Өнөө жилийн их барилга болон урсгал засварын ажлын явцын талаар  Барилга орон сууцны албаны дарга Г.Ганбаттай ярилцлаа.

 

- Энэ онд төлөвлөсөн ажлуудын явц ямар байна вэ?

- Нийт 17 алба, хэлтсийн 120 объектод засварын 7.5 тэрбум, их бага 24 объектын барилгын угсралтын 3.7 тэрбум, нийт 11.3 тэрбум төгрөгийн барилгын ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн. Томоохноос дурдвал Вагон ашиглалтын депогийн сантехникийн болон фасадны засвар байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн цэцэрлэг болон Политехникийн коллежийн зэрэг томоохон засварын ажлууд байгаа. Их барилгаар Зүүнхараа дахь 32 айлын сууцны шугам сүлжээний 1.2 тэрбум төгрөгийн ажил, замын хэсгийн  болон халуун усны байр барина. Түүнчлэн, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх зорилгоор бага оврын цэвэрлэх байгууламж хийх ажлыг Шивээ-Овоод эхний байдлаар хийж нэвтрүүлэхээр болсон. Энэ мэт олон ажил төлөвлөсөн байгаа.  

-Оны эхний улирлын байдлаар ангиуд хэрхэн ажиллаж байна. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал?

-Барилгын ажил технологийн дагуу улирлын чанартай байдаг. Ажлаа зохион байгуулж хүйтний улиралд дотор засварын ажил гүйцэтгэхэд бэлэн байгаа ажлуудаа хийхийг зорьдог боловч зарим нэг нөөцийн асуудлаас болж хойшилж хүлээгдсэн ажлууд гарч байна. Энэ оны эхний улирлын байдлаар 25 ажил төлөвлөснөөс 12-ыг нь гүйцэтгэж дууссан. 13 ажил гүйцэтгэлийн шатандаа явна. Мөнгөн дүнгээр тодорхойлбол 300 орчим сая төгрөгийн гүйцэтгэл тооцогдсон байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 20 хувиар өссөн үзүүлэлт юм.

-Он дамжсан том ажлууд байгаа юу?

-Өнгөрсөн онд Толгойт дахь Ус дулаан дамжуулах төвийн шугамын ажлыг шинээр хийж эхэлсэн. Энэ ажлыг өнөө жил үргэлжлүүлэн дуусгана. Нийт 628 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажил л даа. Мөн ажилчдын технологийн орон сууцны засварын ажлуудыг ээлж дараатай хийж байна.

-Жил бүр л барилгын материалын хангалт, тендер удааширч байгаа талаар яригддаг. Энэ жилийн хувьд ямар байгаа вэ?

-Барилгын ажлыг гүйцэтгэхэдгурван чухал зүйл байдаг. Үүнд хүний нөөц, материалын нөөц, санхүүгийн нөөц. Хамгийн чухал нь бидэнд материал бэлэн байх явдал юм. Энэ жил тендерээр материал нийлүүлэх ажил мөн л удаашралтай байна. Гэхдээ нэг давуу тал гарсан. Тодруулбал, Замын захиргаанаас барилгын ажлыг хурдавчлах зорилгоор алба дотоод сонгон шалгаруулалтаа хийдэг болсон. Мөн Замын даргын 2023 оны А-296 тоот тушаалаар худалдан авах ажиллагааны босго нэмэгдсэн зэрэг нь нэн яаралтай ажлуудад тендерийн материал хүлээлтгүйгээр ажлаа зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн. Манай алба нийт 20 багц материал тендерээр захиалснаас одоогоор 2-3 багцыгнь л нийлүүлсэн байх жишээтэй. Ер нь, тендертэй холбоотой хүндрэл их гардаг.

-Дээр нь, БЗАҮ-ий II анги барилгын материалыг, тухайлбал вакум цонхны ч юм уу материалаа шууд үйлдвэрлэгчээс нь бус, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн худалдаж авдаг. Тэгээд үнэтэй материал авч хийсэн бүтээгдэхүүн бусад газрынхаас өндөр үнэтэй гарч, борлуулалтад нь нөлөөлдөг. Ер нь, барилгын зарим материалаа шууд гадны зах зээлээс, хямд үнээр худалдаж авах боломж байдаггүй юм уу?

-Энэ талдээр санал нэг байна. Бид энэ асуудлыг Замын удирлагад тавьж, шийдвэрлэх ямар боломж байгааг судалж шийд гаргана гэсэн зорилготой ажиллаж байна. Материалын татан авалтын асуудлыг шийдчихвэл Замын хэмжээний хуванцар цонхны эрэлтийн 45 орчим хувийг ханган ажиллаж байгааг илүү нэмэгдүүлэх боломж ч бий. Үүнээс гадна зах зээлд борлуулах боломжийг ч мөн судална.

-Барилгын ажлын ид оргил үе болж байна. Гэвч барилгын ангиудаас хүмүүс их гарч байгаа дуулдсан. БЗАҮ-ний анги л гэхэд мужаан, шавар будагчин гэх мэт орон тоо дутуу, сонгон шалгаруулалт зарлаад хүмүүс ирэхгүй байна гэх юм билээ. Ажилчид тогтохгүй байгааг ямар шалтгаантай гэж та дүгнэх вэ?

