Замын даргын 2023 оны А/04 тушаалын дагуу Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нормативт үзлэг шалгалтыг "Е-норматив" шинэ программаар гүйцэтгэж эхэлжээ. Энэ талаар Тээврийн хяналтын албаны байцаагч-диспетчер Э.Өнөрбаяраас тодрууллаа.

 - Норматив нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нэгэн чухал системчилсэн хяналт, шалгалт юм. Хяналт, шалгалтыг цаг үетэйгээ нийцүүлэн үр дүнтэй болгож сайжруулах зайлшгүй шаардлага тулгарсан. Тиймээс цахим нормативын шинэчлэлийн ажлыг 2022 оны сүүлийн хагас жилээс эхлүүлсэн. Бүр тодруулбал, 2022 оны есдүгээр сараас Тээврийн хяналтын албаны хэмжээнд цахим нормативын программыг шинэчлэх ажлын хэсгийг байгуулан хөдөлгөөнтэй холбоотой албадаас саналыг авахад цахим руу бүрэн шилжих нь нэн тэргүүний асуудал байсан тул одоо ашиглагдаж байгаа цахим нормативын программыг шинэчлэх ямар боломжууд байгаа талаар судалсан. Цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өргөтгөх, сайжруулах боломжгүй тул шинээр “Е-норматив” программын техникийн даалгаврыг боловсруулж мэдээллийн технологийн албанд хүргүүлснээр тус программын үндэс суурь тавигдсан юм.

- Аливаа зүйл явцын дунд шинэчлэн сайжруулагдаж байж төгс хувилбар гардаг учиртай. “Е-норматив”-ыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх явцад алдаа дутагдал хэр их гарав?

- Мэдээж шинээр ашиглалтад орж байгаа программын хувьд засаж сайжруулах шаардлагатай жижиг алдаа, дутагдлууд гарч ирсээр байгаа. 2023 оны арваннэгдүгээр сараас эхлэн долоо хоног бүрийн Мягмар гарагт Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч даргын удирдлага доор Тээврийн хяналтын алба, Мэдээллийн технологийн албадын холбогдох байцаагч, программист инженерүүд “Е-норматив” программтай холбоотой асуудлуудаар хуралдаж холбогдох үүрэг, даалгавар авч ажиллаж байна. Хурлаас хурлын хооронд өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж, хэрэглэгчдээс тавьж буй санал, хүсэлтийн дагуу программын алдаа, дутагдлуудыг алхам алхамаар засаж сайжруулан төгөлдөржүүлэх ажлыг тогтмол зохион хийж байгаа. “Е-норматив” программыг санхүүгийн “Coss” программтай уялдаж ажиллахаар хөгжүүлсэн.“Coss” программд байгаа жижиг алдаа, дутагдлыг давхар засаж сайжруулах ажлууд ч хийгдэж байна. Энэ нь цаашид УБТЗ-д ашиглагдаж байгаа бүх программууд өөр хоорондоо уялдаа холбоотой, харилцан мэдээлэл солилцох, нэгдсэн өгөгдлийн сантай болох эхлэл гэсэн үг. Цогц системтэй болсноор ашиглагч буюу хэрэглэгч нарт хялбар болохоос гадна программын хөгжүүлэлт хариуцсан инженер техникийн ажилтнууд цаашлаад байгууллагын зардлыг хэмнэх чухал ач холбогдолтой гэж бид үзэж байна. 

- Хэрэглэгчид “е-норматив” дээр ажиллах дадлыг өнөөгийн түвшинд хэр хэмжээнд эзэмшиж байна вэ?

- Шинэ зүйл бүхэн суралцах, дасан зохицоход хугацаа шаарддаг тул бид 2023 оны нэгдүгээр улиралд туршилтын журмаар ажиллуулж өмнөх цахим нормативын программтай давхар норматив хийж үзсэн. Дээрх хугацаанд Тээврийн хяналтын албанаас бүх зангилаанд хоёр удаа сургалт зохион байгуулсан. Замын захиргаа, албадын удирдлагуудад ч сургалт хийсэн. “Е-норматив” программд хэрхэн ажиллах талаар видео хичээл бэлтгэж оруулсан гээд бэлтгэл ажлыг хангалттай хэмжээнд зохион байгуулсан. Бүтэц зохион байгуулалтын хувьд өмнөх цахим нормативын программтай төстэй болоод ч тэрүү төмөр замчид маань “Е-норматив” программыг хөнгөн хүлээн авч, богино хугацаанд сурч байгааг энд дурдахад таатай байна.

- Тэгэхээр тухайн шийдлийн давтуу тал нь юу вэ гэдэг талаар манай уншигчдад мэдээлэл хүргэнэ үү?

