УБТЗ-ын Зорчигчийн вагон депо вагоны мянга орчим үйлчлэгчтэй. Тэднээс цөөн хэдийг л миний бие амьдрал ахуйг нь биш ч ажил мэргэжлийнх нь хувьд гадарлана. Тэр цөөн хэдэн үйлчлэгч нь тусгай вагоныхон юм. Тэдгээр бүсгүйчүүдтэй Замын даргын үзлэг болон бусад тусгай үйл ажиллагааны аялалд нэг галт тэрэгний бүрэлдэхүүнд хамтран ажиллах үе олон бий. Анх төмөр замын сонины сэтгүүлч болоход Б.Алтантуяа, Г.Отгонжаргал, Эрдэнэцэцэг, Буд Ц.Эрдэнэчимэг, Ц.Даваадулам, Б.Батгэрэл, Ж.Золзаяа... гээд нэрлэвэл олон эгч нар үйлчлэгчээр ажилладаг байлаа. Тэдний 20, 30 жилийн ажил хөдөлмөр нь ажлынх нь өдөр тутмын хэвшил болж, хэзээ ч хойш сууж, дүр эсгэдэггүй, үүрэгт ажлаа ягштал, гялалзтал хийдэг байв. Байв гэхийн учир тэд сүүлийн хэдэн жилд ээлж дараалан гавьяаны амралтдаа гарсан болохоор тэр. Харин саяхан Б.Алтантуяа эгчийг энэнүү буландаа урьж ярилцлаа. Тэрбээр, Улаанбаатар хотод 1969 онд Н.Болд хэмээх айлын есөн хүүхдийн тав дахь нь болон мэндэлжээ. Гэр бүлийнхээ талаар “Аав, ээж маань Дорнод аймгийн гаралтай хүмүүс. Аав эрчим хүчний салбарт насаараа ажилласан. Ээж Б.Хасангэрэл маань уйгаржин бичгийн багш хүн байлаа. Гэхдээ олон хүүхдээ өсгөхийн тулд багшлаагүй. Миний хувьд хорооллын унаган хүүхэд. 1987 онд 47 дугаар сургуулийн аравдугаар ангийг төгсөөд Төмөр замын коллежид элссэн. Галт тэргэнд сууж үзээгүй хэр нь “Олон улсын вагоны үйлчлэгчийн анги” гэх нь их гоё сонсогдоод сонгож байлаа. Тэр үед би төмөр замын тосгонд ч ирж үзээгүй байсан. Хорооллын хөвгүүд “Төмөр замынхантай зодолдлоо” л гэхийг сонссоноос өөр юу ч мэдэхгүй шүү дээ (инээв). Уг нь надад нисэхийн үйлчлэгч болох боломж байсан юм. Гэтэл аав “Аюулгүй байдлаа бодвол онгоцноос илүү төмөр зам нь найдвартай. Чамайг би онгоцонд явуулахгүй” гээд вагоны үйлчлэгчийг нь дэмжсэн” хэмээн хуучлав. Нэг жил сурч төгсөн н.Дашдорж даргатай II цувааны үйлчлэгчээс ажлын гараагаа эхэлжээ. Ер нь, тэр үеийн төмөр замчдын олонх нь удам дамжиж төмөр замчин болсон байдаг бол Б.Алтантуяагийн хувьд “Олон улсын вагоны үйлчлэгчийн анги” гэх өгүүлбэр л сонирхлыг нь татаж, хувь заяаг нь хөтөлжээ. Гэвч орон сууцанд өссөн эрх танхи охинд вагоны үйлчлэгчийн ажил санасан шиг нь тийм ч амар байсангүй. Ялангуяа, өвлийн улиралд нүүрс зэхнэ, гал түлнэ, вагоны явах эд ангийн мөс цохино. Галаа асааж чадахгүй, үнс шороотой хутгалдан, шал шавхай угаасаар гар нь ч эвэршин хагарна. Өвөл болохоор л аав, ээждээ “Ажлаасаа гарлаа” гэж уйлж очно. Харин аав, ээж нь “Миний охин жаахан л тэсчих” гэнэ. Үйлчлэгчийн орон тоо дутуу гээд олон хоног үргэлжлүүлж ажиллуулна. Шантраад уйлахад дарга нь “За миний охин энэ удаа л явчих. Дараагийнхад нь яг буулгана” гээд аргадна. Тэгсээр зун болоход Б.