Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Эрдэнэсүхтэй уулзаж ярилцлаа.

 

-Танд шинэ оны мэнд хүргэе. Төмөр замтай холбоотой осол зөрчлүүд өмнөх онтой харьцуулахад өссөн үү, эсвэл буурсан уу?

 

-Төмөр замын цагдаагийн газраас Төмөр замын удирдах газрын харьяа анги, байгууллагатай хамтран зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой төрлийн ажил, арга хэмжээг зохион байгуулж, иргэд, олон нийтэд ослын хор уршгийг таниулж, сэрэмжлүүлж ажилласан. Гэвч замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, явган зорчигч нарын Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмаг, анхаарал болгоомжгүй байдлаас шалгаалан зам тээврийн осол жил ирэх тусам өсөх хандлагатай байна. Энэ ч бас тээврийн хэрэгслийн тоо болон төмөр замын ачаа, тээвэр, тээвэрлэлт нэмэгдсэн байдал нөлөөлж байгаа. Төмөр замын гарам дээр үйлдэгдсэн осол 2023 онд 36, 2024 онд 44 осол гарсан.

          Үйлдэгдэж байгаа ослыг газарзүйн байрлалаар нь авч үзвэл орон нутгийн авто замтай нэг түвшинд огтлолцсон хаалтгүй төмөр замын гарам дээр ноцтой зам тээврийн  буюу галт тэрэг автомашинтай мөргөлдөх осол нэмэгджээ. Нийслэл хотод томоохон уулзвар гарц орчимд байрлах хаалттай төмөр замын гарам дээр хөдөлгөөний ачаалал үүссэнээс галт тэргийг саатуулж, зайлшгүй зогсолт хийж байна. Өнгөрсөн онд жолооч нар галт тэрэгний урдуур орсны улмаас галт тэрэг автомашинтай мөргөлдсөн долоон осол гарсан. Тухайлбал, Ерөө-Орхон хоорондын замын гарам дээр том оврын ачааны автомашин галт тэрэгтэй мөргөлдөж, УБТЗ-д ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Энэ бүгд тээврийн хэрэгслийн жолооч гармын аюулгүй байдлыг зөрчиж, Замын хөдөлгөөний дүрмийн 17 дугаар бүлэгт заасан гарам нэвтрэх журмыг баримтлаагүйгээс үүдэн гарсан. Гарсан ослуудыг шинжлэн дүгнээд шалтгаан, нөхцөлийг нь тогтооход жолоочийн буруутай үйлдлээс болсон байдаг.

 

-Төмөр замын гарам дээр гарч байгаа хэрэг зөрчлийг бууруулахад ямар арга хэмжээ авах шаардлагатай  вэ? 

 

-Төмөр зам, тээврийн тухай хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуультай нийцүүлэн гарсан дүрэм, стандартууд бий. Дээрх хуулийн хэрэгжилтийг хангаж байж гармын аюулгүй байдлыг тогтоох ёстой. Орон нутгийн хаалтгүй гарам дээр гарч байгаа осол, хэргийг бууруулахын тулд бид хаалттай болгох, тэмдэг тэмдэглэлийн сайжруулж, тэмдгийн мэдээлэх чанарыг сайжруулах, иж бүрэн тоноглох шаардлагатай. Энэ нь одоо мөрдөгдөж байгаа стандарт, журамд нийцэх үү, нэмэлт өөрчлөлт орсноор хэрэгжих үү гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Гэвч бид нэмэлт өөрчлөлтийг хүлээхгүй, нөөц боломжоороо стандарт шаардлагыг зөрчихгүй, сэрэмжлүүлэг хэлбэрээр гармаар жолооч, явган зорчигч анхаарал болгоомжтой нэвтрэх тэр дадал, ухамсрыг төлөвшүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Тухайлбал:

Аймаг, сумынхан өдөр бүр гардаг тэр гарам дээр дохио, сэрэмжлүүлгийг өгөөд байвал хүмүүс анзаарч “Нээрээ галт тэрэг ирнэ шүү” гэж анхаарч бодож эхэлнэ. Сэрэмжлүүлэг байнга өгөхгүй бол хүмүүс өдөр бүр гарсаар аюулгүй дүрмээ мартчихаад байдаг.

