1978 оны наймдугаар сард сан. Техникумээ дүүргэн, Түнх өртөөнд холбооны монтёроор томилогдсон миний бие нэгэн өглөө нь эртлэн босч гарвал, өртөөний хажуу дахь талбайд хоёр гурван ч асар майхан баригдчихсан, хээнцэр дэгжин хувцастай хүмүүс орж гарцгааж харагдав. Ажилдаа гарахаар тэдний хажуугаар хулгайн нүдээр харан, өнгөрөх үед “Үгүй энэ чинь Сэнгээ юу даа” гэх танил дуу гарах нь тэр. Гайхан харвал кино үйлдвэрт ажилладаг миний нагац эгч Дарханхүү буюу бидний авгайлдгаар Дахаа маань инээмсэглэн зогсож байлаа. Тэрээр, надад зохиолч Х.Зандраабайдийн “Хүнд ачаа” туужаар Төмөр замын 40 жилийн ойд зориулсан уран сайхны кино хийх гэж байгаа, киноны ерөнхий найруулагч хальс боловсруулагчийн ажилтай өөрийг нь, “Натурт гарч тархи толгойгоо сэргээ...” хэмээн багтаа авч гарсан тухай ярьж, “Миний хүү өдөрт ирж хоол идэж байгаарай...” хэмээн халамжлав. Ийнхүү би дэлгэцнээ “Газрын жигүүр” нэрээр гарсан төмөр замчдын ажил амьдралаас сэдэвлэсэн анхны уран сайхны киноны зураг авалтад туслахын /туслах ч гэж дээ сум дохионыхоо хэвийн ажиллагааг ханган, гэмтэл саатал гарвал шуурхай засах санаатай өртөөний замаар нааш, цааш холхих ганц зүтгүүрийг даган хөлсөө гартал таваргаж явсан хэрэг/ зэрэгцээ хоёр, гурван өдөр киночдын хоолыг “буудаж”, хөөр, хөгжил, дүүрэн яриаг нь сонсон, Монгол киноны “Загалмайлсан эцэг” Д.Жигжид хэмээх бурхан найруулагчийг ойроос харж, нар жаргаж ажил татарсан хойно задгай галын дэргэд киноны гол дүрийн нэг Чулууны
...Нугын алаг цэцгэнд нь
Намираа бороо шиврэнхэн орно оо
Нутгийн хоёр залуу гээд
Нууцхан сэтгэлдээ шивнэнхэн хоцорно оо...гэж гитардан дуулахыг сонссон анхны сонсогчийн нэгэн. Ганц би ч биш Түнхийнхэн гэсэн үг л дээ. Уг киноны баг чухам л ахмад, залуу үеийнхний хослол болсон олон гайхамшигтай уран бүтээлчдээс бүрдсэн байлаа. Ерөнхий найруулагч Д.Жигжид, Ерөнхий зураглаач Г.Цэрэн, Ерөнхий зураач Д.Буяндэлгэр, Хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, найруулагч Б.Жамсран, Б.Чимиддорж, зургийн дарга Д.Махбал гээд бүгд л Түнхэд ирсэн дээ. Харин, Лопе де Вегын “Хонины булаг” жүжгийн Лоуренс Д.Цэрэндулам, “Хүргэн хүү”-гийн Жамц баян Л.Найдан,” Эх бүрдийн домог”-ийн Догшин хар Л.Нямсүрэн, “Үер”-ийн Молом занги Б.Дамчаа, “муухай” гэгдэх З.Пүрвээ, “Аман хуур”-ын Д.Элбэгсайхан “Улаанбаатарт байгаа миний аав”-ын Самдан жолооч Р.Дамдинбазар нарын тэр үеийн одууд энэ удаагийн сценд зураггүй тул ирээгүй санагдана. Харин, киноны гол дүрд тоглосон Н.Энхтайван, Д.Алтанхуяг, Д.Ганбат болон, В.Т.Поляков, П.Н.Крылов нар Түнхэд ирж бидний нүдийг баясгаж билээ. Тэд маань мэргэжлийн жүжигчид биш Н.Энхтайван цэргийн албан хаагч офицер, Д.Алтанхуяг Алдар нийгэмлэгийн тамирчин, Д.Ганбат Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгын хөгжимчин, П.Н.Крылов Зүүнхараа өртөөний сэлгээний машинч, В.Т.Поляков УБТЗ-ын ХЭГ-т ахлах инженер байсан юм санж. Гэсэн ч тэд оногдсон дүрүүдээ гайхамшигтай гаргасан авьяаслаг хүмүүс байж дээ. Одоогоос 45 жилийн тэртээ дэлгэцнээ гарч, төмөр зам болон төмөр замчин хамт олны төлөвшиж бүрдсэн түүх, тэдний бахархалт ажил, амьдрал, үерхэл нөхөрлөл, хүсэл мөрөөдлийг яруу тодоор харуулсан “Газрын жигүүр” киноны гол дүрийг бүтээсэн “Учиртай гурван толгой”-н тухай товч боловч өгүүлье.
