Янжиндолгорын Амартайван хэмээх энэ эрхмийг миний бие УБТЗ-д ажилд орж, шугам замд томилолтоор ажилласан цагаасаа хойш эчнээ таньдаг болоод даруй 10 гаруй жил өнгөрчээ. Хамгийн анх Дарханд томилолтоор явж байхдаа Дохиолол холбооны I ангиар орж сурвалжилга хийхдээ таарсан санагдана. Дараа нь Тээврийн хяналтын албаны байцаагчаар томилогдон ажиллаж байхад нь Замын даргын үзлэг бүрээр урд, хойд замд дөрөө харшуулдаг болсон юм. Одоо харин тэр Дохиолол холбооны I ангийн Ашиглалт хариуцсан орлогч даргаар ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд түүнтэй их дотно харилцаад байгаагүй ч хаана, ямар ч албан тушаал хашиж явахад нь таарсан яг л нэг төрхөөрөө, аливаа зүйлд түрүүлж дуугарахаасаа илүүтэйгээр нухацтай, тайван, буйр суурьтай ханддаг байдал нь дотоод сэтгэлийн орон зайд “Төмөр замын холбооны инженер хүн ер нь ийм л няхуур, нямбай байдаг бололтой...” гэсэн хүндлэл, бахархлыг хэдийнээ бүрдүүлсэн билээ.
Харин саяхан болж өнгөрсөн УБТЗ ХНН-ийн 75 жилийн ой, Төмөр замчдын мэргэжлийн баяраар түүний УБТЗ-д хоёргүй сэтгэлээр зүтгэсэн 33 жилийн хөдөлмөрийг нь өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор энгэрийг нь мялаасан юм. Энэ агуулгаар нь түүнийг “Эгэл төмөр замчин” булангийнхаа зочин хойморт урьсан юм. Тэрбээр ээлжийн амралтаа авсан үе нь таарсан тул утсаар холбогдож ярилцсан юм.
Нүүдлийн шувуу шиг амьдарсан төмөр замчдын залгамж
Я.Амартайван бол удам залгасан төмөр замчин. Аав нь холбооны механикчаар ажиллаж байгаад сүүлд мэргэжлээ сольж илчит тэрэгний машинч болсон бол ээж Ц.Нарангэрэл нь өртөөний жижүүр мэргэжлээр УБТЗ-д насаараа ажиллаад гавьяаны амралтаа авсан байна. Тэднийх зургаан хүүхэдтэй эгэл жилийн л төмөр замчин гэр бүл. Бусад төмөр замчдын л адилаар Хойд зөрлөгөөс гал голомтоо бадрааж, шугам зам дагуу нүүдлийн шувуу шиг үр хүүхдүүдээ дагуулан томилолтоос томилолтын хооронд ажиллаж, амьдарсан цаг саяхан. Я.Амартайванг дунд сургуульд орох жил буюу 1980 онд тэднийх Дархан хот руу шилжжээ. Тэндээ хоёр жил болж байтал Хөтөл өртөө байгуулагдаж, аав, ээжийг нь “илгээлт”-ийн эздээр томилов. Улмаар Д.Янжиндолгорынх гэдэг айл Хөтөлд суурьшиж, хүүхдүүд нь ч тэндхийн дунд сургуулийг дүүргэсэн байна.
Энэ тухайд тэрбээр, “Ер нь, аав минь л намайг төмөр зам руу хөтөлж оруулсан даа. Манайхнаас дүү Я.Ариунболд маань л намайг дагаж төмөр замчин болсон. Бусад нь бүгд өөр мэргэжил эзэмшсэн. Би 1996-2001 онд тухайн үеийн Төмөр замын коллежийн Автоматик телемеханик холбооны инженерийн ангийг төгсөж байлаа. Аавынхаа заасан замаар явж, энэ сайхан мэргэжлийг эзэмшин, тууштай ажиллаж байгаа минь миний бахархал юм даа. Өнгөрсөн хугацаанд би нийт зургаан өртөө зөрлөгийг шинээр барьж байгуулах ажилд гар бие оролцсон. 