Энэ удаагийн зочин хоймортоо Сэв шалгуурын вагоны инженер-механикч Энхбаярын Батмөнхийг урилаа.

 

-Хоёул Эх үрсийн баярын босгон дээр уулзаж байна. Тэгэхээр таны бага насны гэгээн дурсамжаас яриагаа эхлэх үү?

-Юуны өмнө “Ган зам” сониныхоо нийт уншигчдад Эх үрсийн баярын мэнд дэвшүүлье. Намайг бага байхын л төмөр замчид  энэ өдрийг өргөн тэмдэглэдэг байлаа. Одоо ч тэмдэглэдэг хэвээрээ. Төмөр замчид ажлын онцлогоосоо болоод ам бүлээрээ цуглах нь ховор. Тэгээд ч тэр үү, жил бүрийн зургадугаар сарын 1-нийг догдлон хүлээдэг байж билээ. Би гурван хүүхэдтэй айлын том нь. Хоёр эмэгтэй дүүтэй. Аав, ээж маань хоёул Замын II ангид ажиллаж байсан. Ээж 1974-1978 онд Төмөр замын техникумын Замын аж ахуйн ангийг төгсөөд тус ангиас ажлын гараагаа эхэлж, замчин, бригадын дарга, салаа зам хариуцсан ахлах мастер, замын ангийн диспетчер зэрэг албан тушаалд тасралтгүй 35 жил ажилласан. Аав ч мөн адил хугацаат цэргийн албаа хааж ирээд л ээжтэй минь ханилж, төмөр замд орж, бригадын дарга, сантехникийн мастер зэрэг албанд 27 жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан даа. Би ээжийгээ хоёрдугаар курсын оюутан байхад мэндэлсэн юм билээ. Ээжийн минь ажлын гараа Эмээлт зөрлөгөөс эхэлсэн.

-Замчдын хүүхдүүд зам дагаж өсдөг юм билээ. Аав, ээж ажлаас буух, галт тэрэг ирэх явах гээд дурсамж нь хүртэл адал явдалтай?

-Ээж маань 1978-1981 он хүртэл Эмээлт зөрлөгт ажиллаад, ахлах мастер болж Толгойт руу шилжсэн. Толгойтод мөн л гурван жил ажиллаж, амьдарсан. Тэр үеийн төмөр замчны хүүхдүүдийн амьдрал их өвөрмөц. Аав, ээж маань биднийг 24-ийн цэцэрлэгт хүлээлгэж өгчихөөд л тус тусын ажилдаа явна. Манай хоёр дүү ч ялгаагүй. Бид гурвыг Даваа гарагт цэцэрлэгт өгөөд л Ням очиж гарагт авна. Аав, ээжийг маань хүмүүс “Та хоёр хүүхэдгүй юм шиг л санаа амар ажиллах юм” гээд гайхдаг байсан гэсэн. Толгойтод байхдаа бид хадаас, ундааны бөглөөг зам төмөр дээр цувруулан тавьж галт тэргэнд дайруулна. Вагоны цонх руу чулуу шидэж хэн нь мэргэнээ үзнэ гээд л мөн ч гэнэн дүрсгүй байж дээ. Хүүхэд учраас ямар эрсдэлтэй, хэдий хэмжээний хор хохиролтой гэдгийг нь мэдэхгүй шүү дээ. Одооны хүүхдүүдийг бидэнтэй харьцуулшгүй хашир. Тэгээд ч чөлөөт цагаараа хийх зүйл ихтэй болж. 1984 онд төмөр замаас ээжид маань байр өгч, манайх 41 дүгээр байранд нүүсэн.Тэр жил би сургуулийн сурагч болсон. Ээж маань “Нэг мэдсэн чинь л манайд том болсон сургуулийн сурагчид ороод ирсэн” гээд ярьдаг сан. Бидний үеийн төмөр замчдын хүүхдүүд бүгд адилхан түүхтэй. Төмөр замын Төв эмнэлэг тэр үед Төрөх тасагтай байсан болохоор тэнд төрж, дараа нь 24 цагийн цэцэрлэгт орно. Өнөөгийн “Дэгдээхий” цэцэрлэг шүү дээ. Дараа нь 38 дугаар бага сургууль гээд өнөөгийн Ахмадын өргөөнд 1-3 ангидаа дөрвөн бүлэгт хуваагдан суралцана. Дөрөвдүгээр ангиасаа хоёр бүлэг нь 20, үлдсэн хоёр бүлэг нь 51 дугаар сургууль руу явцгаана. Ийм л товч бөгөөд, тодорхой замналаар өсөж, торницгоосон доо.