- Цахим нормативыг интернет орчинд гар утас, таблет зэрэг өргөн хэрэглээний хөдөлгөөнт төхөөрөмжөөс орон зайнаас хамааралгүй гүйцэтгэх боломжтой. Мөн таны дурдсанчлан хугацаа хэмнэнэ, цаасны зардлыг бодитоор бууруулна. Дээр нь тухайн нормативыг гүйцэтгэх, шалгаж, дүгнэхэд хялбар. Нормативын гүйцэтгэлтэй холбоотой бүх төрлийн судалгааг гаргах боломжтой гээд олон давуу талтай. Хамгийн гол нь, эрсдэлд суурилсан, гүйцэтгэхэд хялбар дөхөм болсноос нормативын гүйцэтгэл, чанар нэмэгдэж, хяналт шалгалтуудын үр дүн илүү бодитой болно гэхчлэнгээр олон давуу тал бий. Тиймээс "Е-норматив"-ыг ашиглаж эхэлснээр галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтын ажилд зохих үр дүн гарна гэдэгт илгэлтэй байна.

- Шинэ шийдлийг дагалдаад шинэлэг арга хэлбэрүүд нэвтэрдэг шүү дээ. Энэ тухайд?

-Тийм шүү. Хамгийн түрүүнд нормативт үзлэг шалгалтаар илэрсэн үл тохирлуудыг арилгах үүрэг даалгавар өгөх, биелэлтийг хянах боломжтой. Норматив гүйцэтгэгч нарт анхааруулга, мэдэгдлүүдийг цаг алдалгүй хүргэнэ. Нормативыг гүйцэтгэх хугацаа нь дууссан үед нөхөж хийх боломжгүй. Ингэснээр хувь хүн, албан тушаалтанд ногдох үүрэг хариуцлагыг улам өндөрсгөнө. Түүнчлэн, харьяа ажилтнуудын нормативын гүйцэтгэлийг шалгаж үнэлэлт, дүгнэлт өгснөөр норматив автоматаар дүгнэгдэнэ. Орос хэлний сонголттой бөгөөд орос мэргэжилтнүүд норматив гүйцэтгэх боломжтой. А/828 тушаалтай уялдаж алба, төв, хэлтэс, байгууллагууд хагас жил тутам эрсдэлийн үнэлгээ хийж, түүнийг бууруулах төлөвлөгөө, биелэлтийг дүгнэж ажилладаг. Санхүүгийн “СOSS” программтай уялдаж ажилладаг төдийгүй албан тушаал өөрчлөгдсөн ч шинээр бүртгүүлэх шаардлагагүй, томилогдсон албан тушаалын дагуу шууд холбогдох нормативуудаа гүйцэтгээд явах боломжтой. Программыг цааш өргөтгөж хөгжүүлэх, тухайлбал ХАБЭА-н нормативыг нэмэх, тоон гарын үсгийг ашиглах гэхчлэнгээрөөр бусад программ хангамжуудтай уялдаж ажиллах бүрэн боломжтой гээд маш олон шинэлэг шийдлийг шингээж өгснөөрөө онцлогтой.

-“Е-норматив”-ыг мөрдүүлснээр ямар үр дүн гарах вэ?

- Өмнө нь Замын хэмжээнд хөдөлгөөнтэй холбоотой алба, салбар нэгжүүдийн нийт 843 ажилтан хөдөлгөөний аюулгүй байдлын нормативыг цаасан хэлбэрээр гүйцэтгэж, давхар цахимаар хөтөлж байсныг та бүхэн мэднэ. Ингэснээр зөвхөн нэг ажилтан норматив гүйцэтгэхдээ сард дунджаар 15200 төгрөгийн цаас болон принтерийн хор ашигладаг гэсэн судалгаа бий. Мөнгөн дүнгээр нь авч үзвэл Замын хэмжээнд жилд дунджаар 153 сая төгрөг зарцуулагддаг гэсэн үг. Харин “Е-норматив” программ нэвтэрснээр энэ зардал тодорхой хэмжээгээр буурах нь ойлгомжтой юм.

- Цаашид бий болох үр дүнг тодорхойлбол?       

- Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг “Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага үр дүнг тооцох жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор төмөр замчид хөдөлгөөний аюулгүй байдлын “Е-норматив” программыг ашиглалтад оруулж байна. Ингэснээр цааснаас цахим рүү шилжиж бүтээмж үр дүнг нэмэгдүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. “Е-норматив” программ маань одоогоор вэб орчинд нэвтрсэн. Цаашид гар утасны аппликейшн болгон хөгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн ХАБЭА-н нормативыг тус программаар гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхээр ХАБЭА-н алба болон Мэдээллийн технологийн албатай хамтран ажиллана.  

 

Б.Дэлгэрхишиг