...Нэлээд оройхон Замын II ангийн дарга Д.Алтгангэрэл ах залгав. “Өнөөдөр хичээлийн шинэ жилийн эхний өдөр. Хаа сайгүй баяр баясал цацраад яалт ч үгүй гэгээхэн өдөр тийм үү, дүү...” хэмээгээд уртаар сүүрс алдсанаа, “Гэхдээ ахынх нь хувьд яагаад ч юм бэ сэтгэл хөндүүрлээд байх юм. Яг энэ өдөр МУГТ, Замын аж ахуйн албаны дарга Ю.Нямжаргал, Замын I ангийн хэсэглэл хариуцсан инженер Д.Батнасан хоёр зэрэг гавьяаны амралтдаа суулаа. Энэ хоёр хүн ёстой л хоёргүй сэтгэлээр УБТЗ-д насаараа зүтгэсэн. Мэргэжил нэгт нөхдөдөө ямар их нөмөр нөөлөгтэй, түшигтэй, ажлын төлөө төрсөн төмөр замчид билээ дээ. Хэн хэнд нь би юу гэж хэлэх ёстойгоо бодоод бодоод олсонгүй. “Баяртай” гэж хэлэхэд үг эвлэхгүй нь. Сэтгэл нэг л гунигтай байна.Сэтгэл зүйн энэ сонин байдлыг сэтгүүлч та нар л илэрхийлж чадах байх даа...” гэв. Нээрээ л Монгол улсын Гавьяат тээвэрчин Ю.Нямжаргалыг энэ удаагийн зочноор урихдаа яагаад ч юм бэ ихэд халгаж хулгасан билээ. Өмнө нь түүнтэй олон удаа албан ярилцлага хийж байсан тул илүү зүйл нуршихыг хүссэнгүй. 40 шахам жилийн турш зөвхөн хос харгуйгаа дагаж амьдарсан төмөр замчны хувьд хамт олон, найз нөхөд, нэг салбарынхныхаа талаар өөрөө юу гэж ярихыг нь сонсож, өнгөрсөн хугацаанд зорьсон зорилго, тэмүүлсэн оргилынх нь тухай уншигч танд элдэв хачир, зүүлтгүйгээр толилуулахыг хичээлээ.

 

Алтан үеийнхний сургаалыг дагасан он жилүүд

 

