Эрдэм ном сайн сурах нь чухал ч зөв хүн байх нь хамгаас илүү чухал. Хүмүүжил сайтай хүн бол жинхэнэ боловсролтой хүн юм. Сүүлийн үед хүүхдүүд бие биеэ дээрэлхлээ, үг хэлээр доромжиллоо гэж их сонсогддог болов. Энэ асуудлын цаана эцэг эхчүүдийнх нь нөлөөлөл, гэр бүлээсээ авсан хүмүүжил нь харагдана. Бидний өвөг дээдэс гэр орондоо ажилсаг, шударга, эв найртай түвшин амьдарч, үр хүүхдүүд нь аав ээж, ах захынхаа үг сургаалыг сонсож, бусдыг хүндэлдэг зөв хүн болон төлөвшдөг байлаа. Өөрөөр хэлбэл, дээр үед хүмүүжлийн доголдол байгаагүй юм. Гэтэл сүүлийн үед хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг зүйл олон байна. Хамгийн тод жишээ нь гэр бүлийн хүрээний архидалт. Манай ахмадууд “Дөч хүрээд дөнгөж амс” буюу амсаад тавь гэсэн үгийг хэрэгжүүлдэг байсан бол одоо архины хэрэглээ улам залуужиж байна. Согтуу хүний бүдүүлэг үг яриа, хэрүүл зодоон дунд өсөж буй хүүхдүүд ихэвчлэн архи хэрэглэдэг, хүйтэн цэвдэг сэтгэлтэй хүн болно. Нөгөө талаар, хүүхдүүд замын түгжрэлд явж байхдаа ч сөрөг хүмүүжлийг олж байдаг. Жолооч нар ялимгүй зүйл дээр бусадтай маргалдаж, бүр “уралцаж”, зарим нь согтуугаар машин жолоодон осол гаргаж, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж байна. Мөн түргэн тусламжийн автомашинд зам тавьж өгөхгүй, яаж амин хувиа хичээдгийг ч та бүхэн хардаг байх. Энэ бүхэн бидний хойч ирээдүй болсон үр хүүхдийн хүмүүжилд асар ихээр нөлөөлдөг.
Тиймээс эцэг эхчүүд энэ асуудлыг хойш тавилгүйгээр үг хэллэг, архидан согтууралт, харилцаа хандлагадаа анхаарлаа хандуулах цаг нэгэнт болжээ. Хэдийгээр сүүлийн жилүүдэд архидалт багаслаа гэсэн судалгаа гарсан ч “Сархад савнаасаа бусдыг дийлдэг”-ийг мартах ёсгүй. Хүмүүс архи уусан л бол үг яриа нь олширч, дуу нь чангардаг шүү дээ. Энэ бүхнийг үр хүүхэд нь байх ёстой зүйл мэт хүлээн авч, алсдаа архи хэрэглэгчдийг эцэг эх бид өөрсдөө үлгэрлэн төрүүлсээр байна. Гэхдээ бүгд тийм биш л дээ. Архи хэрэглэдэггүй өчнөөн хүн бидний дунд эрүүл саруул, амар тайван сайхан амьдарч, үр хүүхдэдээ зөв үлгэр үзүүлсээр явна. Гэвч тэдний хүүхдийн зөв хүмүүжилд гэр бүлийн буруу харилцаатай бусад хүмүүс сөргөөр нөлөөлөх нь ч бий. Зарим нь хүүхдийнхээ хүмүүжлийг сургууль, цэцэрлэгийн багштай холбон дүгнэдэг нь өрөөсгөл юм. Үнэн хэрэгтээ хүүхэд гэр бүлийн харилцаанаас суурь хүмүүжлээ олж авдаг. Хэрэв таны хүүхдийн хүмүүжил сул байвал өөрсдөдөө дүгнэлт хийгээд үз. Өлгийтэй нярай байхаасаа хүүхэд ээж аав нь намуухан дуутай, бие биедээ хайр хүндэтгэлтэй амьдардаг бол уур уцааргүй тайван хүн болж өсдөг. Хэрвээ ээж аав, гэр бүлийнхэн нь чанга дуутай, хэрүүл маргаантай байвал өлгийтэй нялхас ч уур уцаартай, дав хийсэн ааш аягтай байдаг нь гэр бүлийн хүмүүжлээс хүртэж эхэлж байгаа нь тэр. Тиймээс “Би хүүхдүүддээ зөв үлгэр дууриалал үзүүлж чадаж байна уу”, “Би хүүхдүүдээ ямар орчинд өсгөж байгаа билээ” гэж та өөрийгөө дүгнээрэй. Эцэг эх бол үр хүүхдийнхээ хүмүүжлийн толь нь юм. Хэрэв та ажилсаг хөдөлмөрч, үнэнч шударга зан чанартай бол таны хүүхэд ч бас ажилсаг, үнэнч шударга хүн болж төлөвшинө. Та эцэг эх, хань ижлээ хайрлан хүндэлдэг бол таны хүүхэд ч бас аз жаргал ундарсан өрх гэрийн тэргүүн нь болох болно. Охин тань хань ижил, үр хүүхдээ хайр энэрлээрээ гийгүүлдэг, аз жаргалтай гэр бүлийн эрхэм хүндтэй эзэгтэй байх болно. Бид ийм л ирээдүйг бүтээх хэрэгтэй.
Өндөр настан Ц.Бурмаа