ОХУ-ын ШУА-ийн Ган хайлш, материал судлалын шинжлэх ухааны хүрээлэн нь төмөр замын аморф даралтын мэдрэгчийг зохион бүтээсэн байна. Төмөр зам, зам төмөр нь өндөр эрсдэлтэй объектод хамаарагддаг. Тиймээс тэдгээр нь, жишээлбэл, усанд угаагдах, хөрсний гулсалт, шавраас болж гэмтэх эрсдэлтэй байдаг. Нөхцөл байдлыг хянахын тулд төмөр замын бүх уртын дагуу механик даралтын өргөтгөсөн хяналтын систем тавих нь шийдэл болж чадна. ОХУ-ын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн Санхүү, эдийн засгийн үйл ажиллагаа хариуцсан орлогч захирал Андрей Альпатов 11 дүгээр сарын сүүлчээр Оросын төмөр замын эрдэмтэдийн зөвлөлийн хуралдаан дээр хэлэхдээ, “Бидний сайн мэдэх тензо-мэдрэгчүүд нь  зөвхөн суулгасан цэг дээрх механик даралтыг хянах боломжтой. Шилэн кабелийн хэлбэлзлэлийн мэдрэгч нь асуудлыг бүрэн шийдэж чадахгүй байна. Ган хайлш, металл судлалын хүрээлэнд одоо тууш тензо-мэдрэгчийн үүрэг гүйцэтгэж чадах аморф металл соронзон бичил утас үйлдвэрлэх технологийг боловсруулаад байна. Бичил утасны онцгой бүтэц нь тэдгээрийг өвөрмөц шинж чанартай болгодог. Юуны өмнө маш бат бөх, хэт уян хатан байдлыг нэмэгдүүлсэн. Үүнээс гадна тэдгээр нь өндөр соронзон шинж чанар, даралт мэдрэх мэдрэмтгий чанараар ялгагдана” гэжээ.

Мөн тэр “Энэ бүхэн нь эдгээр бичил утасыг төмөр замын байгууламжид ашиглах гайхалтай боломжийг нээж өгч байна. Одоогийн байдлаар Ган хайлш, металл судлалын хүрээлэн (ГХМСХ) нь эдгээр бичил утсан дээр суурилсан цоо шинэ даралтын мэдрэгчийг зохион бүтээсэн. Аморф мэдрэгчийг хальс, эсвэл шилэн ялтсан хальс хэлбэрээр үйлдвэрлэдэг. Энэхүү иж бүрдэлд мэдрэгч элемент, даралт хэмжих төхөөрөмж, холбох кабель орно. Ийм мэдрэгчийн ажиллах зарчим нь даралт (суналт, шахалт, гулзайлт, мушгиралт) үүсэх үед түүний цахилгаан эсэргүүцэл өөрчлөгддөг бөгөөд үүнийг тусгай төхөөрөмжөөр илрүүлж, бүртгэдэг. Өөрөөр хэлбэл, технологи нь маш энгийн. Өнөөдөр хэдэн зуун метр хүртэл урттай аморф мэдрэгч үйлдвэрлэх боломжтой. Өргөтгөсөн аморф ачааллын мэдрэгчийг механик ачааллыг хянах онлайн системийг бий болгоход ашиглаж болно. Үүнийг төмөр замын хэлхээ, гарц, хонгил зэрэг янз бүрийн барилга байгууламжид ашиглаж болно. ГХМСХ-д тэмдэглэснээр ийм мэдрэгчийг төмөр зам дээр байрлуулахдаа хэд хэдэн ажлыг нэг дор шийдэж болно. Жишээлбэл, өнгөрөх хөдлөх бүрэлдэхүүний тоо, жин, вагоны тоо, тэнхлэгийн бүртгэлийг хөтлөх. Түүнээс гадна төмөр замын механик даралт, зам төмрийн хэлхээний температурыг онлайнаар хянахын зэрэгцээ шинэлэг мэдрэгч нь төмөр замын бүрэн бүтэн байдал, зам  төмөрт дарах  даралтыг хянах боломжтой. Москвагийн төмөр замын Зам засварын удирдах газартай хамтран ГХМСХ-ээс хийсэн туршилтын үеэр аморф мэдрэгчийг ашиглах боломжтой нь батлагдсан. Туршилтаар, өнгөрөх хөдлөх бүрэлдэхүүн, хос дугуйнаас зам төмөр дээр дарах даралт, түүнчлэн гулзайлтын даралт, төмөр замын хэлхээний температурын өөрчлөлтийг сайн мэдрэх төхөөрөмж болох нь батлагдав. Мэдрэгчийн ажиллагаа нэлээд энгийн зарчимтай. Түүнийг хийх болон зам төмөр дээр суурилуулах нь хялбар тул төмөр замд ашиглах хэтийн төлөвтэй болох нь батлагдсан. Ослын улмаас учрах хохирлыг бууруулах, мөн зам төмрийг засах, ашиглах зардлыг бууруулах замаар хэрэгжүүлэх эдийн засгийн үр нөлөөтэйг харж байна” гэж дүгнэжээ.