Ширмэн буюу хурандаа Н.Энхтайван
Ширмэнг олохоор “Монгол кино нэгтгэл”-ийнхэнтэй яривал “Газрын жигүүр”-ийн Ширмээн...Тэр ер нь хөдөөгийн театрын жүжигчин байсан байх. Дахиж л лав үзэгдээгүй... гэлцэв. Таньдаг мэддэг хүмүүсээсээ асууж сурагласаар цэргийн хүн болохыг нь мэдэн, БХЯ-руу утасдан байж арай гэж сургийг нь гаргалаа. Н.Энхтайван хуучнаар Ажилчны болон Октябрын район дараа нь Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Цэрэг иргэний хамгаалалтын хэлтсийн даргаар олон жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан бэлтгэл хурандаа аж. Уулзаж ярилцахад сэтгэлд бүлээхэн, олон таван үггүй ч аливаа асуултад оновчтой цөөн үгээр тов тодорхой хариулчихдаг, би гэхээсээ бид гэж яримтгай сайхан хүн ажээ. Түүний ярьснаас тоймлон уншигч танд хүргэе.
Тэрбээр нийслэлийн унаган хүүхэд. Арван жилийн II сургуулийг дүүргэхдээ хуульч болохоор, Цэргийн нэгдсэн дээд сургуулийн хуулийн ангид бүртгүүлэх гэсэн ч тухайн жил НТХ-ны тогтоол гарч МУИС, ЦНДС болон гадаадын их дээд сургуулийн хууль, гадаад харилцааны ангид зөвхөн малчны хүүхэд суралцуулахаар шийдвэрлэсэн тул хүссэн мэргэжлээрээ суралцах боломжгүй болж. Гэсэн ч элсэлтийн комиссынхон түүний дүнгийн хүснэгтийг анхааралтайгаар харж бие, биедээ дамжуулан үзсэнээ “Тооны төрлийн хичээлд сайн юм байна. Артиллерын ангид оруулъя”... гэцгээн, хойшдын хувь заяаны замыг чиглүүлжээ. Ийнхүү тэрбээр 1975 онд сургуулиа амжилттай төгсөж, АА-ийн 016 нэгтгэлийн мото буудлагын батальонд БМП-ын салааны захирагчаар томилогдов. Цэргийн дүрэмт хувцас угийн нуруулаг залуу офицерт тун ч сайхан зохиж охид бүсгүйчүүдийн харцыг булаах. 1977 он гарсаар хоёр найзын хамт Барилгачдын талбайн орчимд явж байтал өмнөөс нь ирж явсан хоёр хүн түүнийг их л анхааралтай харж, хоорондоо шивнэлдэн нэгийг ярилцсанаа ойртон мэндэлцгээж Энхтайванд хандан “Маргааш кино үйлдвэр дээр очих боломжтой юу...” гэжээ. Ихэд гайхсан Н.