-Удирдахын өмнөх машины зогсоол дээр 2004 онд Р.Раш даргатай халз тааралдвал тэрээр, мэнд усаа мэдэлцсэний дараа шуудхан л “За Сэнгээ, Ж.Нямдаш тэтгэвэртээ гарч байгаа.Оронд нь чамайг тавихаар ярилцсан. Зөвшөөрч байвал Ю.Нямжаргалтай уулз...” гээд машиндаа сууж одов. Ийнхүү миний бие Хэвлэх үйлдвэрийн дарга-“Ган зам” сонины эрхлэгчээр томилогдож билээ. Ахмад төмөр замчин, чадварлаг сэтгүүлч Ж.Нямдаш гуай, намайг томилох саналыг өөрөө Р.Раш даргад оруулсан гэдэг. Энэ бичгийн хүн “Чи төмөр замчин. Дээр нь шүлэг зохиол оролддог уран бүтээлч. Тиймээс чадахгүй, болохгүй гэхийн зовлон байхгүй” хэмээн урам өгч билээ. Би 1980-аад оны эхэн үеэс эхлэн “Найрамдлын зам” сонины, дараа нь “Өдтэй бичиг”, “Ган зам” сонины идэвхтэн бичигч гэж нэрлэгдэн, мэдээ сурвалжилга,ярилцлага, аян замын тэмдэглэл бичин нийтлүүлж, нэг удаа бүр оны тэргүүн бичлэгийн шагнал авч байсан болохоор сонины хувьд учиртай гэж санагдах. Харин хэвлэх үйлдвэрийн хувьд ёстой л “А” ч үгүй учир айдас хургана. Энэ тухайгаа Ж.Нямдаш даргад дурсвал “Чи хэвлэх үйлдвэрээс бүр санаа зоволтгүй. Оюун /мастер/ учрыг нь олоод аваад явчихна. Харин сониндоо л анхаарал тавь. Сонин дээр гарсан өчүүхэн жижиг алдаа ч чамайг баллана шүү...” хэмээн зөвлөж билээ.Түүний энэ үгийг би тухайн үед нэг их анзааралгүй, чихнийхээ хажуугаар шахам өнгөрөөж, сониндоо ямар шинэчлэл хийх вэ хэмээн толгойгоо гашилгаж суув. Ер нь, шинэ хүн шинэчлэл хийж өөрийгөө харуулахыг хичээдэг нь хэвшил болсон үйл юм даа. Харин, уг шинэчлэл нь байндаа тусч уу, үгүй юу? гэдэг нь чухал. Тэр үед сонин маань долоо хоногт хараар, дөрвөн нүүр гардаг, шатрын хөлөг шиг этгээд макеттайгаар захиалагчдадаа хүрдэг байв./Хожим бодоход өөрийн гэсэн онцлог, гол брэнд нь тэр байж/ Утга учрыг нь төдийлэн ухахгүй миний бие эхний ээлжинд үүнийг хөндөхөөр редакцийнхантайгаа зөвлөлдөв. Хариуцлагатай нарийн бичгийн даргаИ.Наранчимэг, сурвалжлагч утгазохиолын ажилтан Ө.Батзориг, Д.Баасандорж, Л.Ганзул нар л даа.Тэд маань зөвшөөрч байна аа. Ийнхүү юуны өмнө том Г үсэгтэйсониныхоо толгойг өөрчлөн, үсэгнийх нь шрифтийг зүтгүүрийн хэлбэрт оруулж, макетийг чөлөөлж өгсөн. Тухайн үедээ том өөрчлөлт оруулсан гэж их л додигор алхах болсон сон. Харин, энэ өөрчлөлт Ж.Нямдаш даргад огтхон ч таалагдсангүй бололтой. Надад шууд хэлээгүй ч И.Наранчимэгээс “Нараа... Хүн толгойгоо сольдог бил үү? гэж хоржоонтойгоор асуусан гэдэг юм. Төмөр замчид ч нэг их нааштай үнэлээгүй. Сонины толгой, макет гэдэг нэг ёсны брэнд юм болохоор яаран сольж болдоггүйг, сольчихвол “Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил байраа олдоггүй” гэдэг шиг юм болдгийг тэгэхэд л би мэдэж билээ. Гэсэн ч редакцийг комьпютержуулж, эх бэлтгэлийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн, сонины зарим булан шинээр гаргасан, зарим хөмсгийг өөрчилсөн, “Түүчээ” булан байнга хөтөлсөн зэрэг минь оновчтой шийдвэр болсон доо. Арай хожим, сонин өнгөт хэвлэлийн технологи эзэмшиж, нүүрний тоо нэмэгдэх болсонтой уялдуулан одоогийн сонины толгой, макетэд шилжсэн. Адармаатай гэмээр замыг туулсан “Ган зам” сонины өнөөгийн толгой, макет мөнхөд орших болтугай.
