Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 110 жил, Төмөр замчид, тээвэрчдийн хэвлэл “Ган зам” сонины 65 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн ажиллагааг “Ган зам” паласт зохион байгууллаа. 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь” сонины анхны дугаар Монголын анхны хэвлэх үйлдвэр болох өнөөгийн Ганзам пресс төвд хэвлэгдэн гарч байсныг гэрчлэх анхны хэвлэх үйлдвэр болохыг баталсан анхдагчийн батламжаа гардан авсан түүхт өдөр боллоо. 1914-1920 онд “Нийслэл хүрээний сонин бичиг” гарч, сонины эрхлэгчээр ажиллаж байсан их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээнийг Монголын сэтгүүл зүйг үндэслэгч гэж түүхэн эх сурвалжууд үздэг. Харин энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж “Сэтгүүлчдийн өдөр” болгож байжээ.
Энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр МСНЭ-ийн ийн салбар зөвлөлийн тэргүүн нарыг батламжлах хариуцлагын гэрээнд гарын үсэг зурах ёслол болов. Энэ үеэр Монголын сэтгүүл зүйн түүхийн нэвтэрхий толь бүтээхээр болсноо МСНЭ -ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар хурлын үеэр мэдэгдлээ. Өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарт 4700 орчим хүн ажиллаж байна. Тэдний нэг, ахмад сэтгүүлч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цэвлээ хэлэхдээ, “Амьд явахад алтан аяганаас ус ууна гэдгийг биеэрээ мэдэрч явна. Би 90 нас хүрээд 14 хоногийн дараа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар хүртсэн. Тиймээс амьд байх нэг хоног гэдэг ямар үнэ цэнтэйг амьдралаараа мэдэрч явна. Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн алба бол ажилд анх орсноос нүд аних хүртэлх хугацаагүй алба билээ. Тиймээс эрхэм сэтгүүлч та бүхэн урт удаан насалж, ард түмнээ сайн сайхан амьдруулахын төлөө нэгэн биеийн амьдралаа бүрэн зориулаарай” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.