Энхтайван маргааш нь кино үйлдвэр дээр очвол шуудхан л Жигжидсүрэн найруулагчтай уулзуулж фото пробонд оруулах юм болов. Хэдхэн хоногийн дараа дуудаж кино пробонд оруулах болсныг мэдэгдэн хувцас хунар, нүүр будаг болоод явчихав. Проб авч байсан өрөөнд орвол будаж шунхадсан гоё гэгчийн охин сууж байсан нь ойрмогхон “Эх бүрдийн домог” кинонд тоглосон Батцэцэг байв. Жийгээ тэргүүтнүүд Энхтайванд тав, гурван өгүүлбэр цээжлүүлэн, түүнийгээ давтан хэлүүлж, уурлуулж, инээлгэсээр цаг гаруй болсны дараа “Суварган цэнхэр уулс” нэртэй цэрэг эрсийн амьдралаас сэдэвлэсэн кинонд тоглуулахаар тэнцсэнийг дуулгажээ. Гэсэн ч тэр энэ кинонд тоглож амжаагүй аж. Учир нь, тэр намар түүнийг хэдэн цэрэг захируулан Сэлэнгэ аймгийн Хүдэрийн тэжээлийн аж ахуйд хадлан бэлтгүүлэхээр явуулчихаж. Уг ажил дуусмагц Дарханы элеваторт ажиллуулах болов. Ингэж тушаалаас тушаалын хооронд явсаар өвөлтэй золгож сая хотод орж ирвэл дивизийн захирагч генерал Туваанжав дуудаж, Яамны боловсон хүчний газрын дарга Бээжин хурандаагийн шийдвэрээр Кино үйлдвэрийн мэдэлд очих болсныг мэдэгдлээ. Ийнхүү түүний уран сайхны кинонд тоглох үүд хаалга нээгдэв. Кино үйлдвэрт түүнийг нэрд гарсан найруулагч Д.Жигжид, найруулагч Б.Жамсран, оператор Г.Цэрэн нар угтан Төмөр замын 40 жилийн ойд зориулан бүтээх уран сайхны кинонд пробгүйгээр тоглуулахаар шийдвэрлэснийг дуулгахын зэрэгцээ Д.Жигжид найруулагч түүнд хандан “Би чамайг Жигжидсүрэнгээс их өндөр үнээр худалдаж авсан шүү хичээгээрэй...” гэсэн нь хэдийгээр инээмсэглэн байж намуун зөөлнөөр хэлсэн үг ч, ангийн захирагчаасаа авсан тушаал шиг л сонсдож...”Мэдлээ, гүйцэтгэе” гэх нь дөхсөн гэдэг. Харин, дараахан нь тааралдсан Жигжидсүрэн найруулагч “Чамайг Жийгээгийн кинонд өгчихөөд Хилийн цэргийн чуулгын Эрдэнэ-Очирыг өөрийн кинондоо тоглуулахаар болсон шүү. Гомдохгүй юм байгаа биз дээ” хэмээжээ. Хэдэн сарын дараа кино зураг эхлэх болж хамт тоглох Шүр буюу Д.Алтанхуяг, Чулуун буюу Д.Ганбат нартайгаа танилцав. Гурвуулаа долоо хоног хамтдаа кино үзэв. Тэгтэл ч зураг авалт эхлэлээ. Одоогийн “Тэнгис” кино театрын орчимд барьсан хэдэн гэр, майханд авагдсан анхны зураг авалтыг “Тэвдэж сандрах, ээрч гацах, санамсаргүйгээр камер руу харах зэрэг юм байж болохгүй шүү” гэх заавар зөвлөгөөг чухам л ханаталаа авсны учир тун ч гайгүй давжээ. Тэр оройгоо мань гурвыг гэрээ сахиж, хамт хонох үүрэг хүлээлгэсэн нь залуусын олон жилийн үерхэл нөхөрлөлийн эхлэл болсон аж. Тэдний нөхөрлөл хэдхэн жилийн өмнө, эхлээд Д.Ганбатыгаа, дараа нь Д.Алтанхуягийг тэнгэрийн оронд дэвших хүртэл үргэлжилжээ.
