ОРШИЛ
“Жирийн нэгэн төмөр замчин автомашин угсарчээ” гэх мэдээ хэдэн жилийн өмнө чихний үзүүрээр өнгөрсөн санагдана. Харин хэдхэн хоногийн өмнө тэр машиныг зохион бүтээсэн Самбуугийн Энх-Амгалан хэмээх эрхэмтэй уулзах хувь тохиолоо. Түүнтэй утсаар холбогдож, цаг зүгээ болзсон даруй нийслэлийн Баянзүрх дүүргийн II хороо, Дунд Дарь-Эхийг зүглэлээ. Дунд Дарь-Эхийн автобусны буудлын зүүн талд нарийн гудамжаар өгсөөд хэд мушгираад гэрийнх гадаа ирлээ. Тал тал тийшээ салаасан олон гудамжны уулзварт тэдний хашаа байдаг ажээ. Хашааных нь үүдэнд байх машины гараж маягийн байшингийн хаалга онгорхой, өмнө нь тавьсан жижиг ширээ дээр элдэв багаж өрсөн нь засварын цех ажээ. Хажууд нь өөрийнх нь Мицубуши пожеро маркийн 2 хүний суудалтай жижиг машин сойлттой.
Зорьж очсон С.Энх-Амгалан гэгч маань өндөр дохигор, ясархаг, туранхай биетэй, нар салхинд борлосон хөрслөг тослог арьстай, шөвгөрдүү царайтай, 60 гаруй насны эр байлаа.
“За тэтгэвэрийн насны надад чинь яриад байх юу байдаг билээ” хэмээн угтсан С.Энх-Амгалан гуай ярилцаад суухад түвэггүйхэн яриа хөөрөөтэй, илүү дутуу сул үггүй, эмх цэгтэй ярьдаг хүн юм байна.
ДӨРВӨН БААТРЫН ШАВЬ
Уг нь өвөг дээдэс гэвэл Сүхбаатар аймгийн Уран Гомбо гэдэг алдартай уран дархан, мужаан хүн байсан гэнэ. Тэрээр эмээл, хазаар, ээмэг зүйл, мөнгөн аяга, гэрийн мод гээд л хийгээгүй зүйлгүй гэнэ.
“Аав маань Сүхбаатар аймгийнх, харин би Дорнод аймагт 1959 онд төрсөн. Аав маань намайг бага байхад Дорнод аймгийн III автобаазад жолооч, механикаар, дараа нь Үйлдвэр комбинатад эрхлэгчээр ажилладаг байлаа. Дээр үед хүүхдийг долоодугаар анги төгсөнгүүт мал дээр гаргадаг байсан. Аав маань намайг “Хүү минь хичээж байгаад долоодугаар ангиа төгсөөд наймдугаар ангид орохыг бодоорой. Наймдугаар ангиа төгсөхөөр аав нь дараагийнхыг бодно” гэж хэллээ. Тэгээд намайг дагуулаад Дорнод аймгийн Авто засварын газрын токарчин Лхамжав /хожим Хөдөлмөрийн баатар цол хүртсэн/ гуайд шавь оруулж, токарь хийж үз гээд харуулдаг байсан. Намайг юмыг хараад л тогтоодог гэдгийг аав маань мэднэ л дээ. Би ч өөрөө токарьт сонирхолтой байсан. Уг нь манай сургуульд токарийн машин байдаг ч бидэнд ер заадаггүй байсан. Би зургадугаар ангидаа өөрөө л багшаасаа энэ юу хийдэг машин энэ тэр гэж асууж лавласаар токарын машин гэдгийг анх мэдэж авч билээ. Тэгээд намайг наймдугаар анги төгсөхөд аав маань намайг дагуулаад Металистын техник мэргэжлийн сургуульд хөтлөөд оруулж өгсөн юм.