          Ялангуяа Түнхэл тосгон, Дарханы ноцтой осол гардаг хаалтгүй гарам дээр анхааруулга, сэрэмжлүүлэг их хэрэгтэй.  Зүүнхараагийн гарам механик хаалттай, ажилчид нь өөрсдөө гараараа буулгадаг. Бүх л гармыг байлдааны машин шиг тоноглоод ямар ч машин, хүн дөхөөд ирэхэд хаалтууд нь тас тас хийгээд буучихдаг байвал сайхан л байна. Орон нутгийн хаалтгүй гармуудад жилд нэмж юу хийх. Сэрэмжлүүлэх ямар ажил хийснээ ярих цаг нь болсон. Манай албаныхан нөөц бололцоогоо ашиглаж  хоёр газар маяк (тусгай гэрэл дохио) тавьсан. Замын-Үүд, Багахангайн гарам дээр туршилтын журмаар тавьсан нь үр дүн өгч байна. Тэр маяк зөвхөн галт тэрэг өнгөрөх үед ажиллана. Бусад үед унтарна. Ялангуяа, шөнө оройн цагаар аюултай. Шөнө галт тэрэг ойртон ирж байгааг мэдэхэд хэцүү, зөвхөн нэг л гэрэл харагддаг. Тиймээс гарам дээр ойртож ирэхэд маяк асаж байвал жолооч нар галт тэрэг ойртож байгааг мэдэх ач холбогдолтой. Үүнийг цаашид хэрэгжээсэй гэж хүсэж байна. Мөн камержуулах, Замын даргын үзлэг шалгалтад Замын цагдаагийн тасгийг татан оролцуулаасай. Жолоочийн анхаарлыг татахуйц хаалт хийх,  гармын наад талд  300, 500 метр газарт галт тэрэгний гарам руу ойртож ирж байна гэсэн бичиглэлтэй самбарыг хүртэл хийхгүй бол орон нутагт зорчиж яваа жолооч нар юу ч анзаарахгүй сумын төвийн угтах, үдэх цагаан хаалгаар гарч яваа юм шиг л хандлага, ойлголттой явдаг.

 

-Гармын аюулгүй байдлыг хангахад төмөр замчидтай хамтарч хийсэн үр дүнтэй ажлууд байгаа юу?

 

 -УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч даргад бид үйлдэгдэж байгаа зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдал, түүнийг бууруулах чиглэлээр хамтран хэрэгжүүлэх ажлын саналыг тогтмол танилцуулж, төмөр замын анги, байгууллагын хүн хүчээр энэ оны эхний улирлын байдлаар орон нутагт үйлдэгдэж байгаа ослыг бууруулах чиглэлээр төмөр замын гармуудаа эзэнтэй байлгах, хяналт шалгалтыг тогтмол хийх, сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд түлхүү хүргэж ажиллах зорилгоор өртөө, зангилаадын замчид гармын аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаа нартай хамтран ажилласны үр дүнд тухайн гармууд дээр осол, зөрчил бүртгэгдээгүй. Мөн ажиллаж байгаа хүн хүчний ажиллах, амрах цагийг оновтой зөв тодорхойлох зорилгоор “Цагийн менежмент”-ийг сонгосон. Энэ нэг өртөөний гарам дээр алба хаагч ажиллаж байхад нөгөө өртөөний гармын алба хаагч амарч байх, ингэснээр тухайн чиглэлд байрлах гармууд дээр байнгын хяналт шалгалт ажиллана гэсэн үг. Урд чиглэлийн замд яг энэ менежментээр ажиллаж үр дүнгээ өгсөн.

