Олон улсын Төмөр замуудын холбоо 2009 оноос НҮБ-тай хамтран “Олон улсын гармын мэдлэг дээшлүүлэх өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн. Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь төмөр замын гармууд дээр аюулгүй байдлыг хангах, эрсдлийг бууруулахад чиглэдэг. УБТЗ-ын хувьд дээрх холбооны гишүүнээр 2013 онд элссэнээс хойш энэ өдрийг жил бүр өргөн тэмдэглэж байгаа билээ. Өнөө жил 16 дахь удаагийн “Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр” (ГМДОУӨ)-ийн олон улсын хурал ирэх зургадугаар сарын 06-нд Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод зохион байгуулагдахаар болжээ. Харин оны зорилтот бүлэг нь “Vulnerable users” буюу “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд”-д чиглэж буй аж. Харин УБТЗ-ын хувьд ГМДОУӨ-ийг угтаад “Төмөр замын гармын аюулгүй байдлын зөвлөгөөн”-ийг гуравдугаар сарын 29-нд Тээврийн хяналтын албанаас зохион байгууллаа. Зөвлөгөөнд ЗТХЯ-ны төлөөлөл, УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн, Суурь бүтэц хариуцсан орлогч дарга К.Р.Белош тэргүүтэй галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой алба, хэлтэс, зангилаад, ангиудын удирдлагууд, Тээврийн хяналтын албаны байцаагч нар, төмөр замчид, мөн Тээврийн цагдаагийн алба, Төмөр зам дахь Цагдаагийн газар, Тээврийн прокурорын газар, ЗЦГ-ын Замын хөдөлгөөний удирдлагын хэлтэс, Нийслэлийн авто замын хөгжлийн газар зэрэг байгууллагын төлөөлөл оролцов. Гол хэлэлцсэн асуудал нь төмөр замын гармын эрсдлийг бууруулах, дүрэм журмыг дагаж мөрдөхгүй байгаа иргэд, жолооч нарт тооцох хуулийн хариуцлагыг чангатгах тухай байлаа. Зөвлөгөөнийг Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн нээж хэлсэн үгэндээ “Төмөр замын гармын аюулгүй байдал зөвхөн УБТЗ-ын асуудал биш юм. Нийт ард иргэд, жолооч нарын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, замын хөдөлгөөний аюулгүй байдал, цаашлаад улс орны эдийн засгийн хөгжлийн тулгуур болсон тээврийн тасралтгүй үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг. Гармын аюулгүй байдлыг дээшлүүлэх чиглэлээр цагдаа, прокурор гээд холбогдох бүх байгууллагатай жил бүр хамтран зохион байгуулж буй ажлууд маань зохих үр дүнд хүрч байна. Улсын хэмжээнд “Түр зогс-бүү яар” нөлөөллийн аяныг зохион байгуулж, гармын аюулгүй байдлын сэрэмжлүүлэг, шторкуудыг бэлтгэн олон нийтэд түгээж, иргэд, жолооч нарт чиглэсэн ухуулга сурталчилгааг хийж ажиллалаа. УБТЗ-ын хэмжээнд гармын тооллого, эрсдлийн үнэлгээг хийж, болзошгүй осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сүүлийн хоёр жилийн хугацаанд эрсдэл өндөртэй нийт 212 гармын найдвартай ажиллагааг хангаж, техникийн байдлыг сайжрууллаа. Гармын эрсдлийг бодитоор бууруулах хамгийн шалгарсан арга бол хоёр өөр түвшинд огтлолцуулах буюу хонгилон гарц болон гүүр барих ажил юм. Цаашид бид хамтын ажиллагааны хүрээнд хүн ам олноор төвлөрсөн томоохон суурьшлын бүсэд байдаг өндөр эрсдэлтэй гармуудыг хоёр өөр түвшинд огтлолцуулан эрсдлийг бууруулж чадна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Өнгөрсөн онд гармын эрсдэл бууруулах томоохон ажлын хүрээнд Сүхбаатар-Дулаан хоорондын 25 дугаар км-т, Шарын голын 42 дугаар км-т, Эмээлт-Толгойт хоорондын 379 дүгээр км-т тус тус хонгилон гарц барьсан. Түүнчлэн, техникийн байдлыг сайжруулах чиглэлээр нийт 59 гарамд 278.7 сая төгрөгийн их засвар болон тохижилтын ажлыг хийсэн байна. Харин гармын тооллого, үзлэг шалгалтын мөрөөр нийт 16 гармыг хаажээ. Тэгвэл энэ онд Багахангай-Мааньт хоорондын замын 518 дугаар км-ийн дагнасан хэрэглээний гармыг “Мончех металл” ХХК-тай хамтран хонгилон гарц барих юм байна. Мөн Толгойт-Улаанбаатар-2 хоорондын 396 дугаар км-ийн гарамд хийж буй хонгилон гарц ашиглалтад орсны дараа уг гармыг хаахаар төлөвлөж буйг Нийслэлийн авто замын хөгжлийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга В.Мягмар зөвлөгөөний үеэр хэлсэн юм. Өнөөгийн байдлаар, УБТЗ-ын хэмжээнд 360 гарам ашиглаж буйн 87 нь бага, 219 нь дунд, 54 нь их эрсдэлтэй байгаа аж. Мөн объектын гэрчилгээ, зөвшөөрөлгүй 56, үзэгдэлт орчин хангалтгүй 47 гарам байна. Дээрх нийт гармын 67 нь гол замд, 293 нь салбар зам болон гүйлтийн холбох замуудад байрладгийг Ш.Нямсүрэн дарга танилцуулав.   

