Политехник коллежийн захирал Ё.Бямбатогтохтой хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд ярилцлаа.
-Шинэ хичээлийн жилд танайх хэдэн мэргэжлээр хичнээн оюутан элсүүлэх вэ. Энэ намар нэмэлт элсэлт авах уу?
-Энэ хичээлийн жилд манай коллеж техникчийн боловсролоор 210, мэргэжлийн боловсролоор 330, техникчийн 1.5 жилийн ангид 150 хүүхэд элсүүлэх квот яамнаас батлуулсан. Батлуулсан квотын дагуу элсэлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ хаврын элсэлтийн өмнө сургуулиа сурталчилах ажлыг төмөр замын өртөөдүүдээр ТЗДС-тай хамтран зохион байгуулсан. Хаврын элсэлтээр зарим ангийн дүүргэлт бүрдээгүй учраас наймдугаар сарын 15-наас нэмэлт элсэлт зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна.
-Энэ намар ямар ангиудад нэмэлт элсэлт авахаар байна вэ?
-Вагоны техникч, дохиолол төвлөрүүлэлт, хориглолын техникч, цахилгаанчин, зам, зам засварын машин механизмын техникч гэсэн ангиудад анги дүүргэлт гүйцээгүй байгаа учир нэмэлт элсэлтийг зарлаж байна.
Нэг жилийн мэргэжилтэй ажилчны ангид дохиолол төвлөрүүлэлт, хориглолын монтёр, замчин, цахилгааны монтёр гэсэн ангиудад нэмэлт элсэлт авна.
-Элсэгчид ямар шалгуур хангаж байвал танайд коллежид элсэх боломжтой вэ?
-Нэг жилийн ангид элсэж байгаа хүүхдүүдэд тавигддаг нийтлэг шаардлага нь 12 дугаар анги төгссөн буюу бүрэн дунд боловсролтой байх. Дээр нь арваннэгдүгээр сарын 8-нд дадлагад гардаг учир тэр үед 18 насанд хүрсэн байх, мөн эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж тэнцсэн байх гэдэг нийтлэг шаардлагуудыг тавьдаг.
Техникчийн ангид элсэх оюутан бол бүрэн дунд боловсролтой, математик юмуу, физикийн хичээлээр ЭЕШ өгсөн байх, 400-аас доошгүй оноотой байх гэсэн шалгуур үзүүлэлттэй. Мөн ялгаагүй эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж тэнцсэн байх шаардлагатай.
-Төмөр замын ажил мэргэжлийн онцлогоос хамаараад зарим ангийн элсэгчдэд хүйс заадаг уу?
-Элсэгчдийн хүйсийн хувьд мэргэжлийн онцлогоос хамаараад ерөнхий квотын багцаар нь авч үзвэл 70/30 харьцаатай байх ёстой. Төмөр замд мэргэжлийн онцлогоос хамаараад дийлэнх ажлын байранд эрэгтэй хүн ажиллах нь түгээмэл байдаг учраас хүйсийн хувьд дээрх харьцааг харгалзаж элсэлт авдаг.
-Орон нутгаас хүүхдүүд хэр их элсэв?
-Ер нь, жил бүр нийт элсэгчдийн 70 орчим хувь нь орон нутгаас байдаг.
-Орон нутгийн оюутнуудын хувьд дотуур байрны хэрэгцээ их. Танайх хичнээн хүүхдийг дотуур байранд оруулах боломжтой вэ?
-ТЗДС, Политехникийн коллежийн дотуур байр дундаа нэг байдаг. Дотуур байр маань нийтдээ 240 хүүхдийн хүчин чадалтай. Үүнээс 80 орчим квот манай коллежид ногддог. Орон нутгийн бүх оюутнуудыг дотуур байраар хангах боломж хомс. Тиймээс нэгдүгээр курсийн оюутнуудаа дотуур байранд оруулах бодлого барьдаг.
-Энэ жил сургалтын төлбөр нэмэгдэж байгаа юу?
