлгэрхишиг