Цар тахлаас үүдсэн дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний доголдол сэргэж амжаагүй байхтай зэрэгцээд ОХУ-Украины асуудал нөхцөл байдлыг улам хүндрүүлж мэдэхээр боллоо. Тэр тусмаа импортын бараа бүтээгдэхүүнээс хараат, уул уурхайн түүхий эдийн экспортоор “гол зогоодог” манайх шиг улсын эдийн засгийг “Дайран дээр давс хийх”-тэй адил улам дордуулж магадгүй. Урд хөрш манай экспортын нурмаг ачааг зөвхөн чингэлгээр хүлээж авахаар болсон нь улсад орох орлогыг огцом бууруулж, төмөр замын тээврийн төлөвлөгөөг тасалдуулсан. Үүний горыг төмөр замчдын зарим нь өнөөдөр ч амссаар байгаа. Чухам энэ үед транзит тээвэр л “гол гогдож” байгаа нь гашуун үнэн юм. ОХУ, Украины хооронд үүссэн нөхцөл байдал Евразийн тээврийн коридорыг ийнхүү шинэ эрсдэлтэй учруулав. Өнөө амин зуулга залгуулсан транзит тээвэр Европын холбооны хориг арга хэмжээгээр зогсдогтоо тулбал юу болох бол. Коронавирусээс шалтгаалсан хүндрэл өнгөрсөн хоёр жилд тээврийн зардал, тээвэрлэх хугацааг сунгаж, өргөн хэрэглээний бүх төрлийн бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлсөөр ирсэн. Инфляци хоёр оронтой тоонд хүрч, та бидний худалдан авах чадвар тэр хэрээр уналаа. Тэгвэл зүүн Европт үүссэн энэ нөхцөл байдал цаашид хэрхэх нь тодорхойгүй. Түүний үргэлжлэх хугацаанаас шалтгаалан худалдааны гинжин хэлхээ, түүхий эд, санхүүгийн зах зээл дээрх нөхцөл байдал яаж өөрчлөгдөж болохыг таамаглах аргагүй. Хоёр хөршөө төмөр замын ганцхан гарцаар холбосон манай улсын хувьд Ази- Европ хоорондох худалдаанд учирч болох нөхцөл байдлыг урьдчилан харж, заавал тооцож үзэх хэрэгтэй санагдана.

НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУВАГ

Юуны өмнө та бид нийлүүлэлтийн сувгийн талаарх ойлголтыг маш товч, цэгцтэй авах нь чухал. Сэдэв том, агуулга өргөн тул заавал үүнийг дурдах болох нь. Хүй нэгдлийн үеэс өнөөг хүртэл бүх өрсөлдөгч онолуудаа няцааж, эзэнт гүрэн, улс орныг өөрчлөн та бидний ирээдүйд хамгийн сайн хөтөч болж буй цорын ганц хууль бий. Тэр бол эрэлт нийлүүлэлтийн хууль. Эрэлт нийлүүлэлт гэдэг зөвхөн барааны үнэ тогтоход хэрэглэгддэг зах зээлийн зарчим биш. Хүний амьдралын бүхий л зүйлд тэнцвэрийг эрэлхийлсэн динамик хүч байсаар ирсэн. Бид Адам Смитийн чөлөөт зах зээл, Давид Рикардогийн харьцангуйн давуу тал биеллээ олохыг нүдээр харсан. Чухамдаа эрэлт нийлүүлэлтийг ашигтай холбосон газар руу капитал, ажиллах хүч, үйлдвэрлэл урсан ордог жамтай. Харин өнөөгийн бидний улс төр, дайн, цар тахлын саадтай байдлаас үл хамааран дэлхийг хөдөлгөөнд оруулж байдаг зүйл бол дэд бүтэц болон нийлүүлэлтийн суваг юм. Нэгэн эдийн засагчийн бидэнд сануулснаар дайны улмаас нөөц /түүхий эд/ хомсддог билээ. Тэгвэл цар тахал ч түүнээс дутахгүй гэдгээ харуулав. Ийм үед хилийн зурвас тогтвортой, нээлттэй байснаар л хомсдолыг даван гарах учиртай. Дэлхийн эдийн засгийн форумын гаргасан мэдэгдлээс харахад олон улсын хил гааль дээрх саадыг хамгийн багадаа хоёр дахин багасгахад дэлхийн худалдааг 15, олон улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг таван хувиар нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо гарч. Энгийн ийм жишээнээс л улс эх орон, бүс нутгийн хөгжлийг тэтгэхэд нийлүүлэлтийн суваг ямар чухал болохыг харж болно. Ерөөс нийлүүлэлтийн суваг гэдэг түүхий эд материалыг бараа, үйлчилгээ болгож, эргээд та бидэнд хүргэдэг эко систем гэж ойлго. Их товчоор та бид гэртээ зүүн өмнөд Азийн орнуудад угсарсан зурагтынхаа өмнө суугаад баруун Европт тарьж ургуулсан алим амтлангаа хойд Америкт үйлдвэрлэсэн утсаар хэн нэгэнтэй ярих боломж олдож байгаа юм шүү дээ. Энэ бүхэн нийлүүлэлтийн сувгийн гинжин хэлхээний үр дүн. Та бидний өдөр тутмын энгийн хэрэглээнээс л харахад дэлхий нийт бие биенээсээ, аливаа бараа бүтээгдэхүүнийг хангах нийлүүлэлтийн сүлжээнээс маш их хамааралтай болсон нь илт.