Сүүлд аав маань Тээврийн яамны харъяа Авто сургуульд багшлах болсон юм. Тэр үед улсын хэмжээнд ганцхан авто сургууль байлаа шүү. Ингэж л би хар багаасаа аавыгаа дагаж техникт сонирхолтой болсон доо” гэж С.Энх-Амгалан гуай яриагаа эхэллээ.
С.Энх-Амгалан Улаанбаатар хотын Металистын техник мэргэжлийн сургуулийг 1976 онд суралцаж төгсөөд Авто засварын заводод токарчнаар ажиллаж, ирэлгээчин хийж эхэлжээ. Тус заводын цехийн дарга Ц.Шархүү /хожим Хөдөлмөрийн баатар болсон/ С.Энх-Амгалангаар янз бүрийн токарын хутга, тоног төхөөрөмжийн багаж ирлүүлдэг байжээ. Тэр үед Авто засварын заводод М-21 болон Зил 130 маркийн машинуудын хуучин дугуйг дахин шинээр хээлдэг байжээ. Тэр хээлдэг багажны хутгийг ирлэх зэрэг ажлыг хийж хажуугаар нь бага сагаар токарын машин дээрээ ажиллаж болжээ.
Токарчны эрдэм ухаанд анх сургасан багшийнхаа тухай С.Энх-Амгалан гуай “Манай Металистын техник мэргэжлийн сургуулийн ангийн багш Жамбалжамц гэж мундаг токарчин хүн байлаа. Багшийнхаа амнаас гарсан үг бүрийг саванд хийгээд хадгалаад авч үлдсэн бол мөн ч их хэрэгтэй зүйл байж дээ гэж одоо бодогддог. Би ер нь цаасан дээр бичиж, тэмдэглэж авдаггүй, харж ажиглаад л, чихээрээ сонсоод л авч үлддэг ажигч хүүхэд байсан. Харин багш маань үйлдлээрээ их харуулдаг хүн байсан. Би хүний хийж байгааг харах их дуртай. Ер нь би токарчны мэргэжлийг Хөдөлмөрийн баатар Лхамжав, Хөдөлмөрийн баатар Ц.Шархүү, Хөдөлмөрийн баатар Даш, Хөдөлмөрийн баатар Түвшин гэсэн дөрвөн баатраар заалгасан азтай хүн шүү дээ” гэж бахархан дурсав.
ЗАЛУУ ТОКАРЧИН ОФИЦЕР БОЛСОН НЬ
Залуу токарчин С.Энх-Амгалан ажилдаа зүгширч, нэлээд дадлагатай болоод байтал үеийн хүүхдүүд цэргийн алба хаахаар явцгааж, сэтгэл хоёрдож эхэлжээ. Цэргийн албанд явах хүсэлтэй байгаагаа дарга нартаа хэлэхэд огт зөвшөөрөхгүй байв. Аргаа бараад тэр аав ээжээсээ гуйж байгаад Найрамдалын районоос цэргийн зарлан дуудах бичиг олж аваад цэрэгт явжээ. Өмнө нь Металистын техник мэргэжлийн сургуульд сурч байхдаа Ажилчин залуусын оройн сургуульд суралцаж, аравдугаар ангийн боловсрол эзэмшчихсэн, хажуугаар нь зурдаг, бичдэг, гарын дүйтэй болохоор түүнд шууд бага дэслэгч цол олгож, офицер болгожээ. Ингээд анх Зүүнбаянд Хатанбаатар Магсаржавын нэрэмжит 023 дугаар цэргийн ангид дөрвөн жил салааны захирагчаар, дараа нь Баянхошуунд Барилгын цэргийн 022 дугаар анги, Дорнод аймгийн 030 дугаар цэргийн ангид салааны захирагчаар тус тус алба хааж байтал 1994 онд цэргийн анги нь татан буугдаж, бэлтгэл ахмад цолтойгоор цэргийн албанаас чөлөөлөгдөх болжээ.
