Зүүн гараас: Улаанбаатар татах хэсгийн Ахмадын хорооны дарга Ц.Гантөмөр, ахмад төмөр замчин Б.Түндэв нар

 

ХАБЭА-н албаны дарга А.Энх-Амгалан, Улаанбаатар татах хэсгийн ахмадын хорооны дарга Ц.Гантөмөр нарын хамт өнгөрсөн долоо хоногт ахмад төмөр замчин Б.Түндэвийнд зочилсон юм. Тэрбээр, “Өвөө нь “Ган зам” сониныхоо “Шилдэг идэвхтэн бичигч”-ийн шагналыг долоон удаа хүртэж, МСНЭ-ийн Их хуралд төлөөлөгчөөр оролцож явлаа. Тиймээс өөрийнхөө тухай эхнээс нь системтэйгээр ярьж өгье. Чи асуух зүйл байвал дараа нь асуугаарай” хэмээснээр бүтэн зууныг шүргэсэн баялаг хийгээд адармаатай дурсамжийг он, сар, өдрийн зөрүүгүй хүүрнэсэн юм. Эдүгээ 94 насны сүүдрийг зооглож байгаа хэрнээ өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлыг он, сар, өдрийн зөрөөгүй дурдах түүний цэцэн саруул ухааныг өөрийн эрхгүй бишрэх сэтгэл төрж байсныг нуух юун. Төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагаанд залуу насны хөдөлмөр зүтгэлээ зориулахын зэрэгцээ шударга үнэний төлөө үгийн урыг хэлхэж, үзэгний үзүүрийг элээж явсан түүнийг бид өмнө нь сониныхоо зочноор нэг бус удаа урьж байсан билээ. Тиймээс Б.Түндэв гуайн амьдрал уран бүтээлийнх нь талаар уншигч та бүхэнтэйгээ хуваалцаж байсан учраас энэ удаад намтар түүхийг нь нэлээд хураангуй байдлаар хүргэхийг зорилоо.

Б.Түндэв уг нь цэргийн хүн. Аливаад идэвх зүтгэлтэй, олон талаар өөрийгөө дайчлан хөгжүүлдэг чанар нь ч нөлөөлсөн биз. Тэрбээр, ардын армид хугацаат цэргийн алба хааж байхдаа Дотоод явдлын яамны нэгдүгээр хэлтэс буюу тухайн үеийн нам, төрийн байгууллагуудыг хамгаалах үүрэг чиглэлтэй газар руу дэвшин томилогджээ. Улмаар Их тэнгэрийн аман дахь тусгай байр руу шилжиж, гадна дотнын төлөөлөгч хүлээж авах өндөр хариуцлагатай ажилд томилогдох нь тэр. Ингээд дэслэгч буюу дунд тушаалын дарга хүртлээ долоо дахь жилдээ ажиллаж, дараагийн шатанд дэвших болзлоо хэдийнэ хангаад байтал гэв гэнэт байдал бишдэв. Боловсон хүчин нь дуудаад “Чиний хамаатнуудаас олон хүн эсэргүүний хэрэгт холбогдон баригдаж, хоёр гурван ч хүн цаазлуулсан байна. Тиймээс чамд аж ахуйн хэлтэс, аль эсвэл засан хүмүүжүүлэх газарт дунд тушаалын ажил гүйцэтгэхийг санал болгож байна” гэх нь тэр. Гэмгүй мөртлөө гэмтэн мэт өсөж дэвжихгүйгээр ажиллахыг тэр хүсээгүй учраас армиас шууд л гараад явчихав. Б.Түндэв армид анх орохдоо өвөг дээдэс нь хэлмэгдүүлэлтийн хар сүүдэрт өртөж явсан гашуун түүхийг нуусан нь илэрч, ийнхүү өсөж дэвших замыг нь хаасан хэрэг. Яг энэ үед түүний төрсөн ах Түгж/хожмоо Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болсон/ АИХ-ын депутатын бригадын дарга байсан учраас түүнийг төмөр замд орж, мэргэжилтэй боловсон хүчин болгох зам руу чиглүүлсэн гэдэг. Б.Түндэв туслах машинчийн курсийг төгсөж, 1957 оны арваннэгдүгээр сард Сайншанд татах хэсгээс төмөр замчны гараагаа эхлүүлсэн түүхтэй. Ингэхдээ тэр үндсэн ажлаасаа гадна олон нийтийн ажилд үеийн залуусаа манлайлан оролцож, Эвлэлийн үүрийн дарга, Залуучуудын бригадын гишүүн гээд л мандаж гарав. Улмаар ердөө жилийн дараа машинч Н.Нацагдоржийн /Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,  ЗХУ болон Монгол Улсын “Хүндэт төмөр замчин”/ хамтаар “Тэргүүний ажилтнуудын анхдугаар зөвлөгөөн”-нд  төлөөлөгчөөр оролцож, Засгийн газрын “Жуух бичиг”-ээр шагнуулж байсан гэдэг.  Ийнхүү машинчийн курст сурах болзлоо хангаснаар Улаанбаатар татах хэсгийн бүрэлдэхүүнд орж, 30 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулах замнал хөвөрсөн түүхтэй.

