УБТЗ-ын Төв эмнэлэгт Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл /ЭМДҮЗ/-ийн тэргүүлэгч, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуягаар ахлуулсан тус зөвлөлийн ажлын албаны ахлах аудиторууд, ЭМДЕГ-ын хэлтсийн дарга нар оролцсон баг ажиллалаа. Б.Алтанхуягийн хувьд 2023 оны дөрөвдүгээр сард УИХ-ын нэгдсэн чуулганаас ЭМДҮЗ-ийн гишүүнээр сонгогдсон байна. Тиймээс ЭМДҮЗ-ийн 2024 оны ажлын төлөвлөгөөнд УБТЗ-ын Төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахаар тусгажээ. Тэрбээр, энэ үеэр илтгэлдээ “ЭМДҮЗ-өөс батлагдсан 06, 08, 010 тогтоолын хэрэгжилт ямар шатанд явж байна, мөн эмнэлэгт тулгарч буй асуудлуудыг сонсох зорилготой байна. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах бодлого руу шилжсэн. Нэг ёсондоо даатгуулагч ЭМД-аа төлсөн бол аль сайн гэсэн эмнэлэгтээ очиж тусламж үйлчилгээг авна. Харин эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн эмнэлэг нь ЭМДЕГ руу нэхэмжлэлээ өгч санхүүжилтээ авдаг тогтолцоотой болсон. Тэгэхээр төмөр замын эмнэлэгт тусламж үйлчилгээ ямар түвшинд байна, хүндрэлтэй ямар асуудал байгаа юм гэдгийг сонсох нь хамгийн чухал.

 

 

Төмөр замын эмнэлэг бол ЭМДЕГ-аас нэхэмжлэлээр авч буй мөнгөн хөрөнгө, нөгөө талаар УБТЗ-ын нийгмийн хариуцлагын хүрээнд олгодог татаасаар санхүүждэг. Тиймээс төмөр замчдад даатгалаар үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрлийг болон багцыг хэрхэн нэмэгдүүлэх вэ. ЭМДЕГ-т явуулж буй нэхэмжлэл ямар шалтгаанаас үүдэж хасагдаад байна. Үүнийг бууруулахад ямар арга хэмжээ зохион байгуулах юм гэдэгт хамтран ажиллана. Ер нь, УБТЗ-ын Төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг гурав нийгмийн тодорхой бүлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг онцгой эмнэлэг шүү дээ. Тиймээс энэ гурван эмнэлэгтэй хамтран ажиллана. Ажлын байранд хөдөлмөр эрхэлж, даатгалын шимтгэлээ цалингаасаа хоёр хувиар төлж буй хүмүүст хүргэх эрүүл мэндийн үйлчилгээг яаж сайжруулах вэ гэдэг чухал. Тухайлбал, 08 тоот тогтоолоор мэдрэлийн гаралтай, зүрх судас, даралт, бөөр, шээс бэлгийн замтай холбоотой өвчлөлүүдийг хэвтэн эмчлүүлэхээс илүүтэй өдрийн эмчилгээнд шилжүүлсэн. Гэтэл завсрын өртөө, зөрлөгт байгаа төмөр замчин эмнэлэгт ирээд өдрийн эмчилгээнд орно гэвэл хаана байрлахаас эхлээд асуудал тулгарна. Энэ мэт онцлогтой учраас асуудал гарч ирээд байгаа юм. Дээрх өвчлөлтэй хүмүүс долоо хоног эмнэлэгт хэвтсэнээр шууд эдгэрэхгүй. Өдрийн эмчилгээ хийгээд, дэглэмээ сахиад явах нь чухал. Харин хүнд хагалгаанд орох, эмнэлэгт хэвтэх нэн шаардлагатай хүмүүсээ л хэвтүүлнэ” гэсэн юм. Түүнчлэн, Төв эмнэлэгт ажиллахад тус эмнэлгийнхэн ч тулгамдсан олон асуудлаа хэлж байлаа.

 

 

М.Наранболд