ЭРЭЛТИЙН ТӨЛӨӨХ ТОМ ГҮРНҮҮДИЙН ТЭМЦЭЛ

Нийтлэлийн эхэнд дурдсан Евразийн логистикийн сүлжээнд үүсэж болох эрсдэлтэй асуудлын эхийг аль болох энгийнээр тайлбарлахыг хичээе. АНУ-ын Умард Атлантын далайд барих гео-эдийн засгийн стратеги нь түүхий эдийн экспортлогч орон болох амбицтай төлөвлөгөө юм. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Украин улсыг ОХУ-тай сөргөлдүүлэх. Улмаар, Европын холбоог ОХУ-ын түүхий эдийн хамаарлаас багасгах явдал. ОХУнь 2020 оны байдлаар Европын холбооны байгалийн хийн 50-75, газрын тосны 27 хувийг нийлүүлсэн. Хэрэв Умард урсгал-2 төсөл бүрэн хэрэгжсэн тохиолдолд Европын холбооны орнууд ОХУ-аас байгалийн хийн бүрэн хамааралтай болох байлаа. Европ дахь ОХУ-ын ийм давуу байдлыг Ж.Байдены засаг захиргаа удаан үргэлжлүүлэхийг хүсэхгүй байгаа тул Умард Атлантын далайд баримтлах гео-эдийн засгийн стратегийг хэрэгжүүлэхэд НАТО-г ашиглаж, бүс нутагт геополитикийн сөргөлдөөн үүсгээд байгаа нь энэ юм. Ийнхүү ОХУ-ын Европт баримталж байсан гео-эдийн засгийн стратеги өөрт нь аюул занал болж хувирсан нь Украинд өдүүлсэн асуудлаар илрэв. Энэ нь, ОХУ-ын оршин тогтнохуйн аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл гэж тэд үзлээ. Иймд Москвагийн зүгээс гео-эдийн засаг, геополитикийн нүүдэл хийхээр төлөвлөж байх магадлалтай. Украин руу цөмрөн орсон нь үүсээд буй нөхцөл байдлыг геополитикийн тогтворгүй байдал болгон ашиглаж, түүхий эдийн үнийг огцом өсгөх боломж болгон ашиглах гэсэн магадлал тун өндөр байна.

