Тээврийн хяналтын албаны инженер-байцаагч Э.Өнөрбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Энэ онд Замын хэмжээнд “Аюулгүй байдлын соёл”-ыг төлөвшүүлэх зорилт тавьсан шүү дээ. Энэ тушаалын хэрэгжилт ямар шатандаа явж байна вэ гэдгээс яриагаа эхлэх үү?
-Баярлалаа. Юуны өмнө нийт уншигчдадаа энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Энэ чиглэлээр Замын даргын А/02 тушаалын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр үндсэн дөрвөн зорилтыг тавин ажиллаж байна. Үүнд нэгдүгээрт, нийт ажилтнуудын хэмжээнд манлайллыг бий болгох. Хоёрдугаарт, ажилтан бүрийн оролцоог хангуулах. Гуравдугаарт, нээлттэй мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх. Дөрөвдүгээрт, ажлын зөв дадал, арга барил, хандлагыг бий болгох. Энэхүү дөрвөн зорилтыг тэгш хангаж чадсанаар төмөр замчид бид аюулгүй байдлын соёлыг байгууллагадаа бүрэн төлөвшүүлж чадна гэж үзэж байгаа юм.
-Төмөр замчид бид аюулгүй байдлыг хатуу дүрэм журам, өндөр сахилга бат, хувийн зохион байгуулалт, хариуцлагатай холбон ойлгож, басхүү энэ зарчмаар дамжуулан хангаж ирсэн. Тиймдээ ч “УБТЗ бол хагас цэргийн зохион байгуулалт, босоо удирдлагын бүтэцтэй байгууллага” гэж томьёолдог шүү дээ. Гэтэл олон жилийн уламжлал болж тогтсон энэ ойлголтыг соёл гэдэг нэршилтэй холбосон нь нэг талдаа шинэ тутам арга барил болж байх шиг?
-Таны асуултад дээр дурдсан үндсэн зорилтуудынхаа хүрээнд дэлгэрэнгүй хариулт өгвөл зүйтэй болов уу. Нэгдүгээрт, аюулгүй байдлын соёл, байгууллагын соёл ч тэр тухайн байгууллагын дарга, удирдах ажилтны манлайллаас эхэлдэг гэдгийг бид бусад орны туршлага, тэдгээрийн ашиглаж байгаа аюулгүй байдлын соёлын загвараас бэлээхэн харж болно. Орчин үед “Асуудлыг олж хараад шийдэж чаддаг хүнийг манлайлагч” гэж тодорхойлсон байдаг. Манлайллыг бид бусдад эергээр нөлөөлөх чадвар гэж ойлгодог. Аюулгүй байдлын соёлын хувьд зөвхөн дарга, удирдлагууд төдийгүй ажилтан бүр манлайлагч байж болно гэсэн үг. “Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч болохгүй” гэдгийг үе үеийн ахмадууд маань бидэнд сургаж, захисаар ирсэн. Энэ бол зөвхөн хэлээд өнгөрөх бус олон жилийн турш уламжлан авч явж ирсэн төмөр замчид бидний үнэт зарчим юм. Тиймээс аль ч байгууллагад байгаа үл тохирлуудыг жижиг гэлтгүй илрүүлж, арилгуулах. Цаашлаад ажилтан бүр энэхүү манлайллыг өөртөө бий болгож, бусад хамтран зүтгэгчдэдээ үлгэрлэхийг уриалж байна. Ингэснээр аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх ажлын үндсийг соёолуулах боломжтой гэж ойлгож болно. Хоёрдугаарт, ажил хийж байгаа хүн бүр учирч болзошгүй эрсдлийг 100 хувь мэддэг, хаана юу болохгүй байгаа, хаана нь эрсдэл байгааг соргог анзаарч чаддаг дадал хэвшил юу юунаас илүү чухал. Эрсдлийг арилгахад ажилтнуудаа нээлттэй сонсох, тэдний санал бодлыг хийх гэж байгаа ажилдаа заавал тусгах, бодит ажил болгон хэрэгжүүлэх, цаашлаад ажилтан бүрийн байгууллага хамт олныхоо төлөөх үнэнч байдлыг нэмэгдүүлж аюул, эрсдлийг бууруулж ажиллах нь А/02 тушаалын нэгэн чухал зорилт юм. Ажилтнаа сонсож чаддаг, тавьсан санал хүсэлт, санаачлагуудыг нь судалж шийдвэрлэж чаддаг байгууллага л амжилтад хүрч чаддаг. Ийм бодит жишээнүүд маш олон бий.