Алтантуяа хүндрэл бэрхшээлийг мартана. Гэвч дахиад л өвөл болно, ахиад л уйлна. Ингэсээр 1990 он хүртэл орон нутгийн галт тэрэгний үйлчлэгчээр хоёр жил ажиллахдаа нэг л мэдэхэд тэр ажилдаа дасжээ. Улмаар айлын гэргий, хүүгийн ижий болж амралтаа аван 1992 онд С.Баттөр даргатай Москвагийн галт тэрэгний үйлчлэгчээр эргэж орсон байна. Тус бригадад гурван жил ажилласан гэнэ. Б.Алтантуяа анх ажилд ороход нь зааж сургасан эгч нараа, мөн ажлын замналынхаа тухай “Дашдорж даргын бригадад анх ороод Тарницэцэг эгчтэй аялалд гарсан санагдана. Ер нь, дандаа л мундаг эгч нар байж билээ. Бүгд л залуучууддаа гал түлэхээс эхлээд заасан. Эгч нарынхаа ачаар л ажлаа сайн сурсан даа. Москвагийн галт тэргэнд явахад зах зээлд шилжээд удаагүй, наймаачид олонтой, их замбараагүй үе байлаа. Хөл толгой нь олдохгүй л бужигнана. Тэгсээр гурван жилийн хугацаагаа дуустал Зорчигч тээврийн албаны орлогч Л.Насанбат дарга “Чамайг тусгай вагонд авна” гэдэг юм. Дандаа дарга нар үйлчлүүлдэг гэж сонссон болохоор айсан. Үйлчлэгчээр нь мундаг эгч нар ажилладаг учир харахад л сүрддэг цуваа байлаа. Тиймээс орохгүй байх арга хайн төмөр замын эмнэлэгт очоод шууд бамбайн хагалгаанд орчихож билээ. Гурван сар гаруй хугацааны акттай ч боллоо. Тэгтэл дарга сонсгол дээр “Болдын Алтантуяа сураггүй алга болсон” гэсэн гэдэг (инээв). Акт дуусахаар нь ажилдаа ирсэн. Хагалгааны улмаас дууны өнгө сөөнгөдүү болсон байсан. Л.Насанбат дарга өрөөндөө дуудаж асуухаар нь учраа хэлтэл “Хоолой чинь эдгэрнэ гэсэн үү” гэж байна. “Эдгэрнэ гэсэн” гэтэл “За чи тэгвэл хоол хийхгүйгээр нь 484 дүгээр вагонд яв” гэдэг юм. Энэ вагон маань сүүлд 506 болсон шүү дээ. Тэгээд гурван сарын дараа хоолой ч гайгүй болтол дарга шууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гуравдугаар тусгай вагон руу шилжүүлчихсэн. Ингээд 1995-1998 он хүртэл энэ вагондоо ажилласны дараа Бээжин, тэгээд Москвагийн галт тэргэнд Тунгалагням даргын вагонд явсан. Үүний дараа жуулчдын “Говийн өглөө” галт тэрэгний үйлчлэгч болсон доо. Биднийг англи хэлний сургалтад хүртэл хамруулсан. Замын-Үүд, Эрээн гараад буцаж ирдэг байлаа. Тэгээд буцаж анхны II цуваандаа Д.Ганбаатар даргын удирдлагад ажиллаж байгаад хоёр дахь хүүгээ төрүүлсэн. Хүүхэд асрах чөлөөнөөс буцаж гуравдугаар вагондоо орж, тэндээ ажилласаар тэтгэвэртээ гарсан. Энэ вагондоо П.Очирбат гуайгаас эхлээд дөрвөн ерөнхийлөгчид үйлчилсэн” хэмээв. Мөн “Тусгай вагонд нийтийн хоолны олон тогоочтой хамтран ажилласан. Б.Батдорж, Л.Батцэнгэл, Г.Өлзийсайхан, Я.Тэгшжаргал... гээд нэрлэвэл олон залуус бий. Тэднээс янз бүрийн хоол хийхийг сурсан. Мөн рестораны үйлчлэгч нараас ч хүндэтгэлийн ширээг хэрхэн засахыг сурсан. Дотоодын дарга нар явж буй үед нь сурсан хоолоо хийж, үйлчилдэг байлаа. “Маш гоё хоол хийжээ” гэхийг нь сонсох сайхан байдаг” гэсэн юм.

