Зуны эхэн сар гарсан хэрнэ өглөөд амнаас уур гарах хэмжээний сэрүүхэн өдрүүд үргэлжилсээр... Зургадугаар сарын 04-ний жиндүүхэн өглөө Улаанбаатар вокзал дээр 06 цаг 30 минутад ирэхэд баян хуур хөгжим эгшиглэж, дүрэмт хувцсаараа жигдэрч, одон тэмдгээ гялалзуулсан үе үеийн төмөр замчид цэцэг, өнгө өнгийн бөмбөлөг барин цугларч хөл нь хөнгөрч, сэтгэл хөвсөлзүүр бие биедээ баяр хүргэцгээх нь нэг л ер бусын дотно дулаан мэдрэмжийг төрүүлэв. Яг л энэ агшинд баянхуур хөгжим, вокзал дээр л эгшиглэж байх ёстой ч юм шиг... Улаанбаатар Бээжингийн чиглэлийн 40 жилийн ойн нэрэмжит галт тэрэг зорчигчдоо суулгахад бэлхэн, өнгийн бөмбөлөг өнгөлөг зурагт хуудсаар гоёчихсон байх нь наадмын өглөө мэт яруухан гэж жигтэйхэн. Ковидоос хойш зогссон Бээжингийн галт тэрэг 40 жилийнхээ ойн босгон дээр дахин аялалдаа гарахад бэлэн болоод байгаа нь энэ. Энэ өдөр бол зорчигч тээврийн салбарт ажиллаж байгаа хүн бүрийн баяр, тэдний хүч хөдөлмөрийн үр шим үйлчлүүлэгчдийн хүртээл болж буй нь тэр юм. УБТЗ ХНН-ийг энгийн зорчигчид зөвхөн зорчигч үйлчилгээгээр төсөөлөх нь олонтаа. Тийм ч учраас зорчигч тээврийнхэн өөрсдийгөө УБТЗ ын нэрийн хуудас гэдэг. Харин тэд хилийн дээс алхсан мөчөөс Монгол Улсыг төлөөлдөг билээ. Ялангуяа, эл өдөр Улаанбаатар Бээжингийн чиглэлийн анхны аяллыг 40 жилийн өмнө хийсэн ахмад буурлууд хүрэлцэн ирсэн нь хамгийн хүндтэй зочид байлаа.
Энэ удаагийн баяр зориуд бэлтгэсэн тайз, дарга нарын нээлтийн үг, тууз зэрэг “албаны тавилтгүй” харин ч хамт олны сэтгэл шингэсэн халуун дотно маш сайхан үйл ажиллагаа болсныг онцолъё! Энэ 40 жилийн ойн нэрэмжит галт тэрэг үдэх ёслолыг Зорчигч тээврийн алба, Зорчигчийн вагон депо, тус депогийн Ахмадын хорооноос зохион байгуулсан юм.
Галт тэрэгний ахмад үйлчлэгч нар плаш моб бүжиг хийж, Зэвсэгт хүчний хөөрөгт хөгжмийн чуулгын хөгжимчид баянхуураа дарж үзэх харах, бахархах, омогших олон үелзэлтэй өрнөв.
Энэ үеэр УБТЗ-ын Зорчигч тээврийн албаны дарга Б.Юлхарсүрэнгээс цөөн асуултад хариулт авлаа.
-Энэ галт тэргийг аялуулахад хэрхэн бэлтгэв?
-Улаанбаатар-Бээжин чиглэлийн 23/24 дүгээр галт тэрэг аялж эхэлсний 40 жилийн ой энэ жил тохиож байгаа. 2019 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас энэ чиглэлийн галт тэрэгний аялал зогсож, долоон жил завсарласны дараа анхны аяллаа хийж байна. Энэ аялалд Зорчигчийн вагон депогийн хамт олон сарын өмнөөс бэлтгэлээ базааж эхэлсэн. Бэлтгэл ажлын хүрээнд бүх вагоны явах анги, цахилгаан тоног төхөөрөмж, дизель хөдөлгүүрийн засвар үйлчилгээг хийж, дотор зэхэлтийн материалыг иж бүрнээр нь шинэчилсэн. Анхны аялалд гурван люкс вагон, есөн энгийн тасалгаат вагон, тээш, вагон ресторан, дизель вагон, нэг 0 вагон гээд 16 вагоны бүрэлдэхүүнтэй гарч байна.
-Улаанбаатар-Бээжингийн чиглэлд галт тэрэг аялуулаач гэдэг хүсэлт зорчигчдоос хэр ирж байв?