-Ямар нэгэн гологдол, дутагтал гарахад хамгийн түрүүнд буруутай этгээдийг олж, арга хэмжээ авахыг чухалчилдаг арга барил хаана хаанаа хэрэгжиж ирсэн нь нууц биш. Магадгүй энэ нь алдаа дутагдлыг санаатай болон санамсаргүйгээр нуун дарагдуулах шалтгаан нөхцөлийг бүрдлүүлээд байгаа юм болов уу гэсэн бодол төрдөг. Жижиг дутагдлыг нуун дарагдуулсны хар гайгаар хэзээ ч буцаах боломжгүй харамсалтай алдаа эндэгдэлд хүргэсэн жишээ ч олон тохиолддог шүү дээ?
-Ажилтан бүр боломжит бүх хэрэгслээр мэдээллийг дамжуулах, хүлээн авахыг “Нээлттэй мэдээллийн тогтолцоо” гэж байгаа бөгөөд урт нэртэй боловч маш энгийн ойлголт юм. Аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл дамжуулах тухай энэхүү энгийн ойлголтыг ажилтан бүрт ойлгуулж, хэрэгжүүлж хэвшүүлснээр болзошгүй аюул, эрсдлээс урьдчилан сэргийлэх, цаг алдалгүй арга хэмжээ авч ажиллах боломжийг бүрдүүлдэг чухал ач холбогдолтой тул бодлогоор дэмжин “Аюулгүй байдлын соёл”-ыг төлөвшүүлэх ажлын нэгэн зорилт болгон дэвшүүлсэн. Энэ нь зөвхөн Тээврийн хяналтын албанд мэдээлэл өгч бай гэсэн үг биш. Байгууллага бүр ажилтнуудаасаа аюулгүй байдалтай холбоотой мэдээ, мэдээллүүдийг хүлээн авах сувгуудыг ил тод хүртээмжтэй бий болгож, улмаар ирүүлсэн мэдээллийн дагуу цаг алдалгүй хариу арга хэмжээг авч эрсдлийг арилгадаг тогтолцоог бий болгохыг бид зорьж байна. Ажил хийж байгаа хүнд алдаа эндэгдэл гарахыг үгүйсгэхгүй. Харин нэг гаргасан алдаагаа давтан гаргахгүй байх. Алдаа гаргахаас өмнө эрсдлийг урьдчилан харж сэргийлэх нь маш чухал. Нэгэнт гаргасан алдааг тэр дор нь засаж залруулахгүй байх нь дараа дараагийн том хор уршигийг дагуулаад байгаа юм. Энэ агуулгаар нь гологдол дутагдлыг цаг алдалгүй илрүүлсэн, мэдээлсэн тохиолдолд урамшуулах системийг хүртэл нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байгааг манай уншигчид мэднэ.
-“Байгууллага төвтэй бус хүн төвтэй байгууллага болъё” гэдэг уриалгыг Замын даргын I улирлын үзлэгийн үеэр Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн дэвшүүлсэн. Үүний цаана нөгөө л хувь хүнээс шалтгаалсан гологдол, дутагдлыг арилгах үндсэн санаа агуулагдаж байх шиг?