2000 онд оюутан байхдаа Нартын хошуу зөрлөгийн их барилгын ажилд оролцсон нь миний анхны том бүтээн байгуулалт байлаа. Хамгийн сүүлд 2022 онд микро процессорын төвлөрүүлэлттэй 183 дугаар км-ын зөрлөгийг бүтээн байгуулах ажлыг удирдсан. Дээрээс нь долоон өртөө, зөрлөгийн зам сунгалтын ажилд оролцсон. Түүнчлэн манай ангийн хамт олон 2011 онд Ерөө өртөөний дохиолол холбооны байгууламжийг шинэчилж, зөвхөн төмөр замын салбарын төдийгүй Монгол Улсын уур уурхайн салбарын хөгжилд томоохон хувь нэмрийг оруулсан. 2021 онд Монгол Улсад анх удаа байгуулагдсан Дархан хот дахь “Хүүхдийн төмөр зам”-ын бүтээн байгуулалтад мөн л хамт олноороо гар бие оролцсон гээд түүхэн үйл явдлуудын гэрч болж яваагаараа маш их бахархдаг. Энэ бол үе үеийн мэргэжил нэгт төмөр замчдын минь өндөр их хувь заяа, эзэмшсэн мэргэжлийн минь үр шим юм даа. Төмөр замдаа хоёргүй сэтгэлээр тууштай ажилласны өгөөж, буян их ээ. 75 жилийн баялаг түүхтэй байгууллагынхаа тэгш ой, Төмөр замын мэргэжлийн баярын босгон дээр Монгол төрийнхөө хайр хишгийг хүртэж, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хэмээх нэр хүндтэй шагналаар энгээрээ мялаалгаж зогсохдоо ах нь “Төрүүлж өсгөсөн аав ээж, 2001 онд биднийг төгсгөсөн С.Жаргалсайхан, Д.Ганчимэг, Г.Нэргүй, Г.Цэрэндулам тэргүүтэй багш нар, цаашлаад ажлын талбарт угтан авсан Г. Бөхнуур, Д.Баранз, П.Алтангэрэл, Б.Лхагвадорж, Д.Батноров нарын ахмадууд, байнга зөвлөж, туслаж мөр зэрэгцэн ажиллаж явсан Замын ЦХОБ хариуцсан орлогч дарга асан Ч.Эрдэнэдалай, Дохиолол холбооны албаны дарга асан Ц.Болдбаатар, Тээврийн хяналтын албаны дарга асан Н.Адъяа, тэргүүтэй удирдлага, мэргэжил нэгт найз нөхдөдөө гээд олон хүнд талархах сэтгэл төрсөн. Энэ бол “Хөдөлмөрийн баатар”, хошой “Сүхбаатарын одон”-т, “Алтан гадас” одонт, 16 мянган гишүүнтэй хөдөлмөрч хамт олны минь л надад өгч байгаа их хайр ивээл, өндөр үүрэг хариуцлага юм даа” хэмээн хуучилсан юм.
Далд фронтын “дайчид”
Мэргэжил бүхэн өөрийн гэсэн жаргал, зовлонтой. 1992 онд Хөтөл өртөөний ДТХ-ын монтёроор ажлын гараагаа эхлүүлсэн Я.Амартайван шугамын механик, ахлах механик, ахлах инженер, тээврийн хяналтын албаны байцаагч, ерөнхий инженер, ангийн дарга, орлогч дарга зэрэг албан тушаалыг хашихдаа олон зүйлд суралцаж, туршлагажиж ирсэн нэгэн. Магадгүй хөндлөнгөөс зэрвэс харсан хүнд холбоочдын ажил тэр бүр анзаарагддаггүй байж болох ч тэдний нойргүй хоносон шөнүүд, зуны аагим халуун, өвлийн тэсгим хүйтэн, цасан шуурга, аадар бороог сөрөн хөлсөө дуслуулж, хацраа хөлдөөсөн ч сонгосон мэргэжил, хариуцсан ажлаасаа халширч буцалгүй үнэнчээр зүтгэж явсан он жилүүд олон. Дээрээс нь түүний ажиллаж байсан Хангал, Орхонтуул, Бэлэндалай орчмоор чоно нохой ихтэйг хэлэх үү мэргэжил нэг нөхдөөс нь хээрийн боохойтой халз тулгарсан тохиолдол ч бишгүй. Гэсэн ч тэд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хоорондын замд болоод өртөөн дээр хангуулах үүргээ умарталгүй хөдөлмөрлөж ирсэн түүхтэй. Цаашлаад, төмөр замын тээврийн хөдөлгөөнийг зохицуулах, тээх нэвтрүүлэх чадварыг өсгөхөд төмөр замчин холбоочдын мэдлэг чадвар, бүтээлч сэтгэлгээ, ур ухаан ус агаар мэт хэрэгтэй байсаар ирсэн билээ.