-Би 1987 онд Москвагийн Төмөр замын дээд сургуулийг төгсөж ирээд Замын III ангид хуваарилагдсан. Ажил, амьдралын гараагаа эхлүүлэхээр очсон залуу инженерүүдийг хамт олон маш хүндэтгэлтэйгээр хүлээж авдаг,  тэр нь ч байгууллагын соёл байж дээ, одоо бодох нь ээ. Тийм л сайхан уур амьсгал намайг угтсан даа.  Ер нь, Оросод төгсөөд тус ангид хуваарилагдан очсон инженер, боловсон хүчнүүд дундаас Замын II ангийн дарга, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Л.Дамдин, Зунруй дарга, Замын албаны паспортын инженер асан Содном-Очир, ЗЗМС-ын дарга, Суурь бүтэц эрхэлсэн орлогч дарга асан Батмөнх гээд олон сайхан удирдагч тодорсон түүхтэй. 1960, 1970-аад оны төгсөлтийн сайчуулын залгамж халаа болж очсоноороо би бахархдаг. Тэр үед шугам замд Оросод төгссөн инженер ч ховор байлаа.  Удалгүй 1990 оны ардчилсан хувьсгал болж, Д.Бямбасүрэн гуайн Засгийн газар “Зах зээлийн үеийн удирдлагын чадавхыг дээшлүүлэх төсөл”-ийг санаачилж, хөрөнгө оруулалтыг нь НҮБ-аар шийдүүлэн эхлүүлсэн юм. Улмаар тухайн үеийн Мэргэжил дээшлүүлэх курсийг өргөтгөж, Удирдлагын хөгжлийн институтийг байгуулсан. Энэ үед миний бие шалгалт өгч, тэнцээд менежерийн сургалтад анх удаа сууж байлаа. “Англи хэл”, “Зах зээлийн эдийн засгийн онол”, “Менежментийн орчин үеийн арга барил” зэрэг шинэ соргог хичээлүүд орохын зэрэгцээ компьютер хэмээх цоо шинэ зүйлийг бидэнд заасан. 1991 онд шүү дээ. Ийнхүү ховор аз тохиолоор жилийн хугацаанд төр засаг болон төмөр замын удирдлагын боловсон хүчнээ бэлтгэх бодлогод нь хамрагдсан юм даг.  Намайг сургалтаа төгсөхөд Замын VI ангийн даргаар томилов. Миний өмнө тус ангийн даргаар Рашатхан гэж хүн ажиллаж байсан ч Казахстан руугаа буцах хүсэлт гаргаж, үүрэгт ажлаа өгсөн юм билээ (АИХ-ын депутат асан). Ер нь, тэр үеийн Замын удирдлагууд шинэ залуу боловсон хүчнээ бодлогоор дэмжиж, бэлтгэдэг, тохирсон албан тушаалд нь оновчтой томилдог арвин туршлагатай байв.  Замын VI ангийн даргын албыг би хоёр жил гаруй хугацаанд хашаад Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн бүтээн байгуулалт руу шилжсэн. Японы буцалтгүй тусламжаар тэнд томоохон төсөл хэрэгжиж, энэ хүрээнд нарийн царигийн паркийг барих, Замын-Үүд өртөөний замыг өргөтгөх зэрэг ажлыг надад хариуцуулсан юм. Ингээд би гурван жил гаруйд  120 мянган шоо метр ул шорооны ажлыг Япон технологиор хийж гүйцэтгэсэн. Тэгэхэд суман шилжүүлэг, бетон дэртэй зам зэргийг Монголд анх удаа тавьж байлаа. 1996 онд тухайн төслөө амжилттай хүлээлгэн өгөөд Замын аж ахуйн албандаа Өрлөг техникийн хэлтсийн даргаар ирсэн. Тухайн үед дэрийн аж ахуй Замын хэмжээнд муудсан байлаа.  Тиймээс замын техникийн байдлыг сайжруулах их засварыг  ахиухан хийх шаардлага тулгарсан юм. Тэр үед манай албаны даргаар МУГТ Г.Вандандагва, ерөнхий инженерээр Зориг гуай  ажиллаж байв. Манай албыг 24 жил удирдсан лут хүн шүү дээ. Ийм хүний шууд удирдлага доор очих нь миний хувьд их аз завшаан байлаа. Инженерүүдээрээ тооцоо судалгаа их хийлгэдэг. Өөрөө маш оновчтой шийдлийг гаргадаг, аргагүй л ясны төмөр замчин, инженер байлаа. Тухайн үед Зориг инженер ШУА-тай хамтран Зүүнхараа дахь Мод боловсруулах үйлдвэрт дэр мод идээлэх технологийг боловсруулж, нэвтрүүлсэн түүхтэй. Ингэснээр 6-7 жилийн эдэлгээтэй байсан дэр модыг 11-12 жилийн насжилттай болгож, эдийн засгийн маш том үр дүн гаргасан. Дээр нь, Хөтөлийн ТБДҮ-ийг барих асуудлыг шийдэж, 1997 онд нээлтийг нь хийсэн гээд олон ч ажлыг санаачилж, гардан гүйцэтгэсэн. Ингээд бодохоор би их азтай хүн байгаа биз.

