Экспорт, импорт, транзит тээврийн бүхий л ачаанд гаалийн байгууллага хяналт тавин ажиллах эрх зүйн зохицуулалттай. Харин иргэдийн дийлэнхэд гаалийн байгууллагын хяналт шалгалт удаан, ачаа тээврийг олон цаг, хоногоор гацаадаг гэсэн ерөнхий ойлголт байдаг. Тэгвэл ачаа тээврийг шуурхай нэвтрүүлэхэд ямар асуудал тулгардаг, мөн энэ талд хэрхэн шинэчлэл хийж байгаа талаар Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайвантай ярилцлаа.
-Гаалийн байгууллага үйл ажиллагаагаа цахимжуулахад сүүлийн үед нэлээд анхаарч, энэ талд эрчимтэй ажиллаж байгааг та хэлж байсан. Энэ талд хүндрэл бэрхшээл хэр гарч байна вэ?
-Би танд хэдэн тоо эхлээд хэлье. Энэ оны эхний арван сарын байдлаар хилээр нэвтэрсэн суудлын тээврийн хэрэгсэл 313618, ачааных 238580, ачаа нь 3.4 орчим сая тонн байна. Өнгөрсөн онд суудлынх 42 мянга, ачааных 140 мянга, ачаа 1.9 сая тонн байсан. Жилээс жилд эдгээр тоон үзүүлэлт эрчимтэй өссөөр байгаа. ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд боомтын тээврийн хэрэгслийн нэвтрэлтийг хурдасгахын тулд авч хэрэгжүүлэх олон асуудал бий. Манай гаалийн байгууллагын газар, хороо бүрд бүрдүүлэлтийн үйл ажиллагаа явагддаг. Зөвхөн гаалийн бүрдүүлэлт гэдэг цогц үйл ажиллагааг авч үзвэл, барааг мэдүүлсэн үеэс бичиг баримтын шалгалт хийж, татварыг ногдуулж барагдуулсны үндсэн дээр барааг эзэнд нь олгох болон улсын хилээр гарах хүртэл үйл ажиллагаа нь гаалийн бүрдүүлэлт юм. Бид цахим бүрдүүлэлтийн үйл ажиллагааг нэг цэгт төвлөрүүлж, gaali.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан тухайн иргэн өөрөө бараагаа мэдүүлэх боломжтой болсон. Үүнээс гадна манай улсын нэгдэн орсон Дэлхийн худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт зуучлагчаар дамжуулан гаалийн бүрдүүлэлтэд оролцох боломжтой. Бид аль болох тухайн харилцагч өөрөө цахимаар мэдүүлдэг, татвараа төлдөг, бараагаа үнэн зөв тодорхойлдог болох үйл ажиллагааг дэмжиж байгаа. Энэ нь цаг хугацааг хэмнэх, зардал бууруулах зэрэг олон давуу талтай. Гэвч тулгамдсан асуудал байсаар байна. Тухайлбал, түүвэр ачаа бүхий, тээвэрлэлтийн нөхцөл байдлын шаардлага хангадаггүй, тээвэрлэгч үүргээ биелүүлж олон улсын стандарт мөрддөггүй. Бид гаалийн хяналтыг түргэн шуурхай хэрэгжүүлэхийн тулд хүний оролцоог аль болох багасгасан, техник технологид суурилсан хяналтын тоног төхөөрөмжүүдийг ашиглах зорилт тавьж байтал ачаа шалгах рентгенээр орохооргүй хэлбэрийн ачилтыг хийсэн тээврийн хэрэгсэл маш олон орж ирдэг. Хүнсний болон аж үйлдвэрийн бараа, барилгын материалыг холиод ачдаг. Ачиж буй жолооч, ачуулсан компани үүргээ биелүүлэхгүй байгаа нь хүндрэл учруулж, хяналтыг хил дээр удаах нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ асуудлыг бид хэрхэн үгүй болгох вэ гэвэл ерөөсөө л хамтын ажиллагаа, уялдаа холбоо. Дээр нь, хяналтыг төгс хэрэгжүүлэх хамгийн зөв ажил нь мэдээллийг урьдчилан авах тогтолцоо маш өндөр ач холбогдолтой байдаг. Гадаад худалдаанд оролцогч өөрөө хууль сахилтын түвшин маш өндөр байх ёстой.