Ер нь, киноны зураг Зүүнхараа, Түнх өртөө, 14 дүгээр зөрлөг, Төв аймгийн Бүрэн суманд, үлдсэн нь кино үйлдвэрийн павильонд авагдсан аж. УБТЗ-ын удирдлага ч зураг авалтад онцгой анхааран тусалж байв. Ямартаа л 14 дүгээр зөрлөгт хийсэн зураг авалтад манай улсад төрийн айлчлал хийсэн Унгар Улсын төрийн тэргүүнд зориулан гаргасан 10 тусгай вагонтой цувааг бүх л эдлэл, хэрэгсэл, хангамж үйлчилгээтэй нь хамт киночдын мэдэлд хэд хоногоор өгч байхав дээ. Замын нэгдүгээр орлогч дарга, киноны Ерөнхий зөвлөх Н.Цэрэнноров зургийн талбайд хэдэнтээ ирнэ. Тэр болгонд ямар нэгэн асуудал шийдүүлэх. Кино төлөвлөгдсөн хугацаандаа дэлгэцэд шилжсэний нэг шалтгаан ч энэ байсан байх.
-Киноны өөр нэг онцлог нь олны танил мэргэжлийн жүжигчид, дээр нь гол дүрийн “Учиртай гурав”-аас гадна тэр үед төмөр замд ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтэн В.Т.Поляков, В.Н.Полякова, П.Н.Крылов нар дүр бүтээснээрээ хоёр орны ард түмний найрамдлын бэлгэ тэмдэг болсон энэ байгууллагын түүхийг жинхэнэ утгаар нь илэрхийлэн харуулсан дорвитой бүтээл болжээ. Н.Энхтайван, киноны багийнхнаас Д.Жигжид найруулагчийг онцлон дурдаж, -Жирийн үед энгийн даруу, яриа хөөрөөтэй нэгэн ч зураг авалтын үед эрс өөрчлөгдөж, цохиод авах нь холгүй догширдог, жүжигчдийн сонголтыг их зөв хийж, тэднээс хүссэнээ гаргуулж чаддаг мундаг зохион байгуулагч, жинхэнэ найруулагч... хэмээн магтсан.
Түүнээс, Жигжид найруулагчид хэр их загнуулж байв даа? хэмээн асуувал, “Бид хоёр Зүүнхараад авсан сцений үед бороонд өмсөх хувцаснаас болж ганцхан удаа ам муруйсан. Тэгээд долоо хоног дуугаа хурааж явсан ч төдөлгүй эвлэрсэн дээ. Жигжид гуай маань Цэрэндулам гуай, Дамдинбазар гуай, Найдан гуай энэ хэдийг бол загнаж өгнө шүү дээ. Тэдний чадварыг сайн мэдэх учир илүү ихийг гаргах гэж тэр байх л даа... гэлээ. Жигжид найруулагч хэдэн жилийн дараа түүнд “Мандухай сэцэн хатан” киноны дүр өгсөн нь жүжиглэх ур чадварыг нь үнэлснийх бололтой. Харамсалтай нь, БХЯ-ны удирдлага түүнд чөлөө олгоогүй аж. Цэргийн хүнд даргын үг хууль учир яалтай билээ. Түүний ярианд цэргийн хүний цэгц шударга зангаас гадна төмөр замчин хүний үүрэг, хариуцлагаа ухамсарлан, өмнөө тавьсан зорилтоо биелүүлэхийн тулд бие сэтгэлээ бүрэн зориулдаг эрхэм чанар цухалзах нь, магадгүй “Газрын жигүүр”-ийн гал тогоонд хэсэгхэн хугацаанд ч бол буцалж явсных болов уу. Тэрбээр, “Төмөр замчдын ажил, амьдралыг харуулсан кинонд гол дүрийг нь бүтээж, тэдний амьдралаар хэсэгхэн ч бол амьдарч явсан нь надад тохиосон асар их аз завшаан юм шүү... Би өнөөг хүртэл өөрийгөө төмөр замчинтай адилтган бодож, тэднийхээ ажил амьдралыг нь өөдрөг сайхан байгаасай гэж хүсч явдаг юм...” хэмээн чин сэтгэлээсээ өгүүлсэн билээ.
