“Ганзам пресс” төв, МЗЭ-ийн УБТЗ дахь салбар хамтран УБТЗ ХНН-ийн 75 жилийн ойг тохиолдуулан “Ган үзэг” яруу найраг наадмыг 40 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Төмөр замчдын мэргэжлийн баярын өмнөхөн болдог тус наадамд нийт 31 яруу найрагч бүтээлээ ирүүлснээс эхний шатанд төмөр зам II, III шатанд чөлөөт сэдэвтэй шүлэг уншсанаар тэргүүн байрыг “Болор цом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулга хүртэж, дэд байрт болон гутгаар байрт “Болор цом”-ын эзэн яруу найрагч М.Амархүү, С.Начин нар тодорлоо. Мөн МЗЭ- ийн шагналт яруу найрагч В.Нэргүй, А.Түмэнбаяр нар тусгай байрт шалгарав.
Н.ГАНТУЛГА:НАЙРГИЙН ГАН ЗАМД НАЙРАГЧИЙН ЦАДИГ ГЭРЭЛТЛЭЭ
Энэ үеэр “Болор цомын эзэд” яруу найрагч Н.Гантулга “Энэ наадамд миний бие хоёр дахь удаагаа оролцож байна. Ган замын яруу найргийн энэ өртөөн дээр 20 жилийн дараа дахин ирж “Шувуудаа өгүүлсэн сансрын тойрог зам” шинэ бүтээлээ толилуулан тэргүүн байр хүртсэндээ баяртай байна. Тэр үеийн тайз өнөөдөр ч сүрдэм хэвээрээ байна. Тухайн үед “Болор цом”-ын эзэд өрсөлдөж байсан. Тухайлбал, Хошой “Болор цом”-ын эзэн Ц.Хулан найрагч түрүүлж дэд байрт яруу найрагч Л.Ганзул, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир агсан нар шалгарч байсан. Өнөөдөр хамгийн сүүлийн шатанд үлдчихээд “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Х.Эрдэнэбаатар ахдаа зориулсан шүлгээ уншлаа. Энэ удаад яруу найргийн ган замд найрагчийн цадиг гэрэлтлээ гэж бэлэгшээж байна. Миний багш Д.Цоодол “Хуучин дэр модны дууль” шүлгээрээ “Болор цом”-ыг гурван удаа хүртэж байсан юм. Энэ авшигтай тайзан дээр баранзад хадаг, мөнгөн алхаар мялгаалгасандаа туйлын баяртай байна” гэлээ.
Шилдгээр шалгарсан яруу найрагчдийн шүлгүүдийг уншигч та бүхэнд толилуулъя.
“Болор цом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулга
“АЛС ДОРНОДЫН ГАЛТ ТЭРЭГ”
Намрын сарны гэрэлд симфони шиг эгшиглэж
Намирах алчуурын алтан нугалаасанд
Оросын цагаан хус гэрэлтэнэ
Цэцэгсийн шүүдэр мөнгөрөн цавцайж
Цэнхэр нүдэн бүсгүйн гэзгэнд солонгорно
Айсуй баярын жавхаа цээж хөвсрөгдөн
Ангар мөрний хөвөө түрхрэн долгиотно
Их тайгын манант хөвчийг цагийн сэрүүлэг огтолж
Ирэх зуунуудын уриа дуудлага
Алс Дорнодын галт тэрэг довтолно
Сая сая хүмүүний зүрхний хөндүүр
Салаа мянган уулсын амсхийлт дунд хоцорно
Амрагтаа яарсан залуугийн тэмүүлэлт харц
Алтан хараацайн жигүүр шиг салхи хайчилна
Дорнын уудмыг хэмжих шиг шөнийн бүслүүр татаж
Дотогшоогоо нэвчсэн тэнгэр Сибирийн талд газардана
Барьцгүй үзүүрээс нь он жилүүдийн хярвас ханхалж
Баранзад хадагны эвхээс задрах шиг
Алс Дорнодын галт тэрэг довтолно
Ертөнцийн цээжинд Монголын уухай хадаж
Үлэмжийн гэрэлт охид хөвгүүд энэ л илчит тэргээр морилсон