-Олон улсын хэлэлцээрийн дагуу энэ галт тэргийг аялуулдаг. 2025 оны есдүгээр сард Бээжинд болсон зорчигч тээврийн хурлаар тус галт тэргийг аялуулахаар тохиролцсон. Түүний дагуу аялуулж эхэлж байна.
-Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан аяллын нээлтийг хийж байна гэж ойлголоо?
-Энэ галт тэргээр ихэвчлэн бүлэг жуулчид аялдаг онцлогтой. Анхны галт тэрэг 90 зорчигчтой аялалд гарлаа. Одоогоос 40 жилийн тэртээ 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд Улаанбаатар Бээжин чиглэлийн галт тэрэгний аялал нээгдсэн түүхтэй. Өнөөдөр энэ аяллын 40 жилийн ой тохиож байгаагаараа их онцлог юм. Мөн энэ тухай манай ахмад, Зорчигчийн вагон депогийн дарга асан МУГТ Б.Цэгмэд гуай ном бичиж, номынхоо нээлтийг энэ өдөр хийж байна.
-Энэ галт тэрэг долоо хоног бүр аялах уу?
-Тэгнэ. Пүрэв гарагт Улаанбаатар өртөөнөөс хөдөлж, Бээжинд Баасан гарагт очиж, Бээжингээс Бямба гарагт гарч, Улаанбаатарт Ням гарагт ирэх хуваарьтай.
Галт тэрэгний дарга С.Анхтуяа:
Би УБТЗ-д 28 дахь жилдээ ажиллаж байна. Энэ жил Улаанбаатар Бээжингийн 2 3 / 2 4 дүгээр галт тэрэг аялах болсонтой холбогдуулаад Бээжингийн 29, 30 дугаар цувааны нийт 67 үйлчлэгч тавдугаар сарын 6-наас эхлээд шинэ галт тэргээ бэлтгээд өнөөдөр анхны аяллаа хийх гэж байгаадаа маш баяртай байна. Бэлтгэл ажлын хүрээнд бүх хүн сэтгэл зориг, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан. Вагоны үйлчлэгч нар цэвэрлэгээ үйлчилгээг хийж, вагоныхоо аюулгүй ая тухтай байх бүх боломжийг бүрдүүллээ. Засварчид маань засвар үйлчилгээгээ хийж, техникийн найдвартай хэвийн ажиллагааг хангалаа. Зэхэлт бэлтгэлийн цехийнхэн маань зорчигчдын бүх хэрэгцээт зүйлсийг зэхэж бэлтгэсэн. Захиргааныхан маань бүх хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдлээ. Энэ аялалд Зорчигчийн вагон депогийн бүх ажилтны сэтгэл зүрх хүч хөдөлмөр шингэсэн. -Та өмнө нь энэ чиглэлд аялж байсан уу?-Бээжингийн чиглэлд аялж байгаагүй. Олон улсын галт тэрэг гэвэл Эрээн, Москвагийн чиглэлд, орон нутгийн бүх чиглэлд аялж байсан. Улаанбаатар-Бээжингийн чиглэлд 40 жилийн өмнө анхны галт тэрэг аялж байсан түүхтэй юм билээ. Энэ ойн нэрэмжит галт тэргээ бид бүх боломж нөөц, сэтгэл зүрхээ зориулан аялуулж байна. Бидний уриа бол “Гэр мэт тухтай, гэрэл мэт хурдан аялах болно” гэдэг.
Улаанбаатар Бээжингийн анхны галт тэрэгний дарга Ш.Бандисүрэн:
-1986 оны тавдугаар сарын 26-нд Бээжингийн галт тэрэгний анхны аяллыг хийх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг надад ногдсон юм. Тэр туршилтын аялал болохоор ямар ч зорчигчгүй аялж, техникийн бүх зүйлийг туршиж үзэж байсан. Эрээнд дугуйгаа солиулдаг, техникийн үзлэг хийлгэдэг болохоор бид их хариуцлагатай ажиллаж байсан. Хоёр дахиасаа зорчигчтой аялж эхэлсэн. Олон улсын галт тэрэг бол хоёр орны найрамдалт харилцааны бас нэг илэрхийлэл учраас маш хариуцлагатай ажиллах ёстой гэдгээ ухамсарладаг байлаа. Зорчигчид ч дүүрэн, дийлэнх нь гадаадынхан зорчигчид байсан.
-Бээжингийн галт тэргэнд явах баг хамт олныг ямар шалгуураар бүрдүүлж байсан бэ?