-Тиймээ, хүний нөөцхүндрэлтэй байгаа. Гэхдээ энэ нь зөвхөн УБТЗ-ын хэмжээний асуудал биш юм. Улсын хэмжээнд барилгын салбарын хүний нөөцийн асуудал хүнд байдалд орсон. Ер нь, хүн хүч дутагдалтай салбаруудыг барилгын салбар тэргүүлж байна. Манай барилгын ангиудад орон тоо нь байгаад байдаг. Гэвч ажиллах хүн ирэхгүй байгаа нь үнэн. Алба барилгын үндсэн мэргэжлийн нийт 103 орон тоотой ажилладаг. Үүнээс оны эхэнд 50 орчим орон тоо нь сул байсан. Харин гуравдугаар сараас ажил эхэлж буйтай холбоотой хүний нөөцийн бүрдүүлэлтээ эрчимтэй сайжруулсан. Одоогоор 20 орчим ажлын байр хоосон байна.

-Цаашид хүний нөөцөө тогтоон барихын тулд ямар арга хэмжээ авбал үр дүнд хүрэх вэ?

-Зөвхөн УБТЗ-ын  барилгын салбарт ажиллахад авах хөнгөлөлт, урамшуулал гээд олон төрлийн давуу тал бий. Үүнийгээ сурталчилах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулан ажиллаж байгаагаа улам өргөжүүлэх бодолтой байна. Энэ онд бас нэг томоохон ажил гэвэл, Замын удирдлагын шийдвэрээр барилгын ажилчдад хийсэн ажлынх нь хүрээнд урамшуулал олгохоор болсон. Мөн ажлын байрны нөхцөл байдлыг нь сайжруулах, нийгмийн баталгааг хангах чиглэлээр бүх зүйлийг багтаан тушаалаар баталгаажуулсан. Энэ оноос мөрдөж байна. Ингэснээр ажилчдын ажиллах урам зоригийг нэмэгдүүлж, энэ жил төлөвлөсөн ажлынхаа ард төвөггүй гарах байх гэсэн бодолтой байгаа.

-Танай алба барилгын ажил, мөн нийгэмлэгийн хэмжээний орон сууцны ашиглалт үйлчилгээ, засвар, нийгэм хамгамжийн үйлчилгээ, дулааны эрчим хүч, ус, хог, бохир татах ажлуудыг хариуцдаг. Энэ тал дээр 2023 онд төлөвлөсөн томоохон ажлууд байгаа байх?

-Барилгын ажлаас гадна орон сууц нийгэм хангамжийн үйлчилгээ нь манай албаны үйл ажиллагааны бас нэг тал хэсэг шүү дээ. Халаалтын нийт 39 зуух, ус дулаан дамжуулах 11 төвөөр хэрэглэгчийг ус дулаанаар хангаж ажилладаг. Эдгээр үйлчилгээ сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд автоматжиж, цахимжих ажлуудыг нэлээд хийсэн. Нийгэмлэгийн хэмжээнд энэ туршлагыг судлан цахимжуулах, автоматжуулах хоёр томоохон ажил төлөвлөсөн. Мөн байгаль орчинд ээлтэй бохир усны технологи нэвтрүүлэх ажлыг нэг өртөөнд туршихаар болоод байна. Энэ мэт яривал маш олон ажлыг төлөвлөн хийж байна.

Энэ жил Замын аж ахуйн албаны харьяанд байсан технологийн сууцнууд манайд шилжсэн. Нийт 297 барилга ирсэн. Замын хэмжээний технологийн сууцнууд бараг 95 хувь нь элэгдэж хуучирсан, амьдрах нөхцөл бололцоог хангахгүй асуудал их байна. Энэ тал дээр мэргэжлийн байгууллагын хувьд, мөн төмөр замчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, нийгэмлэгийн хөрөнгийг үр дүнтэй, ариг гамтай зарцуулах боломжуудыг судалж байна. Түүнчлэн, өртөө зөрлөгийн байруудыг жишиг байдлаар засах, хөдөлгөөнчдийн ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах талаар төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

-Эцэст нь, танаас нэг зүйлийг бас асуух нь зүйтэй байх. Барилгын засвар үйлчилгээний чанарын тухай юм. Замын даргын үзлэг, шалгалтын үеэр барилгын засвар муу хийсэн гэх гомдол их гардаг. Энэ талаар ямар арга хэмжээ аван ажиллаж байна вэ?

-Ийм асуудлууд гардаг. Нийгэмлэгийн хэмжээнд засвар үйлчилгээ хийж байгаа барилга байгууламж, тэр дундаа ажилчдын технологийн сууцны 90 орчим хувь нь ашиглалтын хугацаа дууссан, эдэлгээ муу байна. Энэ талаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд байгаа. Мөн бусад хэд хэдэн шалтгаан бий. Дээр дурдсан барилгын салбарын хүний нөөцийн хомсдолтой холбоотой тал байдаг. Түүнчлэн, барилгын материалын хомсдол, чанар, ажил гүйцэтгэсэн хугацаа, цаг агаарын байдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна. Гэхдээ ямар ч шалтгаантай байсан бид энэ талд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Аль болох чанартай материал авч ажилдаа хэрэглэх, ажлын технологийн хугацаагмөрдөх, барилгын ажил гүйцэтгэх төлөвлөгөөт улирлын хуваарилалтыг зөв хийх, ажил гүйцэтгэх үеийн явцын хяналтыг үе шаттай, давтамжийг нэмэгдүүлэн чанаржуулж байна. Шинээр ажилд орсон ажилтнуудыг технологийн сургалтад хамруулж, туршлагатай ажилтнаар зааж чиглүүлэх зорилгоор багш шавийн гэрээ хийх гэх мэт олон талын ажил зохион байгуулж байгаа.

 

Б.Гүнжинлхам