 

Хүний нөөцийн салбарт хүчин зүтгэж үзэв

 

-Нэг өдөр Замын дарга Р.Раш өрөөндөө дуудав. “Боловсон хүчний үйлчилгээний албаны (одоогоор Хүний нөөцийн алба) дарга н.Намжил гавьяаны амралтаа авлаа. Чи түүний албыг үргэлжлүүлэн хариуцах уу?” гэв. Замын дарга надад итгэж, ийм өндөр үүрэг хариуцлага оноож байхад татгалзах зүрх зориг хүрсэнгүй. Ингээд 2002 онд буюу 38 насандаа Замын хүний нөөцийн бодлогыг тодорхойлох хүндтэй үүргийг хүлээн авч билээ. Ажлаа аваад нэн тэргүүнд “Боловсон хүчний алба маань өөрсдийнхөө хийсэн ажлын тухай мэдээллийг шугам замд ажиллаж байгаа боловсон хүчний ажилтнуудад хүргэдэггүй юм байна. Тэнд юу болж, ямар асуудал тулгамдаж байгааг ч хангалттай хэмжээнд мэдэхгүй байна” гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ер нь, хүний нөөцийн ажилтнуудын уялдаа холбоо сул байгааг анзаарсан л даа.  Тиймээс албаныхаа дэргэд Боловсон хүчний зөвлөлийг байгуулж, албаны хэмжээнд барьж байгаа бодлого болон хийж хэрэгжүүлсэн ажлыг сар бүр Замын хэмжээнд тайлагнадаг жишгийг тогтоосон. Мөн том аж ахуйн нэгжүүдийн ажлын байранд нь ямар асуудал болохгүй байгааг тухайн байгууллагын хүний нөөцийн ажилтнууд албаны удирдлагадаа уламжилдаг тогтолцоог бүрдүүлсэн. Товчхондоо, амьд холбоог сайжруулж, албаны ажлаа хүн бүрт хүртээмжтэй байлгах талаас нь хичээж ажилласан. Дорнод Сибирийн төмөр замын Хүний нөөцийн албаны үйл ажиллагаатай биечлэн танилцаж,  даргатай нь ажил хэргийн шугамаар уулзан Оросын төмөр замууд нээлттэй хувьцаат нийгэмлэг хүний нөөцийн асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг талаар туршлага судалсан. Ингээд буцаж ирэхдээ албаныхаа нэрийг Хүний нөөцийн удирдлагын алба болгон өөрчилсөн. Мөн орон тоог нь нэмэгдүүлж хоёр хэлтэстэй болгосон. Монгол Улсын хамгийн том ажил олгогч байгууллагын хувьд орчин цагт хүний нөөцийн бодлогоо илүү мэргэжлийн түвшинд зохион байгуулж, ажилтнуудаа ч мэргэшүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Цаашлаад, үйл ажиллагаагаа Монгол Улсын хууль дүрэмтэй нягт уялдуулах, ажиллах хүчээ оновчтой зохион байгуулах гээд хийх ажил маш их байна гэдгийг олж харсан. Тиймдээ ч тухайн хугацаанд үндсэн ажилтнуудаа мэргэшүүлэх, шинээр оюутан сургаж хүний нөөцийн ажилтны залгамж халааг бодлогоор бэлтгэх гээд нэлээд санаачилгатай ажилласан гэж боддог.

 

Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга

 

-Замын аж ахуйн албаны үйлдвэр эрхэлсэн орлогч даргаар хэсэг хугацаанд томилогдон ажиллаж байлаа. Гэтэл тухайн үеийн Замын дарга В.Отгондэмбэрэл надад Замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч даргаар ажиллах саналыг тавьсан. Энэ бол миний хувьд үнэхээр гэнэтийн санал байлаа. Тэр үеийн Зам, тээврийн сайд Ц.Цэнгэлд намайг танилцуулаад, Ерөнхий хорооны хуралд хэлэлцүүлэхээр болсон. Гэтэл намайг томилох шийдвэр тухайн орой л гарчихсан. О.Сүрэн даргаас ажлаа хүлээж аваад ороход бас л олон жил ажилласан, хашир туршлагатай хүмүүс угтсан. Ийм сайн бааз суурьтай мэргэшсэн хамт олны ажлыг өмнөхөөс нь дордуулчихгүй юм сан гэх айдас нэн тэргүүнд төрж билээ. Дараа нь “Хөдөлгөөний аюулгүй байдал эрхэлсэн орлогч даргын хувьд анхны шуурхай зөвлөгөөнөө аятайхан хийчих юм сан” гэж бодсон. Тухайн үед Замын даргын үзлэг ч эхэлж таараад үндсэн чиг үүргийнхээ дагуу Үзлэгийн комиссоо яаж удирдах вэ гээд л ажил ундарсан даа. Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга улирал тутамд үзлэг шалгалт хийдэг, сар бүр шугам замд явдаг гээд төмөр замчдадаа хамгийн ойр ажилладаг албан тушаал шүү дээ. Энэ ажлыг би найман жил хийхдээ хуучин захиргааны хэв маягтай хяналт байсныг эрсдэлд суурилсан чиглэл рүү оруулах эхлэлийг тавьсан гэж боддог. Одоогийн Тээврийн хяналтын албаны дүрмийг өөрчилж, хяналтын хуудсыг санаачилж, аль болох эрсдэлтэй цэгүүддээ анхаарал хандуулдаг, түүндээ суурилсан эрсдэлийг бууруулах чиглэлийн арга хэмжээг зохион байгуулдаг гэхчлэнгээр тогтолцооны өөрчлөлтийг хийж эхэлсэн.      