-Галт тэрэгний шинэ чиглэл учраас цуваа бүрээс шилдэг тэргүүний үйлчлэгч нарыг шигшиж авсан. Миний хувьд галт тэрэгний даргаар арав гаруй жил ажиллачихсан, социалист уралдаан зэрэгт бас гайгүй амжилт гаргасан байсан минь сонгогдоход нөлөөлсөн байх. Цувааны хамт олныг англи хэлний хоёр сарын түргэвчилсэн сургалтад хамруулж, бид англиар ус цас шиг ярихгүй ч ойр зуур ойлголцоод байх хэмжээнд болцгоосон. МУИС-ийн Чойлувсанжав багш англи хэлний хичээл зааж байлаа. Энэ мэтчилэн бүх талын бэлтгэлээ бүрэн хангаж Бээжингийн галт тэрэгний аяллыг эхлүүлж байлаа.
Ахмад ажилтан Н.Даваасүрэн:
Би 1975 онд төмөр замд орсон. 1986 онд Бээжингийн анхны аялалд вагоны үйлчлэгчээр явж байлаа. 2000 онд галт тэрэгний даргаар явж байлаа. Өнөөдөр энэ аяллын маань 40 жилийн ой тохиож, ковидоос хойш зогссон Бээжингийн галт тэрэг маань аялж эхэллээ. Ахмадууд бид өнөөдөр 40 жилийнхээ ойг тэмдэглэж, галт тэргээ үдэж өгч байна.
-Анхны аяллын үеийн мартагддаггүй дурсамж бий юу?
-Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн аяллыг эхлүүлж байсан тэр үед урд хөрштэй харилцаа сайнгүй байсан. Их л өндөр хариуцлагатай явж байлаа. Тухайн үед цувааны бүрэлдэхүүнд багтсан хүмүүс ихэвчлэн намын гишүүн байсан. Бээжинд очиход биднийг буудалд буулгахдаа нэг өрөөнд нэг л хүн байрлуулсан. Нэгнийхээ өрөөнд орохгүй гэх мэт маш их дэг журамтай, өндөр шалгууртай явсан. Хоёр орчуулагч бидэнтэй хамт мастер гэдэг албан тушаал дээр явсан санагдана. Манай бүрэлдэхүүн хорин хэдүүлээ явж байлаа. -Таныг ажиллаж байх үед энэ чиглэлд зорчигч дүүргэлт хэр байсан бэ?-Намайг 2000-аад онд галт тэрэгний даргаар ажиллаж байх үед мест олддоггүй байсан. Зайлшгүй явах шаардлагатай хүнд би өөрийнхөө орыг өгчихөөд өөрөө амрах үйлчлэгчийнхээ орон дээр нүдний хор гаргаад явж байсан үе ч бий. Маш их хүнтэй, дийлэнх нь гадны жуулчид явдаг байсан. Манай галт тэргээр гадныхан явах их дуртай. Танай галт тэрэг цэвэрхэн, хангамж сайтай гэдэг байсан. Ковидоос хойш яваагүй Бээжингийн галт тэрэг аялж эхэлсэн нь бидний хувьд баяртай сайхан үйл явдал. Дүрэмт хувцсаа өмсөж ирээд галт тэргээ үдэж өглөө. Сэтгэл их хөдөлж байна. Би төмөр замд бараг 40 жил ажиллаад тэтгэвэрт гарсан.
Ахмад үйлчлэгч Д.Оюун:
-Би их азтай. Улаанбаатар Бээжингийн цуваа 2008 онд шинэ бүрэлдэхүүнтэй анхны аяллаа хийхэд нь үйлчлэгчээр явж байлаа. Яг наймдугаар сарын 8-нд олимпын нээлт болох өглөө Бээжинд очсон. Бидэнд автобус гаргаж өгч олимп үзүүлж байсан нь хамгийн гоё дурсамж болон үлджээ. Бээжингийн олимпоос Монголын анхны олимпын аварга төрж, дараагийн аяллаар очиход өвөрмонголчууд биднийг галт тэрэгний буудал дээр тосож баяр хүргэж байлаа. Буцахад вагон дүүрэн зорчигчид олимпын аваргатай болсноо тэмдэглээд маш бахархалтай сайхан үйл явдлын гэрч болсон шүү. Мөн тэр үед Бээжингийн шинэ цуваа тухайн үедээ вакум 00-той, душтэй, үйлчлэгч гал түлэхгүй, халаалт, агааржуулалтын систем сайтай болохоор үнэхээр ажиллахад урамтай сайхан санагдаж байсан. Тийм ая тухтай нөхцөлд аялж яваа зорчигчид хүртэл маш их талархалтай, бүгд л инээмсэглэсэн их л гоё аяллуудыг хийж байсан даа. Би УБТЗ-д нийт 27 жил ажиллахдаа найман жил нь Бээжингийн галт тэргэнд явсан. Намайг энэ чиглэлээс буух жил 30 жилийн ой тохиож байлаа. Эргээд бодоход Бээжингийн чиглэлд явж байхдаа маш онцлог, дурсамжтай сайхан үйл явдлын гэрч болжээ. Тийм учраас би өөрийгөө их азтай хүн гэж боддог доо.
