УБТЗ-ын Төв эмнэлэг өвдөг, түнхний үе солих мэс заслыг амжилттай хийж эхэлжээ. Энэ төрлийн хагалгааг манай улсын гуравдугаар шатлалын эмнэлгүүд ЭМД-аар хийдэг ч маш их дараалалтай байдаг. Хагалгааны заалттай өвчтөн багадаа жил хүлээж, эсвэл гадагшаа явж, зарим нь хувийн эмнэлгүүдэд ханддаг.Тэгвэл энэхүү мэс заслыг төмөр замын Төв эмнэлэгт хийдэг болсноор төмөр замчдад өргөн боломж нээгдэж байгаа юм.Шинээр нэвтэрч байгаа өвдөг, түнхний үений мэс заслын талаар Төв эмнэлгийн Мэс заслын тасгийн их эмч Энх-Амгалангийн Өнөрбаяртай ярилцлаа.
-Та бүхэн өвдөг түнхний үений хагалгааг анх удаа хийлээ. Хагалгааны бэлтгэл ажлаа хэзээнээс эхэлсэн бэ?
-Энэ төрлийн хагалгааг хийх санаа 2022 онд анх гарсан.Тэр үеэс эмч нараа сургах, эмнэлгийн багаж төхөөрөмж, өвчтөнийхөө биеийн байдлыг нь хянах зэргээр бэлтгэлээ хангаж эхэлсэн. Би УБТЗ-ын Төв эмнэлэгт 2019 онд ажилд орсноос хойш амбулториор үзүүлж байгаа төмөр замчдын ихэнх нь өвдөг, түнхний үрэвсэлт өвчнөөр оношлогдсон, эмчилгээ хийлгэх шаардлагатай өвчтөн олон байгааг анзаарсан.
-Хагалгаа хийлгэсэн өвчтөний сэтгэл ханамж, биеийн байдал, эдгэрэл хэр байна вэ?
-Мэдээж сэтгэгдэл маш өндөр байгаа. Өвдөгний хагалгаа хийлгэсэн хоёр өвчтөн хагалгааны маргааш нь босож алхсан. Харин түнхний мэс засал хийлгэсэн өвчтөн зүүн талын түнхнийхээ үеийг бүтэн солиулсан. Тиймээс хоёр дахь хоног дээрээ боссон. Удаан хугацаанд өвдсөн, ужигралтай, дунд чөмөгний толгой хэсэг цөмөрсөн, ясны зөөлөн эдүүд нь хайлж үрэвссэн, мөн хоёр талын түнх хоёул үрэвссэнээс босож алхахдаа бэрхшээлтэй байсан ч боссон. Түнхний хагалгаанд орсон өвчтөн 52 настай, Дархан өртөөнд ажилладаг төмөр замчин. Өмнө нь нурууны суулт, мэдрэл дарагдсан гэхчлэн буруу оношлуулж буруу эмчилгээ хийлгэж хугацаа алдсан байсан. Манай эмнэлэг дээр зөв оношлуулж хамгийн эхний түнхний хагалгаанд орлоо. Хагалгаанууд ямар нэгэн хүндрэлгүй явагдлаа. Өвдөгний үений хагалгаа хийлгэсэн хоёр өвчтөн 62, 77 настай хүмүүс. Өвдөг бол биеийн жин хөдөлгөөнтэй холбоотой. Тиймээс ч хүнд ажил хийдэг, настай хүмүүст ихэвчлэн тохиолддог.
-Энэ чиглэлийн хагалгааг хийхийн тулд эмч нараа хэрхэн бэлтгэсэн бэ. Өмнө нь хийж байсан туршлага манай эмч нарт байсан уу?