“Манай байгууллага хүнийг маш гоё хүмүүжүүлдэг. Биднийг оюутан байхад “Тээвэрт сахилга бат хоёр, гурав дахин чухал” гэж В.И.Ленин хэлснийг багш нар маань чандлан захидаг байлаа. Энэ ч утгаараа УБТЗ-д орсон л бол хаана ч гологдохооргүй өндөр сахилга бат, хувийн зохион байгуулалттай болдог. Энэ бол төмөр замчид бидний үнэт зүйл. Бидний алхам бүрийн ард олон мянган хүний амь нас, хэдэн арван тэрбумаар хэмжигдэхүйц үнэтэй ачаа барааны аюулгүй байдал дагалдаж явдаг учраас арга ч байж үү. 1995 онд шиг санагдана. Тухайн үед манай албаны даргаар Н.Адъяа (Тээврийн хяналтын албаны дарга асан) ажиллаж байх үед л дээ. Нэг удаа маш их устай бороо орж хаа сайгүй үер буугаад Дархан руу машин явахгүй болчихсон үед хоорондын замд гэмтэл гарав аа. Тухайн үед механикчаар ажиллаж надад гэмтлийг илрүүлж засах үүрэг өгч Бэлэндалай руу явуулж байлаа. Хөтөлөөс Бэлэндалай хооронд 15 км зайтай л даа. Ингээд гэмтлээ хайж явган явсаар Бэлэндалайн механикчтай хамт олж илрүүлэн зассан. Улмаар ангийн даргын тушаалаар 250 мянган төгрөгөөр шагнуулсан. Тэр үедээ их мөнгө шүү дээ. Ёстой их урам, эрч хүч авч билээ. Бас нэг явдал санаанаас гардаггүй юм. 1993 онд юм даг уу. Би Улаантолгой зөрлөг дээр томилолтоор ажиллаж байлаа. Тэр үед шилэн кабел хараахан ороогүй байсан учраас агаарын шугам гэдэг төмөр замын мэргэжлийн холбоог дамжуулдаг манай байгууллагын амин чухал хэрэгсэл байсан цаг. Яг наадмын өглөө буюу долоодугаар сарын 11-нд “Мэргэжлийн холбооны шугамд гэмтэл гарлаа...” гэсэн мэдээ ирэв. Гэмтлээ хөөгөөд очтол төмөр зам дээгүүр давсан 9 метр гаруй урттай модон тулгуурын шугамд гэтэл гарсан байв. Тэр өдөр гадаа 35 хэмийн халуун байсныг хэлэх үү8 гурван шон залгаж босгосон тулгуур өөд авирна гэдэг ай мөн чанга даваа. Арай гэж дээр нь гарахад салхи сэвэлзээд л, шонгийн мод нь чахарч дуугараад л... Бас л эвгүй мэдрэмж шүү/инээв/.Хүлээсэн үүрэг, хариуцсан ажил юм хойно яалтай билээ. Битүү орооцолдсон шугамаа салгаж, гэмтлээ засаад, буцаан холбож байлаа...” хэмээн ярихад нь БНМАУ-ын Баатар, нэрт холбоочин М.Жанчивын домог мэт түүх сэтгэлд зурсхийн буусан юм. Холбоочид гэдэг эх орны дайны үед ч, энх цагийн бүтээн байгуулалтад ч зорьсноосоо хазайхгүй зүтгэсээр ирсэн гавьяатнууд, хөдөлмөр зүтгэл нь ил харагддаггүй ч зүрхэнд нь оюун бодолд нь үргэлж лугшиж, түүхийн шанг агаарын цэнхэр долгион, газрын шилэн кабелиар татаж яваа далд фронтын “дайчид” юм.
Ахын захиас, ахмадын сургаал
“Амьдрал бол сонголт...” гэдэг үг бий. Үүний адилаар Я.Амартайван ч өөрийн замаар өөрийн сонголтоо хийсээр яваа нэгэн. Ялангуяа, сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд төр, хувийн хэвшлийн төмөр замууд маш эрчимтэй хөгжиж буйтай холбогдуулан салбартаа олон жил тууштай ажиллаж, тэргүүлэх зэргийн мэдлэг туршлагыг хуримтлуулсан түүнд ажлын таатай орчин, өндөр цалин хөлсийг амласан саналууд нэг бус удаа ирсэн гэх. Тэрбээр харин төдийгөөс өдий хүртэл бий болгосон үнэт зүйл, ижилдэн дассан хамт олонтойгоо байхыг илүү чухалчилж, бууриа сахих сонголтыг хийсэн байна. Харин түүний дүү Я.Ариунболд Хөтөл өртөөнд механикчаар ажиллаж байгаад МТЗ ТӨХК руу шилжжээ. Энэ тухайд тэрбээр, “Шинээр бий болж байгаа төмөр замууд бүгд л манай УБТЗ-аас эх сууриа авч, боловсон хүчний хувьд ч манай угшилтай залуус л түүчээлж, түүхийг нь бичиж явна гэж би боддог. Я.Ариунболд маань МТЗ ТӨХК руу шилжих шийдвэрийг гаргахад нь ахын хувиар “Тэнд очоод ажиллахад УБТЗ-аас хуримтлуулсан туршлага чинь хамгийн их хэрэг болно. Мэдээж шинэ хамт олон, шинэ орчин учраас нэмж суралцах зүйл ч чамгүй байгаа. Ихийг сурч мэдээд ирээрэй” гэж хэлээд явуулсан даа” хэмээн ярьсан юм.