ЭРТ СУРСАН ЭРДЭМ ЭГНЭГТ ТУСТАЙ
Цэргийн албанаас бэлтгэлээр халагдсан С.Энх-Амгаланд ажил олдохгүйн зовлон байсангүй. Угаасаа багадаа сурч, эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу хувиараа машин тэрэг засч эхэлжээ. Улмаар 2002 онд Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депогийн Туршилтын цехэд токарчнаар ажиллах боллоо. Депогийн дарга Ю.Идэрчулуун түүнийг их дэмжиж, их шахаж ажиллуулсны үр дүнд чамгүй олон шинэ бүтээл, оновчтой санал гаргаж, байгууллага, хамт олноосоо шагнал урамшуулал цөөнгүй хүртжээ.
“Та өөрийнхөө хийсэн шинэ бүтээл, оновчтой саналын талаар яриач?” гэхэд С.Энх-Амгаланг гуай “Зөндөө юм бий. Ю.Идэрчулуун дарга намайг өөрийнхөө хийсэн зүйлээр альбом катологи хий гэсэн юм. Тэгэхээр нь би нэг альбом бэлтгэчихээд байгаа юм” гээд 10 х 15 хэмжээтэй фото зургийн цомог аваад ирэв. Дэлгээд үзвэл өөрийнхөө хийсэн бүтээлүүдийн фото зургийг нэг бүрчлэн хальсан хуудснуудад хийгээд дор бүрт нь жижигхэн цаасан дээр зүйлт тайлбар наасан байв.
Зургийн цомгийг эргүүлэх зуураа “Энэ бол миний хийсэн тийм бүтээл” гээд нэг бүрчлэн тайлбарлан ярьлаа. Түүний хийсэн хамгийн бахаралтай чухал бүтээл нь Зүтгүүрийн машины “Аюулгүй унтраагчийн слистэй голыг солих багаж” гэнэ. Энэ нь Зүтгүүрийн моторыг хэт эргэлтээс хамгаалах зорилготой юм байна. Аюулгүй унтраагч байхгүй мотор эргэж эргэж байгаад машинаар бол хэт эргэлтэн дээр мотор цохидог. Энэ багаж бол түүнээс хамгаалсан эд. Түлшийг нь хааж унтраах төхөөрөмж юм. Хэрэв тэр нь ажиллахгүй бол ээрсээр байгаад мотор нь цохидог. Тэгсэн өндөр даралтны аппарат нь эвдэрдэг. Иймд элэгдсэн голыг нь тульктай нь хамт авч сольдог. Ингэж солихын тулд тэрийг задлана гэхээр олон цагийн ажил болдог. Гэтэл Зүтгүүрийг ажилд гаргах зэхэлтийн цаг гэж хоёр цагийн хугацаа байдаг. Энэ нь зүтгүүрийг ажилд гаргахад бэлэн болгох тос масло, усыг нэмээд гарах цагийг хэлж байгаа юм байна. Түүний санаачилсан тэр багажийг ашигласнаар хоёрхон цагийн дотор сольдог болжээ. Өмнө ингэж солихын тулд зүтгүүр 7- 8 хоног зогсдог байжээ. Энэ бүтээлийг Шинэ бүтээл оновчтой санал гэж улс бүртгэлд авч Зүтгүүрийн депод нэвтрүүлсэн ажээ.
Түүнчлэн тэрээр элсээр буудаж поршинг цэвэрлэж суулгадаг төхөөрөмж, зүтгүүр өргөдөг, мотор өргөдөг төрөл бүрийн багаж, өндөр даралтын насос шалгадаг стенд багаж, ерөнхий генераторийг дизель хөдөлгүүртэй холбох, салгах төхөөрөмж, лист төмрийг уртааш тайрах төхөөрөмж, зөөврийн таслагчийг суурин таслагч болгон өөрчилсөн төхөөрөмж гээд олон зүйлийг санаачлан хийжээ. Зургийн цомгийн дараа, дараагийн хуудсыг эргүүлвэл Улаанбаатар төмөр замын музейн гадна байдаг Уурын Зүтгүүрийн жижигрүүлсэн хувилбарын зураг, Төмөр замын төв вокзалын ард талын талбайд байгуулсан дурсгалын хөшөөт цогцолборыг шинэчилж, соёмбо үсэг болон, УБТЗ-ын логог шинэчлэн суулгаж байгаа, Төмөр замын үндсэн лого “Хоёр загал”-ыг хийж байгаа, Сэлэнгэ аймагт “Арван баатарын хөшөө”-г урлаж байгаа гэх мэт түүний хийж бүтээсэн, гар бие оролцсон олон бүтээлийн зураг хөвөрнө.