-УБТЗ-тай гаалийн байгууллага нягт хамтын ажиллагаатай. Харин шийдвэрлэх шаардлагатай, тулгамдах зүйл гарч байна уу?
-Хилийн тээврийг төмөр зам, агаарын тээвэр, авто замаар хийдэг. УБТЗ-ын хувьд хүчин чадлаасаа давсан ачаалалтай ажиллаж байна. Гаалийн байгууллагын хувьд транзит тээвэрт зөвхөн бүртгэлээр хяналт тавьдаг. Шаардлагатай тохиолдолд, манай улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх боломжгүй, хууль эрх зүйн хүрээнд хязгаарлалт тогтоосон бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл авбал түр саатуулж хяналт шалгалт хийх эрх зүйн зохицуулалттай. Транзит ачааны хувьд бид аль болох хялбарчлахын тулд төмөр замын байгууллагатай хамтран ажилладаг. Тодруулбал, манай улсад ачаатай орж ирээд суларсан хоосон чингэлгийг маш богино хугацаанд буцааж явуулах ажлыг цахим системд оруулах, ингэснээр цаг хугацаа хэмнэх гэхчлэн давуу талтай. ОХУ руу хоосон чингэлэг явуулах эхний туршилтын ажлуудаа бид төмөр замтай хамтран хийгээд эхэлсэн. Үр дүнгээ ч өгч байна. Цаашид бид бичиг баримт бүрдүүлэлтгүйгээр цахим хэлбэрээр солилцох энэ ажлыг үргэлжлүүлнэ. Ер нь, хоосон чингэлгийн зохицуулалтыг хэрхэн хийж, яаж хурдавчлах вэ гэдгийг илүү сайн бодох хэрэгтэй. “Логистик форум-2024” дээр “Авто замаар буцааж гаргах боломжтой” гэж зарим нь хэлж байна. Тэгэхээр гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч гэдэг эрх бүхий тээвэрлэгчтэй манай байгууллага харьцдаг. Гэхдээ хоосон чингэлгийн хувьд бараа бүтээгдэхүүний бөөгнөрлийг богино хугацаанд шийдвэрлэхийн тулд заавал итгэмжлэгдсэн тээвэрлэгч байхыг шаардахгүйгээр төмөр зам, тээвэр зуучлалын байгууллагатай хамтраад зориулалтын тээврийн хэрэгсэл байвал хоосон чингэлгийг хил рүү буцаахаар ажиллаж байна. Цаашид бид импортын ачилтууд дээр анхаарах зүйл бий. Гадаад худалдаа эрхлэгчдийн хамгийн их бухимддаг асуудал энэ. Тээвэрлэлтээс шалтгаалж бараа бүтээгдэхүүн нь хугацаандаа ирдэггүй. Үүний улмаас хэрэглэгч дээр тухайн бараа бүтээгдэхүүний үнэ өсөж очдог. Тэгэхээр энэ сөрөг асуудлыг бууруулахын тулд бид урьдчилсан бүрдүүлэлт хийх боломжийг нээж байна. Дээр нь хил дээрх тухайн бараа бүтээгдэхүүнийг богино хугацаанд гаалийн байгууллага руу шилжүүлэх, бүрдүүлэлтийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, нүүр тулсан харилцааг багасгах зэрэг маш олон хяналтын аргачлалыг ашиглаж, үр дүнгээ өгсөөр байна. Энэ үйл ажиллагааг сайжруулах нь дан ганц гаалийн байгууллагын ажил биш. Гаалийн харилцаанд оролцогч бүх байгууллагын хамтын ажиллагаа, нэг жигд ойлголтоос шалтгаална.
