Монгол улсын төмөр замын салбарын хөгжил дэвшилд түүчээ болон гялалзаж, нийгмийн шинэ хөдөлгөгч хүчин болсон төмөр замчдыг соён гэгээрүүлэх их үйлсийнхээ анхны шанг 65 жилийн өмнө татсан “Ган зам” сонины түүхэн ой тохиож байна. Анх 1958 оны нэгдүгээр сарын 01-нээс МАХН-ын Төв Хорооны тогтоолоор  “Найрамдлын зам” нэртэйгээр үүсгэн байгуулж, 1990-1993 онуудад ”Өдтэй бичиг”, 1993 оноос "Ган зам” сонин нэртэйгээр улс орныхоо өнөөгийн хөгжил, ард түмнийхээ оюун сэтгэлгээний дэвшилд эрдэм ном, соёл боловсрол, мэдээ мэдээллээр соён гэгээрүүлэх үрийг тарьсан, оюуны талх  гэгээн индэр билээ. Улс орны хөгжил дэвшлийн замд төмөр зам, төмөр замчдын гүйцэтгэсэн үүрэг, байгуулсан гавьяаг үнэлж баршгүй. Олон он жилийн энэхүү нандин  түүхийг  “Ган зам” сонин шарласан хуудсандаа баринтаглан үлдээснээрээ хожмын өмнө чухал гавьяатай. Энэхүү гавьяат үйлсийн зам нь ”Найрамдлын зам”-ыг “дархалж”, “Өдтэй бичиг”-ээр “буухиалж”, “Ган зам”-аар довтолгон эдүгээ цагтай золгохдоо бүх нийтийн хэрэг болоод байсан Үндэсний төмөр замчдыг сурган бэлтгэх, “Социалист хөдөлмөрийн төлөө” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх, Сэхээтний соёлч нөхөрлөлийг түгээн дэлгэрүүлэх , Хүүхдийн төлөө фондыг үүсгэн байгуулалцах, Монгол улсад чөлөөт ардчилсан хэвлэл үүсэн бүрэлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. “Ган зам” сонины туулж өнгөрүүлсэн энэ түүх нь Монгол оронд төмөр замын тээвэр үүсч хөгжин, төмөр замчин гэх “овогтой” нийгмийн бүхэл бүтэн анги  төлөвшиж бэхэжсэн түүхийг илтгэдэг. Тус сонины хуудаснаа ажил хөдөлмөрийн сайчууд, урлаг соёлын алдартнууд, төмөр замын хүнд ачаанаас үүрэлцэж, нэгээн үзүүрт сэтгэлээр хөлс хүчээ зориулж яваа эгэл жирийн хүмүүсийн амжилт, бүтээл алдар нэр нь дархлагдан үлдсэн байдаг. “Ганзам” сонины бичсэн түүх нь  хэдийгээр нэгэн салбарын түүх мэт харагдавч Монгол улсын нэн шинэ түүхийн салшгүй нэг хэсэг нь билээ. Тус сонин “Найрамдлын зам” нэртэй байх үедээ нийтлэлийн бодлого нь “Үндэсний төмөр замчдыг соён гэгээрүүлэх чиг үүрэгтэй төмөр зам, тээврийн салбарын оюун санааны удирдан чиглүүлэгч байсан бол 1991 оноос нэр нь “Өдтэй бичиг” болон өөрчлөгдөж олон ургальч үзэл, хүний эрх, эрх чөлөөг тунхаглан шинэ нийгэмд чөлөөт ардчилсан хэвлэл үүсэн бүрэлдэхэд түүчээ болсон цөөхөн хэвлэлийн нэг хэмээн судлаачид үздэг. 1993 оноос одоогийн “Ган зам” нэрээ аван төмөр замчдынхаа ажил үйлсийг орон даяар сурталчлах, замчдынхаа дуу хоолойг төр засагт хүргэх, шинэ техник технологи дэлгэрүүлэх, Замын захиргааны бодлого шийдвэрийг замчдад хүргэх, ололт амжилтыг түгээх, алдаа дутагдлыг шүүмжлэх, мэдээ мэдээллэр танин мэдүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж явна. Мөн төмөр замчдынхаа мэргэжлийн  чиглэлээр “Вагончид” , “Зүтгүүрчид”, “Хөдөлгөөнчид”, “Ахмадын үг”, “Nise Wagon”  зэрэг дагуул сонинуудыг олон жил тууштай эрхлэн гаргаж, уншигчдынхаа оюуны хэрэгцээ шаардлагыг хангасаар байна.

Монголын зам тээврийн салбарын хэвлэл 1925 онд “Техникийг эдэлж чадна” нэртэй сэтгүүлээр эх сууриа тавьсан ч төдийлөн хөгжиж чадалгүй байсаар 1950-иад оны хоёрдугаар хагастай золгосон гэдэг. Манай  сонин энэхүү орон зайг нэр төртэй нөхөж, олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, үндэсний сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарын түүхийг шинэ шинэ ололт амжилтаар баяжуулсаар иржээ.

Ган зам" сонины 65 жилийн замнал нь сонин эрхлэх төдий үйл ажиллагаа биш, харин Монголын төмөр зам, түүнтэй хувь заяагаа холбосон мянга мянган хүний ажил амьдралын түүхийг барлан мөнхжүүлж, дэвтэрлэн үлдээх нэн хариуцлагатай, онцгой үнэ цэнтэй үйл ажиллагаа байлаа.

Нийгмийн шилжилт, цаг үеийн сорилтод салбарын хэвлэл хэмээх салаа мөчир маань хөл алдаж, олон сайхан хэвлэл үүдээ барьсан хүндхэн цаг үед ч тасралтгүй хэвлэгдэж, техник технологийн шинэлэг ололт бүрийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, эрин үетэйгээ хөл нийлүүлэн Монголын шинэ сэтгүүлзүйн түүхийг нэр төртэй бүтээлцэж байгаа ахмад хэвлэл иГан зам " сонины хамт олны тулхтай үйл ажиллагаа, тууштай амжилтыг үнэлэн МСНЭ-ээс 2013-2015 онуудад “Салбарын оны шилдэг хэвлэл"-ээр тодруулж, 2017 онд МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, Түүхт 60 жилийн ойг нь тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчөөс “Илгээлт” ирүүлэн,  хүндэтгэсэн билээ.

“Ган зам” сонины үе үеийн хамт олон цагаан үнэний мөрч, цадиг түүхийн гэрч болсон хариуцлагатай, бас бахархалтай албандаа үнэнчээр зүтгэж, цаг ямагт манлайлан түүчээлэгч байхын өлзий билэгт ерөөлийг дэвшүүлье.

 

 “Ган зам” сонины Ерөнхий эрхлэгч Өлзийбүрэнгийн Батзориг