Шүр буюу тамирчин Д.Алтанхуяг
Ширмэнгийн дурлалт бүсгүй Шүрийн дүрийг бүтээсэн Дүгэрээгийн Алтанхуяг төмөр замчны гэр бүлээс гаралтай юм билээ. Түүний аав 1950-аад оны эхээр цэргийн албанаас халагдан, төмөр замд ирж, Зүүнхараа зангилаанд ҮЭ-ийн хорооны даргаар ажиллаж байжээ. Улмаар аавыгаа хотод шилжин ирэхэд нь Алтанхуяг ХХ сургуульд элсэн суралцаж, төмөр замын тосгонд өсч өндийжээ. Төдөлгүй зохих газрын шийдвэрээр Төмөр замын батальон гэх цэргийн тусгай анги байгуулагдахад төмөр замд ажиллаж байсан хуучин цэргийнхнээс хэд хэдэн хүнийг уг ангийн удирдах бүрэлдэхүүнд томилсны нэг нь ахмад Дүгэрээ байв. Тэрээр, цэргийн анги салбаруудад улс төрийн ажил эрхлэн дэд хурандаа цолтойгоор гавьяандаа гарсан аж. Түүний энэ ажил амьдрал охин Алтанхуягт нь нөлөөлж, тэрээр 33-р сургуульд шилжин суралцаж, сагсан бөмбөгийн спортоор хичээллэн 15-хан настайдаа спортын мастерын болзол ханган, “Алдар” нийгэмлэгт харьяалагдах болов. Энэ нь түүний “Газрын жигүүр”-т тоглох аз завшааныг олгосон ч байж болох. “Алдар” нийгэмлэгийн тамирчин бүсгүй бэлтгэл сургуулилтынхаа завсарлагаар хоолны зааланд орж, тэнд хооллож байсан киноны багийнхны нүдэнд нь өртжээ. Өндөр гоолиг нуруу, эрвэлзсэн алаг нүд, хараацайн жигүүр шиг хөмсөгтэй бүсгүйг найруулагч Б.Жамсран олж, ерөнхий найруулагчдаа танилцуулснаар нутгийн хоёр залуугийн сэтгэлийг булаасан Шүрийн дүр эзэнтэй болов. Энэ үед Д.Алтанхуяг 22-хон настай байжээ. Тэрээр, Шүрийн дүрийг гайхалтай сайхан гаргасан. Суудлын вагоноос хоцорчихоод гүйж суудаг хэсэгт аргагүй л тамирчин хүнийх нь чадвар илэрхий харагддаг. Ер нь тэр харахад уян зөөлөн юм шиг мөртлөө тамирчин хүний тэсвэр хатуужил, хүч тэнхээ нэвт шингэсэн бүсгүй байжээ. Энэ талаар Ширмэн буюу Н.Энхтайван хурандаа “Зураг авалтын завсарлагаар бид гуравт тоглож наадах, хөгжилдөх үе бишгүй дээ. Сахилгагүйтэн ноцолдоход бид хоёр түүнийг дийлдэггүй байсан. Ганцхан муриад л дороо хийнэ. Их эршүүд хүч тэнхээтэй мөртлөө жигтэйхэн уян зөөлөн, сайхан сэтгэлтэй бүсгүй байж билээ... хэмээн дурссан.
Д.Алтанхуягийн төрсөн дүү Д.Алтанцэцэг “Эгч минь хүний дээд байсан. Сүүлийн үед цэргийн ангиудад нууцын эрхлэгчээр олон жил ажилласан учир цэвэрч нямбай, цэгцтэй болсон гэж жигтэйхэн. Кино үйлдвэрийнхэн өөр кинонд тоглуулах гэж хэд, хэдэн удаа дуудсан ч албан ажлаас нь чөлөөлөөгүй тул тоглож чадаагүй. Гэсэн ч ард түмний дунд “Газрын жигүүр”-ийн Шүрийн дүрээр өөрийгөө мөнхөлсөн хүн дээ...хэмээн өгүүлсэн. Юу үнэн гэвэл энэ л үнэн бөлгөө.
