Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн дарга бөгөөд зангилааны орлогч Г.Цогтбаатартай ярилцлаа.

 

-Юуны түрүүнд танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн оны ажлын үзүүлэлтээрээ Замын-Үүд зангилаа дэд байрт орсон шүү дээ. Тэр амжилтад танай ачиж буулгах ангийн хамт олны хөлс хүч их бий. Тиймээс хоёулаа өнгөрсөн жилийн ажлын үзүүлэлтээс ярилцлагаа эхлэе?

-Баярлалаа. Тэгэлгүй яах вэ. 2022 онд Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн хэмжээнд нийт гурван сая тонн ачаа боловсруулсан. Үүнд дотроо онцолбол 132960 чингэлэг ачиж түүхэн амжилтыг тогтоосон. Энэ нь 2021 онтой харьцуулахад 6.8 хувиар буюу 191 мянган тонноор илүү байгаа юм. Ер нь, 25 жилийн түүхтэй манай байгууллага 2013 онд цементийн ид ачааллын үед л гурван сая тонн ачаа боловсруулж байсан түүхтэй. Үүнээс харахад өнгөрсөн онд хэдийгээр цар тахлын хориг гүйцэд тавигдаагүй, жилийн ихэнх хагаст хөл хорионы байдалтай, БНХАУ-ын хил хаалттай зэрэг хүндрэл нэлээд байсан ч манай ажилчдын хувьд өдөр шөнөгүй, нойр хоолгүй цэвэр хөдөлмөрөөрөө боловсруулсан ажил учраас маш их бахархалтай байна. Өнгөрсөн онд импортоор 1.7 сая тонн, транзит ачаа нэг сая тонн, орон нутгийн ачилтаар 338 мян.тонн ачаа боловсруулж, нийт ангийн хэмжээнд түүхэнд байгаагүй буюу 30.5 тэрбум төгрөгийн орлого, есөн тэрбум төгрөгийн цэвэр ашиг хуримтлуулж ажилласан.

-Он гарсаар танай хамт олон хэд хэдэн удаа хоногийн дээд амжилт тогтоолоо. Энэ нь ачаа тээврийн үзүүлэлт, эдийн засгийн нөхцөлийг дээшлүүлэхийг зорьж буй өнөө цагт маш сайхан мэдээ байсан. Тэгэхээр та бүхэн дээд амжилт тогтооход ямар зохион байгуулалтаар ажиллав?

