Дугаар
...Алаг бөөртэй
"Алтан" дугуйтай
Өртөө замаар
Өдрийн од шиг ховорхон үзэгддэг
Замын "Эрүүл мэнд"-ийг оношлогч
Заяагаар төрсөн "Бурхан галт тэрэг”... хэмээн төмөр замчин яруу найрагч М.Жаргалсайхан “Сэв шалгагч” вагоныг шүлэглэсэн нь бий. Энэ удаагийн дугаарт тус вагоны хамт олны нэг өдрийн ажил үйлсийг сурвалжлах даалгаварыг редакцийн удирдлагаас авсан юм. Гэвч тэд хэдийнэ эрээн вагоноо хөлөглөн холын аялалдаа гарсан байв. Төлөвлөгөө бол төлөвлөгөө, даалгавар бол даалгавар... Нэгэнт үүрэг хүлээсэн бол заавал биелүүлэх л ёстой... Тэр ч утгаараа шинэ долоо хоногийн ажил эхлэхтэй зэрэгцэн уг хамт олныг томилолтын “тоосоо гөвж” амжаагүй байхад нь очлоо. Замын II ангийн хашаанд байраа эзлэн зогсох хүрэн эрээн вагон руу явж орвол өмнөөс “пүн” хийсэн дулаан уур амьсгал угтав. Сэв шалгагч вагоны орлогч дарга Д.Түмэнбаяр инженер механикч О.Баярбат, цахилгааны инженер А.Ерболат нар гал тогооныхоо ширээг тойрон өдрийн ажлаа ярилцаж суухтай таарав. Үйлчлэгч Б.Бадамгарав тэдэнд тавагтай боорцог, халуун цайгаар үйлчилж харагдана. Д.Дашравдан даргатай энэ хамт олон сар бүрийн 1-16, 16-30,31 хүртэл гээд нэг сард хоёр удаа зам шалгалтын ажлыг хуваарийн дагуу хийдэг. Энэ удаад тэд нэгдүгээр сарын 23-27-ныг хүртэл гол замаараа Замын-Үүд өртөө болон салбар замууд Багануур, Бор-Өндөр, Зүүнбаян өртөөдийн замыг графикын дагуу хуваарийн шалгаад иржээ.
Замын сэв шалгуурын вагон нь үндсэн параметрийн 18, маганетийн хоёр гээд нийт 20 сувгаар зам төмрийн сэв гэмтлийг өнхрүүлэх гадаргуугаас улны хормойн төв цэг хүртэл үзэх хүчин чадалтай гэнэ.Хоёрдугаар сарын 1-нээс дараагийн ээлжийнхэн нь ажлаа аваад хуваарийн дагуу замын хойд хэсэгт зам шалгалтын ажлаа хийхээр төлөвлөсөн аж. Түүнээс өмнө урд замд ажиллаад ирсэн ээлжнийхэн ийнхүү вагондоо тохиргоо хийх, тайлан тооцоогоо бэлтгэх гээд чамгүй ажилтай конторлож суудаг юм байна.
Тэднээс явсан газрынх нь сонин сайхнаас асуувал, инженер механик О.Баярбат “Энэ удаагийн шалгалтаар зам төмрийн хурц гэмтэл илэрсэнгүй. 788 дугаар км-т хоёр зам төмрийг шалгуулсан. Мастер, сэв шалгуурын тэргэнцрийнхэн үзээд “Хэвийн байна” гэж мэдэгдсэн. Бидний энэ удаагийн аяллаар цаг агаарын нөхцөл их хүнд байлаа. Зам төмрийн температур дээр -39 хэмээс дээш нөхцөлд манай хэт авианы бичлэг хийгдэхгүй гэсэн техникийн заалт бий.Гэтэл биднийг Багануур-Айраг хоорондын замд ажиллах үеэр агаарын температур -35 хэмээс дээш гарч хүйтэрсэн. Бид аль болох ажлаа зогсоохгүйн тулд зарим газар маганеттайгаа хослуулаад явсан. Цочир хүйтнээс болоод хэт авиа зам төмөр рүүгээ нэвтрэхгүй зарим хэсэгт бичлэг муу гарсан тал бий. Техник л гэхээс ажиллаж байгаа бидний хувьд вагон маань дулаахан, тохитой учраас ажрахгүй л дээ. Энэ удаагийн аялалд Вагоны дарга Б.Дашравдан, цахилгааны инженер А.Ерболат, инженер механик, Б.Одсүрэн, П.Баярбат, Зорчигчийн вагон депогийн үйлчлэгч П.Оюунтогс, Б.Бадамгарав гээд зургаан хүний бүрэлдэхүүнтэй явлаа. Дээрээс нь зам хэмжигч вагон мөн зургаан хүний бүрэлдэхүүнтэй явсан” хэмээн ярилаа.Тэрбээр УБТЗ-д 23 жил ажилласнаас 22 жилийг нь энэ вагондоо дагнан ажиллажээ. Ажлын гараагаа замчнаар эхлүүлж долоон сар ажиллаад л энэ вагон руу шилжсэн бөгөөд оператор, инженер, орлогч дарга, инженер механикчзэрэг албан тушаалуудыг эрхэлсэн байна.
