Эрчим хүчний шилжилтийн нөлөөгөөр дэлхийн металлын зах зээл шинэ эрин үед орж байгааг “McKinsey & Company”-ийн шинэ судалгаа харууллаа. Дөрвөн их наяд ам.доллароор хэмжигдэх уул уурхай, металлын салбарын нийт орлогын 80 хувийг ердөө таван түүхий эд бүрдүүлж байгааг McKinsey-ийн шинэ тайлан харуулж байна. Үүнд нүүрс болон гангийн орлого 60-70 хувийг бүрдүүлж байгаа бол үлдсэн 15-20 хувийн орлого зэс, алт, хөнгөн цагаанаас бүрдэж байгаа юм.
Хэдий эрчим хүчний шилжилтэд ач холбогдолтой түүхий эдүүдийн орлого бага хувийг бүрдүүлж байгаа ч хүлэмжийн хийн ялгарал багатай технологиуд нэмэгдэхийн хэрээр орлогод эзлэх хувь нь өсөх хандлагатай байна. Одоогоос 2035 он хүртэл ган болон эрчим хүчний нүүрснээс бусад бүх таваарын эрэлт огцом нэмэгдэхээр байгааг тайланд дурджээ. Энэ дундаас литийн эрэлт 475 хувь, зэсийн эрэлт 30 хувиар өсөж салбартаа тэргүүлэх бол нүүрсний эрэлт 40 хувиар буурахаар байна. Харин никель болон газрын ховор элементийн эрэлт өнгөрсөн 10 жилтэй харьцуулахад өсөлт сайтай байх ч өмнөх төсөөллөөс бага хэмжээгээр өсөх төлөвтэй. Цахилгаан автомашины салбарт эдгээр түүхий эдүүдийн эрэлт харьцангуй сул байхаар байгаа нь үүнд голлон нөлөөлнө гэж үзжээ.
2035 он гэхэд эрэлт, нийлүүлэлт харьцангуй тэнцвэртэй байх хэдий ч зарим таваарын хувьд хомсдол бий болохоор байгааг тайланд мэдээлсэн байна. Тодруулбал, газрын ховор элемент, лити, хүхэр, уран болон зэсийн хомсдол үүсэх эрсдэл хамгийн өндөр байна гэж үзсэн. Төслийн хөгжүүлэлтийн хугацаа харьцангуй бага шаардагддаг уран, лити зэрэг түүхий эдийн хувьд эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг бууруулах боломж илүү өндөр байх аж. Өөрөөр хэлбэл, эрэлт хангалттай өндөр түвшинд хүрсэн үед нийлүүлэлт нь дагаад нэмэгдэх боломж өндөр гэж үзэж буй.
Харин төслийн хугацаа их шаардагддаг таваарын тухайд эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг хумих нь тийм ч амар биш байхаар байна. Үүний нэг тэргүүлэх жишээ нь зэс байна гэж McKinsey 2024 оны дэлхийн металлын судалгаандаа мэдээллээ.