-Сургалтын төлбөр 30 орчим хувиар нэмэгдэж байгаа. Сүүлийн хэдэн жил нэмэгдээгүй байсан. Жил ирэх тусам үнийн өсөлт мэдрэгдэж байна. Энэ нь сургуулийн санхүүгийн болон үндсэн үйл ажиллагаанд шууд нөлөөлөх болсон. Тиймээс өнгөрсөн хавар удирдах зөвлөлийн хурлаар энэ асуудлыг тавиад шинэ хичээлийн жилээс 30 орчим хувиар нэмэгдэхээр тогтоол гарсан. Дээрээс нь, Замын даргын тушаал гарчихсан байгаа.
Өмнө нь манай төлбөр өндөр биш байсан учраас 30 хувиар нэмэгдлээ ч бусад ижил түвшний сургуулиудтай харьцуулахад төлбөр өндөр биш байгаа.
Нэг онцлог нь, манай сургуулийн нэг жилийн болон гурван жилийн ангийн суралцагчид сар болгон 200 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг.
Хуучин энэ тэтгэлэг сар болгон оюутнуудын дансанд ордог байсан бол одоо яамнаас журманд нь өөрчлөлт оруулаад төгсөхөд нь нэг удаа өгнө гэсэн шинэ журам үйлчлээд эхэлсэн.
Тэгэхээр гурван жилийн ангид сурч байгаа хүүхэд төгсөхдөө дансандаа 6.0 сая орчим, нэг жилийн ангид сурч байгаа хүүхэд төгсөхдөө дансандаа 2.0 сая орчим төгрөгтэй төгсөнө гэсэн үг. Тэр агуулгаар нь харах юм бол төлсөн төлбөрөө төгсөхдөө буцаагаад авчихна л гэсэн үг.
-Танай төгсөгчдийн ажлын байраар хангагдах байдал хэдэн хувьтай байна вэ?
-Ажлын байрны хувьд ковидын хоёр жилд ажлын байраар хангагдах нөхцөл нь жаахан хүнд байсан. Өнгөрсөн жилээс эхлээд манай сургуулийн төгсөгчид маш сайн ажлын байраар хангагдаж байгаа. Өөрөө хүсэх л юм бол мэргэжлийнхээ дагуу ажиллах ажлын байр нь нээлттэй гэж ойлгож болно.
Гэхдээ зарим хүүхэд сургуулиа төгсчихөөд өөрийнхөө сонирхлоор шал өөр мэргэжлээр ажилладаг тохиолдлууд бий. Тиймээс 100 хувь гэдэг үзүүлэлт гарах боломжгүй юм.
Сүүлийн хоёр жилийн ажлын байрны статистикээс харахад манай төгсөгчид 80-аас дээш хувьтай ажлын байраар хангагдсан байна. Шинэ төмөр замууд ашиглалтад орж байна. Үүнтэй холбоотой мэргэжилтэй ажилтны эрэлт хэрэгцээ маш их нэмэгдсэн. Урьдчилсан байдлаар гаргасан судалгаагаар төмөр замын салбарт шинээр 16 мянган ажлын байр гарна гэсэн судалгаа байгаа. Тэгэхээр цаашид бид төмөр замынхаа мэргэжлийг сурталчилах ажлыг маш өргөн хүрээтэй хийх шаардлага үүсэж байгаа. Өнгөрсөн хавар бид Замын-Үүд, Сайншанд, Чойр зангилаанд сургууль сурталчилах өдөрлөг хийсэн. Шинэ төмөр замууд ашиглалтад орж байна. Тэгэхээр тэдгээр аймгуудад төмөр замын мэргэжил сурталчилах, бүр огт төмөр замгүй алслагдсан аймгуудад ч мэргэжил сурталчилах ажлыг хийх нь илүү үр дүнтэй байх болов уу гэж харж байна. Шинэ төмөр замууд битгий хэл “УБТЗ” ХНН-т ч хүний нөөцийн эрэлт их бий. Тэгэхээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажил маань зөвхөн энэ хоёр сургуулийн хийх ёстой ажил биш боллоо.
