Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нэгдүгээр зэрэглэлийн 233 км төмөр замыг 2022 оны есдүгээр сард ашиглалтад оруулсан билээ. Харин гол замаа зах зээлтэйгээ буюу Хятадын хилтэй холбож чадаагүй. Тодруулбал, өргөн царигтай барьсан төмөр замаа Хятадын нарийн царигийн төмөр замтай тохируулах хил холболтын ажил хийгдээгүй гацсан. Өөрөөр хэлбэл, монголчууд экспортын гол төмөр замаа богино хугацаанд барьж чадсан сайн ч хил холболтоо хийж чадаагүйгээс “мухар зам” гэж нэрлээд буй.

Манай талаас тавьсан төмөр зам хоёр улсын Засгийн газрын тохирсон холболтын цэгээс 20 орчим км зөрсөн, дээр нь нэлээд өндөрлөг газар тохируулга хийх шаардлага үүссэн. Албаныхны хэлснээр Монголын Гашуунсухайт боомтыг Хятадын Ганц мод боомтой холбоход багадаа хоёр жил шаардлагатай гэж байв.

Зам тээврийн хөгжлийн яамнаас өнгөрсөн гуравдугаар сард Гашуунсухайт-Ганц мод боомтын холболтын төмөр замыг барьж байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулах сонгон шалгаруулалтыг зарласан байна. Энэхүү нээлттэй сонгон шалгаруулалтыг хоёр сарын хугацаанд зохион байгуулж, “Хятадын төмөр замын хоёрдугаар товчоо” шалгарчээ. Тус компани хоёр улсын төмөр замын хил холболтын зураг төсөл, ТЭЗҮ-г энэ зундаа багтаан дуусгаж, барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөснийг Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээллээ.

Хэрвээ Гашуунсухайтын төмөр зам Хятадын төмөр замтай холбогдвол Монгол Улс нүүрс, зэсээ авто замаар бус төмөр замаар дэлхий зах зээлд гаргаж, тээврийн өртөг 2-3 дахин буурах, экспортын гол түүхий эдийн биет хэмжээ үлэмж нэмэгдэх хүлээлт бий.

 

Эх сурвалж: itoim.mn