-Өнгөрсөн оны ачилтын амжилтыг дурдвал олон бий. Тухайлбал, тавдугаар сарын 15-ны II ээлжид нийт 284 вагон ачиж, 187 вагон буулган, 289 бичиг баримт боловсруулсан. Мөн сарын 31-ний II ээлжид 312 вагон ачиж, 177 вагон буулган, 342 бичиг баримт боловсруулан өмнөх амжилтаа эвдэж чадсан. Улмаар манай хамт олон арваннэгдүгээр сарын 5-ны I ээлжид нийт 327 вагон ачиж, 179 вагон буулган, 374 бичиг баримт боловсруулсан бол тавхан хоногийн дараа нь II ээлжид нийт 336 вагон ачиж, 234 вагон буулган, 372 бичиг баримт боловсруулсан. Түүнчлэн, арваннэгдүгээр сарын 21-ний I ээлжид 363 вагон ачиж, 208 вагон буулган, 374 бичиг баримт тус тус боловсруулан таван удаа дээд амжилтыг тогтоож ажилласан. Энэ он гарсаар гуравдугаар сарын 22-ныII ээлжид ачаа сэлгээний зохицуулагч Н.Наранбаатар ахлагчтай, сэлгээний операторч Ж.Мөнгөншагай,  ахлах ачаа вагон хүлээлцэгч С.Гантуяа, О.Цэрэнсүрэн, Э.Энхцэцэг, Х.Ууганбаяр нарын удирдлагад ачаа вагон хүлээлцэгч О.Болормаа, М.Анхзул, Н.Оюунсайхан, Н.Солонго, Ц.Нинжбадгар, Г.Насантогтох, А.Энхтөр, Б.Азбилэг, тооцооны операторч Б.Онон, О.Аминзаяа, С.Сарантуяа, өөрөө явагч краны жолооч Г.Ганзориг, Б.Өнөрбалжинням, О.Бат-Эрдэнэ, гүүрэн кранчин Д.Отгонбаяр, Гс.Ганзориг, оосорлогч Э.Энхбат, Т.Мөнхсайхан, Л.Оюунбат, Э.Өсөхбаяр,  Э.Рэнцэнсамбуу, Н.Отгон-Эрдэнэ, Д.Баттөр, ачигч Д.Бат-Эрдэнэ, М.Отгонбат, Н.Мөнгөнцацралт, О.Бат-Эрдэнэ нар ур чадвараа гаргаж ачилтын технологит хугацаанаас богино хугацаанд ажил гүйцэтгэсэн. Тодруулбал,397 чингэлэг, 12 хагас вагон, найман битүү вагон, нийт 417 вагон, чингэлэг шилжүүлэн ачиж, нарийн царигийн вагоноос 167 вагон талбайд буулгаж, 388 бичиг баримт боловсруулан ачилтын амжилтыг дахин шинэчлэн тогтоосон. Ачилт, буулгалтын ажиллагаанд хөдөлгөөний аюулгүй байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, түргэн шуурхай ажилласан, хятад вагоны сул зогсолтыг бууруулж, ээлж хамт олныг зөв зохион байгуулсан нийт хамт олондоо энэ ташрамд талархал илэрхийлж аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөн энд ачилт, буулгалтын ажиллагаанд оролцдог Замын-Үүд өртөө, Эргэх депо, ТҮГ-ын хамт олныг дурдахгүй өнгөрч болохгүй. Бид бүгдийн хамтын ажлын л үр дүн шүү дээ.Олон жилийн дунджаар Замын-Үүд зангилааны хамт олон гар бие нийлж, нэг баг болж ажиллаж чадаж байгаа. Үүн дээр Замын захиргаанаас бидэнд хэрэгтэй тоног төхөөрөмж техникүүдийг шуурхай шийдэж өгдөг. Дээр нь чиглэл хариуцсан удирдлагуудын зөв зохион байгуулалтаар энэ бүх амжилтыг тогтоосон гэж үзэж байна.

-Цаашид хоногийн ажлын бүтээмжийг өнөөгийнхөөс нэмэгдүүлэх боломж хэр байна вэ?

-Бид нэг ээлжийн 12 цагт 417 вагон ачиж дээд амжилтыг тогтоосон. Цаашид техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, вагоны хангалт болон сэлгээний ажлыг саадгүй хийж, мөн ачааны урсгал жигд ирсэн тохиолдолд энэ амжилтаа нэг ээлжид дахин 50 хувиар нэмэгдүүлэх боломжтой. Бидэнд нөөц бололцоо, ажлын туршлага хангалттай байна.

-Хилийн хэлэлцээрээр урд хөршид хоногт 15 галт тэрэг хүлээлгэн өгөхөөр болсон шүү дээ. Өнөөгийн байдлаар та бүхэн тогтмол энэ хэмжээндхүлээлгэн өгч чадаж байна уу. Мөн импортын ачааг нэмэгдүүлэх хүрээнд хэдэн галт тэрэг хүлээж авч байгаа вэ?

-Өнгөрсөн онд галт тэрэг солилцоо зургаа хүртэл буурсны та бүхэн мэднэ. Харин оны эцсээс бага багаар нэмэгдсээр энэ он гарсаар эхний улиралд 14 галт тэрэгт хүрсэн. Зарим тохиолдолд 15 галт тэрэг солилцсон. Улмаар, дөрөвдүгээр сарын 1-нээс өргөн царигаар тогтмол 15 галт тэрэг хүлээлгэн өгч байна. Мөн нарийн царигаар бид хоногт 7.8 галт тэрэг хүлээн авч боловсруулж байгаа.

-Өнөөгийн байдлаар танай талбайнуудад ямар төрлийн хэр их ачаа, чингэлэг хуримтлагдаад байна вэ?