Орлогч дарга Д.Түмэнбаяр “Энэ вагондоо хамгийн олон жил ажилласан, хамгийн туршлагатай нь учраас мэдэхгүй, чадахгүй зүйл гарвал хэн нь ч П.Баярбатаасаа л асууна шүү дээ” хэмээн түүнийг магтав.
А.Ерболат:Санамсаргүй тохиолоор төмөр замчин болсон
Түүний хувьд УБТЗ-д 2015 онд анх ажилд орж, гурван жил замчнаар ажиллаад, 2018 оны арванхоёрдугаар сарын 1-нд энэ вагонд ирсэн гэнэ. Уг нь тэрбээр, 2014 онд “Мандах бүртгэл” дээд сургуулийн Мэдээллийн системийн ангийг төгссөн аж. “Анх хийж байсан ажил маань тийм ч бүтэмжтэй байгаагүй учраас өөр ажил хайж яваад л замчин болсон. Компьютерийн мэдлэгтэй болохоор энэ вагонд дагалдан байдлаар явж байгаад ийшээ шилжсэн дээ. Манай хамт олны дийлэнх нь замаас орж ирдэг. Анх орж ирсэн даруйд мэдэхгүй, чадахгүй зүйл их гарна. Гэсэн ч нэгэнт миний сонгосон зам учраас тухайн үед дагалдан ажиллаж байсан хүмүүсээсээ маш их зүйлийг сурсан. Одоо бол өөрийнхөө хэмжээнд дөрөө олсон гэж боддог” хэмээн ажил мэргэжлийнхээ тухай хүүрнэв. Түүнийг ийн ярих зуур орлогч дарга Д.Түмэнбаяр “А.Ерболат маань уг нь электроникийн инженер хүн. Гэвч манай ажлын байрны нэршил нь цахилгааны инженер учраас ингэж нэрлэгдээд байгаа юм. Цаашид энэ нэршлийг л гэхэд үндсэн томъёонд нь оруулахгүй бол учир дутагдалтай л байгаа. Манай вагонд электроникийн тал давамгайлдаг юм шүү дээ. Манай залуучууд үнэхээр чадварлаг. Мэдэхгүй зүйл гарсан ч өөрсдөө оролдсоор байгаад л учрыг нь олдог бүтээлч хамт олон доо” хэмээн “хачир” нэмсэн юм.
Б.Бадамгарав:Сэв шалгуурын вагонд ажиллах нь технологийн хувьд нарийн онцлогтой
Зорчигчийн вагоны үйлчлэгч тэрээр өөрийнхөө ажил үүргийн тухайд “Сэв шалгагч вагонд би 2020 оны гуравдугаар сараас эхлэн ажиллаж байна. Энд ажиллахад технологийн вагон гэдэг утгаараа зорчигчийн вагонд үйлчилдгээс тэс өөр. Нэг удаагийн томилолтоор 9-10 хоног явдаг. Дарга инженерүүдтэйгээ нэг баг болоод явдаг болохоор чадахгүй мэдэхгүй зүйлээ харилцан зөвлөлдөөд явдаг. Эхэндээ ч түүртэх зүйл мэр сэр гардаг л байсан. Хамгийн гол нь, албан ажлаа хийж яваа хүмүүст гэртээ байгаа мэт тав тухыг нь бүрдүүлж, эрүүл зөв хоолоор үйлчлэх ёстой. Дээр нь, хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж ажиллана гээд л нарийн онцлог бий. Гэхдээ зорчигчийн вагоныг бодвол ачаалал нь харьцангуй бага” гэв. Түүний тухайд Замын сэв шалгуурын вагоныхон “Өмнө нь Замын II ангийн харьяанд өөрийн гэсэн үйлчлэгчтэй байлаа. Одоо бол Зорчигчийн вагон депогоос үйлчлэгч авдаг болсон. Хоёр өөр байгууллагын л ажил юм хойно байнга нэг үйлчлэгч явуулахгүй. Заримдаа өөр үйлчлэгч томилогдож ирэх үед гал тогооны тоног төхөөрөмжүүдтэй хэрхэн харьцах, энд байгаа хүмүүст ямар хоол хийх вэ гээд л асуудал гарна шүү. Олон хоног замд явах учраас тухайн хүмүүсийн эрүүл мэндэд тохирсон хоол хийж өгөх шаардлагатай гээд алийг тэр гэх вэ. Түр явж байгаа үйлчлэгчтэй тохиолдолд хичээл заасаар байтал нэг хүн үндсэндээ ажлаас хөндийрч таардаг. Тиймээс ажлаа мэддэг хүн тогтмол явах нь л бидний ажилд ч хялбар байгаа юм. Ус буцалгагч, плеткаг зэрэг залгачихвал автомат унаад бидний ажил зогсоход хүрнэ шүү дээ” гэцгээсэн.