-Төмөр замын тосгоны хүүхдүүдийн ихэнх нь төмөр замчид болцгоодог байх?

-Миний үеийн тосгоны хүүхдүүд өглөө төв вокзалын арын хөшөөний дэргэд,зарим нь  хүнсний ХИД-2-ын үүдэнд цуглана. Бүгд цугласны дараа хойно урд нь нэг, нэг хүүхэд улаан дарцаг бариад л нэгийн цуваагаар сургууль руугаа явдаг байв. Хичээлийнхээ дараа мөн л нөгөө газраа цуглаад гэр гэр рүүгээ явцгаадаг сан. Тэр үеийн тосгоны хүүхдүүд бүгд л төмөр замчин гэр бүлд хүмүүжсэн. Аав, ээж нар маань нэг системд ажилладаг байсан болохоор ч тэр үү хүмүүжилтэй, төлөвхөн. Гэр орноо цэвэрлэнэ, дүү нараа халамжилна. Гадаа хамтдаа тоглосон ч хоорондоо муудалцахгүй. Их хэрсүү, эвсэг хүүхдүүд байсан даа.Орцондоо тэвэг өшиглөнө. Өнөөгийн Ханбүргэдэй дэлгүүрийн орчмоор оросууд амьдарна. Цуглаж аваад тийш явцгаана. Орос хүүхдүүдийн тоглоом бидэнд их гоё харагддаг сан. Өөр байрны гаднаас нохойн гөлөг хулгайлж тэжээнэ. Нөгөө нохойнуудаа хооронд нь зодолдуулна. Дунд сургуулиа төгсөөд дийлэнх нь Төмөр замын техникумд орно. Би ийм л замналаар явсан эгэл жирийн төмөр замчин гэр бүлийн үргэлжлэл. Эргээд харахад, миний үеийнхэн бүгд л аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөж төмөр замчин болцгоосон байдаг.

-Гэхдээ таныг шууд Төмөр замын техникумд суралцаагүй гэж сонссон?

-Намайг наймдугаар ангиа төгсдөг  жил зах зээлийн ороо бусгаа цаг эхэлж, юм бүхэн ховордсон амаргүй он жилүүд. Би айлын том хүүхэд болохоор “Аав, ээждээ тусалъя” гэдэг сэтгэлээр наймаанд явсан. Тосгоны хүүхдүүдэд хамгийн ойрхон нь “Нарлаг Монгол” буюу Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэрэг байв. Тухайн үед нэг найзын маань ээж галт тэрэгний үйлчлэгч байлаа. Тэр найз маань намайг “Хоёул Москва явж үзье” гэж ятгаснаар миний ганзагын наймаачны зам эхэлсэн. Энэ галт тэрэг “Москва-3” вокзал дээр нэг хоноод буцна. Тэр хооронд л бид ганзагаа базаана шүү дээ. Намайг наймаа руу татсан найз маань одоо ч төмөр замд ажиллаж байгаа. Дараа нь Эрээн рүү явдаг боллоо. Жаахан туршлагажаад ирэхээрээ бид Бээжин, Хөх хот явж бараа дардаг болсон. Урдаас авсан бараагаа Москва хүртэл зарна. Москвагаас авсан бараагаа Улаанбаатар хүртэл зарна гээд л явж өгсөн дөө.Дөнгөж 16 настай. Хувцас, шүдний оо, кэйтчуп гээд  ер нь зарж болох юу байна бүгдийг зөөж явлаа.1994 онд том охин маань мэндэлсэн юм. Энэ цагаас эхлэн миний ганзагын наймаанд явах том шалтгаан нь эхнэр хүүхэд маань болсон. Аавынхаа нэг өрөөнд тусдаа гараад л манайх гэдэг өрх гэрийн амьдрал эхэлсэн дээ. Хүний амьдралд найз нөхөд гэдэг маш чухал юм билээ. Нэгдүгээр ангиасаа эхэлж нөхөрлөсөн хоёр найз надад бий. Тэдний маань аав ээж нь бас төмөр замчид. Би сайн найз нөхөдтэй учраас хамгийн наад зах нь архи, тамхинаас хол байсан. Найзуудаараа маш их бахархдаг. Ер нь, сайн найз нөхдийн сургааль аав ээжийн дараа эрэмбэлэгдэх байх шүү.  Төмөр замчин аав ээжээс авсан хүмүүжил байх шүү, Бид аливаа эрсдэлтэй зүйлээс байнга зай барьж явдаг хашир, хэрсүү хүүхдүүд байж дээ. Зорилго нь тодорхой. Зөвхөн бараагаа зарна, мөнгөтэй буцаж ирнэ. Наймаа хийхдээ  маш сайн зохион байгуулалттай ажиллана. Нэг купед гурвуулаа явна. Нэг нь арын хаалгаа түгжиж байгаад бараагаа авч өгнө. “Кому надо рубашка. Кому надо?” гээд л вагоны цонхоор бараагаа зарна шүү дээ. Үлдсэн нь гадаа гарч зогсоно. Оросууд бараа аваад зугатаах эрсдлээс сэргийлж байгаа нь тэр л дээ. Бидний нөхөрлөлийн сайхан дурсамж их бий.