-Энэ сарын 7-ны байдлаар нийт 3043 вагоны үлдэгдэлтэй байна. Энэ нь их санагдаж байгж мэдэх юм. Үүний 2857 чингэлэг, 13 битүү вагон чулуу, таван хагас вагон төмөр, долоон тавцант вагон техник зэрэг Монгол Улсаар дамжин өнгөрөх транзит ачаанууд юм. Энэ нь Орос Украины дайнтай холбогдуулаад ОХУ-аас орж ирэх вагоны хангалт жигд бус байгаатай холбоотой. Мөн импортын 113 чингэлэг, 29 битүү вагон, 12 хагас вагон, долоон тавцант вагон ачааны үлдэгдэлтэй байна. Учир нь, хоногт 7-8 галт тэрэг буюу 400-440 вагон хүлээж авч буй учир импортын ачаа ийм үлдэгдэлтэй харагдаж байгаа юм.Гэхдээ импортын энэ ачилтыг бол бид ээлжидээ бүрэн хийх боломжтой.

-Танайд шинэ калмарууд авахаар өнгөрсөн жил тендер зарлаж байсан. Тендер зарласан калмаруудаа авч чадсан уу?

-Өнгөрсөн онд чингэлэг өргөгч хоёрыг худалдан авахаар Замын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан. Гэсэн ч, тендерээс шалтгаалан хойшлогдсоор, бас хасагдаж нэг “САНИ” маркийн чингэлэг өргөгчийг энэ оны гуравдугаар сард нийлүүлсэн. Мөн энэ оны хоёрдугаар улиралд чингэлэг ачигч хоёрыг худалдан авахаар төлөвлөгөөнд тусгагдсан. Энэ нь ирчихвэл манай байгууллага нийт зургаан чингэлэг ачигчтай болно. Бүс нутгийн логистикийн төвд нэг зэрэг зургаан чингэлэг ачигч ажиллах техникийн шийдэл бүхий засварын газартай. Одоогийн байдлаар орон тооны штат, техникийн байдлаас шалтгаалан нэг ээлжид чингэлэг ачигчгурвыг ажиллуулж байгаа. Энэ нь бид хүчин чадлынхаа 51 хувийг ашиглаж байна гэсэн үг. Цаашид чингэлэг ачигчийг нэмснээр талбайн хүчин чадлыг бүрэн ашиглах нөхцөл бүрдэх юм.

-Ачаа тээврийн үйл ажиллагааг энэ онд Зам тээврийн хөгжлийн сайд бүрэн цахимжуул гэсэн шийдвэр гаргасан. Энэ хүрээнд танай үйл ажиллагаа бүрэн цахимжиж байна уу?

- Сайдын шийдвэрийг УБТЗ ХНН үйл ажиллагаандаа хэрэгжүүлж АТҮЦС /Ачаа тээврийн үйлчилгээний цахим систем/ программыг нэвтрүүлсэн. Үүний дотор манай байгууллага иргэн, байгууллагын өгсөн захиалгын хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч, цохолтыг хийж байна. Ачаа тээврийн үйлчилгээний цахим систем нэвтэрснээр иргэд, байгууллагатай харьцах ажиллагаа шилэн болж, тэдгээрээс ирэх гомдол санал буурсан нь давуу талтай, сайшаалтай байна.

-Ачаа тээвэр, галт тэрэгний дарааллыг шилэн болгох ажлын хүрээнд оноос хойш бүх галт тэргийг хилийн өртөөгөөр орж ирсэн дарааллаар нь тухайн салбар зам руу оруулж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Орон нутгийн ачилт буулгалтын I, III талбайд илгээгч, үйлчлүүлэгч нарт зориулсан ачааны дарааллыг ил тодоор тусгасан дэлгэц байрлуулан ээлж бүрд нээлттэй, ил тод харуулан ажиллаж байна. Энэ ташрамд хэлэхэд тухайн иргэн, байгууллага ачилтын захиалгаа өгсний дагуу ачааны дарааллын хэд дээр байгаагаа www.ubtz.mn сайтаас гэрээсээ болон дэлхийн хаанаас ч харах боломжтой. Бид мэдээллийг ил тод болгон ажиллаж байгаа нь үйлчлүүлэгч байгууллага болон хувь хүний талархлыг хүлээсэн ажил болж чадсан.

- Хүний нөөцийн тогтвор суурьшлын хувьд ямар байна вэ?