ОХУ-ЫН ЗҮҮН ХОЙД АЗИ ДАХЬ СТРАТЕГИ

ЗХУзадарснаас хойш ОХУгео-эдийн засгийн стратегийн хувьд Европын орнуудад эрчим хүч, уул уурхайн түүхий эд нийлүүлэхэд голлон анхаарч ирсэн. Уг бодлогоо 2014 он хүртэл идэвхтэй баримталсан юм. Харин Крымийг өөртөө нэгтгэж авсны дараа буюу барууны орнуудын хоригийн дараагаар ОХУшинэ гео-эдийн засгийн стратегиа Алс Дорнодыг хөгжүүлэх, зүүн хойд Азийн орнуудтай хамтарсан эдийн засгийн түншлэлийг бий болгоход чиглүүлсэн билээ. Тус улс нь Алс Дорнодын бүс нутгийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр-2025, түүний хэтийн төсөл-2035 боловсруулан хэрэгжүүлж байгаагаа 2015 онд болсон анхны Алс Дорнодын эдийн засгийн чуулганы үеэр танилцуулсныг уншигч та санаж байгаа байх. Эндээс харахад, ОХУ-ын шинэ гео-эдийн засгийн стратеги Өрнөдөөс Дорно тийш аажим шилжиж байна. Дорнын бүс нутагт БНХАУ, Япон, Солонгосын хойг, АСЕАН-ны зэрэг дэлхийн нийт хүн амын 40 гаруй хувь оршин суудаг. Зүүн хойд Азийн бүс нутаг нь олон улсын санхүүгийн зах зээл, дэлхийн эдийн засаг, техник технологи, инновацийн ирээдүйг тодорхойлох болсоор удсан. Иймээс ОХУ-ын шинэ гео-эдийн засгийн стратеги нь өсөн нэмэгдэж буй зүүн хойд Азийн хүн амын хэрэгцээг хангах хүнс, түүхий эдийг нийлүүлэхэд чиглэсэн урт хугацааны тоглолт гэж дүгнэж болохоор байна. Өнөөдөр Украинд өдүүлсэн асуудлаас болоод уг бодлого улам эрчимтэй хэрэгжиж эхэлнэ гэдэгт барууны болоод ОХУ-ын судлаачид ч санал нэгтэй байгаа нь тэдний бичсэн мэдээллүүдээс харагдана.

НИЙЛҮҮЛЭЛТИЙН ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨН

Дээр үүссэн нөхцөл байдал уул уурхайн түүхий эд экспортлогч манай улсын хувьд ОХУтомоохон өрсөлдөгч болох сөрөг үр дагаврыг бий болгоно. Хамгийн муу хувилбар нь нөхцөл байдал хурцдаж, ОХУ-д хүчтэй хориг арга хэмжээнүүд авснаар манай гол зах зээл болох өмнөд хөршид урт хугацаанд хямд үнээр түүхий эдээ нийлүүлж магадгүй гэсэн болгоомжлол байна. Учир нь, хоёр хөршийн маань харилцаа түүхэнд хамгийн тааламжтай үедээ яваа. Манай гол түүхий эд нүүрсний зах зээлээс биднийг шахах, үгүйдээ тун бага орон зайд худалдаа хийлгэх эрсдэл бий. Энэ жил манай улс 40 сая тонн нүүрс экспортлохоор төсөвлөсөн. Цар тахлаас үүдсэн хил гаалийн хязгаарлалт, урд хөршийн чингэлэг тээврийн шаардлага нь асуудал болж байгаагийн дээр ахиад зах зээлээ хуваалцах нь төсвийн биелэлтийг гүйцээхэд тулгамдсан асуудал болно. БНХАУ, Иран зэрэг бүс нутгийн томоохон улс орнууд барууны хориг арга хэмжээг тойрч, ОХУ-ын түүхий эд, металл, үр тариаг хөнгөлөлттэй үнээр худалдан авч болох юм. Үүний ганцхан жишээ нь, ОХУ-ын Ерөнхийлөгч хоёрдугаар сарын 4-нд БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үр дүнд түүхий нүүрснийхээ экспортыг ойрын хугацаанд 100 сая тоннд хүргэхээр тохиролцсоныг уншигч та санаж байгаа биз ээ. Цаашлаад Сахалин орчмоос БНХАУ-ын зүүн хойд мужуудад нийлүүлэх байгалийн хийн нийлүүлтийг нэмэгдүүлэхээр ярьж тохирсон зэргийг мартаж болохгүй. Гэвч яг үүний эсрэг нөхцөл байдал ч үүсэж бас магад. Хоригоос үүдэн түүхий эдийн урсгал, нийлүүлэлт тасалдаж болно. ОХУ-ын экспорт, түүний төлбөрийн хэрэгслийн дэд бүтэц болох олон улсын SWIFT сүлжээ барууны орнуудын хориг арга хэмжээнд багтсан тул нийлүүлэлт тасалдаж мэднэ. Зарим талаар ОХУөөрөө өрсөлдөгчдөө шахалтад оруулахын замаар экспортоо, ялангуяа байгалийн хийн экспортоо зогсоох шийдвэр гаргаснаар түүхий эдийнхээ үнийг өсгөх хувилбарыг ч сонгох магадлалтай. Эл байдал нь, зарчмын хувьд зарим эрэлт хэрэгцээг хангах замаар дэлхийн худалдаанд үүсэж болзошгүй хүндрэлийг хөнгөвчлөх боломжтой байх тал байна.