Нийгэмлэгийн хэмжээнд, цаашлаад салбарын хэмжээнд бодлогын түвшинд асуудлыг авч үзэж, мэргэжил сурталчилах ажилд хүч хаях цаг болсон байна.
-Танай коллежийн анги танхимын хүрэлцээ хэр байна вэ?
-Манайд анги танхимын хүрэлцээ, сургалтын орчин нэлээд учир дутагдалтай. Гэхдээ одоо дахин төлөвлөлтөд орсон 26 дугаар байрны доод талд 841 ам метр талбай энэ жил ашиглалтад орно. Үүнийг мэргэжлийн анги танхим болгож тохижуулах зорилттой байна. Тодорхой зураг төслийг нь хийгээд төмөр замын зарим аж ахуйн нэгжтэй очиж уулзсан. Орчин үеийн шаардлага хангасан анги танхим, лаборатори болгож тохижуулах зорилттой ажиллаж байна. Одоогоор санхүүжилт нь шийдэгдсэн юм байхгүй.
Үүний зэрэгцээ сүүлийн хоёр жил сургуулийн гадаад харилцаанд тодорхой дэвшлүүд гарсан. Солонгосын гурван сургуультай хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан. Үүнд оюутан болон багш солилцоо, мөн сургалтын орчинг сайжруулах гэсэн чиглэлээр санамж бичиг байгуулсан. Дуняны их сургуулийн төлөөллүүд ирээд Замын удирдлагуудтай уулзаад явсан. Тэр хүмүүст бас сургалтын орчин сайжруулах тал дээр тусалж дэмжээч гэдэг хүсэлт тавьсан.
Ирэх аравдугаар сард ӨМӨЗО-ны Бугатын коллеж, мөн Цахилгаан электроникийн коллежтэй хамтарч ажиллах санамж бичиг байгуулна. Цахилгаан электроникийн коллежид манайд цахилгаан электроникийн кабинет тохижуулж өгөөч гэдэг хүсэлт тавина гэж төлөвлөж байгаа. Лаборатори гэдгийг нэг нэр зүүсэн байдлаар биш хамгийн орчин үеийн шаардлага хангасан лабораторитой болохсон гэж зүтгээд байгаа юм.
841 ам метр талбай маань ашиглалтад ороод бидний хүссэн тоног төхөөрөмжөөр тоноглогдчих юм бол сургалтын орчин харьцангуй сайжирна.
Оюутны байр хуучин манай балансад байж байгаад дээд сургуулийн балансад оччихсон. Дээд сургуулийн балансад байгаа дотуур байрны нэг давхарыг л бид хичээлийн анги танхим болгож ашигладаг. Мэргэжлийн хүмүүс ирээд дүгнэлт хийхээрээ энэ сургалтын зориулалтын анги танхим биш байна гэдэг асуудал ярьдаг. Үүнд хөрөнгө оруулалт хийгээд гоё болгоё гэхээр угаасаа танай балансын барилга биш байна гэх мэт бэрхшээлүүд бий.
Дээрээс нь манай техникчийн ангийн сургалт ТЗДС-ийн анги танхимыг ашиглаж сургалт явагддаг. Бид анги танхим ашигласны зардал гэж дээд сургуульд мөнгө төлдөг. Төлж байгаа ч зарим үед анги танхим олдохгүй байх асуудал гардаг.
Манайд номын сан, лекцийн танхим, оюутны хөгжлийн төв, спорт заал байхгүй.
Гэтэл сургуульд элсэж байгаа хүүхдүүд сургалтын орчинг хүртэл харж сонголтоо хийдэг болсон цаг шүү дээ.
Бид энэ жил БНСУ-ын Усоны коллежтой хамтарч ажиллах гэрээ байгуулж, сургалтын орчинтой нь танилцсан. Үнэхээр сайхан юм билээ. Сургуулийнх нь нэгдүгээр давхарт фитнес, усан бассейн байж байх жишээтэй. Оюутнууд нь чөлөөтэй ордог юм билээ.