 

-Хаалттай, хаалтгүй гарам руу ойртож байгааг анхааруулсан тэмдэг, тэмдэглээг нэмж хийх шаардлагатай газрууд бий юу?

 

-Төмөр замчидтай хамтарч Замын хэмжээний бүх гармын тэмдэг тэмдэглэгээнд үзлэг шалгалт хийж, дүрэм журамд нийцүүлэх шаардлагатай. Энэ чиглэлээр хамтарсан ажлын хэсэг гаргаад ажиллавал бид мэргэжлийн зүгээс тусална. Буруу байршуулсан, стандартад нийцэхгүй тэмдэг тэмдэглэгээ эрсдэлийг бий болгоно.  Хууль дүрэмд зааснаар бол цагдаагийн байгууллагаас зөвшөөрөл авч байж гармын тоноглол, тэмдэг заалтыг тавина гэсэн ч энэ хэрэгжихгүй тал зарим нэг газар байна. Тэмдэг, тэмдэглэгээ стандартын дагуу тавигдах ёстой. Өнөөдөр төмөр замын гарам дээр Замын хөдөлгөөний дүрмийг алдагдуулсан тэмдэг их байна. “Зогсохгүй явахыг хориглоно” тэмдэгтэй параллель “Зогс” гэсэн тэмдэглэгээ нь байх ёстой. Гэтэл “Зогс” тэмдэглэл нь наана, цаана, утга алдагдсан  байх жишээтэй. Жолооч тэмдгээ дагаж зогсох уу. Давж тэмдэглэгээ дээр зогсох уу. Тэмдгээ даваад тэмдэглэгээ дээр зогсохоор цагдаа жолоочийг торгочихно. Энэ нь зам тээврийн осол гарахаар маргаан дагуулдаг. Тухайлбал, 384, 361-ийн гарам дээр “Буцаж эргэхийг хориглоно” тэмдэг буруу байрлуулаад зорчих хэсгийн хөвөөний голд тавьчихсан.Энд тэмдэг тавих шаардлагагүй. Замын хөдөлгөөний дүрмийн 17 дугаар бүлэг дээр “жолооч төмөр замын гарам дээр буцаж эргэхийг хориглоно” гэсэн заалт байсаар байтал заавал тэмдэг тавьж байна. Энэ гармын бүс өөрөө дүрмээр зохицуулагдсан бэлчир газар тул заавал нэмэлт тэмдэг тавьснаар мэдээлэл утга алдагдах эрсдэл дагуулж байна. Замын цагдаагийн тасгаас хариуцсан анги, байгууллагад мэдэгдэл хүргүүлсэн.

 

-"Түр Зогс-Бүү Яар" уриатай “Хичээх өдөр-2024" нөлөөллийн арга хэмжээг саяхан зохион байгуулсан. Жил бүр зохион байгуулдаг энэ арга хэмжээ хэр дүнгээ өгдөг вэ?

 

-Бид тайлангийн хугацаанд дээрх томоохон урьдчилан сэргийлэх, ухуулга, нөлөөллийн ажил, арга хэмжээг хамтран зохион байгуулж иргэд, жолооч нарт зам тээврийн осолд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг, мэдээлэл өгч ажилласан. Олон улсад жил бүрийн 12 дугаар сарын гурав дахь долоо хоногт зам тээврийн ослоор амь насаа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэх, тэдний гэр бүлийнх нь дуу хоолойг хүргэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ арга хэмжээг Тээврийн цагдаагийн албанаас найм дахь жилдээ зохион байгуулж байна. УБТЗ-ын  Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн төлөвлөгөө, удирдамжийг баталж,  замын бүх анги, салбар, өртөө, зангилаанд ажлын чиглэл өгсөн.  12 дугаар сарын 19-ний 09:00-15:00 цагийн хооронд Зорчих тээврийн үйлчилгээний төвийн авто зогсоол дээр Төв эмнэлэг,  ЦХОБА,  АТҮТ-өөс тусгай дуут гэрэл дохиогоор тоноглосон цувааг  бүрдүүлснээр үйл ажиллагаа эхэлж, ТЗДС-ийн 20 гаруй оюутан, багш, нийгмийн ажилтны хамтаар энэ арга хэмжээнд оролцож, авто зогсоолоос тусгай тоноглосон автомашины цуваа 407, 413 дугаар  гарам дээр очиж сурталчилгаа хийсэн.  Замын II ангийн удирдлагууд ажилчид, ЦХОБА нөлөөллийн арга хэмжээд оролцож буй албан хаагчдын аюулгүй байдлыг хангаж ажиллалаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сангаас дөрвөн сая гаруй төгрөг баталж гаргаж өгснөөр зурагт хуудас, туг дарцаг, тараах материал бэлтгэх, хэвлүүлэхэд зарцуулсан.