Түүний нөхөр уг нь Зүүнбаянгийн цэргийн ангид ажилладаг офицер байсан ч эхнэр нь явуулын ажилтай тул ажлаасаа гарч, ар гэрээ зохицуулах үүрэг хүлээсэн байна. “Миний хань ажлыг маань сайн ойлгодог. Хэрэв гэр бүлийнхэн нь ойлгохгүй бол үйлчлэгчээр ажиллах хэцүү шүү дээ. Нэг удаа ажлаас гаръя гээд бүр шийдсэн байтал нөхөр маань “Миний хань юунд ч битгий  санаа зов. Төмөр зам шиг сайхан газар хаана байх вэ. Чи эндээ ажиллаж байгаад л тэтгэвэртээ гар” гэж зоригжуулсан. Ханьдаа би маш их баярладаг. Бас “Чи ажил хийсэн 30 жилийнхээ 15-д нь вагонд амьдарсан шүү” гэдэг юм (инээв). Бидний том хүү Эрүүгийн мөрдөн байцаах газарт ажилладаг хошууч цолтой залуу бий. Хоёр ачтай болсон. Бага хүү их сургуулийн III курс төгсөөд байна. Нөхөр хүүхдүүд маань “Бид вагонд чинь орохгүй. “Битгий юманд хүр, наанаа гишгэж болохгүй. Хурууны хээ гаргачихлаа хүүе, хаая. Бариулаас битгий барь” гээд хэцүү байдаг” гэдэг байсан (инээв). Тэгж л цэвэрлэдэг байлаа. Хамт явдаг Дуламрагчаа эгчээс яг энэ байдлаа сурсан гэж боддог” гээд инээв. Вагоны үйлчлэгчээр олон жил ажилласан хүмүүс хүнтэй харьцаж, хүндэлж, үг дааж сурахаас гадна ямар ч хүнд хэцүү ажлыг шантралгүй, яс хийж сурсан байдаг. Тэвчээр, хатуужилтай ч болдог юм билээ. Б.Алтантуяа одоо дүүгийнхээ хувийн компанид ажиллаж буй аж. Даалгасан ажлыг нь ягштал биелүүлдэг тул дүү нь ч ажиллуулах дуртай гэнэ. “Хүмүүс ч “Та хүнтэй ямар сайхан харилцдаг юм бэ. Хэний ч эвийг сайн олох юм аа” гэдэг. Би тийм байх гэж хэлбэрдэж, хичээдэггүй. Харин вагоны үйлчлэгчийн ажил маань намайг ийм болгосон байна шүү дээ. Энэ бол төмөр замын л буян. Вагоны үйлчлэгч бүх л давхрагынхантай харилцдаг. Олон хүний арга эвийг олохын тулд харилцааны өндөр ур чадвар шаарддаг юм. Бид хэнийг ч ялгаж харьцдаггүй” гэх. Харин эрүүл мэндийн хувьд л жаахан дорддог тухай тэр “Манай үйлчлэгч нар ихэнх нь үе мөч, нурууны өвчлөлтэй болж, гар хуруу нь эвдэрдэг. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн үед МИАТ-ийн үйлчлэгч нартай нэг удаа “Нарны галт тэрэг”-ний аяллаар хамтарч ажиллахад “Та нар яаж энэ ажлыг хийдэг юм бэ. Ямар ч их механик ажиллагаатай юм. Хүйтэн усанд үргэлж гараа дүрэх зүгээр үү” гээд гайхацгааж байсан. Тэр охид, хүүхнүүдийн гар нь яасан ч гоё юм. Бид гарнаасаа үнэхээр их ичиж билээ. Ер нь, үйлчлэгчийн ажлыг хөнгөвчлөх ямар нэгэн шийдлийг олох л хэрэгтэй гэж боддог. Онгоцны үйлчлэгч нарт бидэн шиг механик ажиллагаа бараг байдаггүй юм билээ. Дандаа л нэг удаагийн хэрэгсэл ашигладаг юм байна” хэмээн учирлав. Нээрээ ч манай вагоны үйлчлэгч нарын гар ажиллагаа барагдахгүй их. Ялангуяа, өвлийн улиралд амаргүйг төмөр замчид андахгүй мэднэ. Гэвч тэд өөрсдөө ажлаа хүнд гэж бараг л хэлэхгүй. Б.