Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Эрдэнэсүхтэй гармын аюулгүй байдлын талаар ярилцлаа.
-Он гарсаар төмөр замын гарам дээр ноцтой осол, зөрчлүүд гарлаа. Гарам дээр гарч байгаа хэрэг зөрчил юунаас үүдэж байна вэ?
-Төмөр зам дахь Цагдаагийн газар энэ оны эхний таван сарын байдлаар гэмт хэрэг, зөрчлийн талаарх 195 гомдол, мэдээлэл хүлээж авсан. Үүний 98 буюу 50.2 хувийг төмөр замын аюултай бүсийн дэглэм, журам зөрчсөн дуудлага мэдээлэл эзэлж байна. Түүн дотор зам тээврийн ослын шинжтэй буюу төмөр замын гармын паш, хаалт мөргөж гэмтээсэн, автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн зэрэг дуудлага мэдээлэл 30 бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс 15 нэгжээр буурсан үзүүлэлт. Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 7.40 дэх заалтаар 14 жолоочийг 350 мянган төгрөгөөр, 14 дүгээр зүйлийн 7.51 дэх заалтаар 19 жолоочийг 1.9 сая төгрөгөөр торгож, төмөр замын байгууллагад учирсан 16.279.130 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна.
Бид төмөр замын бүсэд гарч байгаа зам тээврийн осол, зөрчлүүдэд дүн шинжилгээ хийж байгаа. Энэ чиглэлээр УБТЗ-ын Удирдах газар болон Тээврийн хяналтын албатай байнга мэдээлэл солилцож, хамтран ажилладаг.
Гэсэн хэдий ч он гарсаар ноцтой ослууд гарсныг та бүхэн мэдэж байгаа. Хамгийн ойрын жишээ Ерөө-Орхон хоорондын замын гарам дээр том оврын ачааны автомашин галт тэрэгтэй мөргөлдөж, УБТЗ-д ихээхэн хэмжээний хохирол учирсан. Түүнчлэн, жижиг осол, зөрчил долоо хоногт 2-3 бүртгэгдэж байна. Энэ бүгд тээврийн хэрэгслийн жолооч гармын аюулгүй байдлыг зөрчиж, Замын хөдөлгөөний дүрмийн 17 дугаар бүлэгт заасан гарам нэвтрэх журмыг баримтлаагүйгээс үүдэн гарсан байдаг. Нийт осол хэргийн тоо хэдий бууралттай байгаа ч ноцтой ослууд гарсаар байна. Гарсан ослуудыг шинжлэн дүгнээд шалтгаан нөхцөлийг нь тогтооход ерөөсөө жолоочийн буруутай үйлдэл байдаг.
Үүнээс гадна машинч нар аюулгүй байдлыг хангах зайнаас яаралтай тоормос хийж, тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх эрсдлээс хамгаалсан тохиолдлууд ч бий. Хэдий осол гарахаас хамгаалж чадсан ч үүний цаана төмөр замд маш их хохирол учирдаг. Энэ болгоныг шалгаад жолоочоос тайлбар авахад тэд замын хөдөлгөөний жижиг дүрэм зөрчсөн гэдэг л ойлголттой явж байна. Орон нутгийн алслагдсан гармууд дээр зөрчил гаргасан зарим жолооч гармаар гарснаа ч мэдээгүй байдаг.
-Хамгийн эрсдэл өндөртэйд нийслэл доторх гармууд зүй ёсоор ордог байх. Танай тасгийн хувьд эдгээр гарамд хэрхэн хяналт тавьдаг вэ?
-Нийслэлд жил ирэх тусам галт тэрэг, тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа. Эрсдлээ тооцвол маш өндөр. Манай тасаг 11 алба хаагчтай. Нийслэлийн хэмжээнд бид 396, 407 дугаар км-ийн гарам, вокзал гэсэн ердөө гурван цэг дээр хяналт тавьж байна.
Гэтэл судалгаагаар нийслэлд цагдаагийн алба хаагч ажиллуулах шаардлагатай анхаарал татсан долоон гарам бий. Өсөн нэмэгдэж байгаа эрсдлээ тооцоод хүн хүчний асуудлыг шийдэх ёстой. Гэвч энэ асуудал тийм ч хурдан шийдэгдэхгүй. Бид асуудал шийдэгдэхийг хүлээгээд зүгээр суудаггүй. Цагдаагийн хяналт тавьж чадахгүй байгаа гармуудад хяналтын камер байрлуулж, гармаар дүрэм зөрчиж нэвтэрсэн, эсвэл осол гаргаад хэргийн газрыг орхин явсан жолооч нартай холбогдож торгуулийн арга хэмжээ авдаг.
