Ялалтын баярын өмнөхөн УБТЗ-ын Дохиолол холбооны албаны ашиглалт хариуцсан орлогч дарга Е.А.Подобедовтой ярилцлаа. Тэрбээр, УБТЗ-д 10 дахь жилдээ ажиллаж байгаа юм.

 

-Юун түрүүнд танд уншигчдынхаа өмнөөс Агуу их ялалтын баярын мэнд хүргэе?

-Маш их баярлалаа. Энэ ташрамд, төмөр замчдадаа ялалтын баярын мэнд хүргэе.

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?

-Би Беларусийг ЗХУ-ын бүрэлдэхүүнд байхад тэнд төрсөн. Тэндээ их сургууль төгссөн. Сургуулиа төгсөөд Красноярскийн төмөр замд хуваарилагдаж, автомеханик телемеханик мэргэжлээрээ монтёроос албаны дарга хүртэл дэвшин ажилласан. Түүний дараа Красноярскийн техникумын захирлаар ажиллаж байгаад 2013 оноос УБТЗ-д ажиллаж байна.

-Арван жилийн өмнө та Монголд ажиллах саналыг хэрхэн хүлээж авч байсан бол...?

-Надад Монголд ажиллах санал их сонирхолтой санагдсан учраас би дуртайяа хүлээж авсан. Яагаад гэвэл намайг наашаа ирэх үед УБТЗ-д микропроцессорын төвлөрүүлэлтийг дөнгөж нэвтрүүлж эхэлж байсан. Би холбооны мэргэжлийн хүн учраас энэ чиглэлээр ажиллах нь надад маш сонирхолтой байсан. Би өнгөрсөн хугацаанд найман зөрлөгийг микропроцессорын автоматжуулалтаар тоноглолоо. Замын хэмжээнд СИРДП-Е системийг нэвтрүүлсэн.

-Монголд анх хөл тавьсан сэтгэгдлээсээ хуваалцаж болох уу. Таны төсөөллөөс зөрүүтэй байв уу?

-Наашаа бол нэлээд сэтгэл өндөр явж байсан. 2013 оны долдугаар сард онгоцоор газардахад өвс үнэртэж байсан. Намайг тосож авсан хүмүүс “Энэ бол Монголын үнэр” гэж тайлбарлаж байсан /инээв/.

Монгол хүмүүс надад таалагддаг. Монголд амьдрах таалагдсан. Хамт ажиллаж байгаа орос мэргэжилтнүүд, Монгол нөхөд маань намайг сайхан хүлээж авсан. Би өөрөө дорнын соёлд дуртай. Миний эхнэр дорнын хүн байсан. Тиймээс Монголд татагдах зүрх сэтгэл байсан. Монголчууд маш эелдэг, элгэмсэг, найрсаг, эв нэгдлийг хичээдэг хүмүүс учраас энд байхад надад таалагддаг.  

-Та гэр бүлээ танилцуулж болох уу. Тэд төмөр замчид уу?

-Гэргий маань хоёр жилийн өмнө өвчний улмаас өөд болсон. Би охин, хүү хоёртой. Тэд насанд хүрсэн. Хоёулаа гэр бүлтэй, би хоёр ач, зээтэй. Тэд маань одоо Красноярскид ажиллаж, амьдарч байгаа. Миний хүүхдүүд төмөр замчид болсон. Үндсэндээ, манайх төмөр замчин гэр бүл.

-Танаас өмнө танай гэр бүлд төмөр замчин хүн байсан уу?

-Үгүй, би гэр бүлийнхээ хамгийн эхний төмөр замчин. Надаас салбарлаад охин, хүү хоёр минь төмөр замчин болсонд баяртай явдаг. Магадгүй, ач зээ нар маань ч төмөр замчин болж магадгүй. Тэдэнд төмөр зам их таалагддаг юм шиг санагддаг. /инээв/

-Сонины маань шинэ дугаар ялалтын баярын өдөр уншигчдад хүрэх учраас ярианыхаа сэдвийг энэ чиглэл рүү хандуулъя. Асар их үнээр олдсон энэ ялалтад танай өвөг дээдсүүд ч хувь нэмрээ оруулсан болов уу гэж бодож байна.