Энэ хугацаанд ч тэрбээр зөвхөн өмнөх ажлаараа зааглагдахыг хүссэнгүй “Социалист хөдөлмөрийн бригад”-ын зөвлөлийн зааварлагч, МХЗЭ болон МАХН-ын гишүүн гээд л бүх чиглэлд өөрийгөө дайчлан ажиллаж байв. Тэр ч бүү хэл 60 дугаар байранд гэр цэцэрлэг байгуулж, хамт ажилладаг машинч нарынхаа гэргий нараас эрхэлсэн ажилгүй гэртээ байгааг нь сонгож эхнэрийнхээ хамт ажиллуулж эхлэв. Мөн сургалтын “Улаан булан” зэрэг соёл хүмүүжлийн таатай орчныг ч бий болгожээ. Долоо хоног бүр зөвлөлтийн мэргэжилтнүүдээс “Улаан булан”-даа урьж, “Галт тэргийг эдийн засгийн хэмнэлттэй жолоодох арга барил”, “Илчит тэрэгний түлшийг хэрхэн хэмнэх”, “Хүнд ачаатай галт тэргийг хэрхэн жолоодох” зэрэг сэдвээр яриа таниулга хийдэг байлаа. Дээрх олон нийтийн ажилд шаардлагатай зардлыг машинч нарынхаа дунд хандивын аян өрнүүлэн босгодог байсан гэдэг.  Энэ  ажлууд нь ч удирдлагуудын сайшаалыг хүртэж, Улаанбаатар татах хэсгийн намын үүрийн даргын үүрэгт ажлыг үндсэн ажлынхаа хамт гүйцэтгэх үүрэг хүлээв. Үүнээс ердөө жилийн дараа машинч Н.Ойдовням Хөдөлмөрийн баатар цол хүртэж, С.Доржнамжил, М.Цээсүрэн нар хүнд ачаа тээж, түлш хэмнэсэн амжилтаа үнэлүүлж “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, цувааны ахлагч Жанцан “Алтан гадас” одонгоор тус тус шагнуулав. Мөн Б.Түндэв “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар энгэрээ мялаалгасан байна. Энэ үеэс эхлэн тэрбээр Улаанбаатар өртөөнд “ТЭ1-168” серийн илчит тэргэнд дөрвөн машинчийг удирдан ахлах машинчаар ажиллах болсон байна. Түүний хариуцсан бригадын ажил үргэлж сайшаагдаж, Замын даргын үзлэгийн комиссын шийдвэрээр нэг бус удаа шагнагдаж байсныг хуучлав. Мөн түүнчлэн ОНВСЗ-ыг хэрхэн бууруулах талаарх оновчтой шийдлийг тухайн үед дэвшүүлж, бидний дэвшүүлсэн саналын дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлээд онцгой үр дүнд хүрч би хагас сарынхаа цалинтай дүйх мөнгөн шагнал болон 300 төгрөгөөр шагнуулж байсан. Энэ тухай мэдээлэл “Ган зам” сонины 1962 оны дугаарт нийтлэгдсэн. Өвөө нь анхан шатны намын үүрийн даргаар 22 жил ажилласан хүн. Нэг өдөр “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-т машинч М.Цээсүрэн маань “100 мянган км гологдол зөрчилгүй ажиллах хөдөлгөөн өрнүүлье” гэсээр орж ирлээ. Маргааш нь энэ хөдөлгөөнийг дэмжих тухай Намын хорооны тогтоол гарлаа.  Гэтэл намайг Замын Намын хороонд дуудаж байна. “Гологдол зөрчилгүй ажиллана гэдэг нь угаасаа машинч хүний үүрэг. Гэтэл ийм хөдөлгөөн өрнүүлдэг нь ямар учиртай юм бэ?” гэж байна. “Таны хэлж байгаа зөв. Гэхдээ дунджаар хоёр жил гаруй хугацаанд 100 мянган км аялахдаа тухайн машинч нэг ч гологдол зөрчилгүй ажиллаад байвал дүрэм журмаа мэддэг, ажилдаа гаршсан, мэргэжлийн өндөр түвшний мэдлэгтэй хүн болж төлөвшихөд онцгой ач холбогдолтой юм. Туслах машинч нь ч дагаад мэргэшинэ” гэлээ. “Зөв зөв. Одоо учрыг нь ойлголоо. Сайншандад бас ийм хөдөлгөөн өрнүүлсний үр дүнд алдар гавьяатай машинч нар төрсөн тал бий. Тиймээс энэ хөдөлгөөнийг өөрөө манлайлж удирдаарай” гэдэг юм. Ингээд л манай мэргэжил нэгтнүүд “100 мянгач машинч”-ийн хөдөлгөөнд шамдан орсон. Би өөрөө ч оролцсон. 1970 онд энэ хөдөлгөөний дүнг хэлэлцэх үеэр “Машинч Б.Түндэв өнгөрсөн хугацаанд 800 мянган км аялахдаа нэг ч гологдол, дутагдал гаргаагүй” хэмээн онцолж, тэргүүн туршлагыг минь судалж байлаа. Дараа нь харин “Төмөр замын түүх” гээд ногоон хавтастай номыг хартал шилдэг долоон машинчийн нэгэнд миний нэрийг оруулсан байна. Түүхэн номд нэрээ бичүүлсэндээ баярласан Гэхдээ “Б.Түндэв 300 мянган км гологдол зөрчилгүй ажилласан” гээд бууруулж бичсэн харагдана билээ” хэмээв.