-Хамгийн их ашиг олсон нь ямар бараа байв? Наймаа “цэцэглээд” ирэхээр бага залуу  цагт бяр амтагдаж байв  уу?

-Орос бакал л юм даг уу. Тухайн үед хүүхдийн сэтгэхүйгээр явж байсан болохоор илүү их ашиг олъё, бизнесээр тууштай явъя гэдэг ч юм уу алсыг харсан төлөвлөгөө, төсөөлөл, аархал байгаагүй дээ. Хамгийн гол нь ээждээ л тус болъё гэж боддог сон. Тэгээд ч нийгмийнх нь байдал нийтээрээ ядуу, тарчиг. Аав ээж маань дарга даамал бус эгэл жирийн хөдөлмөрчин хүмүүс учраас хоёр идэж, хоосон хонохгүйн төлөөх зүтгэл л байсан. Би ээжийгээ бодохоор өрөвдөөд байдаг юм (хоолой нь зангирав.сурв). Биднийг эрүүл чийрэг өсгөж, амьдралд хөл алдахгүй өдий хүрэхэд ээжийн минь үүрэг оролцоо маш их байсан даа. Ийм амьдралыг бэлэглэсэн ээждээ би хязгааргүй хайртай. Дандаа л ээжийгээ бодож явдаг. Хүний амьдрал арван хуруу тэгш дүүрэн байхгүй юм даа. Хүүгийн хувьд одоо л нэг ээждээ сайн сайхан яваагаа харуулах нь дээ гэж бодохтой зэрэгцээд 2018 онд ээж минь бурхны оронд заларсан. Аав минь 2021 онд тэнгэр болсон. Ажлынхан маань “Чи аавынхаа царайг, ээжийнхээ бодол ухааныг өвлөжээ” гэцгээдэг.

-Гэхдээ л та айлын том хүүгийн үүргээ хангалттай хэмжээнд биелүүлжээ?