Красноярскийн буудалд онгодын цалгиа мэдрэгдэж
Клининградын үзүүрт ялалтын туг намирсан
Москвагийн уйтан тэнгэрийн шаргал үзүүрийг эндээс мэдэрч
Морин хуурын аялгуу шиг цог жавхланг амссан
Яралзтал цахилсан цаг хугацааны алтан хэмжүүр
Яруу найргийн минь мөнхийн дуудлага
Алс Дорнодын галт тэрэг
“Болор цом”-ын эзэн яруу найрагч М.Амархүү
ГАЛТ ТЭРЭГ БА ТӨМӨР УНШИГЧ
Дээд тэнгэрээс нар хур хайрласан хайрлаагүй
Дэлхийн хөрснөөс үндэслэсэн үндэслээгүй
Орчлонг хэрж ургасан төмөр ургамал ган зам
Орон хотыг холбож урссан нөмөр судас ган зам
Энэ судсаар гал тэрэг хэмээх цус гүйж ертөнцийг уншина
Энэ цусаар зорчигчид хэмээх цус гүйж ертөнцийг уншина
Энэ цусаар зорчигчид хэмээх цагаан бөөм гүйж орчлонг уншина
Аалзны нэхсэн тор мэт газрыг бүрхэж уншина
Амьдрал хэмээх их урсгалыг тэтгэж уншина
Улс орон, орон нутаг хэмээх эрхтнүүд рүү
Уйтгар гуниг баяр баясгаланг тариа мэт цутгаж уншина
Зовлон жаргалт өдөр хоногуудтай хорм бүр довтолгож
Зорьсон тэмүүлсэн бүхнийг үрэх газар инь хүргэж уншина
Уруу, өгсүүр, энхэл донхол таарсан таараагүй
Уул нуруу, ус мөрөн хөндөлсөн хөндөлсөөгүй
Хорвоог шүлжиж мөлхсөн төмөр могой ган зам
Хол ойрыг хэмжиж хөлхсөн төмөр шугам ган зам
Энэ шугамаар илчит тэрэг хэмээх могой тахиралдаж замлинг уншина
Энэ могойгоор ачаа хэмээх өнгө зүс махиралдаж хорвоог уншина
Шоргоолжны салаалсан үүр мэт дэлхийг бүсэлж уншина
Шуудан хэмээх их урсгалыг тэтгэж уншина
Хүн зон, ам бүл хэмээх хаягууд руу
Хүсэл мөрөөдөл, аз жаргалыг захиа мэт тээж уншина
Хагдрагч дэлгэрэгч өдөр хоногуудтай хором бүр довтолгож
Харсан хүлээсэн бүхнийг нь алганд хүргэж уншина
Дэлхий хэмээх аварга биетийг бүсэлсэн төмөр бүслүүр
Дээгүүр нь дүнчүүр дүнчүүр хүн урсгал тээсэн төмөр зүтгүүр
Дэртэй төмрөөр гүйж, орчлонг жирэлзүүлэн уншсан төмөр уншигч
Дээстэй хилээр гүйж, орон улсыг жишинхэн уншсан төмөр уншигч
Тэр дэлхийг хэлээр бус хөлөөр уншдаг төмөр уншигч
Тэр дэлхийг цаасаар бус замаар уншдаг төмөр уншигч
Тэр дэлхийг утгаар бус, явдлаар уншдаг төмөр уншигч
Тэр дэлхийг үсгээр бус, хөсгөөр уншдаг төмөр уншигч
“Болор цом”-ын эзэн яруу найрагч С.Начин
АЯА АМЬДРАЛ ХЭМЭЭХ ХӨХ УСНЫ ТОЛИОНД ХӨВЖ ЯВАА ЭНЭ ЗАМААР
Ган хүрдний эвээс дээр оч үсэргэх
Галт тэрэгний дугуй хав харанхуйд гялсхийх нь
Санаандгүй чиний зургийг олж үзээд
Сайхан гэгч ихэр татхад чих минь
Нулимсаар дүүрсэн мөчийг сануулна
Сарны гэрэлд олны хөлд үймсэн өртөөн дээр
Саахь дүрийг чинь гар гараа барин танилцахад
Гараг эрхсийн дор бүрээгээ татсан хүлэг
Гарцаагүй хөдлөхөө хүлээгээд зогсож байж билээ
Хөшиг нээгдэж хаагдах шиг он жилүүд жилийж
Хөндүүр гуниг цээжинд хавах нь
Цахилаад одсон хөнгөн дугуйтын
Цаашлан цаашлан эргэлдэх чимээг сэтгэлд цуурдах нь
