УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа “Солонго” цэцэрлэг МУБИС-ийн СӨБ-ын сургуулийн түшиц цэцэрлэг болжээ. Энэ хүрээнд өнгөрсөн жил тус сургуулиас туршин заах чиглэлээр таван оюутныг дадлага хийлгэж байсан бол энэ жил дөрөвдүгээр дамжааны зургаан оюутныг багшлах дадлага хийлгэж байна. Энэ жил зургаан өвөрмонгол оюутан тус цэцэрлэгт дадлага хийж байна. Тэд ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн СӨБ-ын Эрээн хот дахь ОУ-ын их сургуулийн IV дамжааны оюутнууд юм. Тэд эхний хоёр жилийг өөрийн орондоо, сүүлийн хоёр жилийг Монголд суралцан төгсөж буй оюутнууд юм. Эрээн хот дахь ОУ-ын их сургуулийн СӨБ-ын сургуулиас нийт 50 оюутан Монголд дадлага хийхээр ирсний 11 нь эрэгтэй оюутан гэнэ. Эдүгээ “Солонго” цэцэрлэгт таван эмэгтэй нэг эрэгтэй оюутан дадлага хийж байна. Саяхны нэг өдөр тус цэцэрлэгээр зочилж тэднээс сэтгэгдлийг сонслоо.
Б.Цахирмаа:Монголын багш нар их хөдөлмөрч санагдлаа
-Би Б.Алтан-Од багштай Бэлтгэл А бүлэгт дадлага хийж байна. Өнгөрсөн жил Хүүхдийн сектороос “Солонго” цэцэрлэгийн багш нарын төлөөлөл Өвөрмонголын цэцэрлэгтэй танилцаж туршлага судлаад ирсэн гэсэн. Тэдний дунд Б.Алтан-Од багш маань багтсан юм билээ. Тиймээс Хятадын цэцэрлэгийн талаарх ойлголт сайн байна. Монголын багш нар маш их хөдөлмөрч, уйгагүй зүтгэлтэй ажилладаг болохыг дурдаад хүүхдийн тоо маш их юм, гэтэл хоёрхон багш ажиллаж сургалт хүмүүжлийн ажлаа явуулахаас гадна, аягаа угааж бүхий л цэвэрлэгээ үйлчилгээгээ өөрсдөө хийж байгаа нь содон, манай улсын багш нараас ялгаатай харагдаж байна.
Б.Мишээ:Тусгай хэрэгцээт хүүхдүүд эн тэнцүү суралцдаг юм байна
Монгол багш нарын хүүхдүүдтэйгээ харилцаж байгаа харьцаа их дотно, нээлттэй, өргөн мэдлэгтэй санагдсан. Дээр нь бараг анги болгонд нь шахам аутизмын шинж тэмдэгтэй 1-2 хүүхэд байна. Хятадад бол тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэгт хамруулж энгийн хүүхдүүдтэй хамт явуулдаггүй. Хятадад 20-30 хүүхдэд 2-3 багш ажиллаж, унтуулах, хооллох, хичээл заах зэрэгт тус бүр нэг багш хариуцаж ажилладаг. Дээр нь хүүхдүүдийн унтах, тоглох, хооллох өрөө тус тусдаа байхаас гадна хүүхдийн тоо цөөн учраас багш хүүхэд бүртэй тулж ажиллах боломж бүрдэж, зөвхөн сургалт хүмүүжлийн ажлаа хариуцаж ахуйн ажлаас ангид байдаг.
Монголд суралцаж буй Өвөрмонгол оюутнууд монгол хэл бичгийн чадвар сайтай. Бусдын ярилцаж байгааг сайн ойлгодог хэдий ч монголоор ярьж, өөрийгөө ойлгуулах чадвар дутмаг байдаг аж. Түүнчлэн, тэд төгөлдөр хуур, морин хуур тоглодог. Аливаа зүйлд өөрсдийгөө маш сайн дайчилдгаараа илт ялгарч байгааг Б.Алтан-Од багш онцолсон юм. Оюутнууд дадлагажих дөрвөн долоо хоногийн хугацаандаа дөрвөн цагийн хичээлийг хүүхдүүдэд заах хөтөлбөртэй аж. Намайг тус цэцэрлэгт ажиллах үеэр Х.Мишээ тооны хичээлийн хөтөлбөрийн дагуу хасах үйлдлийг бэлтгэл Б бүлгийн багш Б.Цолмондэлгэрийн хамт зааж байлаа. Тус цэцэрлэгийнхэн энэ сарын сүүлчээр Хүүхдийн секторын хэмжээнд зохион байгуулагдах “Хэмнэл ба бүжиг” сэдэвт үзүүлэх сургалтад ийнхүү бэлтгэж байгаа аж. Чэн Жо Юүэ тус цэцэрлэгийг өөрөө сонгон хоёр дахь жилдээ дадлагажиж байна.
Тэрбээр, Монгол цэцэрлэгт дадлага хийхийн давуу тал нь багш шавийн хооронд илэн далангүй нээлттэй харилцаа үүсэж, хүүхдэд хэт их хяналт тавьж, дүрэм журам барьдаггүй нь таалагддаг гэдгийг дурдаж байлаа. Мөн эрэгтэй оюутнуудын төлөөлөл болох Шин Шин Өвөрмонголын Улаанхад хошууны малчин айлын хүү тул мал аж ахуй, малчны амьдралыг сайн мэддэгээ дурдаад, анх мэргэжлээ сонгохдоо цэцэрлэгийн багшийн ажлыг их л хөнгөхнөөр бодож сонгож байснаа дурсав. Цэцэрлэгийн багш болчихвол өвлийн амралтаар сар гаруй, зуны саруудад ч бас урт хугацаанд амарна гэдгийг чухалчилж мэргэжлээ сонгожээ. Бас Бямба, Ням гарагт амардаг гэхчлэн сонгосон нь биеийн амрыг харсан хэрэг байжээ хэмээн гэнэхнээр хүүрнэв.
Монгол багш нар цалин бага ч уртасгасан цагаар өглөөнөөс үдэш хүртэл хүүхдүүдтэйгээ чин сэтгэлээсээ ажиллаж байгаа нь бүх оюутанд гүн сэтгэгдэл төрүүлжээ. Гадны оюутнуудад манай цэцэрлэгүүд их жижигхэн байшинтай санагдсаныг нуусангүй. Амьдралын анхны гараагаа эхлүүлж байгаа тэдний хувьд бүхий л зүйл шинэхэн сонихон хэрнээ эзэмшиж байгаа мэргэжлээ элэг нэгт Монгол багш нараасаа сонсож, монгол хүүхдүүдтэй ажиллаж эхэлсэндээ талархаж байгаагаа илэрхийлж байлаа. Ийнхүү “Солонго” цэцэрлэгт хэсэгхэн саатаад гарах төдийд оюутан залуус ч, дадлага удирдсан багш нар ч бяцхан шавь нараа гэсэн нэгэн сэтгэлээр холбогдсон нь илт, бие биенээ магтан урамшуулж, халуун дулаан үгсээр бялхан байсан юм.
А.Энхсайхан