-Манай байгууллага үндсэн 322, гэрээт ес, нийт 331 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Өнөөдрийн байдлаар ачигч, оосорлогч, тооцооны операторч, ачаа вагон хүлээлцэгч гэсэн 18 орон тоо дутуу ажиллаж байна. Хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн маш ихтэй байгууллагын нэг манайх шүү дээ. 2022 онд нийт 88 хүн нэмэгдэж, 104 ажилтан хасагдсан байна. Ажилд орсон, гарсан байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад орсон нь 11 нэгжээр, гарсан нь 32 нэгжээр тус тус өссөн үзүүлэлттэй байгаа. Нийт ажилтнаас таваас дээш жил ажилласан 172 хүн “Төмөр замын байгууллагад тасралтгүй ажилласны нэмэгдэл” авдаг. Энэ нь нийт ажилтны 57.3 хувь нь тогтвор суурьшилтай ажиллаж буйг харуулж байна. Гэхдээ жил бүр тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ажилтны тоо, жилийн шатлалыг өмнөх онуудтай харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа.

Удирдах, инженер техникийн болон ачаа тээврийн ажилчдаас төмөр замын дээд боловсролтой 11, төмөр замын тусгай дунд боловсролтой 22, МСҮТ төгссөн 114 ажилтан байна. Төмөр замын дээд болон тусгай дунд боловсролтой ажилтны тоо жил бүр буурсан үзүүлэлттэй байгаа. Сүүлийн таван жилд инженерээр төгссөн ажилтнууд орон нутагт ажилладаггүй, ажиллаж буй нь өөр байгууллага, алба руу дэвшин ажиллаж байгаагаас шалтгаалан уг үзүүлэлт буурсаар байна. Ийм учраас олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа ажилтнуудын хүндрэлтэй болон шийдвэрлэх асуудлын саналыг аван Хүний нөөцийн алба болон “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд авсан саналд эдгээр асуудлыг оруулсан. Өөрөөр хэлбэл, дунд сургууль төгсөөд олон жил ажилласан төмөр замчид техникчээр болон инженерээр суралцахад математикийн хичээлээр шалгалт авдаг нь хүндрэлтэй байдаг учир хасагддаг. Тиймээс ажилласан жилээс шалтгаалан сургуульд үе шаттай, байгууллагын бодлогоор суралцуулдаг байхыг хүссэн юм. Тухайлбал, 15 жилээс дээш жил ажилласан бол инженерээр, 10 жилээс дээш бол техникчээр гэх мэт ажилласан жилээр нь суралцуулах. Тэгэхгүй бол албан тушаал дэвших, ахих үед ажлын туршлага, чадвар нь байвч, боловсрол, мэргэжлээс шалтгаалан ажиллах боломжгүй болдог. Үүний хүрээнд 2021-2022 онд гурван ажилтан ашиглалтын техникчээр элсэн сурч байгаа.  Мөн 2022-2023 онд ашиглалтын инженерээр зургаа, ашиглалтын техникчээр дөрвөн ажилтан тус тус суралцаж байна.

-Ажлаас гарч буй шалтгаан нь юу байдаг бол. Шинэ төмөр замууд руу явж уу?

-Манайхаас 11 ажилтан “Тавантолгой төмөр зам” руу ажилд орсон. Ер нь, өөрийн хүсэлтээр ажлаас гарч байгаа ажилтнуудыг судлаад үзэхэд эрүүл мэнд, ар гэрийн шалтгаан, хувиараа ажил хийх, УБТЗ-ын өөр салбар нэгж рүү шилжин ажиллах, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг “Тавантолгой төмөр зам” руу ажилд орох гэсэн шалтгаанаар ажлаас гарсан. УБТЗ-ын өөр байгууллага буюу Замын-Үүд өртөө, Цэрэгжүүлсэн хамгаалалт, Эргэх депо, Сайншанд, Улаанбаатар, Толгойт өртөө рүү нийт 13 ажилтан шилжин ажилласан. Гол нь, ажлын ачаалал их, цалин хөлс бага гэсэн шалтгаанаар өөр байгууллагыг сонгож байна. Сахилгын шийтгэлээр халагдсан ажилтнуудын тоо нэмэгдсэн. Энэ нь олон хоног ажлаа таслах буюу ажлаа орхиод явах нь их байгаа. Хамгийн их ажлаас гарч, ордог албан тушаал нь ачигч, оосорлогч. 2021 онд хөл хорионы улмаас ачигч нар тогтвортой ажилласан бол 2022 он гарч хөл хорио тавигдсанаар ажилтнуудын тогтвор суурьшил буурсан. Тодруулбал, өнгөрсөн онд 22 ачигч, есөн оосорлогч сахилгын шийтгэлээр, 16 ачигч, хоёр оосорлогч өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Нийт ажлаас гарсан 38 ачигчийн 16 нь өнгөрсөн онд шинээр ажилд орсон, 22 нь 1-3 жил ажилласан хүн байсан. Ачигчийн сул орон тоонд ажилтан авах зарыг тогтмол түгээж, сум орон нутгийн Хөдөлмөрийн бирж, багийн Засаг дарга нартай хамтран ажиллаж байгаа ч хүн ирэхгүй байна.