Энэ онд гэхэд бид 20 гаруй жолоочид торгуулийн арга хэмжээ авсан. Гармуудад хяналтын камер тавих нь осол зөрчлийн тоо буурахад нөлөөлж байгаа.
Зарим гармын хяналтын камер шаардлага хангахгүй байна. Энэ талаар Тээврийн хяналтын албанд бид мэдээлэл өгчихсөн байгаа. Шаардлагатай төсөв хөрөнгийг шийдээд 2025 онд шинэчилнэ гэсэн хариу өгсөн.
-Ингэхэд гарам дээр зөрчил гаргасан жолоочийг хэдэн төгрөгөөр торгодог вэ. Торгуулийн арга хэмжээ үр дүнтэй байж чаддаг уу?
-Зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай хуулийн 14.7-ийн 40 дэх заалтаар 25000 төгрөгөөр торгодог. Энэ нь хурд хэтрүүлэх, уулзвар гарц нэвтрэх зөрчилтэй харьцуулбал бага торгууль. Өмнө нь Зөрчлийн тухай хуулийн 40 дэх заалтаар буюу нэмэгдлээр жолоочийн 10 онооноос гурван оноог хасдаг байсан. Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж жолоочийн оноо тооцох журмыг хэрэгсэхгүй болгосон. Тэгэхээр жолоочид авах арга хэмжээ суларсан гэж үзэж болно.
Манай зүгээс Зөрчлийн тухай хуулийн 14.7-ийн 40 дэх заалтыг чангатгая гэдэг саналаа ЗТХЯ, Хууль зүйн яаманд удаа дараа хүргүүлсэн. Тээврийн прокуророос ч гэсэн уг заалтыг чангатгая гэдэг хүсэлтээ өгсөн. Гэвч харамсалтай нь хэрэгжээгүй. Тэгэхээр торгуулийн арга хэмжээ жолооч нарт нөлөөлөх нь бага байна.
-Гарам дээр зөрчил гаргасан жолооч дахин зөрчил гаргах тохиолдол хэр байдаг вэ?
-2024 онд “Гармын аюулгүй байдал-1, 2” гэсэн хэсэгчилсэн арга хэмжээг УБТЗ-тай хамтран зохион байгуулсан. Энэ арга хэмжээний хүрээнд Замын-Үүдээс Сүхбаатар өртөө хүртэлх босоо тэнхлэгийн төмөр зам ОУ-ын чанартай автозамтай нэг түвшинд огтлолцож байгаа гармууд дээр хяналт тавьсан. Үүнд төмөр замчид маань маш идэвхтэй хамтран ажилласан. Нийт 15 цэгт манай 378 алба хаагч төмөр замын 90 гаруй ажилтантай цагаан сарын үеэр болон тавдугаар сард хамтарсан шалгалт зохион байгуулсан. Энэ маш үр дүнтэй ажил болсон. Хэсэгчилсэн арга хэмжээний үед хяналт шалгалтыг эрчимжүүлж, эзэнгүй гармуудыг эзэнтэй болгосон. Хоёрдугаарт, судалгааны ажлууд хийсэн. Орон нутгийн гарам дээр үйлдэгдэж байгаа зөрчлүүд давтамжтай гарч байна. Хэн давтамжтай үйлдээд байна гэхээр ойролцоох үйлдвэр, үйлчилгээ, уурхайн зориулалттай байгууллагуудын том оврын авто машинууд байнга жин тонн хэтрүүлэх, гэрэл дохио зөрчих, галт тэрэг саатуулах зөрчлийг удаа дараа гаргасан байна. Тиймээс бид уурхайн удирдлагуудтай уулзсан. Ачаа тээвэрлэхдээ технологийн замаар явах уу, эсвэл нийтийн эзэмшлийн замаар явах уу гэдэг маршрутыг тогтоож өгсөн. Мөн гармаар байнга нэвтэрч буй жолооч нарыг хувиараа тээвэр хийдэг, эсвэл байгууллагын үндсэн жолооч уу гэдэг судалгааг гаргасан. Үүний үндсэн дээр албан ёсны бүртгэлтэй жолооч нарт сургалт орж, Замын хөдөлгөөний дүрмээр шалгалт авахад маш их алдаа зөрчил гарсан.
Эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлүүд ч илэрсэн. Цаашид ийм хяналт шалгалтыг тогтмол хийх ёстой юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн.
-Жолооны курст суралцагч нарт төмөр замын гармын мэдлэг олгох хичээл хэр ордог бол?
-Жолооны курсууд БШУЯ-нд харьяалагддаг. ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс улсын шалгалтад нь хяналт тавьж, шалгалт авдаг. Жолооны курсийн чанар, төгсөгч нарын мэдлэг, ур чадвар ямар түвшинд байгааг өдөр бүр гардаг зам тээврийн ослын тоо баримтаас харахад ойлгомжтой. Жолооны курсийн сонсогч нарт танхимаар дүрэм, дадлагаар хотын жолоо заадаг. Хотын жолоонд хэдэн уулзвар нэвтрээд л түгжрэлд орчихно. Өнөөгийн нөхцөлд жолооны курсийн сонсогч нарт практикт дадлагажих, бие даах боломж бараг байхгүй. Бидний зүгээс ядаж 2-3 удаа төмөр замын гармаар нэвтрэх дадлага хийлгэж, гармын гэрэл дохиог мэдрүүлээч гэдэг хүсэлт тавьдаг. Замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр хавсралтад заасан 3.5 буюу “Зогс” тэмдгийг жолооч нар анзаардаггүй. Энэ тэмдгийг гал команд, цагдаагийн шуурхай байгууллагын үүд, төмөр замын гарам дээр тавьдаг.
Энэ тэмдгийн мэдээлэх утга нь тухайн объектоос нэн яаралтай шуурхай автомашинууд гарна шүү. Та заавал энд зогсох ёстой. Нэг ч машингүй байсан ч заавал зогсоод дараа нь хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Зогсохгүй явахыг хориглоно гэсэн утгатай. Энэ тэмдэг орон нутгийн хаалтгүй гармууд, мөн зарим хаалттай гарам дээр байгаа. “Зогс” тэмдгийн утга учрыг мэдэж, мэдсэн бол биелүүлж хэвших ёстой. Энэ бол та маш том эрсдлээс өөрийгөө хамгаалж байгаа хэрэг юм.
Манайхан тэмдэг ч, улаан гэрэл ч харахгүй, хаалт мөргөөд зогсдог. Орон нутгийн буюу суурингийн гаднах замд суудлын автомашин 80, ачааны автомашин 70 км/цагийн хурдтай явдаг. Тээврийн хэрэгслүүд энэ хурдаа саалгүй гарам руу шууд орж ирдэг.
Тэгэхээр хурдыг сааруулах буюу хурдны доод хэмжээг заасан тэмдгийг тавих саналыг би хүргүүлж байгаа. Төмөр замын гармуудад нэмэлтээр тэмдэг тавих, замын байгууламжуудыг шинэчлэх сүүлийн үеийн техник хэрэгслийг ашиглах, иймэрхүү өөрчлөлт хийхийг цаг үе шаардаж байна.
Гадны орнуудад жишээ нь Японд гарамд ойртоод ирэхэд бүх хашлага хаалт, зам нь шар болдог. Тэгэхээр жолооч өнгөний сонголтоор гарамд ойртож байгаагаа мэдэрдэг. Манайд ч гэсэн зорчих хэсгийг нь шараар, хаалт хашлагыг нь улаан, цагаанаар будаад байвал жолооч нарт мэдээлэл өгнө.
-Нийслэлийн авто замын түгжрэл, нөгөө талд нь галт тэрэгний хөдөлгөөний нягтрал хоёр маш эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэдэг. Энд яавал аюулгүй байдлыг бүрэн хангах вэ?
-Ерөөсөө хамгийн найдвартай шийдэл нь төмөр зам авто замыг хоёр түвшинд огтлолцуулах шүү дээ. Нийслэлд дөрвөн цэгт хонгилон гарц барих шийдвэр гараад ажил нь эхэлсэн. 396 дугаар км дэх хонгилон гарц ашиглалтад орох тун дөхсөн. Үүнд бид маш баяртай байгаа. Гармын засварын ажил дээр шаардлагатай бол манай алба хаагчид уртасгасан цагаар ажиллаж аюулгүй байдлыг нь хангуулж байгаа.