ӨВӨРМӨЦ ХИЙЦИЙН АВТОМАШИН УГСАРСАН НЬ
С.Энх-Амгалан гуайн хашаанд урьд өмнө харагдаж, үзэгдэж байгаагүй өвөрмөц содон машин сойлттой харагдлаа. Сониучирхаж асуувал С.Энх-Амгалан гуай ахтайгаа хамтраад 2015 онд “6*6 Ирвэс” гэдэг хоёр хүний суудалтай монгол автомашин угсарсан юм байна. Түүний ах нь кузовы нь зохиож, агергатуудыг нь хийж, С.Энх-Амгалан гуай өөрөө токарын ажлыг нь хийж гүйцэтгэсэн гэнэ.
Энэ машиныг угсрахдаа япон автомашины Мицубуши-1500 өнчин мотор суурилуулж, төрөл бүрийн машины эд ангиудыг авч хэрэглэсэн бөгөөд ШБОС-д бүртгүүлэх гэж нэг их хичээгээгүй гэнэ. Харин Зүтгүүрийн депогийн дарга Ю.Идэрчулууны хүсэлтээр машинаа Төмөр замын музейн гадаа тавьж анх олон нийтэд үзүүлжээ. Тэр үед “Ирвэс” машинд улсын дугаар өгнө гэж байсан ч одоо болтол өгөөгүй гэнэ. Хааяа С.Энх-Амгалан гуай өөрөө “6*6 Ирвэс” машинаа унаад гудамжаар явахаар хүмүүс гайхаад л, цагдаа нар алмайраад л өнгөрдөг байжээ. “Манай машин элсэнд ёстой баавартай, зургаан дугуй нь бүгд маажина бас нэг нэгээрээ салгагдаад явж болно. Хавтгай намхан авсаархан машин даа” гэж С.Энх-Амгалан гуай хэлээд сүүрс алдлаа.
ТОКАРЫН МАШИНТАЙГАА ХАМТ ТЭТГЭВЭРТ ГАРЧЭЭ
Зүтгүүрийн депод С.Энх-Амгалан гуай хоёр токарын машин дээр зэрэг ажиллаж байжээ. Тэгтэл нэг машиных нь хугацаа дуусч актлагдахаар болжээ. Олон жилийн хөдөлмөрийнх нь хөлс шингэсэн “өвгөн” машинаа өөртөө худалдаж авахыг хүсчээ. Депогийн дарга Ю.Идэрчулуун “Тэг тэг одоохон машин авчираад ачаад яв” гэжээ. Тэтгэвэрт гартлаа тэр машин дээр ажиллах зав гарсангүй. Харин тэтгэвэрт гарангуутаа гэрийнхээ хажууд засварын цех байгуулж, токарын машинаа суурилуулж, хувиараа хөдөлмөр эрхлэх болжээ. Хүмүүс намайг хэзээнээсээ мэддэг болохоор намайг хаана л байна, тэнд дагаж очоод үйлчлүүлээд сурчихсан болохоор үйлчлүүлэгч хайх шаардлага байдаггүй.