БАРУУНЫ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ ХУДАЛДАА, ЛОЖИСТИКТ ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?

Босфор, Дарданелийн хоолойгоор ОХУ-ын хөлөг онгоцуудыг нэвтрүүлэхгүй байхыг Киев Анкарагаас гуйсан. 1936 оны Монтрегийн конвенцийн дагуу Турк улс онцгой тохиолдолд хоолойг хаах эрхтэй. Харин Европын холбоо ОХУ-ын төмөр замаар дамжих транзит тээвэрт арай хориг тавьчихаагүй ч цаашид хэрхэхийг аль аль тал нь хэлж чадахгүй байна. Гэхдээ Оросын төмөр замууд хориг арга хэмжээний жагсаалтад багтвал Европын улс орнууд, Хятадын транзит тээвэр яах вэ? Европын холбоо мэдээж, эдийн засгийн аль салбараа хамгаалахаас шалтгаалаад хязгаарлагдмал байдлаар “цохилт” өгч магадгүй. Тэд ОХУ-ыг шинэ технологи олж авахыг хориглож, олон улсын санхүүгийн төлбөр тооцооноос хасаж болох ч транзит тээврийг хөндөхгүйг хичээх болов уу. Учир нь, ОХУ-аар дайрсан транзит коридороос татгалзвал тойруу маршрут, цаг хугацаа, түүнд ямар үнэ төлөхөд бэлэн байгаагаа барууныхан тооцоолсон байх биз. “Оросын төмөр зам” компани нь стратегийн салбарын хувьд бүх боломжит хувилбаруудад бэлэн байгаа нь дамжиггүй. Жозеф Байден, Борис Жонсон болон бусад барууны улс орнууд хориг арга хэмжээнийхээ жагсаалтыг удахгүй зарлах байх. ОХУ-ыг SWIFT-ээс салгаснаар РЖДкомпани тодорхой хэмжээний хохирол амсах нь ойлгомжтой боллоо. Нефть, металл, нүүрс олборлогчдод төлбөр тооцоогоо хийхэд хүндрэл учирна. Манай нефть импортлогчдод ч энэ хамаатай асуудал. Үүнээс болоод тээвэрлэлтэд гарах эрсдлийг одооноос тооцоолох нь зүй. Өрнөдийн хамтын нийгэмлэг ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнийхээ төлөө хэр их мөнгө төлөхөд бэлэн байна вэ гэсэн асуултыг уншигч танд нээлттэй хэвээр үлдээе.

ОХУ-ААР ДАМЖИХ ТРАНЗИТ ТЭЭВЭРТ ЭРСДЭЛ ҮҮСЭХ ҮҮ?

Угтаа Ази-Европ хоорондох нийт бараа эргэлтийн 7.6 хувь Евразийн эх газраар буюу ОХУ-аар дамждаг. Энэ нь, ОХУ-д ашигтай. Яагаад гэвэл тус улс БНХАУ-аас Европ, Европоос БНХАУ, зүүн хойд Ази орнууд хүрэх ачааг ихэвчлэн Алс Дорнодын боомтуудаараа хүлээн авч хүлээлгэн өгдөг байв. Тэр үед БНХАУнь тухайн үеийн ЗХУ-тай Дорнод Хятадын төмөр зам буюу Манжуураар л холбогдсон байв. Иргэний дайнаасаа дөнгөж салсан, эдийн засгийн хувьд өнөөгийнх шиг бэхжээгүй, түүнийгээ дагаад төмөр замын хөгжил нь харьцангуй сул байсан нь үүнээс өөр аргагүйд хүргэж байжээ. Дээрх тохиолдолд ОХУөөрийн газар нутгаараа даруй 10000 орчим км замаар дамжин өнгөрөх тээвэр гүйцэтгэдэг байж. Үүний нууц нь Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын 1951 онд байгуулсан “Олон улсын төмөр замын ачаа тээврийн тухай хэлэлцээр”-ээр транзит тээвэр нь дотоодын тээврээс гурав дахин өндөр үнэтэй байхаар тохиролцсон явдал. БНХАУ-д удаан ийм байдлаар явах нь эдийн засгийн хувьд алдагдалтай байснаас үүдэн энэ зайг богиносгох арга хэмжээ авсан байдаг. 2000 оноос хойш баруун хойд чиглэл болох манай өмнөд хилийн урдуур ӨМӨЗО, Шинжаан Уйгурын нутгаар дамжин Казахстантай холбосон төмөр замын бүтээн байгуулалтыг хийж, 2010-аад оны үед дуусгасан юм. Ингэж Казахстанаар дамжуулснаар БНХАУОХУ-ын газар нутгаар ердөө 3000 км л дамжин өнгөрүүлэх болов. Ингэснээр ОХУ-ын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн ашгийг огцом бууруулав. Үүнээс үүдэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2015, 2016 оны үеэс Монголын нутгаар дамжуулан өөрийн төмөр зам руу ачаа урсгал татахыг хариуцсан албан тушаалтнуудаасаа шаардах болсон. Монголын нутгаар дамжуулах нь Казахстанаар дамжуулснаас зайн хувьд хоёр дахин нэмэгдэх боломжтой гэж үзсэн ажээ.