-Тэгэхээр ажилтныг тогтвор суурьшилтай байлгах талд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Бид ажилтнуудыг тогтвортой ажиллуулахын тулд шат дараатай албан тушаал дэвшүүлж байна. Энэ хүрээнд 2022 онд 56 ажилтан дэвшсэн. Мөн хүний оронд түр ажиллаж буй ажилтнуудаас сайн ажиллаж байгааг нь үндсэн орон тоо гарсан үед шилжүүлэн ажиллуулдаг. Байгууллагын болон хувийн зардлаар нь мэргэжлийн сургалтад хамруулан мэргэжлийн үнэмлэхтэй болгох ажлыг зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл, бид тухайн ажилтны ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх нь чухал байна. Мөн ачигчаар ажилд орсон ачигч нарт цалингийн зээл авах тодорхойлолтыг нэг жил ажилласных нь дараа өгдөг байсныг зургаан сар болгосон. Дээр дурдсан “Говийн төмөр замчин” хөтөлбөр ч тогтвор суурьшилтай ажиллах боломжийг олгож байна. Тухайлбал, үндсэн цалин дээр говьд ажилласны нэмэгдэл 150 мянган төгрөгийн урамшуулал олгодог болсон. Хийснээр цалинтай ажилтнууд буюу кранчин, оосорлогч, ачигч нарт сар бүр 300 мянган төгрөгийн урамшууллыг олгож байна. Энэ бол маш том дэмжлэг. Ер нь бидний хамгийн их анхаарч буй асуудал бол хүний нөөц. Бид энэ талд дорвитой арга хэмжээ авч ажиллана.

-Ярилцлагын төгсгөлд, танд хэлэх өөр зүйл юу байна вэ?

-Би нэг зүйлээр бахархаж явдаг. Манай төмөр замчид бол чимээгүй баатрууд юм. Дэлхий нийтээр тархсан ковидын цар тахлынүе буюу өнгөрсөн гурван жилд төмөр замын тээврээс гадна Хятад улс хилээ хаагаад тэг зогссон үед бид автомашинаар тэг цэгээс орж ирсэн ачаатай 32100 чингэлгийг Логистикийн төвдөө татан авч боловсруулан, бүрэн удирдлагаар хангаж ажилласан. Ер нь, хил хаалттай үед Монгол Улсын эдийн засаг, ачаа эргэлт, хүнсний бүтээгдэхүүн, эм эмийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний барааны хомсдолд орж, үнийн өсөлт гарч эхэлсэн. Энэ үед манай хамт олон ажлын байрандаа тусгаарлагдан гэртээ харих завгүйгээр 24 цагаар ажиллаж, энэ бүх хүндрэлийн эсрэг зогсож чадсанаар УБТЗ төдийгүй ЗТХЯ-ны нэр хүндийг өргөж, нийт ард иргэдийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн. Хэдийгээр бидний хийх ёстой ажил боловч үүргээ давуулан биелүүлж чадсан хамт олноороо би бахардаг. Энэ ташрамд төмөр замчдынхаа төв хэвлэл “Ган зам” сониноо уншиж суугаа нийт төмөр замчдадаа энэ өдрийн мэнд хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе. Төмөр замчдын маань яруу алдар мөнхөд бадарч байх болтугай.

-Бидний урилгыг хүлээн авч дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!

 

ЯРИЛЦСАН М.НАРАНБОЛД