-Манай зөвлөх эмчээр Улсын II төв эмнэлгийн Үений мэс заслын тасгийн эрхлэгч Г.Билгүүн эмч гэрээгээр ажиллаж байна. Г.Билгүүн эмч энэ талын өндөр туршлагатай. Бид заавар зөвлөгөөгөөр нь гар нийлж хамтарч ажиллалаа. Миний хувьд 2013 онд ЭМШУИС төгсөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаад нарийн мэргэжлээр суралцсан. УБТЗ-ын Төв эмнэлэгт 2019 оноос ажиллаж эхэлсэн. 2022 оноос БНСУ-ын Халим их сургуулийн эмнэлэгт зургаан сар суралцаж, эмчлэх эрхээ авсан. 2023 онд нарийн мэргэжлээр давтан суралцлаа. Төв эмнэлгийн хувьд үе солих анхны хагалгаа болж байгаагаараа онцлог. Манай хагалгааны багт зөвлөх эмчтэйгээ нийлээд мэс заслын дөрвөн эмч, унтуулгын нэг эмч, гурван сувилагч оролцож байна.
-Цаашдаа энэ төрлийн хагалгаануудыг тогтмол хийх үү. ЭМД-д хамрагдах уу?
-Манай эмнэлэг ЭМД-ын оношид хамрагдахыг ихэд хичээн ажиллаж байна. Бичиг баримтаа бүрдүүлж, бааз тоног төхөөрөмжөө зузаатгаж, хүний нөөцөө сургалтад хамруулаад байна. ЭМДЕГ-аас өвдөг түнхний үе бүтэн солих даатгалын оношийг хараахан өгөөгүй байна. Энэ жил шинээр даатгалын журам өөрчлөгдөж, нэмэлт гэрээ хийж магадгүй гэсэн хариу өгсөн учраас бид УБТЗ ХНН-ийн бүрэн зардлаар санхүүжээд таван өвчтөнд хагалгаа хийх юм. ЭМДЕГ-аас даатгалд хамрагдах нэг болзол нь тухайн эмнэлгийн байгууллага өөрсдийн санхүүжилтээр 10 хүнд энэ төрлийн хагалгааг хийсэн байх ёстой гэсэн журам 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм байна. Энэ хүрээнд Төв эмнэлгийн дарга С.Еркегүл УБТЗ-ын удирдлагуудтай уулзаж, ойлгуулснаар эхний таван хагалгааны санхүүжилтийг ХНН-ээс гаргуулаад эхний гурван дээрх хагалгааг хийсэн. ЭМДЕГ-аас санхүүжилтээ авчихвал долоо хоногт дор хаяж хоёр хагалгаа хийх боломжтой болно. Ингэвэл жилдээ 100 гаруй хүнд тусална. Төмөр замчид болон ахмадууд тэдний ар гэр гэхчлэн манай харьяаллынхаа бүх хүн хамрагдаж эрүүл болох нь байна шүү дээ. Монгол улсад нийт 10 мянган хүн амбулторийн болон хэвтэн эмчлүүлэхээр үений үрэвсэл оношоор тусламж авч, эмийн эмчилгээ хийлгэсэн тоо байна. 2023 оны үзүүлэлтээр Замын хэмжээнд жилд дунджаар 1000 гаруй хүн амбулторийн болон урьдчилан сэргийлэх үзлэгээр оношлогдож, үзлэг хийлгэсэн нь улсын дунджаас нэлээд байна. Энэ статистик төмөр замын 16 мянган ажилчдын дундаж үзүүлэлт л дээ.
-Ойролцоогоор хэчнээн төгрөгийн өртөгтэй вэ. Ер нь энэ төрлийн хагалгааг гадаадад болон Монголд хэр өртөгөөр хийдэг юм бол?
-Нэлээд өртөг өндөртэй хагалгаанд тооцогддог. Манайх герман имплант протез ашиглаж байгаа учир илүү үнэтэй тусаад даатгалаас орж ирэх мөнгөнөөс давж байгаа. Нэг хүний хагалгааны дундаж зардал 10 гаруй сая төгрөг болсон байх шүү. Энэ бол ашиг нэмээгүй, зөвхөн хагалгаанд хэрэглэгдэж байгаа протезууд, нэг удаагийн багаж хэрэгсэл, эмийн зардал шүү дээ. Бид нэг судалгаа хийсэн. Хувийн хэвшлийн эмнэлгүүд бол даатгалд хамрагдсан хэрнээ 10 сая төгрөгт хийх байх аа.