Энэ өдрийн баярыг чимсэн, хөг аялгуу нэмсэн хөгжимчдөөс сэтгэгдлийг нь сонслоо. Зэвсэгт хүчний хөөрөгт хөгжимчдийн холбооны тэргүүн Р.Батболд
-Та бүхэн энэ баярыг улам утга төгөлдөр болголоо?
-Өнөөдөр цөөхүүл хөгжимчидтэйгөө ирж төмөр замчдынхаа баярт баян хуур хөгжмөөрөө хөг нэмлээ. Ер нь, галт тэрэг, вокзал, баянхуур хөгжим гурав хүйн холбоотой мэт санагддаг. Зорчигчийн вагон депогийн Ахмадын хорооны дарга Г.Сарантуяа миний хань байгаа юм. Хань маань өнөөдөр биднийг энэ үйл ажиллагаанд ирж баянхуур хөгжмөө тоглож өгөөч гэсэн учраас ирж тоглолоо. Төмөр замчид маш талархалтай байна. Бидний тоглосон орос дуунуудыг төмөр замчид маань дагаж дуулж байна. Баянхуур бол хуучин цагийн дурсамж сэргээсэн хөгжим. Уянгалаг яруухан, хүмүүсийнхээ байдлыг харж байгаад шууд тоглож болдог амьд хөгжим шүү дээ. Төмөр замчдынхаа ийм сайхан баяртай бахархалтай өдөр бид бас хөөрч догдолж, өглөө 05.30-д вокзал дээр ирсэн. Миний хань төмөр замд 41 жил ажиллаад өнгөрсөн жил тэтгэвэртээ гарсан. Хадмууд маань гурван үеэрээ төмөр замд ажиллаж байгаа хүмүүс. Хүүхдүүд маань төмөр замчин тийм болохоор би төмөр замтай элэг нэгтэй хүн. Ханийхаа ажлыг дэмжээд өнөөдөр өөрийн байгуулсан чуулгын хөгжимчидтэйгөө энэ баярт ирсэндээ баяртай байна. Төмөр замчидтай бидний сэтгэлийн хөг нийлсэн сайхан үйл ажиллагаа боллоо. Бид олон газар очиж тоглож байсан. Гэхдээ төмөр замчдын соёл бол их өөр юм байна. Баянхуур хөгжим тэдний сэтгэлд их ойр байдаг нь мэдрэгдлээ. Яг энэ мөчид надад төмөр замын буйдхан зөрлөгүүдэд очиж баянхуураа тоглож өгөхсөн гэх бодол төрж байна.
-Саяхан та бүхнийг урд хөршид том тэмцээнд амжилттай оролцоод ирсэн гэж сонслоо?
-Тэгсэн. Хөх хотод хамтлаг хөгжимчдийн уралдаан болсон. Тэр уралдаанд бид есүүлээ очиж оролцоод хамтлагийн төрөлд гранпри хүртээд ирсэн. Тэнд биднээс өөр баянхуур тоглосон хамтлаг байгаагүй. Тэд баянхуурыг маш их сонирхож байна. Цэргийн хувцастай хүмүүс баянхуур тоглох нь тэдэнд онцгой сэтгэгдэл төрүүлсэн байх. Ийнхүү баянхуурын аянд галт тэргээ баяр хөөртэйгөөр үдсэн төмөр замчид шинэ номын нээлтэд оролцож, нэгэн өглөөг тун яруухан хийгээд өрнүүн өнгөрөөлөө. Галт тэрэг бүрийг баянхуурын хөгөнд үдэж, угтаж баймаар гайхам сайхан дурсамж тэнд ирсэн хүн бүрийн сэтгэлд тодоос тод үлдсэн нь гарцаагүй.
Б.Гүнжинлхам