-Гурван улсын гааль хооронд мэдээлэл дамжуулах системийг цахим болгоод эхэлснийг та дээр хэллээ. Энэ ажил яг хэзээнээс бүрэн нэвтрэхээр байна вэ?
-Манай улс хоёр хөрштэйгөө нэлээд өндөр түвшинд ойлголцож ажилладаг. ОХУ, БНХАУ-тай хиллэдэг боомтуудын асуудлаар хоёр хөрштэйгөө тогтмол уулзалтууд зохион байгуулдаг. Ачаа тээврийн эргэлтийг аль болох түргэсгэх нь бидний хэн хэнийх нь гол зорилго. Нэгнийхээ хяналтыг хүлээн зөвшөөрдөг байя гэдгийг Хятадын талаас ч тавьсан. Ер нь, олон улсын байгууллагууд хамтарсан хяналт гэдэг тогтолцоо руу орж байна. Тийм болохоор гаалийн байгууллага үүнтэй мөр зэрэгцээд явах ёстой. Хятад улс рентген тоног төхөөрөмжөөрөө хянасан бол бид тэр зургийг нь ашиглаад хяналт тавьдаг байх гэх ч юм уу. Хяналтыг хурдавчлах ямар арга хэрэгслүүд байна, түүнийгээ хамтын ажиллагааны хүрээнд хийх боломжтой. Хоёр хөрштэйгөө цахим мэдээлэл солилцох ажлыг эхлүүлсэн ч зарим мэдээлэл нь төгс ирж чадахгүй л байна. Энэ ажил ирэх он гэхэд бүрэн хэрэгжинэ гэж харж байгаа. Ирэх онд цаасгүй худалдаа хийх, цахимжуулах ажлыг нэн тэргүүний зорилт болгон ажиллана. 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг боловсруулж байна. Уг төлөвлөгөөгөөр цаасгүй гааль болж, зуун хувь цахимжуулан нүүр тулсан харилцаанаас шууд татгалзах нөхцөл байдал руу гаалийн байгууллага явж байгаа гэж ойлгож болно. Транзит тээврийн хувьд би дээр дурдсан. Тодорхойгүй мэдээлэл, мөн лац ломбоны бүрэн бус байдал зэргээс шалтгаалан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр нягтлан шалгах шаардлага, эрх зүйн зохицуулалт байдаг. Бусад тохиолдолд бид шууд электрон байдлаар хянана. Учир нь, хоёр талын хөрш маань манай улсыг бодвол гаалийн хяналт талдаа илүү дэвшилтэт технологи ашигладаг. Ийм тулдаа транзитаар хууль бус бараа манай улсаар дамжин өнгөрнө гэдэг асуудал сүүлийн арваад жилд гараагүй.
-Мэдээллийг урьдчилан авах нь хяналт шалгалтыг хурдавчлах хамгийн гол шийдэл гэж ойлголоо. Тэгэхээр та бүхэн мэдээллийг хоёр хөршөөс урьдчилан авч чадаж байна уу?
-Агаарын хилээр явж буй олон улсын зорчигчдын мэдээллийг гаалийн байгууллага авдаг. Тухайлбал, Инчёны нисэх буудлаас онгоцны хаалга хаагдангуут зорчигчдын мэдээлэл манайд шууд ирдэг. Өнөөдөр 250 зорчигчтой агаарын хөлөг Улаанбаатар хотод буухад бид тухайн зорчигчид ямар ямар зорилготой явж байгаа гэдэг дүн шинжилгээнүүдийг хэдийнээ хийчихсэн байдаг. Ингэснээрээ цаг хугацаа хэмнэх боломжтой. Энэ ажлын дараагийн алхам нь авто зам, төмөр зам. Төмөр зам дээр бид ОХУ-ын талаас зорчигчийн мэдээллийг урьдчилан авч байна. Харин БНХАУ-ынхыг авах боломжгүй байгаа. Ирэх он гэхэд Хятадаас Монгол руу зорчиж буй иргэдийн мэдээллийг урьдчилан авдаг болно. Хамгийн гол нь энэ түвшинд хүрэхийн тулд гаалийн харилцаанд оролцож буй төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа маш чухал.