Манай машин засварын газрыг жолооч нар сайн мэднээ. Манай энэ хавийнхан надад тусланаа. Манай гудамжныхан гар урчууд олонтой, мундаг хүмүүс их бий. Жишээлбэл, гуулиар сайхан эдлэл хийдэг хүн байна. Бас хутга хийдэг хүн байдаг. монгол гутал хийдэг хүмүүс ч байна. Мөн чулуугаар сайхан хөөрөг хийдэг хүн бас байна. Надаар юмаа зоруулна, зөвлөгөө авна. Манай Дарь-Эхэд гадаас өөр токарчин бараг байхгүй. Да Хүрээ рүү очих гэж түгжирч явснаас надаар юмаа хийлгэчихвэл хамаагүй амар байдаг биз. Манай энд машинтайгаа ирж, зогсоод машинаа задлаад засуулахад зогсоолгүй гэх зовлон байхгүй.
Би өөрөө эд ангиас хэмжээг аваад, зургаа зураад, зороод шинээр хийгээд өгчихнө. Жишээ нь явах эд анги хийлгэмээр байлаа гэхэд бушуухан шиг зураад хэмжээд, хийгээд өгчихнө. Тэгээд за болж байна гэвэл хоёр хоног машинаа унаад үз гэдэг. Хэрэв бүүр эвдрээд нажигнаад орж ирвэл эндээ задлахаас өөр аргагүй. Тэгээд задлаад л янзлана даа.
Гадаад машины олдоц ховортой ямарч сэлбэг хэрэгслийг цаг алдахгүй хийгээд өгөхийг л боддог. Олон зуун долларын үнэ өртөгтэй сэлбэг хэрэгслийг санаанд оромгүй хямдхан хийгээд өгдөг болохоор манайхаар үйлчлүүлэгч огт тасардаггүй.
Ер нь токарчин хүн машины эд анги ч бай гэр ахуйн хэрэгсэл ч бай ер нь аливаа хийж байгаа зүйлээ найдвартай, баталгаатай, эргэж буцахгүй, хөдөө гадаа очоод эвдэрэхгүйгээр хийх хэрэгтэй. Хүмүүсийн сэтгэл ханамжинд 100 хувийн баталгаа өгч чаддаг байх ёстой.
Түүнээс биш нээх дааж давшгүй үнэ хэлээд байвал хүн ч авахгүй. Өөрт нь тохирсон үнэнд хийж өгнө тэгэхгүй бол буцаад л ирнэ.
АЖИЛ НЬ АМРАЛТ БОЛСОН АЗ ЖАРГАЛТАЙ ХҮН
С.Энх-Амгалан гуайд амралтын өдөр гэж байдаггүй гэнэ. Хагас, бүтэн сайн өдөргүй хүмүүс шаваастай. Машин тэрэг оочирлоостой байдаг ажээ. Тэдний ажлыг нь алдуулахгүйн тулд хооронд нь давхардуулахгүйгээр засвар үйлчилгээг нь хийгээд өгөхийг боддог гэж тэр хэллээ. Хүмүүс янз янзын л юм хийлгэх гэж ирдэг гэнэ. Мотор кроп задалж, солиулах, боолт резванаас өгсүүлээд олдоц ховор сэлбэг хэрэгслийг хоног хугацаа алдахгүйгээр зорж, хийгээд өгөөч гэсэн хүсэлт огт тасардаггүй байна. Саяхан нэг залуу ирээд “Америк загварын машины тормосны аппарат засуулах гэсэн юм. Та ийм сэлбэг хийж чадах уу?” гээд эвдэрсэн аппаратаа үзүүлжээ. “Ах нь хийж чадна аа, алив аваад ир” гээд хийгээд өгчээ. Уг тэр залуу Америк руу тэр сэлбэгийг 500 ам.доллар захиалчихсан байжээ. Нэгэнт С.Энх-Амгалан гуайн хийсэн сэлбэг түүний машинд яг таг таарч, нужигнатал асаад явж эхэлсэн болохоор Америк руу хийсэн захиалгаа буцаахад 350 ам.доллар буцаж иржээ. Түүнийгээ барьсаар С.Энх-Амгалан гуайд ирэхэд “Ах нь наад мөнгийг чинь авч чадахгүй. Зүгээр 100 долларыг л авбал авъя” гэсэн гэнэ. С.Энх-Амгалан гуайн ийм өгөөмөр тусч зан нь түүнийг аз жаргал, баяр баясгалантай болгодог ажээ.