Ямар ч сонины мөнхийн асуудал захиалгын тоо байдаг гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Тухайн үед “Ган зам” сонин маань 3800-4000-ын хооронд хэлбэлздэг байсан юм. Захиалгын тоог нэмэгдүүлэхийн тулд уншигч-редакцийн уулзалтыг тогтмолжуулж, зангилаад, томоохон аж ахайн нэгжүүдэд хэвлэлийн төлөөлөгч ажиллуулан, захиалгын тоогоор урамшуулал олгох зэрэг арга хэмжээ авсан нь үр дүнд хүрсэн. Уншигчдын зүгээс, сонин хэт албаны материалтай гардаг гэдэг шүүмжлэл олонтаа давтагддаг байсан. Бид ч өөрсдөө үүнээс аль болох зайлсхийхийг бодох ч удирдлагын босоо тогтолцоо, хувь нийлүүлсэн байгууллагын онцлогоос болоод томоохон өөрчлөлт хийх боломж олддоггүй байлаа. Гэсэн ч редакциараа зөвлөлдсөний эцэст амралт, чөлөөт цагийн хавсралт дугаар сард нэг удаа гаргахаар болж, түүнийгээ “Завсарлага” хэмээн нэрлэв. Ийнхүү захиалгын тоо чухам л “суга” гэмээр өсөж, дорхноо л 8000-д хүрсэн дээ. Редакцийн бид ч их урамтай ажиллацгаасан даа. Харамсалтай нь, 2005 оны намар сонин дээр нийтлэгдсэн бяцхан шүүмжлэлт мэдээний улмаас бид хэд редакциараа шуурхайдуулан, миний бие албан тушаалаасаа авахуулж, Ж.Нямдаш эрхлэгчийн ажил хүлээлцэхдээ хэлж байсан сануулга толгойд тог хийтэл орж ирэн “талаар нэг юм болсон”. Гэвч манай Л.Ганзулын бичсэн шүүмжлэл үнэн байж таарч, хэд хэдэн шатны шүүх дамжсаны эцэсь долоон сарын дараа голдиролдоо орж, ажил хэвийн үргэлжилсэн. Гэсэн ч сонины захиалгын тоо 8000-д дахин давтагдаж чадаагүй. Өнөөдөр заавал ч үгүй дурсагдах учиртай өөр нэг зүйл нь Замын захиргааны дэмжлэг, редакцийн хамт олны хамтын шаргуу хөдөлмөр, мэдлэг чадварын үр дүнд сонин маань 12 нүүрээр өнгөтөөр хэвлэгдэж эхэлсэн явдал болов уу. Мөн сонины дэргэд улирал дутам амралт чөлөөт цаг, техник технологийн сэтгүүл гаргасан, сониныхоо интернет хувилбар, сонин-үйлдвэрийн вэб сайт ажиллуулсан, тээвэрчдийн сонин болсонтой холбогдуулан, захиалгын тоо нэмэгдэж, нийслэл, бусад бүх аймгуудад зохих тооны уншигчидтай болсон зэргийг хэлэх нь зүйтэй. Өөр олон дурсамж өгүүлж болох ч бидний амжилтыг мэргэжлийн дээд байгууллага өндрөөр үнэлэн 2013, 2014, 2015 оны Монгол Улсын салбарын шилдэг хэвлэлээр өргөмжилснийг онцолж, энэ удаа өндөрлөе. Ингээд төмөр замчдын хорвоог тольдох мэлмий, түүх бичлэгийн алтан үсгийн шастир болсон сониныхоо 65 жилийн ойн халуун мэндийг үе, үеийн редакцийнхан, олон мянган уншигчдадаа хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Л.Сэнгээ