-Тиймээ, хүний хүчин зүйлээс шалтгаалсан гологдол, дутагдлыг бууруулахад техникийн болон хувь хүний хөгжлийн сургалтуудыг тасралтгүй, чанартай зохион байгуулж хэвших нь чухал. Нөгөө талдаа цаг үеэ дагаад сургалтын арга барилаа өөрчлөх, сургалтад хамрагдаж байгаа ажилтнуудад ойлгуулах гэж байгаа санааныхаа агуулгыг бүрэн хүргэхэд аливаа хичээл сургалтыг хариуцан ажилладаг багш нар маань өөрсдөө тасралтгүй суралцаж байх шаардлага ч үүсээд байгаа. Тухайлбал, ямар ч сургалтыг аль болох хүн залхаахгүйгээр, богино хугацаанд буюу нэг сэдвийг дунджаар 20-30 минутад багтаан заах, сургалтыг төрөлжүүлэн багцлах (тухайн сэдвийн хүрээнд уялдаа холбоотой сургалтуудыг хамтад нь заах), сургалтын материалыг баяжуулах (сонирхолтой мэдээ, тоо баримт, судалгаа, шинэ мэдээллүүдийг тусгаж сургалтын материалд тусгах), сургалтын төгсгөл хэсэгт заасан зүйлүүдээ дүгнэх, хамрагдсан ажилтнуудын мэдлэгийг бататгах, санал хүсэлтийг сонсож, эргэх холбоог бий болгох зэргээр техникийн сургалтын чанар, үр дүнг сайжруулах боломж бидний өмнө нээлттэй байна. Байгууллагын үнэт баялаг болох ажилтан, ажилтандаа хөрөнгө оруулж байгаа нэг хэлбэр бол яах аргагүй сургалт юм. Тиймээс сургалтаар дамжуулан ажилтнуудыг хөгжүүлэх, чадавхижуулах, мэдлэгийн хүрээг нь тэлэх ажлыг тасралтгүй зохион байгуулах нь аюулгүй байдлыг хангуулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
-УБТЗ-д ялангуяа олон улсын ISO стандартыг нэвтрүүлж эхэлсэнтэй холбоотойгоор эрсдлийн үнэлгээ гээч зүйлийг онцлон авч үзэх боллоо. Энэ талаар та манай уншигчдад тодорхой мэдээлэл өгнө үү?
-Эрсдлийн үнэлгээ нь яагаад аюулгүй байдалд чухал ач холбогдолтой вэ гэхээр гологдол, дутагдал гарахаас урьдчилан сэргийлэх боломжийг олгодгоороо давуу талтай юм. Бид А/828 тушаалын дагуу хөдөлгөөний аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээг Замын хэмжээнд хийж, бүх түвшинд эрсдлийн үнэлгээний талаар тодорхой ойлголттой болж чадсан. Дараагийн алхам бол эрсдлийг бодитооор үнэлж, бууруулах чиглэлээр үр дүнтэй хариу арга хэмжээг цаг алдалгүй авч хэвших хэрэгтэй байна. Жишээ нь, өнгөрсөн өвөл олон жилийн дунджаас илүү хур тунадастай, замын ихэнх хэсгээр цас их орсон. Үүнтэй холбоотойгоор Замын аж ахуйн албаны хэмжээнд голын халиа гүйх, хаврын шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж бүх гүүр хоолой, ус зайлуулах хиймэл төхөөрөмж байгууламжуудад үзлэг хийж, суваг шуудууг цэвэрлэх, шаардлагатай газруудад мөс хагалж усны урсац голын голидролыг чөлөөлөх зэрэг эрсдлийг бууруулах ажлуудыг зохион байгуулж эхэлсэн. Энэ нь бидний яриад байгаа үр дүнтэй эрсдлийн хариу арга хэмжээг цаг алдалгүй авч байгаа нэг хэлбэр юм. Эрсдэл бол бидний айх зүйл биш. Үнэнийг хэлэхэд манай зарим салбар нэгжүүдэд эрсдлээ бодит бусаар, хэт багаар үнэлэх, бага эрсдэлтэй харагдуулах гэсэн буруу хандлага их байна. Эрсдэл өндөртэй бол үзлэг шалгалт их ирнэ, ажил нэмэгдэнэ гэж санаа зовдог бололтой юм. “Алдаанд үнэн, асуудалд шийдэл байдаг”. Асуудлын шийдэл нь тухайн асуудлыг асуудал мөн гэж хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг. Манай алба болон харьяа алба, төв, хэлтсүүд нь эрсдлээ бодитоор үнэлж, эрсдэл өндөртэй салбар цэгүүдэд газар хяналт тавьж зөвлөн туслах, эрсдлийг бууруулах чиглэлд бүх талаар хамтран ажиллах болно. Бид асуудлаа нээлттэй ярилцдаг. Хэн хэндээ зөвлөн тусалдаг, хамтарч ажилладаг байхын хэрээр эрсдлийг бодитоор бууруулах боломжтой.