Д.Түмэнбаяр:Гэр бүлдээ элэгтэй, эвсэг залуусаас манай хамт олон бүрддэг
Орлогч дарга Д.Түмэнбаяр “Манай залуучууд ихэвчлэн гэр бүлтэй болохоосоо өмнө явуулын ажил хийгээд сурчихсан байдаг учраас гэр бүл зохиосных нь дараа ч томилолтын ажил ньхэвшил болоод тогтчихдог юм шиг санагддаг. Би л гэхэд 16 жил, зургаан сарын хугацаанд сэв шалгах тэргэнцрийн оператороор ажиллаад 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс ЗОТ-д бичлэг уншин тайлах ажилд томилогдсон. Насаараа яваад сурчихсан хүнд суурин ажил гэдэг ёстой хэцүү юм билээ дээ. Бүтэн сайны орой болоход л томилолтоор явахдаа чирээд гардаг хар цүнхээ өөрийн мэдэлгүй л бэлдээд тавьчихна. Гэргий маань “Чи яах гээд байгаа юм бэ” гэхээр нь л өөрийгөө ямар ч хэрэггүй бэлтгэл хангаснаа ойлгох жишээтэй. Дараа нь шинэ вагон орж ирэнгүүт л нааш томилогдсон. Тэгэхэд миний “нар гарсан” гэж. Өдрийн найман цагийн ажил ээдээ мөн хэлэх ч юм биш.10 гаруй хоног замд яваад ирэхэд ёстой л “Гэртээ ирлээ” дуу шиг л юм болно шүү дээ. Хүүхдүүд тойрч гүйлдээд л, эхнэр замын сонин хачин яриа өрнүүлээд л хачин их нэр хүндтэй хүн(инээгээд). Ер нь, сарын талыг нь гэртээ байдаггүй болохоор ч тэрүү манай вагоны залуус гэр бүлдээ их элгэмсүү. Миний мэдэхийн манайхны дундаас эхнэр хүүхдүүтэйгээ сайдаж муудаж байгааг огт хараагүй. Албан үүргээ гүйцэтгэж яваа үед нь ар гэрээс утсаар ярих нь ч ховор. Энэ вагондоо ч яг л нэг гэр бүл халуун дотно байцгаадаг. Энэ олон хоногт байнга л ажил яриад байна гэж юу байх вэ. Хоорондоо онигоо ярьж хөгжилдөнө гээд л их зугаатай явцгаадаг даа” хэмээн ярихад механикч инженер П.Баярбат “Тийм шүү, заримдаа манай эхнэр “Чи томилолтоор явах болохоороо л нэг л жаргалтай хүн хувцсаа цүнхлээд гараад явчих юм. 10 гаран хоног гэртээ байсан уйдчихсан юмд уудаа” гэдэг хэмээн түүнийг яриаг үргэлжлүүлсэн юм.
Төсөөлж хэлбэл, суурь бүтцийн судасны лугшилт, зүрхний хэмнэл бүрийг алдалгүй чагнаж яваа амин чухал үүрэгтэй хамт олон гэвэл яах аргагүй тэд юм. Дараагийн удаа энэ цомхон хэрнээ чухал үүрэгтэй хамт олны ажлыг хөндлөнгөөс сонсох бус аян замд хамт гарч, сурвалжлан хүргэх нь илүү чухал санагдав.
Тэдний хувьд ч, Замын удирдлагадаа учирлах зовлон, уламжлах санал хүсэлттэй явдаг бололтой юм. “Үл эвдэх сорилын инженерүүд хамгийн наад зах нь гурван жилд нэг удаа сургалтад хамрагдах ёстой. Гэтэл цар тахал, эдийн засгийн хүндрэл гээд хүчин зүйлүүдээс шалтгаалж манайхан огт сургалтад хамрагдсангүй. Тиймээс сургалтын давтамжийг ойртуулах тал дээр анхаараасай гэж хүсэх юм” гэсэн билээ. Үнэндээ, инженер хүний тархи үргэлж цэнэглэгдэж, цаг үеэсээ түрүүлэн алхах ёстой. Зогсоод байвал хөгжихгүй. Мэдэх, сурахын төлөө урагш тэмүүлдэг юм билээ. Яг галт тэрэг шиг... Ийм зорилготой хамт олонтой уулзсан сурвалжилгаа түр хойш тавин завсарлая.
Б.ДЭЛГЭРХИШИГ