Хатуу хорвоогийн нум нь та байг

Халамжит бүсгүйн хайр нь та байг

Энхрий үрсийн бахархал нь та байг

Энэ улсынхаа эзэн нь та байг...

УБТЗ-ын эрэгтэй ажилтнууд төдийгүй нийт монгол эрчүүдийнхээ эрүүл мэнд, насжилтад онцгойлон анхаарал хандуулах шаардлага тулгамдаж байна. Учир нь, эрчүүд чанартай урт наслах нь улс нийгэмд болон хувь хүний амьдралын сэтгэл ханамжид сайнаар нөлөөлөх олон талын ач холбогдолтой. Гэтэл монгол эрэгтэй хүний дундаж наслалт дэлхийн дунджаас бага төдийгүй, эмэгтэй хүний дундаж наслалтаас даруй 9.7 жилээр бага байна. Монгол Улсын Жендэрийн Үндэсний Хорооноос хийсэн “Эрэгтэйчүүдийн суурь судалгааны тайлан”(2019)-д, Монгол эрчүүдийн 52 хувь нь 60 нас хүрдэггүй тухай дурджээ. Дэлхийн бусад улс оронд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 3-5 жил байхад монгол хүмүүсийн дундаж наслалтын зөрүү жил бүр нэмэгдсээр байгаа нь харамсалтай.

Монгол Улсад эрэгтэйчүүдийн нас баралтын түвшинг эмэгтэйчүүдтэй харьцуулахад өндөр байгаа нь эрүүл мэндийн боловсрол дутмаг, амьдралын хэв маяг буруу, хорт зуршлын хэрэглээ их байгаатай холбоотой болохыг судлаачид тогтоосон бөгөөд нийгэм, биологи, сэтгэл зүйн онцлог, уламжлал  болон эрүүл мэндийн зан үйлийн онцлогоос шалтгаалан эрчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс өндөр байна.  Эрэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх гурван шалтгаан нь:

  1. Зүрх судасны тогтолцооны өвчин (нас баралтын шалтгааныг эмэгтэйчүүдийнхтэй харьцуулахад 3.1, артерийн даралт ихсэх өвчнөөр 2.3, тархины цус харвалтаар 1.7 дахин их)

  2. Осол гэмтэл, гадны шалтгаант (осол гэмтлийн улмаас жилд нас барж байгаа эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс гурав дахин, авто осолд өртөлт дөрөв дахин, амиа хорлолт долоо дахин өндөр)

  3. Хавдар  (нөхөн үржихүйн насны эрэгтэйчүүдийн нас баралтын 45.6 хувийг хорт хавдар эзэлж байгаа нь тухайн насны эмэгтэйчүүдийнхээс 1.5 дахин их байна)

Хавдар судлалын үндэсний төвийн мэдээлснээр эрэгтэйчүүдэд тохиолдох хорт хавдрын нэгдүгээрт элэг, хоёрдугаарт ходоодны хорт хавдар бичигддэг. Ходоодны хорт хавдраар жилд 1000 хүн оношилогдож байгаагийн 600 гаруй нь эрэгтэй, 300 нь эмэгтэй хүн байна. Ямар нэг хорт хавдар үүсэх үндэс нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалсан эрсдэлт хүчин зүйлс, амьдралын хэв маягаас хамаарах нь их байдаг. Түүнчлэн эр хүний хоёр дахь зүрх гэгддэг түрүү булчирхайн хорт хавдрын тохиолдлын тоо эхний 10-т багтжээ.

Улсын хэмжээнд сум дүүрэг, төрөлжсөн болон тусгай мэргэжлийн эмнэлгүүдэд “Эрэгтэйчүүдийн кабинет”-тай болох шийдвэрийн хэрэгжилт алаг цоог, зөвхөн цаасан дээрээ хэдэн жил болж байгаа нь нууц биш.

Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдаж, Эрүүл мэндийн сайдын 2021 оны есдүгээр сарын 09-ний өдрийн А/559 тушаалаар “Эрүүл чийрэг эр хүн” арга хэмжээний төлөвлөгөө батлагдсан байдаг.  Гэвч эрэгтэйчүүд олноор ажиллаж, суралцдаг цэрэг арми, батлан хамгаалах, уул уурхай, барилга, зам тээврийн салбарын байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл мэндийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр хийж, зохион байгуулж буй арга хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа нь дээр дурдсан судалгаа, тоо баримтуудаас харагдаж байна.

Иймд “Эрэгтэйчүүдийн кабинет” (урологи, андрологи) байгуулах үйл ажиллагааг дэмжих, эрчүүдэд зориулсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах аян өрнүүлэх зэрэг арга хэмжээг авах цаг нь болсон санагдана.

 

Нийгмийн эрүүл мэндийн ажилтан М.Жаргалмаа