Нийслэлийн авто замын түгжрэлийг төмөр замын гарамтай холбож ярьдаг. Энд хүмүүсийн ойлголтын зөрүү их байдаг нь хүндрэл учруулдаг. Бид 396 дугаар км-ийн гарам дээр судалгаа, туршилт хийсэн. Гармын хаалт автомат ажиллагаатай, жижүүр хаадаггүй гэдгийг жолооч нар ойлгодоггүй. Гарам дээр ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч ойролцоох уулзвар дээр ажиллаж байгаа цагдаатай хамтарч, багаар ажиллаж байж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангадгийг ойлгохгүй хүн олон.
Ганц Таван шарын гармын аюулгүй байдлыг хангахын тулд ямар их хүч чармайлт гаргаж байгааг иргэд ойлгодоггүй. Гармын эргэн тойронд маш их нүх үүссэн. Замын II ангитай хамтраад нийслэл рүү удаа дараа албан тоотоор ханддаг ч засаж өгдөггүй. Одоо манай алба хаагч нар хүрз бариад нүхийг нь шороогоор дүүргээд явж байгаа. Гармын орчимд үүссэн эвдрэлээс шалтгаалаад хөдөлгөөн удааширдаг.
Гарам дээр автомашинууд шүргэлцэх, мөргөлдөх тохиолдол ч гарч байна. Таван шарын гармаар хүнд даацын автомашин их явахаас гадна хүнд даацын механизм гарахаар дайрч орж ирдэг тохиолдол ч бий. Энэ бүгдийг бид таслан зогсоож буцаадаг. Үүнээс гадна сэлгээний хөдөлгөөн хийгддэг гармууд бий.
Нэгдүгээр зэрэглэлийн гарам дээр цагдаагийн алба хаагч, гармын жижүүр хамтраад аюулгүй байдлаа хангаж байна. Салбар замууд дээрх гарам бүрд би цагдаа ажиллуулж чадахгүй. Жолооч нар мөргөлдсөний дараа л энэ замаар галт тэрэг явдаг юмуу гэж асуудаг. Цаашид урьдчилан сэргийлэх ажлыг илүү боловсронгуй болгож гармын ойр орчмын хотхон хорооллын оршин суугчдад мэдээлэл өгөх шаардлагатай байгаа. Уг гармаар өдөр бүр нэвтэрдэг хэрнээ гарам гэдгийг нь ойлгодоггүй, анзаардаггүй хүн олон байдаг.
-Төмөр замын аюултай бүсийн дэглэм зөрчигдөх тохиолдол урин дулааны улиралд нэмэгддэг. Энэ чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?
-Орон нутагт төмөр замын хориг хашаанд мал орж, галт тэргэнд дайрагдах тохиолдол гардаг. Согтуу явган зорчигч зам дээр байснаас галт тэрэг яаралтай тоормослох, согтуу жолооч төмөр замын хашлага хайс дайрч, улмаар төмөр зам дээгүүр гарсан тохиолдол бий.
Төмөр замын эд ангийг мөргөдөг том оврын машинууд байна. Энэ болгоныг бүртгэж авч байна. Мал бүхий иргэдтэй уулзаж, төмөр замын хориг хашааг санаатай буюу санамсаргүй тасалж, малаа оруулбал малчин та буруудна гэдэг ухуулга сурталчилгааг хийдэг.
Залуучууд скүүтер, цахилгаан дугуйтай гармын зорчих хэсэг болон явган хүний замаар явахдаа дүрэм зөрчих байдал нэмэгдсээр байна. Гармын жижүүр, цагдаагийн дохиог үл ойшоож галт тэрэгний урдуур гарах тохиолдол нэмэгдсэн нь санаа зовоож байгаа асуудал. Энэ бүгдийг камерийн бичлэгээр баримтжуулж авч байгаа. Ихэвчлэн 13-15 насны хүүхдүүд ийм эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Жолоодох эрхийн үнэмлэх шаардахгүй тээврийн хэрэгсэл нь 50 км/цагаас илүү хурд авдаггүй. Гэтэл 100 км/цаг хүртэл хурдлах хүчтэй тээврийн хэрэгсэл унаж байгаагаа мэдэхгүй залуучууд гармын жижүүрийн шаардлага хүлээж авахгүй байна.
