Эрүүл амьдрах энгийн бас үр дүнтэй дөрвөн арга бол тогтмол дасгал хөдөлгөөн хийх, зохистой хооллох, хорт зуршлаас хол байж сэтгэл зүйн эрүүл мэндээ дэмжих юм. Энэ удаа төмөр замчдадаа дасгал хөдөлгөөн тогтмол хийхийн ач холбогдлыг танилцуулахаар УБТЗ-ын Төв эмнэлгийн Биеийн тамирын арга зүйч Б.Адиймаатай ярилцлаа.
-Төмөр замчдын дунд бие бялдрын хөгжлийн үнэлгээ хийх явцад ямар өөрчлөлтүүд зонхилон тохиолдож байна вэ?
-Төмөр замчид маань хөдөлгөөний болон хөдөлгөөний бус ажил хийдэг эсэхээс үл хамааран хөдөлгөөний дутагдалд орсон байдаг. Ажлын онцлогоос хамааран нэг байрлалд удаан хугацаагаар байх, нэг хөдөлгөөнийг олон давтамжтай хийх зэргээс шалтгаалан нуруу болон хөлийн булчин хөшиж, чангарч улмаар уян хатан чадвараа алдсанаас булчингийн чангарал үүсдэг. Энэ нь дасгал хөдөлгөөнийг өдөр тутам тогтмол хийж хэвшээгүйтэй холбоотой. Манай Сэргээн засах тасгийн биеийн тамирын эмчилгээнд хамрагдаж байгаа эмчлүүлэгчдийн 70 орчим хувь нь хүзүү, нурууны өвчлөлтэй байна. Эдгээр хүмүүст хүзүү нурууны уян хатан болон хүчний чадварыг нэмэгдүүлэх дасгал хөдөлгөөнийг зааж, чийрэгжүүлдэг. Тогтмол дасгалаар нурууны хагалгаанд орох заалттай эмчлүүлэгч хүртэл эрүүлжээд, эдгэрч байсан тохиолдол олон. Мөн манай тасагт өөрөө дасгал хөдөлгөөн хийхэд бэрхшээлтэй болсон хүмүүс ирж мэргэжлийн хөдөлгөөн засалчийн тусламжтайгаар хөдөлгөөн нь сэргэж, булчингийн хүч болон уян хатан чанар сайжирч, биеийн үйл ажиллагаа чадвар хэвэндээ ордог.
-Эн тэргүүнд та ямар дасгал хөдөлгөөнийг зөвлөх вэ?
-Энгийн бөгөөд үр дүнтэй, хялбар, тогтмол хийх боломжтой дасгал хөдөлгөөнийг сонгож хийвэл тохиромжтой. Тухайлбал 108 мөргөл, шугаман бүжиг, сүүлийн үед шинээр нэвтрүүлж байгаа бүх насныханд зориулсан “Түмэн дасгал”-ыг хийх. “Түмэн дасгал” нь Монгол хүний биеийн онцлогт тохирсон, үндэсний бүжгийн хөдөлгөөнд тулгуурласан, бүх нийтээрээ хийх боломжтой дасгал юм. Энэхүү дасгалыг “Энэ жилдээ - Эрүүл жиндээ” аяны хүрээнд “Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв”-өөс уриалан, олон нийтэд сурталчилж, таниулж байгаа. Уг дасгалыг интернэтээс хайгаад бичлэгийг даган хийх боломжтой. Мөн ямар ч насны хүмүүст сунгалтын дасгал хийх нь чухал ач холбогдолтой.Манайхан сунгалтын дасгалыг төдийлөн ойшоодоггүй.Сунгалтын дасгал нь хөдөлгөөний далайцыг нэмэгдүүлж, уян хатан болно. Хөдөлгөөний далайц нэмэгдэнэ гэдэг нь хүний үенүүд илүү зөв ажиллаж, булчингаа илүү сайн удирдаж эхэлнэ гэсэн үг. Биеийн уян хатан байдал сайжирч булчин амархан цуцах, гэмтэхээс сэргийлнэ. Дээр нь, нь холестролыг бууруулна. Сунгалт хөдөлгөөн, иогийн дасгал зэрэг нь цусан дахь муу холестролын түвшинг бууруулдаг болохыг судалгаагаар тогтоосон. Мэдээж үр дүнг ахиулахын тулд зөв хооллолттой хослуулах нь зүйтэй. Эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөний хослол нь холестролын хэмжээг багасган цусны эргэлтийн нийт системийг дэмжиж, өвчлөл, хөгшрөлтөөс сэргийлнэ.
Өдөр бүрийн 30 минут
Дасгал хөдөлгөөний олон төрөл хэлбэрүүд байдаг ч долоо хоногт 150 минутаас доошгүй буюу өдөр бүр 30 минутаар, эсвэл долоо хоногт 2-3 удаа идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байна. Чөлөөт цагаараа хүн бүр хийх боломжтой хамгийн энгийн, үр дүнтэй, хялбар дасгал хөдөлгөөний жишээ бол алхалт, гүйлт юм. Гүйх болон алхах нь таны сэтгэл санааны болон оюун санааны чанарыг эрс сайжруулдаг. Мөн таргалалт, чихрийн шижин, зүрхний өвчин, цусны даралт ихсэх, цус харвах, зарим төрлийн хорт хавдар, жингийн илүүдэл, үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлдэг сайн талтай. Өглөө бүр алхаж, тогтмол гүйж хэвшвэл эрүүл мэнддээ маш том хөрөнгө оруулж байгаа хэрэг билээ.
Төв эмнэлгийн Нийгмийн эрүүл мэндийн ажилтан М.Жаргалмаа