-Ээжийгээ баярлуулсан үе надад бий, бий. Аав, ээж хоёр маань гэрийн бараа хардаггүй байсан болохоор би багаасаа бие даасан. Хоёр дүүгээ харна. Гэр орноо цэвэр цэмцгэр байлгана гээд л ар гэрийн асуудлыг толгой даан зохицуулдаг. Манайх сэрүүлэгтэй цаггүй болохоор радионыхоо дууг чангалаад унтана. Өглөө “Дийд, дийд... Монгол Улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна. Улаанбаатарт 06.00 цаг...” гэхэд л гэрийнхнээ сэрээхгүйн тулд ухасхийж босоод радионыхоо дууг хаачихаад цайгаа чанаж, хоёр дүүгээ босгоно. Бид гурав насны хол зөрүүгүй тэрсхэн өссөн л дөө. 1992 онд би анх наймаанд явж ирээд “Ээжээ энэ миний ашиг” гээд 150 мянган төгрөг өгч байлаа. Ээж минь “16-хан настай хүү минь тийм хол яваад ээждээ ийм их мөнгө авчирч өгч байх гэж” гээд мөн ч их баярлаж билээ. Ээждээ би их том зүйлүүдийг амладаг байсан ч тэр амлалтдаа хүрч чадсангүй. Тэр цаг хугацааг ээж минь үзэж амжсангүй. Үүнд л харамсаж явдаг даа. Гэхдээ би ээждээ амьдралынхаа төлөө яаж зүтгэж чадахаа, өнөр өтгөн сайхан амьдарч байгаагаа харуулсан. Сүүлд ижий минь бие нь муу байхдаа “Ээж нь хүүхдүүддээ санаа зовохгүй. Чамайг дүү нараа хэзээ ч газардуулахгүй гэдэгт итгэж байна” гээд л шөнөжин ярьдаг байсан. Тэгэхэд л би ээжийнхээ ачийг бага ч атугай хариулж дээ гэж бодсон. Хэдийгээр бага залуу үедээ аливаа зүйлийг өөр өнцгөөс нь харж, ээжийнхээ сургаалийг хагас дутуу сонссон байж болох ч том хүүгийнх нь хувьд нуруу алдаж яваагүй юм болов уу.

-Наймаа хийж явсан хүн төмөр замчин болсон шалтгаан нь юу байв?

- Нэг үе Эрээнээс Дорнод аймаг руу пийжүү зөөлөө. Гэтэл цаанаас Хайлаар пийжүү минийхээс хямд үнээр орж ирээд бизнес маань уначихав аа. “Одоо юу хийх вэ?” гээд л бодож байтал аав, ээж маань “Чи ерөөсөө төмөр замд ор” гээд 1996 оны дөрөвдүгээр сард Замын II ангийн барилгын цехэд шаварчин, будагчин болов. Яг энэ үйл явдалтай зэрэгцээд нэг өдөр найзын маань эхнэр “Баагий чи алийн болгон ингэж явах юм бэ. Одоо сургуульд сур, мэргэжил эзэмш, тогтсон ажил хий.Чи манай өвөө биш дээ” гээд л сургамжилж гарав. Тэр үед өөрийнх нь өвөө гээд өндөр настай буурай тэднийд байсан болохоор намайг жишээ татсан нь тэр. Ингээд би тэр хавар нь Төмөр замын техникумд элссэн. Тухайн үед Улаанбаатар хотоос 16 хүүхэд элсүүлэх хязгаартай байсан юм. Одоогийн Дохиолол холбооны албаны дарга Ч.Гартаам нэгдүгээрт жагсаж холбооны ангийг авсан. Би уг нь вагоны ангид орох хүсэлтэй байсан ч 15-д жагссан болохоор замын анги, цахилгааны анги гэсэн хоёр хуваарь л үлдсэн. Би ээжтэйгээ хамт хуваариа сонгохоор орохдоо бодлоо. “Цахилгааны ангийг нь авбал би хоёр утсыг буруу холбоод л тогонд цохиулж үхнэ. Замын мэргэжилтэй хүн их дэндэж зам төмөрт хуруугаа л хавчуулна биз. Ерөөсөө замчин л болъё” гэсэн бодол төрсөн(инээв.сурв). Ингээд намар болж оюутны амьдрал эхлэв. Хичээлийн эхний өдөр багш маань “Та нарын дунд гэр бүлтэй хүн байна уу?” гэхэд нь би ганцаараа гараа өргөтөл “За чи тэгвэл ангийн дарга бол” гэж билээ. 1999 онд замын техникчээр төгсөөд л замчнаас ажил мэргэжлийн гараагаа эхэлсэн дээ. Хоёр жилийн дараа нь сэв шалгуурын тэргэнцэрт орж, тэндээ 12 жил ажиллаад 2011 оноос өнөөг хүртэл Сэв шалгуурын вагонд явж байна даа. Намайг долдугаар сард анх замчнаар ажилд ороход ид ачаалалтай үе таарсан. Эхний өдрөөс л шантарч, хоёр гурав хоногийн дараа үүрээр Налайхын автобусанд суугаад “Би энэ ажлыг хийж чадахгүй нь” гээд гэртээ ирэв ээ. Гэтэл аав ээж маань “Чи иймхэн бэрхшээлийг давж чадахгүй бол яаж амьдрах юм бэ. Ядаж бидний нэрийг бодсонгүй юу. Яг одоо буцаад яв” гээд л хөөдөг юм даа. Тэгээд 09.00 цагийн автобусаар пүүгээгээ үүрээд л буцаж байлаа(инээв.сурв). Тэр дурсамж санаанаас ер гардаггүй. Миний хувьд ээж амьтай, гэр бүл төвтэй хүн. Боломж л гарвал өөрийгөө хөгжүүлье, ахуй амьдралаа өөд татъя гэсэн бодолтой л явдаг даа. ТҮЦ  ажиллуулж үзлээ, “Дэнжийн 1000”-ын  зах дээр арьс шир ч авч явлаа. Амьдралын төлөө надад хийж үзээгүй ажил байхгүй ээ. Манайх таван хүүхэдтэй. Том охин маань тусдаа гарсан. Дараагийн охин маань Москвад Тээврийн эдийн засгийн мэргэжлээр сурч байна. Бага охин маань Барилгын чиглэлээр   сурдаг, хоёдугаар курсын оюутан. Том хүү наймдугаар ангийн сурагч, отгон хүү маань цэцэрлэгт явж байгаа.