Тэрбээр  үндсэн ажил, олон нийтийн идэвх оролцооноос гадна түүхэн болон уран зохиолын нийт 10 гаруй ном туурвиж, “Роман бичсэн замчин” нэрээр “Ган зам” сонины шарласан хуудсанд амжилтаа мөнхжүүлж явсан нэгэн. Үүнийхээ үндэс суурийг зохиолч Д.Самбалхүндэвийн үүсгэн байгуулсан Төмөр замын утга зохиолын дугуйлантай холбон хуучилна. Гэхдээ тэрбээр армид байх үеэсээ л “Улаан од” сонинд мэдээ, материал бичиж, төмөр замд орсныхоо дараа депогийн алдар гавьяатнуудын шагналын тодорхойлолтыг бүгдийг нь бичиж, сахилгын арга хэмжээ авахуулсан хүмүүсийн өргөдлийг бичиж явсан зэргээс нь харахад төрөлхийн бичих найруулах авьяастай нэгэн аж.  Тэр дундаас шударга бус зүйлийн төлөө үгийн ур хэлхэж, үзэгний үзүүрийг мохоон асуудал хөндсөн шүүмжлэлүүдийг бичсэнийхээ төлөөсөнд “матаач” хэмээн ад болж явсан нь ч олон. Тухайлбал, депогийн удирдах шатанд нэг гэр бүлийн ах, дүү, хамаатан садан, эхнэр нөхөр ажиллаж байсан асуудлыг хөндсөн нь тухайн үедээ “цахиур хагалж” олон ч хүний албан тушаалтай яригдаж байсан удаатай. Тэр ч бүү хэл Чингис хааны байлдан дагууллыг, алдар гавьяаг тодотгон ярьсныхаа улмаас улс төрийн хэрэгт буруутгагдан сануулга авсан, армид хамт ажиллаж байсан ч шударга бусаар ажлаасаа халагдаж, гундуухан явсан нөхөртөө халуун сэтгэлээр тусалсныхаа хариуд дахин донгодуулсан тохиолдол ч түүнд бий. Магадгүй эдгээрээс улбаалан авах ёстой гавьяа шагналаасаа хасагдаж ирсэн гэдгээ ч дурдана билээ. Уг нь түүний хөндсөн асуудлын үр дүнд байгууллагын үйл ажиллагаа нь “цэвэршиж”, амжилтад хүрсэн түүхтэй.

Б.Түндэв гуай бол ээдрээт амьдралыг туулсан ахмад төмөр замчин. Гэхдээ тэр амьдралын нугачаа бүдрээ бүрт барьц алдалгүй үргэлж урагш тэмүүлж, өөрийгөө үргэлж дайчилж, үеийн үед бусдыг манлайлж, үлгэрлэж, зоригтой, цог золбоотой явсаар ирсэн нэгэн. Бүтэн зууныг элээсэн бахдам дурсамжийнх нь зах сэжүүрээс сонсож суухад “Энэ бол үнэхээрийн эгэл бус эрхэм юм даа” гэсэн бодол өөрийн эрхгүй төрөх ажгуу.

 

Б.Дэлгэрхишиг