Ер нь, цаашдаа төмөр замын мэргэжилтэй боловсон хүчнийг чанартай бэлтгэхийн тулд сургалтын байгууллагадаа хөрөнгө оруулалт хийж, сургалтын орчин бааз суурийг сайжруулах цаг нь болсон.
-Багш ажилчдын хүрэлцээ хэр байна вэ?
-Төмөр замын коллеж 19 үндсэн багштай. Багшийн орон тоог нэмэгдүүлэх шаардлага бий. Сүүлийн 2-3 жил багшийн орон тоог нэмэгдүүлж өгөөч гэдэг хүсэлтийг удаа дараа тавьсан. Энэ бас шийдэгдэхгүй байна. Ер нь, багш нар дутагдаж байгаа учраас багш нар маш их ачаалалтай ажилладаг. Их ачаалалтай ажиллаж байгаа учир багш нарын хөгжих цаг гэж байхгүй. Оюутнуудыг дадлагад гарах хооронд л жаахан цаг гарна. Хичээл эхэлж байгаа үед багш нар толгой өндийх завгүй ажиллаж байна.
Эхний ээлжинд манайд нэн шаардлагатай 5-6 багшийн орон тоо нэмэх шаардлагатай. Жишээ нь, зүтгүүрийн гуравхан багштай, 12-13 ангитай. Нэг багш 3-4 анги хариуцаад явж байна.
Богино хугацааны чадамжийн сургалт, мэргэжлийн болон техникчийн боловсрол олгох сургалт, дээрээс нь техникчийн 1.5 жилийн сургалт гээд дөрвөн төрлийн суралт зохион байгуулдаг. Сүүлийн үед богино хугацааны чадамжийн сургалтууд нэлээд зохиогдож байна. Заримыг нь орон нутагт нь зохион байгуулах шаардлага үүсдэг. Нэмэлт сургалт зохион байгуулахад багш хүрэлцдэггүй.
-Танай сургууль чинь магадлан итгэмжлэгдсэн билүү?
-Тэгсэн. Улсын хэмжээнд нийтдээ 74 МСҮТ, Политехникийн коллеж байдаг. Тэдгээрээс Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа Политехникийн коллеж, МСҮТ –үүдээс 14 нь магадлан итгэмжлэгдсэн байдгийн нэг нь манайх. Цаашдаа бид хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлээд явах зорилт тавьж байна.
Энэ хичээлийн жилд багтаагаад хоёр хөтөлбөрөө магадлуулна гэж төлөвлөж байна. Цаашдаа бүх хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлнэ.
Намайг анх ажил авахад манайх нийгмийн түншлэл гадаад харилцааны хувьд ихээхэн учир дутагдалтай байсан. Эхний ээлжинд бид БНСУ-ын хэд хэдэн сургуультай харилцаа тогтоогоод авлаа. Энэ жил Өвөр Монголын сургуулиудтай харилцаа тогтоочихвол гадаад харилцааны асуудал гайгүй болчихно гэж бодож байна. Нийгмийн түншлэлийн хүрээнд төмөр замын бүх компаниудтай хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан. Үүний зэрэгцээ багш нараа төмөр замын ихэнх бүтээн байгуулалттай танилцуулсан. БТЕГ-ийн баянгол төмөр зам, Зүүнбаян төмөр зам, Тавантолгой төмөр зам гэх мэт. Одоо Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалттай танилцуулах ажлыг энэ хичээлийн жилд хийн гэж төлөвлөж байна.
Хичээл зааж байгаа багш нар Монгол Улсад байгуулагдаж байгаа төмөр замуудын бүтээн байгуулалтыг газар дээр нь очиж үзэж, ямар технологи, ямар техник тоног төхөөрөмж ашиглагдаж байна. Түүн дээр ямар хөдлөх бүрэлдэхүүнүүд явж байна гэдгийг мэдэж байх нь их чухал. Нөгөө талаар төмөр замын эдгээр компаниудтай сургалтын орчин сайжруулах чиглэлээр хамтран ажиллах бодол байна.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
Б.Гүнжинлхам