-Боловсон хүчний шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн. Ялангуяа, шинэ залуу ажилтнууд хүч түрэн орж ирж байгаа энэ үед ажлын байр бүрт эрсдлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байх шиг?
-Эрсдэлтэй ажлын байр 10 хувийг эзэлж байлаа гэж бодоход эрсдэл үүсгэгч дадал хэвшил нь 90 хувийг эзэлдэг гэсэн судалгаа бий. Аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх арга хэмжээний нэг чухал зорилт нь ажлын зөв дадал хэвшил, арга барил, хандлагыг бий болгох явдал юм. Хөдөлгөөнтэй шууд холбоотой салбар нэгжүүдэд шинэ ажилтнууд эрсдэл өндөртэй гэж үнэлэгддэг нь үнэн. Байгууллагын нийт ажилчдын дийлэнх хувийг залуу, туршлага багатай ажилтнууд эзэлж байгаа энэ үед эерэг хандлагатай, зөв дадал хэвшилтэй ажилтнуудыг төлөвшүүлснээр цаашид хүний хүчин зүйлээс шалтгаалсан үл тохирлуудыг бууруулж чадна гэдэгт итгэлтэй байна.
-2024 оны эхнээс Замын хэмжээнд “Аюулгүй байдлын соёлын өдөр”-ийг зохион байгуулсан. Энэхүү үйл ажиллагааг хувь хүний хөгжлийн сургалтад тулгуурлан шинэлэг арга хэлбэрээр хийсэн гэхчлэнгээр зорилтот ажлууд өргөн далайцтайгаар зохион байгуулагдаж байна. Үүний үр дүн нь гарч байна уу?
-Аюулгүй байдлын соёл нь бидний зөвхөн нэг улирал, нэг жил яриад орхих, мартагдах сэдэв биш. Тээврийн салбарт үйлчилгээ үзүүлж байгаа томоохон байгууллагын хувьд бидний үйлчилгээний нэрийн хуудас, өнгө төрх, баталгаа, үндсэн үзүүлэлт гэж ойлгож болно. Энэ бол хэрэглэгчийн зүгээс, байгууллагын хэмжээнд ч тэр цаг үргэлж нэн тэргүүнд тавигдах чухал асуудал мөн. Аюулгүй байдал бол тоглоом шоглоом хийх, хэсэгхэн зуур шоудах, дүр үзүүлэх, хэлбэр талаас нь хөнгөн хандах, өнгөц асуудал огтоос биш юм. Тухайн хүн ажлаа хийхдээ аюулгүй байдалдаа анхаарахгүй, ач холбогдол өгөхгүй орхигдуулах, хойш тавьж, хариуцлагагүй хандсаны үр дүн чухамдаа осол, гологдол, дутагдлаар илэрдэг. Үүний хохирол, төлөөс нь хүний амь нас, эрүүл мэнд, хэдэн тэрбум, саяар үнэлэгдэх тээврийн алдагдал, техникийн эвдрэл гэмтэл байдаг. Гологдол, дутагдалд холбогдсон ажилтнуудын харцнаас зөвхөн харамсал гуниг, уй гашуу, санаа зовнил л харагддаг. Дүрэм, журам, технологи нь байдаг, мөрдөөгүй, мөрдөж ажиллах боломжтой байсан ч хэвшээгүй байдал нь ийм нөхцөлд хүргэдэг. Яагаад хэвшээгүй вэ гэхээр анхнаасаа зөв дадал, арга барил эзэмшээгүй, хандлага тааруу байсантай холбогддог. Нөгөө талаас, удирдах болон дунд шатны албан тушаалтнууд техник, технологийн бичиг баримтуудыг тухай бүр нь чанартай боловсруулж, сайжруулахад анхаараагүйтэй холбоотой. Ажилтан ажлаа технологит хугацаанд дүрэм, журмын дагуу гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх үүрэгтэй. Байгууллагын удирдлагууд шаардлагатай ажлын байрны нөхцөлөөр хангах, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тэдгээрийн нөөцийг бүрдүүлж өгөх үүрэгтэй. Хүн бүр заавал алдаж, харамсаж, ухаарч байж аюулгүй байдлын ач холбогдол, үнэ цэнийг ойлгох албагүй. Ажил хийхэд аюулгүй байдал маш чухал. Аюулгүй байдлаа хангаж байж ажил хийдэг гэсэн энгийн ойлголттойгоор ажил үүргээ хэний ч хараа хяналтгүйгээр технологийн дагуу гүйцэтгэж хэвших нь “Аюулгүй байдлын соёл”-ыг төлөвшүүлэх арга хэмжээний үндсэн зорилт юм.