ЕВРАЗИЙН КОРИДОРЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ ОХУ-ЫН ТУЙЛЫН ЗОРИЛГО

ОХУ-ын тээвэрлэгчид дамжин өнгөрөх шинэ замууд үүсэж, хөгжсөнтэй холбоотойгоор зах зээлд өрсөлдөөн нэмэгдэж байгаа тухай мэдээлжээ. Барууны томоохон компаниуд ОХУ-ын транзит тээвэрт олноор хөрөнгө оруулах болсон нь дотоодын бизнес эрхлэгчдийг энэ төрлийн тээврийн зах зээлээс шахах эрсдэлтэй бөгөөд ачаа тээврийн салбарт бүхэлд нь сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. Тээвэр зуучлалын “Трансазиа Логистик” компанийн удирдлагын хэлж буйгаар гадны оператор компаниудын далайгаар ачаа тээвэрлэх нь мэдэгдэхүйц буурч, төмөр зам руу ихээр орж ирсэн нь ачаа тээвэрлэх чингэлэг хүрэлцэхгүй болгосон гэв. Үүний үр дүнд тус улсаар дамжин өнгөрөх транзит тээврийн захиалга ч өссөн гэж харагддаг гэдгийг тэрбээр хэлэв. Оросын транзит тээврийн зах зээлд хамгийн ачаалалтай чиглэл нь Хятадаас ирэх чингэлэг тээвэр. Улмаар, тухайн чиглэлийн тээвэрлэлтийг зохион байгуулах нь суурь бүтэц эзэмшигч болоод оператор компаниудад ихээхэн ачаалал нэмдэг байна. Үүний зэрэгцээ, Оросоор дамжин өнгөрөх тээврийн хөгжлийг урт хугацаандаа бизнесийн ирээдүйтэй талбар болно гэдэгт дотоодын операторууд итгэлтэй байгаа аж. Одоогоор Владивосток, Уссурийскээс долоо хоног бүр чингэлгийн хоёр галт тэрэг хүлээж авдаг гэнэ. Цаашид ОХУ-ын оператор компаниуд дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа суурь бүтэц эзэмшигчдэд уламжилжээ. Ингэснээр улс орондоо орлогын нэмэлт эх үүсвэр бий болгох боломжтой гэж тэд үзсэн байна. Тэдний хэлж буйгаар транзит тээврийг хөгжүүлэх нэг арга зам нь тээврийн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах, зайлшгүй тохиолддог саад тотгорууд тухайлбал, гааль, хилийн боомт дээр үүсдэг асуудал, чингэлгийн хомсдол, тээвэрлэлтийн үнэ зэргийг нааштай шийдвэрлэж чадвал дамжин өнгөрөх тээврийн чадавхийг улам бүр нэмэгдүүлэх боломжтой. Яагаад гэхээр дэлхийн чингэлэг худалдааны нийт хэмжээн дэх Оросын транзит тээврийн оролцоо, эзэлсэн зах зээл өчүүхэн бага. Төрийн дэмжлэгтэйгээр хямд зээл, логистикийн асуудлыг шийдэхээс гадна үндэсний тээвэрлэгчдэд халтай шинэ транзит замыг хөгжүүлэх хэрэггүйг Төр засгийнханд анхааруулжээ. Мөн Орос руу чингэлэг тээвэрлэх, дамжин өнгөрөх тээвэрт нийлүүлэлтийн сүлжээний бүх оролцогчид энэ тэнцүү оролцох шаардлагатай гэж үзэж байгаа аж.

Б. МӨРӨН