-Энэхүү өвчлөлийн зонхилох шалтгаан, хүчин зүйл нь юу байна вэ?
-Төмөр замчид гадаа ажилладаг, халуунд халж, хүйтэнд хөрж хүнд хүчрийг нуруундаа үүрч явдаг учраас энэ төрлийн өвчлөл харьцангуй их. Ажлын онцлогоос удаж архагшуулаад ирэх нь их байна. Даамжруулсаар бүрэн солихоос аргагүй байдалд хүргээд ирж байна.
-Яг ямар хэмжээнд очсон үед үеэ солиулахыг зөвлөдөг вэ?
-Үе солиулах хагалгаа хийлгэсэн хүн залуу хүн шиг гүйж харайгаад ажлаа хийгээд явна аа гэсэн үг биш. Хамгийн эхэнд өвчтөнийхөө байнгын өвдөлтийг намдаах, өвдөлтгүй болгох, хоёрдугаарт өөрөө өөртөө үйлчлэх чадамжийг нь нэмэгдүүлж байгаа гэсэн үг. Тийм учраас өвчтөнийхөө асуумж, бодит үзлэгт тулгуурлаж явдаг. Лаборатори багажийн шинжилгээг харгалзан үзээд өвчний үе шатуудаар ангилна. Хөнгөн, дунд зэрэг байвал эмийн болон тарилга эмчилгээ, хөдөлгөөн заслыг зөвлөдөг. Үе солих зайлшгүй шаардлагатай, хүнд шатандаа орсон бол мэс засал хийхээс аргагүй. Өвдөг түнхний үе хожуу оношлогдох тохиолдол их. Яагаад гэхээр өвдөлт нь бага, явахад жаахан зовиуртай ч хөдлөөд алхаад тэсээд ажлаа хийгээд байдаг, огцом өвдөлтгүй. Эмнэлэгт үзүүлэхгүй явсаар хүнд шатандаа орсон хойно ханддаг. Хөнгөн үед эмийн эмчилгээ, хөдөлгөөн заслаар илааршуулж болдог.
- Хагалгааны өмнө болон дараа хийх эмчилгээ гэж бий юу?
-Үений хагалгаанд орсны дараа хамгийн түрүүнд хөдөлгөөн засал чухал. Манайх хөдөлгөөн заслын тоног төхөөрөмж аппаратуудаа аваад тасагтаа байрлуулсан. Шууд дараа өдрөөс хөдөлгөөн заслын эмчилгээнд хамруулж байна. Хамгийн эхний хүсэх юм хагалгааныхаа оношийг даатгалдаа хамруулж мэс заслын болон эмнэлгийн тоног төхөөрөмжөө шинэчлэх хүсэлтэй л байна даа. Хөрөнгө оруулалт чухал байна.
-Төв эмнэлэгт өөр ямар хагалгаа мэс заслууд хийгддэг вэ?
-Би гар сарвууны нарийн мэргэжлийн эмч. Энэ ч утгаараа манайд гар сарвуу, хэвлийн хөндий, мэдрэл сэргээх, шилжүүлэх, шөрмөс залгах болон сэргээх ясны хагалгаанууд хийж байгаа. Түүнээс гадна судасны мэс засал болон уушгины мэс засал хийхээр төлөвлөж байна. Манай Б.Батбаатар эмч уушгины нарийн мэргэжлийн эмч. Бид энэ жилдээ багтаад уушгины хагалгааг хийж эхлэхээр төлөвлөөд байна. Урологи буюу түрүү булчирхайн дурангийн хагалгааг ч хийж байгаа. Ер нь, бид байгаа багаж тоног төхөөрөмжийн хүрээнд л хагалгаануудаа хийж байгаа. Тоног төхөөрөмж шинэчлэгдвэл тэр хэрээрээ л манай үйл ажиллагаа өргөжин тэлэх боломжтой.
-Танд баярлалаа
А.Энхсайхан