Говийн бүс, тэр дундаа Сайншанд зангилааны төмөр замчдын эрүүл мэнд, зонхилон тохиолдож буй өвчлөлийн талаар Төв эмнэлгийн харьяа Сайншанд тасгийн эрхлэгч, их эмч Э.Гэрэлцэцэгээс Замын даргын үзлэгийн үеэр тодруулснаа уншигч та бүхэнд хүргэж байна.
-Сайншанд зангилааны төмөр замчдын дунд ямар өвчлөл зонхилж байна вэ?
-Сайншанд зангилаа үйлчлэх хүрээний нийт 1900 гаруй төмөр замчин, ахмад настан, тэдний гэр бүлийн гишүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлж байна. Манай зангилааны төмөр замчдын дунд нэгдүгээрт, амьсгалын тогтолцооны өвчлөл бүртгэгдсэн. Энэ оны эхний есөн сарын байдлаар 27 хүн хамрын таславч тэгшлэх хагалгаанд орсон. Ихэнх залуус хамрын таславч нь муруй, толгой их өвддөг, хамар битүүрэх зовиуртай яваад байдаг. Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт таван жилээс эхлэн гэмтлийн гаралтай хамрын хөндийн таславч тэгшлэх хагалгааг түгээмэл хийж байгаа. Тиймээс 18-40 насны залуус энэ хагалгаанд түлхүү хамрагдаж байна. Хоёрдугаарт, зүрх судасны тогтолцооны өвчлөл орсон. Үүнд артерийн даралт ихсэлт, зүрхний хэм дамжуулалтын алдагдал, зүрхний цус хомсрох эмгэгийн өвчлөл дийлэнх байна. Гуравдугаарт, хоол боловсруулах тогтолцооны өвчлөл. Энэ жил төмөр замын ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэгийг тавдугаар сард манай зангилаанд хийсэн. Эрт илрүүлгийн үзлэг хоёр дахь жилдээ явсан. Энэ үзлэгт 127 ажилтан хамрагдсанаас 49 нь эрүүл, бусад нь 2-3 хавсарсан өвчлөлтэй байна. Дурангийн багцтай 30-аас дээш насныханд хоол боловсруулах замын архаг өвчлөл, ходоодны хатингирт үрэвсэл, өнгөц улайлт, өнгөц шарх ч тодорхойлогдсон. Тиймээс бид хувь хүн бүрт тохирсон анхан шатны эмчилгээ, эрүүлжүүлэх ажлыг хийн, зөвлөгөө өгч байна. Хоол боловсруулах тогтолцооны суурь өвчлөл нь хеликобактераас шалтгаалж байна. Дөрөвдүгээрт, гэмтэл, хордлого, гадны шалтгаант эмгэг ордог. Залууст хувь хүнээс шалтгаалсан ахуйн шинж чанартай гэмтэл, тэр дундаа зөөлөн эдийн гэмтлүүд дийлэнх хувийг эзэлдэг. Тавдугаарт, яс булчингийн холбох эдийн өвчлөл орж байна. Үүнд тулай, олон үений артрозууд, өвдөгний үений яс ургалт, нуруу нугалмайн мөгөөрсний жийргэвчийн эмгэгүүд илүү их тохиолдож байна.
-Эрт илрүүлгээр анхаарал татахаар өөр ямар өвчлөл илрэв?
-Эрт илрүүлгийн үзлэгээр Дотоод шүүрлийн булчирхайн өвчин буюу бамбай булчирхайн зангилаатай 22 хүн илэрсэн. Хүн тус бүрт нь зөвлөгөө өгөөд явж буй ч хяналтын шинжилгээг 3-6 сарын давтамжтайгаар хийлгэж, дотоод шүүрлийн булчирхайн эмчийн зөвлөгөөний дагуу хяналтыг үргэлжлүүлж байна. Дараа нь зүрхний булчингийн хэм дамжуулалтын эмгэг 20-28 насны залуучуудын дунд элбэг байна.
-Өвчлөл бууруулах, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Энэ чиглэлээр олон ажил хийсний нэг нь Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд өнгөрсөн оны хоёрдугаар сарын 27-ноос эхлэн нэгдсэн. Энэ хугацаанд Сайншандын төмөр замын спорт зааланд өглөө бүр 06.00 цагаас байгууллага хамт олон IV, VII багийн иргэд, ахмад настнууд гээд нийт давхардсан тоогоор 370 гаруй иргэн, ажилчид тасралтгүй дасгал хөдөлгөөнд хамрагдсан. Энэ жил ЭМЯ-наас зарласан “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяныг дэмжиж дасгал хөдөлгөөнөө тасралтгүй үргэлжлүүлснээр халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэл буурч, хөдөлгөөний хомсдолоос сэргийлж чадсан. Замын даргын А/11 тушаалын дагуу “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ын болзолт уралдаанд манай зангилаанаас Татах хэсэг, Замын IV анги, “Хараацай” цэцэрлэг, Сайншанд өртөө, манай тасаг гэсэн таван байгууллага тайлан мэдээгээ Төв эмнэлэг рүү хүргүүлээд байна.
-“Илүүдэл жингүй-эртэч Монгол” аяны үр дүн хэр гарав?
-Жингээ хассан хүн хэд байна вэ гэхээсээ илүүтэйгээр бид идэвхтэй дасгал хөдөлгөөнийг нь чухалчилж байгаа. Дасгал хөдөлгөөнтэй уялдуулаад зөв хооллож чадвал иргэн бүр эрүүл байх бүрэн боломжтой юм байна гэж үзсэн.
-Говийн бүсэд усны чанар муу байдаг. Үүнээс болж ходоод гэдэс төдийгүй шүд өвддөг, бүр үйрч унадаг гэх нь бий. Ер нь, танай зангилаанд шүдний өвчлөл ямар байна вэ?
-Манай говь нутгийн усны онцлогоос шалтгаалж шүд амны хөндийн өвчлөл, тэр дундаа хорхойтох, үйрч унах эмгэг, шүдний паалан гэмтэх, чулуужих өвчлөл нэлээд байдаг. Өнгөрсөн онд ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэгийн үеэр шүдний үзлэгийг манай тасгаас зохион байгуулан нийт 992 ажилтан хамрагдсан. Үүнээс 311 буюу 32 хувь нь эрүүл, үлдсэн 68 хувь нь шүд амны хөндийн өвчтэй байсан. Тиймээс цаашид эмчлэн эрүүлжүүлэх төлөвлөгөөний дагуу 2022 онд Сайншанд Татах хэсгийн ажилчдад Төв эмнэлгийн шүдний эмч, сувилагчийг долоо хоногийн хугацаатай ажлын байранд нь байрлуулан 109 ажилтны 168 шүдийг эмчлэн эрүүлжүүлж, зөвлөгөө өгч ажилласан. Энэ жил хөдөлгөөнт оношилгооны төвийн шүдний эмчийн үзлэгээр эмчлүүлэх шаардлагатай 67 ажилтны шүдийг эрүүлжүүллээ. Ирэх онд Сайншанд тасагт Төв эмнэлгийн шүдний эмчийг ирүүлэн ажилчдын шүдийг эмчлэх ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!
М.Наранболд