-Өнгөрсөн намар “Ган зам палас”-т зохион байгуулсан “Намрын ногоон өдөр”-үүдэд та “Янмал” компанийг төлөөлөн оролцож байсан?

-Энэ тухай ярих хэрэг байна уу?

-Таныг хүүхэд байхын чиглэсэн зорилгоосоо няцдаггүй, хөдөлмөрч хүн гэж харж байна л даа. Тэгээд энэ асуултыг тавьж байгаа юм?

    -1997 онд манай үеэл Солонгосоос руу ажиллахаар яваад 2005 онд оймсны үйлдвэр оруулж ирсэн юм. Манай хамаатнууд үйлдвэрт нь эрвийх дэрвийхээрээ ажиллаж, хувь нэмрээ оруулж эхэлсэн. Би 2011 оноос амралтынхаа өдрүүдээр үйлдвэрт нь ажилласан юм. Ах маань “Чи ерөөсөө худалдааны хүн байна. Үйлдвэрийн борлуулалтыг хариуц” гэсэн. Эхэндээ Монголчууд өөрснөө оймс хийж байна гэдэгт итгэхгүй байсан учраас шар торонд оймсоо хийгээд л гадуур явдаг байлаа. Ах, дүү нар учраас хоёргүй сэтгэлээр ажилладаг юм билээ. Ингэж явсаар “Янмал” үйлдвэр маань өөрийн гэсэн байр сууриа олсон. Гэхдээ Монгол маш жижиг зах зээлтэй шүү дээ. Зургаан сая оймс хийхэд л дотоодынхоо зах зээлийг бүрэн хангачихна.Тэглээ гээд нэгэнт эхлүүлсэн ажлыг дундаас нь орхиж болохгүй. Үйлдвэрээ хэрхэн өргөжүүлэх вэ, ажилтнуудаа яаж цалинтай байлгах вэ гээд хаана хаанаа эрэл хайгуул хийж л байна. Энэ нь гэхдээ миний үндсэн ажил, мэргэжилтэй огт хамаагүй юм шүү, уншигчид буруугаар ойлгох вий. Өмнө нь тус үйлдвэр гадаадаас утсаа авдаг байсан бол 2015 оноос монгол тэмээ, сарлаг, хонины ноосыг самнаж угаагаад, ээрээд эцсийн бүтээгдэхүүн хийж эхэлсэн. Одоо харин ноос бэлтгэх явцад гардаг их хэмжээний хаягдал хялгасыг ашиглан газар тариалангийн бордоо хийх гэж байна. Манай үйлдвэр ОХУ-ын Дорнод Сибир, Япон Казахстан зэрэг орнууд руу бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа. Энэ жилээс Турк, Герман руу бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн учраас самнах ээрэх үйлдвэрээ өргөтгөөд нэмж 70 ажлын байр шинээр бий болгохоор ажиллаж байна. Манай байнгын ажлын байр 150 байсан бол 200 гаруй хүнтэй болж, ид ажлын үед 300 хүн ажиллуулах боломж бүрдэх юм. Оймс хийх амархан. Яаж ийгээд л хүний хүчээр бүтээгдэхүүнээ гаргачихна. Бүтээгдэхүүнээ хэрхэн борлуулах вэ гэдэг хэцүү. Энэ сэжмээр л ангийн захиргаанаас “Манай хамт олны дундаас ЖДҮ эрхэлдэг хүн ганцхан чи байна. Энэ арга хэмжээнд оролц” гэсэн учраас тэр үйл ажиллагаанд орсон юм.Ер нь, үйлдвэрийн талаарх яриаг ингээд өндөрлөвөл зүгээр гэж болов уу гэж бодож байна. Төмөр замчид намайг “оймсчин гар” гэдгийг угаасаа мэднэ(инээв.сурв)