Энэ оны эхний улирлын байдлаар гарам дээр тээврийн хэрэгсэл дайруулсан гурван гологдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр нэгжээр буурсан үзүүлэлт аж. Гэвч гарам дээр автомашин галт тэрэгний урдуур дайрч гарсан, оворгүй зогссоноос галт тэрэг яаралтай тоормос хийсэн 22 дутагдал бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс долоон нэгжээр нэмэгджээ. Ер нь, жилээс жилд гарам дээр тээврийн хэрэгсэл галт тэрэгтэй мөргөлдөх, дайрч гарах зөрчил, осол буурахгүй, харин ч өсөх хандлагатай байгаа нь жолооч нарт тооцох хуулийн хариуцлага сул байгаатай холбоотой гэж үзэж буй аж. Хууль хяналтын байгууллагынхан “Хүний буруутай үйл ажиллагаа, замын бүрэн бус байдал, орчин буюу гармын тэмдэг тэмдэглэгээ стандартын дагуу байршуулаагүй, бүрэн бус тээврийн хэрэгсэл гэсэн дөрвөн хүчин зүйлийн нөлөөллөөр осол гардаг” гэв. Тэдний хэлснээр 98 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс үүдэж гарам дээр гэмт хэрэг, зөрчил гарч буй. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 14.7-гийн 40 дэх заалтад “Төмөр замын гарамгүй хэсгээр нэвтэрсэн, эсхүл төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэснийг өөрчлөн торгуулийг нэмж, хариуцлагыг чангатгах тухай хүсэлтийг УБТЗ-аас ЗТХЯ, Тээврийн прокурорын газар болон ЦЕГ-т уламжилсан ч одоогоор хариу ирээгүй байгаа гэнэ. Үнэндээ аюултай бүсийн дүрэм, журам зөрчсөн иргэн, тээврийн хэрэгслийн жолоочийг 25 мянган төгрөгөөр торгох нь нөлөөлөл үзүүлэхгүй байна гэж төмөр замчид үзэж байгаа юм.

Уг нь, төмөр замын аль нэг гармаар 70 мянгаас дээш автомашин хоногт нэвтэрдэг болсон тохиолдолд иргэд, оршин суугчдын аюулгүй, тав тухтай амьдрах, зорчих нөхцөлийг бүрдүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллага арга хэмжээ авч, голлон оролцох ёстойг ЗТХЯ-ны Салбарын хяналтын газрын шинжээч Д.Батхүү хэлж байлаа. Гэвч тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллага санаачилга гаргах нь бүү хэл УБТЗ-аас тавьсан саналд хариу өгөхгүй удах, хамтран ажиллахгүй байх тохиолдол олон гэнэ. Тиймээс ч УБТЗ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жил бүр гармын аюулгүй байдлыг хангах чиглэлээр маш олон ажил хийж байна. Гэсэн хэдий ч орон нутгийн зүгээс үүнд анхаарч, хоёр өөр түвшинд огтлолцуулах ажилд дорвитой оролцохгүй байгаа нь эрсдэл буурахгүй байхад нөлөөлж буй аж. Тиймээс цаашид орон нутгийг татан оролцуулах, хуулийн хүрээнд шаардлага тавих, мөн жолооч нарт ногдуулах торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэгт хууль хүчний байгууллагууд анхаарч ажиллахаа дуулгасан юм.

Ямартаа ч УБТЗ цаашид гармын гэрэлтүүлгүүдийг нэг стандарттай болгох ажлыг зохион байгуулах, олон улсын болон орон нутгийн авто замтай огтлолцсон
хамгаалалтгүй гармуудын ойртох хэсгийн авто замд чичиргээ үүсгэгч хийхээр төлөвлөсөн байна. Мөн гарам дээр гарсан осол, зөрчил дутагдлын талаарх мэдээлэл, судалгаа, хариуцлага тооцсон байдал зэргийг олон нийтэд мэдээлж, анхааруулга өгөхийг хуулийн байгууллагуудаас хүслээ. Түүнээс гадна нийтийн болон дагнасан хэрэглээний зөвшөөрөлгүй гармуудыг зөвшөөрөлтэй болгох, “Гарам ашиглах журам”-ын шаардлага хангахгүй, зөвшөөрөлгүй гармуудыг хөдөлгөөнд хаах зэрэг арга хэмжээ авахаа Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн дуулгалаа. Түүнчлэн, дараах саналуудыг гаргаснаа танилцуулсан юм.

-Гарам дээр гарч байгаа тээврийн хэрэгсэл дайрагдсан гологдол, дутагдлуудыг зам тээврийн ослоор тооцож судлан бүртгэх болон гарам дээр зөрчил гаргасан жолоочид тооцох хариуцлагын хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар ЗТХ-ийн сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж ажиллах.

-Эрсдлийн үнэлгээний дагуу өндөр эрсдэлтэй, “Төмөр замын гарам ашиглах журам”-ын шаардлагад нийцэхгүй гармуудыг хаах, хоёр өөр түвшинд огтлолцуулах, зайлшгүй шаардлага үүсээгүй бол шинээр гарам нээхгүй байх тухай Гармын аюулгүй байдлыг дээшлүүлэх нэгдсэн бодлогыг баримталж ажиллах.

-Гармын камеруудыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хянах боломжийг бүрдүүлэх, улмаар тус төв авто замын хөдөлгөөнийг ачаалал өндөртэй гармын үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулах.

-Тээврийн хэрэгслүүд нь гарам руу өндөр хурдтай орж гармын хаалт, төхөөрөмж байгууламжийг мөргөж, хөдөлгөөний аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсгэж байгаа тул Дархан-Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замд байрлах гармуудын ойртох хэсэгт хурд сааруулагчийг авто замын засвар үйлчилгээ хариуцсан АЗЗА-аар хийлгэх (202 км, 361, 384, БН-3 км гармууд) зэрэг саналыг гаргалаа.

 

М.Наранболд