Европын Төв банк инфляцын эсрэг арга хэмжээгээ эхлүүлснээс хойших хамгийн бага нэгж хувиар бодлогын хүүгээ өсгөлөө. Тус банк бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар өсгөж, 3.25 хувьд хүргэх шийдвэр гаргав.
Үүнээс өмнөх гурван удаагийн мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүг дараалан 0.5 нэгж хувиар өсгөж байсан юм. Бодлогын хүүг 0.25 нэгж хувиар өсгөсөн нь дийлэнх эдийн засагчид, шинжээчдийн таамагтай нийцэж байна.
Европын Төв банкны Удирдах зөвлөл инфляцыг зорилтот түвшин болох хоёр хувьд хүргэхийн тулд ирээдүйд мөнгөний бодлогын шийдвэр гаргахдаа дата мэдээлэлд тулгуурлахаа мэдэгдлээ.
Мөн Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард “Цаашид ч арга хэмжээ авах шаардлагатай байгаа учир бодлогын хүүг өсгөх циклээ завсарлах болоогүй”-г онцолж байна.
Европын Төв банк бодлогын хүүг 0.25 нэгж хувиар өсгөж, цаашид ч үргэлжлүүлэн өсгөх дохио өгсөн нь мөнгөний бодлогын төлөвт нь чухал эргэлт болж буйг “Bloomberg Economics”-ийн Европыг хариуцсан Ахлах эдийн засагч мэдээлэв. Тэрбээр “Инфляцын дата эерэг байвал Европын Төв банк бодлогын хүүг өсгөх циклээ зургаадугаар сард зогсоож магадгүй гэж тооцоолсон. Хэдий тийм боловч долоодугаар сард ч бодлогын хүүг өсгөх боломж бий” гэж мэдэгджээ.
Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард
“Инфляцын төлөвт үнийн өсөлт эрчимжих эрсдэл өндөр хэвээр байна. Үүнд ойрын хугацаанд жижиглэн худалдааны үнэ хүлээлтийг давж өсөхөд нөлөөлж болох хүчин зүйлийн дарамт багтана. Дээр нь ОХУ-ын Украин дахь дайн дахин эрчим хүч, хүнсний үнэ өсөхөд нөлөөлж магадгүй. Мөн инфляцын хүлээлт урт хугацаанд зорилтот түвшнээс өндөр байх эсвэл цалин болон ашгийн маржин хүлээлтийг давж өсөх нь дунд хугацаанд инфляц эрчимжихэд нөлөөлж магадгүй юм. Сүүлийн үеийн цалин хөлсийг өсгөх тохиролцоонууд инфляц эрчимжих эрсдэлийг нэмэгдүүлж байна. Ялангуяа ашгийн маржин өндөр хэвээр байвал. Үнийн өсөлт саарч болох нөхцөл байдлаас дурдахад санхүүгийн зах зээлийн хямрал дахин сэдэрвэл инфляц тооцоолсноос хурдацтай саарах боломжтой. Мөн банкнууд зээл олголтоо удаашруулах эсвэл мөнгөний бодлого зах зээлд хүчтэй нөлөөлбөл эрэлт саарч, үнийн дарамт ялангуяа дунд хугацаанд одоогийн тооцоолж байгаагаас хурдацтай буурна” гэж мэдэгдлээ.