-Хүнс болон аж үйлдвэрийн барааг хольж ачих нь тухайн терминал аль нэг төрлийн ачааг нь хүлээн авах боломжгүй байдагтай холбоотой юу. Энэ талын ойлголтыг тээвэрлэгч компаниудад хэр өгдөг вэ?
-Үргэлж энэ шаардлагыг бидний зүгээс тавьдаг. Энэ жилийн “Логистик форум” дээр ч бид энэ талаар ярилцаж ойлгуулахыг зорьсон. Хэлэлцүүлэгт тээвэрлэгчид, тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлж буй эрх бүхий байгууллагууд оролцсон. Эдгээр байгууллага цааш нь бүх харилцагч болон жолооч нартаа мэдээллийг үнэн зөв хүргэх хэрэгтэй. Олон улсын стандартыг мөрдүүлэхэд гаалийн байгууллага дангаараа хичээж ажиллаад нэмэргүй гэдгийг дахин хэлье. Цаг хугацааг хэмнэхийн тулд бидний хамтын ажиллагаа нэн тэргүүнд чухал байгаа юм.
-УБТЗ энэ талд хэрхэн хандаж байна. Олон улсын стандарт хэрэгжүүлэгч байж чаддаг уу?
-Манай улсын хамгийн том тээвэрлэгч байгууллага бол УБТЗ яах аргагүй мөн. Зохих түвшинд эрвийх дэрвийхээрээ л ажиллаж байгаа. Гэхдээ бид хугацааны хувьд илүү хурдан байгаасай гэж хүсдэг. Чойр, Айраг гэхчлэн эрдэс бүтээгдэхүүн экспортолдог зарим өртөөнд очиж хяналт хийхээр сэлгээний зүтгүүрийн асуудал үргэлж хөндөгддөг. Арваад жилийн өмнө яригдсан энэ асуудал өнөө жил ч байж л байна. Тэгэхээр парк шинэчлэлт хийх, замаа өргөтгөх гэх мэт асуудал УБТЗ-д их байна гэж хардаг. Бид тээвэрлэлт дээр хугацаа маш их алдаж, хүлээлт үүсгэдэг. Энэ нь төмөр замын ачаалал ихсэж, дээд хүчин чадлаасаа хэтэрсэн байна гэсэн үг. Тиймээс хос төмөр зам тавих, өргөтгөх зэрэг шийдэлдээ хурдан орох хэрэгтэй. Ингэж байж бид цаг хугацаанд нь оновчтой зөв хяналтыг хэрэгжүүлнэ.
-Ковидын нөхцөл байдлаас үүдэж Тяньжинд хуримтлагдсан маш их чингэлгийг УБТЗ гаалийн байгууллага хамтраад шуурхай татаж авсан. Одоо ч хуримтлагдаад буй ачааг шуурхай татахын төлөө хамтран ажиллаж байна. Гэвч Улаанбаатарт ачаа хүлээн авч, эргэлтийг хурдасгах талбай хангалтгүй хэвээр. УБТЗ 24 цагаар тасралтгүй ажиллаж байхад терминалууд өдрийн найман цагаар ажиллах нь бий. Энэ талаар таны бодол ямар байна вэ?