          Ирэх онд хэрэгжүүлэх ажлууд их байна. Аливаа арга хэмжээг зохион байгуулахад ЦЕГ, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсээр дамжуулж, хэвлэл мэдээллийн байгууллагыг дууддаг. Хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулснаар сэтгүүлчид сэтгэл өндөр байцгаадаг. Ийм сайн арга хэмжээ зохион байгуулж байгаагаа яагаад бидэнд шууд хэлдэггүй юм гэдэг. Иргэдэд хүргэх суваг бага байна. Зөвхөн Маркетингийн албаны сайтаар л бүх мэдээлэл цацагддаг. Төмөр замын анги, салбаруудын олон том ажлуудыг нэг сувгаар л хүргэдэг. Тэрийг үздэг хүмүүс хэр байна, цаашлаад олон дагагчтай цахим хуудас руу хүрч байна уу. Зохион байгуулалтын асуудлаа эргэн харж, уялдаа холбоотой ажилламаар байна. Анги, салбарууд цагдаагийн байгууллагатайгаа нягт хамтарч ажиллаасай гэж хүсч байна. Мөн Төмөр замын хэмжээнд үйлдэгдэж байгаа осол, хэргийн бууруулалт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулахад төсөв санхүүгийн хүндрэл гарч байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салба зөвлөлөөс жилийн төсөв баталж тавьж байгаа ч хөдөө, орон нутагт байгаа өртөө, зангилаад буюу орон нутгийн нэгжүүдэд төсөв хүрч байна уу. Хэсгийн байцаагч, цагдаа нар сэрэмжлүүлэг зурагт хуудас, постер, зөвлөмж, тараах материал хэвлүүлж, зохион байгуулж байгаа арга хэмжээнд ашиглая гэхээр төсөв байхгүй,  өөрөөс гаргах уу, өртөө зангилааны даргаас санхүүжүүлэлт гуйх уу гэсэн асуудал үүсдэг. Энэ төрлийн хүндрэл бэрхшээл, асуудлыг нь шийдээд өгвөл залуучуудын маань хийе гэсэн урам зориг өндөр байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар заавал төсөв хараад суулгүй дотоод нөөц бололцоогоо ашиглаад төмөр замын гармын хажуу гэрэлтүүлэг самбар, постер хийсэн өртөө байдаг нь сайшаалтай хэрэг.

 

-Урьдчилан сэргийлэх, нөлөөллийн арга хэмжээг өргөн хүрээнд хийж чадаж байна уу?  