Өмнө нь Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг мөрдөн ажилладаг байсан бол тус хууль 2007 онд шинэчилсэн найруулгад орж “Төмөр замын тээврийн тухай хууль” нэртэйгээр батлагдан гарсан. Ингэснээр төмөр замын салбарыг иж бүрнээр нь зохицуулах хууль эрх зүйн таатай орчин бүрдсэн.  Тэр үед шинээр байгуулагдсан Төмөр замын агентлаг, УБТЗ ХНН-ийн дарга нарын хамтарсан тушаалаар Төмөр замын тээврийн тухай хуулийг сурталчлах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн даргаар нь Л.Халтар(Зам тээврийн дэд сайд), дүрэм журам боловсруулах ажлын хэсгийн даргаар нь намайг томилсон. Тус ажлын хэсэг дотроо дэд хэсгүүдтэй. Г.Вандандагва дарга суурь бүтэц, газрын харилцааны дэд хэсгийг, Ч.Цогтбаяр дарга холбоо дохиоллын, Г.Ганболд дарга тээвэр зохион байгуулалтын, Ж.Мижиддорж дарга  хүний нөөцийн, Б.Түмэндалай дарга  аюулгүй байдлыг хариуцсан дэд хэсгүүдийг тус тус хариуцсан. Ингээд “Техник ашиглалтын дүрэм”, “Дохиоллын удирдлагын журам”, “Галт тэрэгний удирдлагын журам” гэхчлэнгээр манай үндсэн дүрэм, журмуудыг шинэчлэх ажил бүтэн зургаан сарын турш үргэлжилсэн. Дэд хэсгүүд нь тус бүрдээ хуралдана. Баасан гарагт нэгдсэн хуралдаанаа хийнэ гээд л яг парламент шиг ажиллаж байлаа. Ийнхүү зургаан сарын хугацаанд уйгагүй зүтгэцгээсний үр дүнд дүрэм журмын боловсруулалтаа маш чамбай хийж, агентлагтаа хүлээлгэн өгсөн.  Найман жилийн хугацаанд юу эсийг туулах вэ. Манай хяналтын ажил гэдэг захиргаадахаас илүүтэйгээр шугам замд байгаа асуудлуудын зангилааг, тайлал шийдлийг гаргаж, оновчтой зохион байгуулалтыг хийдэг чиглэл рүү түлхүү ажиллаж, төмөр замчидтайгаа илүү ойртсон гэж боддог. 