Зөрчлийн тухай хуулиар галт тэрэг зогсоосон явган зорчигчийг илрүүлж, эзэн холбогдогчийг нь тогтоон арга хэмжээ авч байгаа. Үүнд манай хэв журмын тасгийнхан хяналт тавьж ажилладаг. Одоогоор эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэрэг байхгүй. Бүгдийг нь тогтоогоод ЗТХЯ руу материалыг нь шилжүүлдэг.
Ер нь явган зорчигчдын хөдөлгөөнд хэв журмын алба хаагчид маань хяналт тавьдаг. Иргэдийн гармын мэдлэг дутмаг байна.
Миний хувьд Тээврийн цагдаагийн албанд олон жил өөр чиглэлд ажиллаж байсан. Ялангуяа, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилласан. Тиймээс Тээврийн цагдаагийн албаны удирдлагууд болон бусад газрын хурал зөвлөгөөн дээр гармын аюулгүй байдал руу онцгой анхааръя гэдэг саналаа байнга хэлдэг. Яг үнэнийг хэлэхэд, Замын цагдаагийн байгууллага согтуу жолооч, хурд хэтрүүлэх, хамгаалах бүс зүүх, явган зорчигчийн гарц дээр зам тавьж өгөөгүй гэдэг зөрчлүүд рүү давамгайлсан хяналт шалгалт хийдэг. Гарам дээр тавих анхаарал сул байгаа. Үүнийг би удирдлагууд болон хамт ажилладаг алба хаагчдадаа ойлгуулахыг зорьж ажиллаж байна.
-Эцэст нь та гармын аюулгүй байдлыг хангахад төмөр замчдын зүгээс юун дээр анхаарах шаардлагатай гэж боддог вэ?
-Төмөр замын тээврийн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гарсан стандартууд байгаа. Түүн дээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуультай нийцүүлэн гарсан стандартууд бас орж ирж байгаа. Энэ хоёрыг бид нийлүүлж байж гармын аюулгүй байдлыг тогтоох ёстой. Төмөр замчид маань энэ чиглэлээр бидэндтэй маш сайн хамтарч ажилладаг. Тодорхой хөрөнгө мөнгийг гаргаж, бүтээлч ажлуудыг хийдэг.
Орон нутгийн гармуудын зарим нь гэрэл дохиотой, зарим нь зөвхөн тэмдэг тэмдэглэгээтэй байгаа. Бид Замын хэмжээнд бүтээлч ажлуудыг хэсэгчилсэн арга хэмжээний үеэр өрнүүлж, 3-4 өртөө маш идэвхтэй оролцож мэдээлэх самбаруудыг байршуулсан. Орон нутгийн 80 км/цагийн хурдтай явж байгаа тээврийн хэрэгслийн жолооч урт үгийг уншиж амждаггүй. Тиймээс зурагт самбарыг байрлуулж байна. Мөн манай Замын цагдаагийн тасгаас маяк (тусгай гэрэл дохио)-ыг хоёр газар туршилтаар тавьсан. Үүнд төмөр замаас ажлын хэсэг гараад хамтарч ажилласан. Тэр маяк зөвхөн галт тэрэг өнгөрөх үед ажиллана. Бусад үед унтарна. Шөнө галт тэрэг ойртон ирж байгааг мэдэхэд хэцүү, зөвхөн нэг л гэрэл харагддаг. Тиймээс гарам дээр ойртож ирэхэд маяк асаж байвал жолооч нар галт тэрэг ойртож байгааг мэдэх ач холбогдолтой гэж үзэж байгаа. Үүнийг цаашид хэрэгжээсэй гэж хүсэж байна.
Төмөр замчидтай хамтраад Замын хэмжээний бүх гармын тэмдэг тэмдэглэгээнд үзлэг шалгалт хийж, дүрэм журамд нийцүүлэх шаардлага бий. Энэ чиглэлээр хамтарсан ажлын хэсэг гаргаад ажиллавал бид мэргэжлийн зүгээс бүх талаар тусална. Буруу байршуулсан, стандартад нийцэхгүй тэмдэг тэмдэглэгээ нь харин ч эрсдлийг бий болгодог гэдгийг анхааруулъя.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
Б.Гүнжинлхам