Алтантуяа “Олон жил ажилласан байгууллагаасаа тэтгэвэрт гарахад амаргүй юм билээ. Эгч нараа “Баяртай” гээд л явуулдаг байлаа. Сэтгэл зүй нь ямар байгааг анзаардаг ч үгүй байж. Тэгээд үеийн найз нар маань түрүүлж тэтгэвэрт гарахад нь би хүндэтгэлтэй гаргаж өгдөг байхыг санаачлан хэрэгжүүлсэн. Одоо манай тусгайгийнханд хэвшил болсон” гэв. Түүнчлэн, “Би тэтгэвэрт гарсан шөнөө нэг ч сэрэлгүй 06.00 цаг хүртэл унтсан байсан. Ямар сайндаа нөхөр маань гайхаад шөнө өндийж чагнасан гэдэг (инээв). Санаа зовох зүйлгүй болоод сэтгэл амардаг юм билээ. Ажилтай үед ямар ч тохиолдолд утсаа унтраахгүй, дуудахад бэлэн байх ёстой шүү дээ. Эгч нь одоо ахмадын үйл ажиллагаанд оролцохыг эрмэлздэг болсон. Төмөр зам шиг ахмадуудаа анхаардаг, эргэх холбоотой газар өөр бараг байхгүй. Тэтгэвэрт гарсан үеийнхэн болон эгч нараа би бүх л зүйлд уриалдаг. Депогийн ахмадын хорооны 20 хүн Алтай таван богд руу аяллаар явах гэж байна” хэмээн сонирхуулав. Б.Алтантуяа хүүхэд байхдаа сагс тоглодог, МҮЭСТО-ны “Улаан сарнай” хамтлагт бүжиглэдэг байсан гэнэ. Мөн оюутан байхдаа сургуулийн спорт зааланд бөхийн барилдаан болох бүрд ангийнхаа хоёр охинтой медалийг нь барьж “Дүүриймаа”-ддаг байжээ. Деподоо ч ялгаагүй, И.А.Домбровский даргыг ирэхэд хадаг, мөнгөн аягатай сүү барин угтсан удаатай. Үндсэндээ байгууллагынхаа цөөн хэдэн “Дүүриймаа”-гийн нэг нь Б.Алтантуяа байв.

Түүний охин дүү Б.Алтаа мөн л тусгай вагоны үйлчлэгчээр ажиллаж байгаад саяхан гавьяаныхаа амралтад гарсан билээ. Сэтгүүлч миний бие Б.Алтаа эгчийн вагонд цөөнгүй аялсан удаатай. Анх “Б.Алтантуяа эгчтэй яасан ч адилхан юм. Эгч дүү хоёр байж таарна. Нэр нь ч ойролцоо” гэж бодсон маань ч зөрөөгүй. Дүүгийнхээ тухайд “1990-ээд оны сүүлчээр Алтаа маань нүдний шилний үйлдвэрт ажилладаг байсан. Тэр үед цагаан хэрэглэл дээр орон тоо гартал дарга нар дүүгээ оруулах санал тавьсан юм. Тэгээд индүүдэгчээр ажилд ороод дараа нь үйлчлэгч болсон” гэв. Энэ ташрамд сонирхуулахад, нэг удаа улирлын үзлэгээр Б.Алтаа эгч “Миний шүүрийг харсан хүн байна уу” гээд хүн бүрээс асууж, вагоны голоор ихэд сандарсан шинжтэй гүйх шахам явав. Би “Танаас өөр хүн шүүр унах биш дээ” гэтэл вагоныхон инээлдэж, Алтаа эгч “Битгий дэмийрээд бай. Дандаа хүн явуулна, би тамбур шүүрдэх гээд байна” гэж инээж билээ. Түүнээс хойш тэр вагоныхон Б.Алтаа эгчтэй хаана ч таарсан “Шүүр чинь байгаа биз дээ” гэж асуун инээлддэг болсон юм. Ийнхүү тусгай вагоны эгч дүүс Алтаагийн эгчтэй нь цөөн хором хөөрөлдсөнөө уншигч та бүхэнд хүргэж байна. Тэрбээр, “Ажиллах үед баярлах, гомдох зүйл бишгүй л тохиосон. Харин тэтгэвэрт гарсаар жил өнгөрөх тусам сайхан үе нь илүү дурсагддаг юм байна” гэсэн билээ.