Онож хэлээгүй шүлгийн над шиг бодолд үйрнэ
Энэ замаар цэрэг эрс эх орны дуудлагад мордож
Эмс охид алчуураа даллан үдэхэд
Эр хүний нулимсыг цонхоор найгах моддын бараа л арчиж
Энгүй талд тэд тал болон ууссаар алдарч
Эх оронг дассан дэр мод уй автан ганцаардсан санагдана
Эцэс төгсгөлгүй ертөнцийг хээлсэн
Энэ замаар ижийдээ очиж үнсүүлээгүй баатрын нулимс
Эцэгтээ хүүгээ үлдээсэн хүүгийн захиас
Элэг эмтрэн он жилүүдийг өртөөлж
Эрин зууны түмэн нугачаанд чив чимээгүй нойрсоно
Эмэг минь энэ л замаар эрдэм номын мөрөнд үйхээр одож
Эмгийн эмэг энэ л замд өвгийг үдэж
Амьдрал хэмээх хос чавхдаст замын тэнхлэг дээр
Алаг эрээн хорвоон өнгө гэрлийг тэнцүүлж
Тушаал авсан жанжны ёсоор аж төржээ
Аяа амьдрал хэмээх хөх усны толионд хөвж яваа энэ замаар
Аяа шунал гэгч хүслийн тойрогт хүлэгдсэн энэ замаар
Аяа хагацал баяр уулзан учирхын зөнтэй энэ замаар
Аяа шувууд зэллэн ниссэр эргэж ирэхээргүй оддог энэ замаар
Аяа хүмүүн гэгч хичнээн удаан аялдаг юм бэ
МЗЭ-ийн шагналт яруу найрагч В.Нэргүй
ЭР ЦЭРЭГ ШАРХДВАЛ
Эр цэрэг шархдвал
Эх орон шархадна
Эрх чөлөө буудуулвал
Эх орон үхнэ
Ийм эмгэнэлт хувь заяатай гүрнүүдийн харуусал
Элсний ширхэг бүрээс
эрхий хурууны минь өндгөнд мэдрэгдэнэ
Энэлэнгийн салхи нэг л босвол
Эргэж өндийхгүй бөхийнө
Тусгаар тогтнол буудуулахад
Тугын зэв газрын хөрснөөс арчигдана
Дарцагланхан манддаг далбаа нь үгүй болж
Дайсныхаа хөлд хүн гүрэн нь өвс болно
Ийм эмгэнэлт хувь заяатай гүрнүүдийн төлөө
Энэ цагийн хорвоо гашууданхан салхилдаг юмаа
Эр цэрэг төрөхөд
Эх орон төрнө
Эрх чөлөө ялахад
Эх орон цэцэглэнэ
Ийм гэгээн заяатай улсын
Элгэнд нь төрийн дуулал эгшиглэнэ
Ээжийнхээ энгэрт өсөж буй хүү шиг их хувь тавиланд
Энэхэн замбуулин цэцэглэнэ
Тусгаар тогтнол оршиход
Тугын зэв тэнгэрийн цээжинд гэрэлтэнэ
Дарцагланхан дэрвэх төрийн далбаанд
Дайсны харц далдиртал алгадуулна
Ийм цагаан заяанд их хувь заяа өлгийднө
МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Түмэнбаяр
“ТӨМӨР ЗАМЫН ӨРТӨӨНИЙ ШҮЛЭГ”
Өртөөний жижигхэн сууринд
Өглөө эрт жимсчин охид шуугилдаж
Анирын тунгалаг гэгээтэй
Арын уулыг давна
Тэр уулын шугуйд
Тэнгэрийн эр эм хоёр жимс ургаж
Нарны хэвтсэн хонхорхойд нь
Наймдугаар сарын салхи хорогдоно
Үдээр үхэр тэрэгтэй
Өртөөний замчин хүүхнүүд ирж
Салхины уй гунигтай
Сараалжин хашаан сөд өвсийг түүнэ
Тэр суурингийн гудамжинд
Тэдний тарьсан эр эм хоёр мод төлжиж
Гадил жимснийх нь унтсан ормонд
Газрын халгайд түлэгдсэн агаар тунарна
Үдшээр тэрэгнээс буусан
Өвгөн төмөр замчид үймэлдэж
Түнэр шөнийн гарамын
Төмөр замын дэр модыг засварлана
Тэр өртөөний хашаанд
Тэндэх нэгэн эр эм хоёр мөөг зүүдэлж
Сарны унтсан эргийн
Саарал манан дэлбээг нь сорох гэж уйтгарлана