-УБТЗ ХНН-ийн хэмжээнд “Аюулгүй байдлын соёл”-ыг бүрэн төлөвшүүлэхэд хэр хугацаа шаардагдана гэж төлөвлөж байгаа вэ?
-Аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлж, аюулгүй байдлын түвшинг тогтвортойгоор дээшлүүлэх нь урт хугацаандаа үр дүнгээ өгөх Тээврийн аюулгүй байдлын бодлогын нэгэн чухал зорилт гэж харж байна. Тиймээс ч бид алга урвуулахын төдийд томоохон үр дүн гарна гэж хүлээхгүй байгаа. Харин энэ чиглэлийн сургалт, зааварчилгааны ажлуудыг тогтмол чанартай зохион байгуулж хэвшүүлснээр байгууллагын хэмжээнд Аюулгүй байдлын эерэг соёлыг төлөвшүүлж, хүнээр бол аюулгүй байдлын дархлааг бий болгохыг зорьж байна.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Сүүлчийн асуултыг танд үлдээе!
-Баярлалаа. Бид аюулгүй байдлын чиглэлээр бусад улс орон, байгууллага, төмөр замуудын туршлага, арга барилаас тасралтгүй судалж, өөрийн байгууллагадаа нэвтрүүлэх, шинэ санал санаачлагуудыг нь үйл ажиллагаандаа жишиг байдлаар тусгахыг хичээдэг. Дээр хэлсэнчлэн бусдад зааж сургахын тулд өөрсдөө ямагт түрүүлж хөгжих, суралцах, шаардлага үүссэж байгаа учраас бид өөрсдөө ч тасралтгүй суралцаж байна. Усан онгоцны ахмад хүн хамгийн өндөр цэгээс хүрэх газраа тольдон, эргэн тойрноо ажиглаж, тэрхүү ажиглалтынхаа үндсэнд хамгийн оновчтой цэг рүү усан онгоцоо чиглүүлж явдаг. Бидний үйл ажиллагаа чухамдаа үүнтэй агаар нэг учраас аюулгүй байдлын бодлого, хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн болон одоо хэрэгжүүлж байгаа ажлуудын маань гүйцэтгэл, үр дүн нь хүрэх газар буюу зорьсон зорилго, зорилтуудаа биелүүлж чадаж байна уу гэдэгт цаг үргэлж дүгнэлт хийж ажиллахыг эрмэлздэг. Хамгийн гол нь энэхүү хичээл зүтгэлийг үр дүнтэй болгоход төмөр замчин бүрийн хичээл зүтгэл, зөв дадал хэвшил чухал юм.
Б.Дэлгэрхишиг
Сэтгэгдлүүд
Амжилт хүсье
Хяналтын албаныхан асуудлын голыг олоод харж чадсан байна. Энэ ярилцлагаас өнөөдөр тулгамдаад байгаа олон асуудлыг шийдэх боломж харагдаж байна. Амжилт хүсье
Хэн хараагүй байхад ажлаа чин сэтгэлээсээ хийхийг чанар гэнэ.