Мөн тэрбээр залуу үеийн залгамж халаа болсон дүү нартаа хандаж, “Манай УБТЗ-д мерит зарчим үйлчилдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ юм бүхэн дардан замаар үргэлж урагш явахгүй. Үүрэг хариуцлага хүлээгээд ажиллаж байхад алдаа эндэгдэл гарч, тушаал буурах нь ч бий. Төмөр замын тээвэр гэдэг багийн ажиллагаагаар явдаг учраас шууд өөрөөс хамааралтай бус зүйл дээр ч хариуцлага үүрэх тохиолдол бишгүй гарна. Тэр бүхэнд барьц алдахаас илүүтэйгээр уужуу, ухаалаг байдлаар бодож, гарсан алдаанаас суралцаж, ахин алдахгүй байх нь чухал. Хамгийн гол нь УБТЗ-аа гэсэн сэтгэл зүрхтэй байж гэмээнэ цаг үеийн уналт, сэргэлтэд ноён нуруугаа алдахгүй явах боломжтой гэж би боддог. Сүүлийн үед ажиглагдаад байгаа нэг зүйл бол орчин цагийн залуус маань ажлын шаардлага гээч зүйлийг арай л өөр өнцгөөс нь хүлээж аваад байх шиг...Жаахан зарчимч байдал шаардах төдийд л “УБТЗ-д дарамт ихтэй. Ажил хийхэд хүндрэлтэй байна...” гэцгээдэг. Бүгд биш л дээ. Тэгэхээр шахалт, шаардлага хоёроо ялгаж салгаж сурах нь зүй юм болов уу. Ажлын ямар ч дөргүй шинэ залуу хүнийг сургаж авахын тулд эхнээс нь л өндөр шаардлага тавьж, дөрийг нь олуулахгүй бол болохгүй шүү дээ. Ард нь асар том эрсдэл дагалдаж явдаг салбарт цаг ямагт найрсаг харилцаа гаргана гэж байхгүй. Дээрээс нь хүн хүний арга барил өөр, тавьсан шаардлагыг хүлээж авах өнцөг ч харилцан адилгүй. Тэр бүхэнд шантраад байж болохгүй. Нийгмийн талаасаа бол УБТЗ ХНН-д тэгтлээ хоцрогдсон зүйл алга. Аль ч өртөө зөрлөгт очсон үүрэн телефоны бүх операторын сүлжээ нээлттэй, интернэт орчин чөлөөтэй болсон. Мэдээж цаг үеийн хувьсан өөрчлөлтийг дагаад залуусын хэрэгцээ шаардлагад нийцсэн шийдлүүдийг ч шат дараатайгаар хийгээд л явна байх. Яг манай мэргэжлийн тухайд зөрлөг дээр ганцаараа ажилладаг механикч нарыг “Бусад төмөр замынхан хэрэгжүүлж байгаатай адилхан ростерийн зарчмаар ажиллуулаад үзвэл яадаг бол...” гэсэн бодол ч надад төрж л байдаг. Удирдлагын хэмжээнд ч мэдээж үүнийг судалж л байгаа байх хэмээснээр бидний яриа өндөрлөсөн юм.
Я.Амартайван үндсэн мэргэжлийнхээ чиглэлээс гадна 2015-2017 онд Тээврийн хяналтын албанд байцаагчаар ажиллаж байх үедээ “ДТХ-ын байгууламжид үйлчилгээ хийх үед ГТХАБ-ыг хангах заавар”-ыг шинэчлэн боловсруулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан нэгэн. Тухайн үеийн Дохиолол холбооны албаны дарга Ц.Болдбаатар, ерөнхий инженер Т.Батцэнгэл нарын удирдлага доор дохиолол хариуцсан ахлах инженер Д.Батнасан, Ч.Гартаам нарын хамтаар боловсруулсан энэхүү заавар галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой баримт бичгүүдийн суурь нь гэж хэлж болохуйц томоохон ажил болсноороо онцлогтой. Өөрөө ч тухайн үед нэг баг болж ажилласан нөхдөөсөө олон зүйлийг сурч, их ч туршлага хуримтлуулснаа бахархан ярьдаг юм билээ.
“Эгэл төмөр замчин” булангийн маань зочны гэргий нь эдүгээ “Дархан нэхий” ХХК-д ажилладаг бол охин нь аавынхаа мэргэжлийг эзэмшиж, шинэ төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцохоор өмнийн цэнхэр говийг зорьсон юм билээ...
Б.Дэлгэрхишиг