-Харин ч үндсэн ажлынхаа зэрэгцээ эх орондоо баялаг бүтээгээд явж байгаа нь бахархалтай зүйл биш гэж үү. Үндсэн мэргэжлээрээ ч арай өөр талбарт хүч сорих боломж нь нэг үеэ бодвол нээлттэй боллоо шүү дээ?

-Би Замын II ангийнхаа хамт олонд их хайртай. Ухаан орохоос өнөөг хүртэл миний амьдрал энэ байгууллагатай холбоотой явж ирлээ. Ямар ч илүү боломж бий болж, ямар ч сайхан ажлын санал ирлээ ч гараад явах сэтгэл төрдөггүй. Эндээ би зүрх сэтгэлээрээ уяатай юм шүү дээ. Надад ер нь төмөр замынхаа салбараас урвах бодол огт төрж байгаагүй. Удам залгасан төмөр замчид бүгд л ийм бодолтой болов уу. Энэ цаг үед би нэг л зүйлийг боддог. Хамт олон маань ч энэ тухай ярилцдаг. Сэв шалгуурын вагонд бидний нэгэн үеийн залуус орж байлаа. Гэтэл одоо би л гэхэд УБТЗ-д 24 дэх жилдээ ажилласан байна. Мөдхөн бид нэгэн зэрэг гавьяаны амралтдаа сууцгаана. Тэгэхээр дараагийн үеэ бид бэлтгэх ёстой. Сэв шалгуурын ажлыг олон жилийн дадлага, туршлагаар эзэмшдэг. Орчин цагт чадварлаг залуус олон болсон. Харин тэднийг тогтвор суурьшилтай байлгах нь юу юунаас илүү чухал. Тогтвор суурьшил гэдэг 100 хувь хамт олноос шалтгаална. Өглөө ажилдаа, орой гэр рүүгээ яардаг хүн л хамгийн аз жаргалтай байдаг.

-Хоёул таны тухайд нэлээд ярилцлаа. Гэр бүлийн хүнээ манай уншигчидтай танилцуулж болох уу?

-Эхнэртэйгээ би анх зусланд явж байгаад танилцсан. Манай хадам аав, ээж төмөр замчид. Гэргий маань ч мөн адил вагоны мэргэжилтэй хүн л дээ. Эхнэр маань аялалд явна. Би ч мөн адил сэв шалгуурын ажлаараа замд явчихна. Энэ хооронд ар гэр, үр хүүхдүүд маань орхигдчих гээд байсан учраас хоёул ярилцаж байгаад “Нэг нь ар гэрээ хариуцъя. Нөгөөх нь үндсэн мэргэжлээрээ ажиллая” гэж шийдсэн л дээ. Миний мэргэжил бол асар өндөр хариуцлага тээж явдаг алба. Томилолтын хуудас бичигдсэн л бол зөвхөн ажлаа бодох ёстой. Бүх анхаарлаа өмнөх бичлэгтээ зориулахгүй бол замын сэв гэмтлийг анзаарахгүй өнгөрөөх магадлал өндөр. Үүний цаана ямар том эрсдэл бий болох билээ. Эмч хүн өвчтөндөө буруу онош тавьж болдоггүйтэй адил бидэнд өчүүхэн төдий алдаа гаргах эрх байхгүй. Одоо миний гэргий ар гэрээ бүрэн хариуцаж яваа.

-Дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

Б.Дэлгэрхишиг