Замын даргын намрын үзлэгийн хүрээнд Замын нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байгаа билээ. Хойд чиглэлд хийсэн үзлэгийн үеэр тэрээр Зүүнхараа зангилаа дахь “Ган зам” сүлжээ дэлгүүр, “Моносхон” цэцэрлэг, эмнэлэгийн хэсгээр орж удирдлага хамт олонтой уулзаж, үйл ажиллагаатай нь танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Зүүнхараа дахь “Ган зам” сүлжээ дэлгүүр нь өөрийн гэсэн зориулалтын байранд үйл ажиллагаа явуулдаг. Бараа, материалын нэр төрөл, нөөц хангалттай байна. Ашиг орлогын хувьд өөрсдийгөө бүрэн санхүүжүүлж, ашигтай ажиллах хэмжээнд хүрсэн байна. Тулгарч байгаа хүндрэлтэй зүйл нь бүх бараа материалын захиалгыг бүтэн жилийн өмнөөс хийж, тендер зарлаж худалдан авалт хийдэг учраас зах зээлийн үнийн өсөлт, бууралтыг хэрхэн тооцох, зарим төрлийн барааг яаралтай нийлүүлж авахад эх үүсвэрийг яаж гаргах вэ гэсэн асуудал юм байна. Ялангуяа хавар намрын улиралд мах, ногооны нийлүүлэлт дээр үнэ, ханшийн зөрүү их гардаг. Түүнчлэн худалдан авалтаар тэр бүр нийлүүлэгддэггүй, зөвхөн “Нарантуул” гэх мэт барааны захуудад борлогддог, орон нутагт эрэлттэй байдаг гэр ахуйн хэрэглээний эд зүйлс, гэрийн бүрээс, зуух яндан гэх мэт бараа материалыг худалдан авч, борлуулах гэхээр санхүү бүртгэлийн зөрчил үүсэх гээд байдаг аж.

Иймд сүлжээ дэлгүүрүүдийн орлогоос тодорхой хэмжээний эргэлтийн мөнгийг бүртгэн үлдээж байх хэрэгтэй байна гэсэн саналыг тавьж байлаа. Өөрөөр хэлбэл, бараа татан авалт, борлуулалтын уялдаа холбоог сайжруулахын тулд хууль, журамд нийцүүлэн зарим шийдвэрийг Замын удирдлагын зүгээс гаргах хүсэлт тавьж байлаа.

Энэ ташрамд дурдахад “Ган зам” сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нь хүн ам олонтой өртөө зөрлөгүүд дэх салбаруудад жигдэрч, ашиг орлогоо тодорхой түвшинд барьж ажиллаж байна. Хүн ам цөөнтэй газруудад ашиг орлого олох нь битгий хэл ажиллах хүнч олдохгүй, дэлгүүрээ хаасан тохиолдол гарч байгаа гэнэ. Түүнчлэн байр савны олдоцоос шалтгаалж зарим газарт сүлжээ дэлгүүр ажиллаж чадахгүй байна. Тухайлбал зорчигчийн урсгал ихтэй Түнх өртөөнд одоо хэр сүлжээ дэлгүүр нээгдээгүй байна. Уг нь Эрдэнэт өртөөнд байгаа ашиглалтгүй байшинг нүүлгэж авчирч угсрах талаар судалсан боловч 80 гаруй сая төгрөгийн зардлын тооцоо гарчээ. Энэ нь сүүлийн үеп зах зээлд нэвтэрч байгаа зөөврийн жижиг мухлаг худалдаж авахаас бараг нэг дахин өндөр үнэтэй тусаж байгаа юм байна. Иймд цаашид сүлжээ дэлгүүргүй байгаа газруудад зөөврийн мухлаг худалдан авч суурилуулах саналтай байгаа талаар Замын нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд хэлж байлаа.