-Би ярианыхаа эхэнд Беларусьт төрж, өссөн гэж хэлсэн шүү дээ. Миний хоёр өвөө энэ дайнд хоёулаа оролцож, тулалдаж явсан. Нэг нь тулааны үеэр амь үрэгдсэн. Нөгөө өвөө маань фронтоос эргэж ирсэн байдаг. Намайг төрөхөд дайн дуусаад 12 жил болж байсан. Дайн эхлэхэд миний аав, ээж хоёр зургаан настай байсан гэдэг.

Тэд хүүхэд байсан болохоор дайны тухай томчууд шиг нарийн ширийн зүйл мэдэхгүй ч, олон зүйлийг санаж байсан.

Миний хувьд ялалтын баяртай холбоотой сэтгэгдэл гэвэл хот, тосгод, суурин газарт янз бүрийн хөшөө дурсгал их. Дайны жилүүдэд Беларусийн дөрвөн хүн тутмын нэг нь дайнд амь үрэгдсэн гэсэн судалгаа байдаг.

Би хотоос холгүй тосгонд өссөн. Манай тосгонд төмөр замын хажууханд нэр нь үл мэдэгдэх цэргийн булш байдаг. Тэр цэрэг хэрхэн амиа алдсан тухай тосгоныхон маань ярьж байсан. Цэргийн хоригдлуудыг туугаад явж байхад нь зугтаахад нь түүнийг буудчихсан гэдэг. Түүнийг хэн гэдэг, хэдэн настай байсан. Ямар үндэстэн гэдгийг хэн ч мэдэхгүй. Манай тосгонд тэр хүний хамаатан садан нэг ч байхгүй. Гэсэн хэдий ч тосгоныхон маань нэр нь үл мэдэгдэх цэргийн булшийг жил болгон цэвэрлэж, будаж, цэцэг өргөж, дурсгалыг нь хүндэтгэдэг. Хэн ч түүнийг мартаагүй. Тийм нэр нь мэдэгдэх, үл мэдэгдэх дайчдын булш Оросын хэмжээнд маш их.

-Та нутагтаа ялалтын баярыг хэрхэн тэмдэглэдэг байв?

-Ялалтын баярыг ажлын, амралтын өдрөөс үл хамааран тэмдэглэдэг. Тэр өдөр хөшөөнд цэцэг өргөх, амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх байдлаар тэмдэглэдэг. Түүнээс ширээ засаж суух биш.  Энэ баяр хүүхэд байхаас минь надад нүдэндээ нулимстай баяр байсан. Гунигтай баяр.

-Сүүлчийн асуултыг таны мэдэлд үлдээе?

-Би Монголд байх хугацаандаа танай ард түмэн ялалтын баярт ямар их анхаарал хандуулж, хүндэтгэн хүлээж авдгийг ойлгосон. Жуковын хөшөө, Зайсан дахь хөшөөнд цэцэг өргөх ёслол жил бүр болдог. Ялалтын баярын өдөр Георгийн туузыг энгэртээ зүүгээд гудамжаар алхаж байхад таарсан хүн болгон баярын мэнд хүргэдэг. Энэ нь надад маш тааламжтай санагддаг. Би өмнө нь Монголын ард түмэн эх орны дайны үед Оросын ард түмэнд тусалж байсан тухай уншиж байсан. Гэхдээ Монголд ирээд илүү ихийг мэддэг болсон. Дайны жилүүдэд Монгол Улсаас манай улсад үзүүлсэн тусламжийн хэмжээг харахад Монгол Улсад ахадсан маш том тусламж байсан.

Миний нэг найзын өвөө дайнд оролцож байсан. Түүний өвөө Москвагийн ойролцоо тулалдаж байсан юм билээ. Өвөө нь нэг удаа түүнд миний амийг Монгол дээл аварсан гэж ярьсан байсан. Учир нь, өвөө нь шархтаад гадаа маш удаан хэвтэхдээ Монгол нэхий дээлтэй байсан учраас амьд гарсан гэж ярьсан гэдэг.

Энэ ташрамд, дайны хүнд жилүүдэд Зөвлөлтийн ард түмэнд тусалсан Монголчуудын өгөөмөр сэтгэлд үргэлж талархаж явдгаа илэрхийлье.

 

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Даян дэлхий энх амгалан байх болтугай.        

 

Б.Гүнжинлхам