 

-Төмөр замын байгууллагаас зам тээврийн осол, хэрэгт өртөж хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх, тэдний санал хүсэлтийг хүргэх “Хичээх өдөр-2024" нөлөөллийн арга хэмжээг төмөр замын хэмжээнд зохион байгуулахаар Хөдөлгөөний аюулгү байдал хариуцсан орлогч даргын Цахилгаан мэдээ бүх анги, хэсэг, зангилаанд очсон. Зарим хэсэг, нэгжүүд хангалтгүй байхад арга хэмжээний үеэр тэр хүйтэнд хүрээнд ирчихсэн “надад нэг постер өгчих, би тараачихья” гээд хэлээд зогсож байсан сэтгэлтэй дарга, удирдлагууд ч байсан. Энэ ухуулга, нөлөөллийн арга хэмжээ зөвхөн цагдаа, УБТЗ-ын Тээврийн хяналтын алба, Замын II анги гэсэн хэдэн байгууллага л хийдэг бусад нь цахим хуудаснаас мэдээлэл тавьсныг уншаад лайк дарах, дарахгүй эсэх зэрэг ёс төдий оролцмооргүй байна. Олон улсын гарамын мэдлэг дээшлүүлэх өдрийг жил бүрийн зургадугаар сард зохион байгуулахад ч нөгөө л өртөө, зангилаа хариуцсан дарга нар, хөдөлгөөний аюулгүй байдлын хэдэн нөхөд л оролцоно. Бусад байгууллагын дарга нарт гармын аюулгүй байдал хамаатай юу үгүй юу гэсэн асуудал гарч л байдаг. Төмөр зам 16000 ажилчинтай. Тэдэнд урьдчилан сэргийлэх ажлын аргачлалыг нь заагаад өгчихвөл нэг хүн 1-2 хүнд урьдчилан сэргийлэх яриа ухуулга хийнэ гэдэг хамгийн том ажил болно. Урьдчилан сэргийлэх ажил хийхээс өмнө хүнээ бэлтгэх хэрэгтэй. Манай хүмүүс ийм ажлын талаар ойлголтгүй байна. Би төмөр замын ажлаа л хийнэ, энд постер бариад зогсох хүн мөн үү гэсэн бодолтой хүмүүс байна. Бид нэг зүг, чиглэлтэй урьдчилан сэргийлэх ажлыг хийх хэрэгтэй. Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан албатай л хамтарч ажилладаг. Бусад албатай хамтарч ажиллах нь ховор. Цаашид урьдчилан сэргийлэх, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулахад чиглэл, чиглэлийн байгууллагуудыг татан оролцуулах шаардлагатай.

 

-Замын цагдаагийн тасгаас төмөр замын анги нэгжүүдэд сургалт, сурталчилгааг хэрхэн зохион байгуулдаг вэ?  

 

-Манай тасаг нь төмөр замын анги, салбаруудад ашиглагдаж байгаа албаны автомашинуудын техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтад Авто баазтай хамтран тогтмол үзлэг шалгалт хийж, мөн төмөр замын ажилчдынхаа замын хөдөлгөөнд оролцож байгаа мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулдаг. Зөрчил дутагдал гарч байна. Жишээлбэл, Төмөр замын хэмжээнд ашиглагдаж байгаа тусгай дуут гэрэл дохиогоор тоноглогдсон тээврийн хэрэгслүүд стандарт бус гэрэл дохиотой байх, түүнийг жолоодож байгаа ажилтан дүрмийн мэдлэг дутмаг гэх мэт. Бид хамтраад энэ зөрчлүүдээ засаад явахад боломжтой хугацаа байна.

Мөн төмөр замын харьяаллын 27 цэцэрлэг байна. Сүүлийн хоёр жил зохион байгуулагдсан “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнд оролцсонгүй. Хүүхдүүдэд Замын хөдөлгөөний дүрэм, Төмөр замын аюултай бүсийн дэглэмийн анхан шатны мэдэгдэхүүнийг ойлгуулах зорилгоор тэмцээн уралдаанд оролцуулмаар байна. Замын хөдөлгөөний дүрмийг бага насны хүүхдэд ойлгуулахад хэзээ ч мартахааргүй тогтоож авдаг. Энэ жилийн ажлын төлөвлөгөөнд энэ төрлийн ажлыг оруулж хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Бид бүрэн дэмжиж хамтран ажиллах болно.

 

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

 

 

П.Түмэндэмбэрэл