Чулуун буюу хөгжимчин Д.Ганбат
Д.Ганбат “Учиртай гурав”-ын нөгөө хоёрыгоо бодвол бараг жүжигчин хүн. “Мартагдашгүй намар”, “Хөдөөгийн баясгалан” зэрэг кинонд туслах дүр бүтээсэн, Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгад их хуур хөгжим олон жил тоглосон тул урлагийнхан дунд “Матар” Гамбаа нэрээр алдаршсан нэгэн. “Матар” гэдэг нь муухай гэсэн үг биш, бусдыг дуурайхдаа чадварлагаас нь үүдэлтэй үг юм билээ. Харин, өөрөө бол өндөр нуруу, өтгөн хөмсөг, монхордуу хамар гээд эр хүнд байвал зохих шинж бүрийг багтаасан, одоогийн хэллэгээр охид хүүхнүүдийн “краш” болсон сайхан эр. Бас гитартай сайхан дуулна. Миний дээр өгүүлсэн киноныхоо дууг өөрөө дуулах гэсэн ч хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуай Самбуугаар дуулуулна гэж зөрсөн гэдэг. Одоогийн Ардын жүжигчин Самбуу жинхэнэ од болж байсан үе л дээ.
Д.Ганбат, Булган нутгийн хүн. Хугацаат цэргийн алба хааж байхдаа Москва хотын манай цэргийнхний дунд “Бабушкин” хэмээн алдаршсан хилийн цэргийн сургуульд суралцсан ч бүрэн курсийг нь дүүргэлгүй хурдавчилсан маягаар төгсөж иржээ. Тэгээд л УАДБЧ-д хөгжимчнөөр орж. Орос, Англи хэлээр чөлөөтэй ярьдаг, овсгоо самбаатай, хөгжил, хөдөлгөөнтэй түүнийг кино багийнхан Чулууны дүрд бараг л шуудхан нэрлэсэн гэдэг. Тэр ч нөгөө хоёртоо нөмөр нөөлөг, тус дэм болохын зэрэгцээ өөрт оногдсон дүрээ чадварлаг гаргасан билээ. Урлагийн газар ажилладаг, урьд нь кинонд тоглож байсан, тэгээд ч нөгөө хоёроосоо хэд гурван насаар ах болохоор ингэх нь ч аргагүй аж. Түүний гэргий Янжмаа Түнхийн кино зураг авалтын үеэр гаруйтай охинтойгоо хамт явж байснаа дурсахад “Нээрэн задгай галын дэргэд Ганбатыг киноныхоо дууг гитартай дуулж суухад нь нялх хүүхэд тэвэрсэн гол шиг бүсгүй уярлын нүдээр ширтэн зогсож байсныг нэхэн саналаа. Тэр үеийн дурсамж киноны хальс эргүүлэх шиг нэг нэгээр тодорсоор... Хорвоо гэдэг уужим ч бас уйтан гэдэг дээ. Түүний тухай Н.Энхтайван дурсахдаа, -Д.Ганбат маань чухам л хүний хайлан байсан сан. Нэг ёсондоо жүжигчний дөргүй Д.Алтанхуяг бид хоёрын ширээний багш л байлаа шүү дээ... хэмээн өгүүлэхэд нүдэнд нь гунигийн манан сүүмэлзэж байлаа.
...Нэгэн үзүүрт сэтгэлээр чулуун хэрмийг ч бол нэвтэлнэ
Нэгэнт өнгөрсөн андаа дурсахад хүрэл зүрх ч хайлна... гэдэг энэ буюу.
Энэхүү бичвэрийнхээ төгсгөлд “Газрын жигүүр” кино нь жинхэнэ төмөр замын, төмөр замчдын бүтээл болсон гэдгийг онцолж хэлье. Киноны өгүүлэмж, үйл явдал үүнийг батлахаас гадна киноны дүрүүдийн нэгийг төмөр замчдын дундаас урлагийн тэнгэр мандсан “од” Банзарын Дамчаа (машинч) бүтээж, 30 шахам жилийн дараа дүрэмт хувцсаа өмсөн, алхаа барьж, Төмөр замын ҮЭ-ийн Зөвлөлийн хэлтсийн эрхлэгч, Соёлын ордны даргаар ажиллаж асан Б.Махбал зургийн даргаар нь ажилласан явдал үүнийг бүр ч тодотгох болов уу.
МУСГЗ Л.Сэнгээ