ХИЙЖ БҮТЭЭХ ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛД ХЯЗГААР ҮГҮЙ
С.Энх-Амгалан гуайн эхнэрийг нь Батчулууны Нямсүрэн гэдэг. Одоогоор Япон улсад хэлний чиглэлээр сурч байгаа. Завсар зайгаараа ажил хийж байгаа гэнэ. Охин Э.Хэрлэн нь Унгар улсад хөгжмийн сургуульд 8 жил сурч байгаад, одоо бизнесийн удирдлагын чиглэлээр тэндээ дээд сургуульд элсэн оржээ. Хүү Э.Итгэл нь Франц улсад хэлний чиглэлээр суралцаж байгаа юм байна.
Харин энэ зунаас охин Э.Хэрлэн нь түр зуур Монголдоо ирээд амарч байгаа ажээ. Түүнээс аавынх нь сэтгэлд хоногшсон зүйлсийн талаар асууж лавлахад “Миний аав гарын дүйтэй их уран хүн. Токарын машин дээр аавынхаа ажиллаж байгааг би багаасаа харж өссөн болохоор одоо би өөрөө ойр зуурын хэрэгцээт зүйлээ юмханаар юм хийгээд сурчихсан. Аав маань маш их хөдөлмөрч, дуу цөөнтэй хүн. Аав бидэнд сурч байгаа мэргэжлээ өөрийн болгон эзэмшиж, төгс хийж чаддаг болтлоо суралцах хэрэгтэй гэж захидаг” гэж хэллээ.
Токарчин С.Энх-Амгалан гуайН хөдөлмөр зүтгэлийг УБТЗ-аас үнэлж, “Тэргүүний төмөр замчин” тэмдэгээр шагнажээ. Харин цэргийн алба хашиж байсан үедээ “Цэргийн гавъяаны одон”, “Цэргийн алдар” медаль болон ойн медалиудаар шагнуулж байжээ.
Одоо С.Энх-Амгалан гуай “Нэг сайхан шавьтай л болчихвол хэрэг бүтэх гээд байна. Би байхгүй боллоо гэхэд токарын машин маань байж л байна. Надаас хойш энэ машин дээр ажиллах хүн хэрэгтэй. Би ач, зээ нараа сургах гэхээр эцэг эх нь зөвшөөрдөггүй. Нэг нь зургадугаар ангид нөгөө нь хоёрдугаар ангид сурдаг. Тэд сурах дуртай ч эцэг эх нь дургүйцдэг. Уг нь хүүхдүүд манай энд ирээд юмы нь хөдөлгөнө, шохоорхож харна үзнэ. Зургадугаар ангийн хүү Хөгжим бүжгийн сургуульд сурдаг. Эндээ авчирна гэхээр ээж нь “Та хүүхэд хичээлээс нь хөндийрүүллээ” гээд жаахан дургүй байдаг юм” гэж хэллээ.
Жилдээ хоёрхон удаа өөртөө зав гаргаж, баяр тэмдэглэдэг гэнэ. Нэг нь цэргийн баяраар хуучин алба хааж байсан онжавуудтайгаа, нөгөө нь төмөр замын баяраар депогийн хэдтэйгээ сууж ярилцахад сайхан байдаг ажээ.
Хийж бүтээхийн төлөө уйгагүй зүтгэлтэй түүний хүсэл мөрөөдөлд хязгаар гэж үгүй. Хүмүүс янз бүрийн санаа сэдэл гаргахад хийх гээд л мэрийнэ. Тэр ч бүү хэл онгоц хийсэн ч чадна гээд ахдаа хэлтэл “Одоо ингэж байж хүн алах нь уу. Боль” гээд загнуулсан гэнэ. Тэгэхээр нь “3а тэгвэл цасны машин хийдэг хэрэг” гээд зургийг нь гаргаад ажлаа эхлээд байгаа гэнэ.
Г.ЭНХБААТАР