-Энэ бол хяналтын бүсийн асуудал. Бид тодорхой хувийн хэвшлүүдэд зарим чиг үүргийг шилжүүлсэн. Тухайлбал, гаалийн хяналтын бүс буюу терминал эзэмшигч гэж тусдаа аж ахуйн нэгж байна. Итгэмжлэгдсэн тээвэрлэгч гэж бас нэг тусдаа аж ахуйн нэгж бий. Мөн татваргүй барааны дэлгүүр эзэмшигч, гаалийн баталгаат агуулах эзэмшигч гэж байдаг. Энэ бүхэн хувийн хэвшил. Тэдэнд тодорхой чиг үүргийг өгдөг. Терминалуудыг бараагаа маш богино хугацаанд эздэд нь олгодог болгох нь их чухал байгаа. Эргэлтийг хурдасгаж, бөөгнөрсөн хоосон чингэлгүүдийг шуурхай буцаах асуудлыг эхнээс нь шийдээд үр дүнгээ өгч байна. Ер нь, хуулиараа терминал дээр буугаад гурав хоногийн дотор гаалийн байгууллагад мэдүүлэх үүрэгтэй. Хэрэв мэдүүлээгүй тохиолдолд түр агуулахын зарчмаар шийддэг. Тэр нь сар, хоёр сар гэх мэт. Тэгэхээр бид энэ хугацааг сурталчлан таниулах, гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдын удаад байгаа шалтгаан нөхцөлийг тодруулах чиглэлээр ажиллаж байна. Амархан гэмтэж муудах ачаа бараа ирж болно. Мөн гадаа задгай ачаа, эсвэл хорио цээрийн хяналтад авах шаардлагатай бараа байж болно. Тиймээс тухайн хяналтын бүс олон төрлийн агуулахтай, хэрэглэгчийн хүссэн барааг тодорхой стандартын дагуу хадгалж хамгаалдаг терминалуудыг бий болгох шаардлагатай байгаа. Цаашид ийм нөхцөл байдал хангасан терминалыг сонгон шалгаруулж хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлнэ.
-Ер нь, ихэвчлэн юунаас болж ачаагаа авахгүй удааж байна вэ?
-Ихэвчлэн татварын мөнгөгүй гэх шалтгаанаар удаасан байдаг. Мөн бичиг баримт боловсруулалт хангалтгүй гэсэн тохиолдлууд ч бий. Иргэд бараа бүтээгдэхүүнээ авахгүй удаадаг нь олон талтай. Баяр ёслол таардаг, амралт зугаалгаар явчихдаг. Энэ нь хиймэл ачаалал хүндрэлийг үүсгэдэг. Харин бид хувь хүнээс шалтгаалахгүй бусад хүчин зүйл, нөлөөллийг олоод түүнийг бууруулахын тулд бусад төрийн байгууллагатай хамтран мэдээлэл солилцох тактик боловсруулан ажиллаж байна.
Манай улсын гаалийн байгууллага Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн. Энэ хүрээнд жил тутамд гишүүн байгууллагууддаа тодорхой зөвлөмжийг өгдөг. Хил дээр маш богино цагийг зарцуулан гүн рүүгээ нэвтрүүлэхийг зөвлөдөг. Гаалийн хяналтын үйл ажиллагаа бүрдүүлэлтийн өмнөх, бүрдүүлэлтийн үеийн, тэгээд дараагийн шат гэж явдаг. Бид бичиг баримт бүрдүүлэлтийн шатандаа 98 хувийг нь зарцуулж байна. Цаашид бүрдүүлэлтийн өмнөх болон дараах шатанд дийлэнх үйл ажиллагааг шилжүүлэхийг үргэлж зөвлөдөг. Энэ процессыг хийхийн тулд бид урьдчилан мэдээллийг авах тогтолцоог бүрдүүлсэн байх ёстой. Тэгээгүй цагт бүрдүүлэлтийн өмнөх шатанд хэрэгжүүлэх боломжгүй. Хамгийн гол нь үнэн зөв мэдүүлсэн үү гэдэг асуудал тулгардаг. Харилцагчид бүгд олон улсын стандартыг мөрдөхгүй байгаа учраас гаалийн байгууллага нүүр тулсан харилцаагаа орхиж чадахгүй байгаа юм. Үүнийг бид хамтдаа шийдэх ёстой.
-Дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье!
М.Наранболд