 

УБТЗ-ын стратеги хөгжлийн төлөвлөлтөд хувь нэмрээ оруулав

 

-Замын орлогчийн ажлаа өгч, Техникийн бодлогын албаны орлогч даргаар томилогдов. Тухайн үед “УБТЗ-ын хөгжил шинэчлэлийн 2030 хөтөлбөр” боловсруулагдаж байсан. Ажлын хэсгийн даргаар нь тухайн үеийн Тээвэр эрхэлсэн орлогч дарга Л.Халтар, нарийн бичгийн даргаар нь миний бие томилогдсон. Дээр нь Р.Раш, Т.Очирхүү гээд маш том бүрэлдэхүүнтэйгээр хоёр жил шахам хугацаанд ажилласан. 1990 оноос хойш УБТЗ-д хийгдсэн олон төсөл хөтөлбөр, судалгааны ажлыг нэгтгээд, гадаадын орнуудад төмөр замынхаа хөгжил дэвшлийг хэрхэн тодорхойлж, ямар арга хэмжээ авч, хэрхэн төлөвлөдөг вэ гэдэг дүгнэлтийг гаргаж, түүндээ үндэслэн манай Техникийн бодлогын алба дээрх хөтөлбөрийг боловсруулсан юм. Улмаар “УБТЗ-2030” форумыг зохион байгуулсан. Энэ бол яах аргагүй УБТЗ хөгжлийнхөө асуудлаар анх удаа нээлттэй хэлэлцсэн маш том арга хэмжээ. Гадаад, дотоодын зочид төлөөлөгчид, төр засгийн удирдлагууд гээд маш өргөн хүрээнд зохион байгуулагдсан. Түүндээ үндэслэн боловсруулсан хөтөлбөртөө тодотгол хийж, Ерөнхий хороогоор хэлэлцүүлэн батлуулж байлаа. Одоо жил бүр замын хэмжээнд хэрэгждэг байгаа их засвар, гүүр хоолойгоо сайжруулж байгаа ажлууд гээд бодлогын чанартай бүтээн байгуулалтууд бүгд тухайн хөтөлбөрт тусгагдсан. Бусад алба, хэлтсүүд ч тус хөтөлбөрийн дагуу хөгжил шинэчлэлийн асуудлуудаа шийдээд явж байгаа. Цаашид БНХАУ-Монгол Улс-ОХУ-ыг дамнасан транзит коридороор тээвэрлэгдэх ачаа улам бүр өсөх нь гэдэг үүднээс Москвагийн “Гипртрансстрой” хэмээх зураг төслийн институттэй дахин гэрээ байгуулж “УБТЗ-2030” хөтөлбөртөө тодотгол хийлгэж байна. Төмөр замчдын маань хамтын хүчээр боловсруулсан энэ хөтөлбөр амжилттай хэрэгжиж, үр дүнгээ өгч байгаад олзуурхаж явдаг.

Дараа нь Замын дарга агсан Д.Жигжиднямаа надад “Замын аж ахуйн албыг удирдаж ажиллаач” гэдэг саналыг тавьсан. Энэ ажлыг би зургаан жил хийлээ. Намайг анх ажил авах үед модон дэрийг уулнаас бэлтгэхийг Байгаль орчны сайдын тушаалаар хориглосон. Үүнээс улбаалан Замын ангиудад дэр мод, материалын хомсдол үүссэн  байсан. Их засварыг зөвхөн гол замдаа хийгээд байсан учраас өртөөний замуудад нөхцөл байдал нэлээд хүндэрсэн байлаа. Тиймээс бетон дэрийг түлхүү үйлдвэрлэж, шинээр гарсан дэрээ зөвхөн их засварт бус өртөөний замуудад ч  хангалтаар өгч, схемчлэн солих арга хэмжээг яаралтай авсан. Одоогийн байдлаар, бараг 80 гаруй мянган бетон дэрийг зөвхөн өртөөний замууддаа солиод байна. Ер нь, бүх өртөө зөрлөгийн замын 80-90 хувийг нь бетон дэрээр хүчжүүлчхээд байгаа юм. Энэ нь замыг хаах, эсвэл хурд бууруулах шаардлагатай болоод байсан эрсдэлээс холдсон. Ер нь, замыг фронтоор нь арчлах, сумын арын тахирыг арчлах чиглэлд нэлээд анхаарч, хөдлөх бүрэлдэхүүн замаас гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн нь  4-5 жилийн дараа үр дүнгээ өгч байна. Энэ ажлыг мэдээж алба, анги, замчид бүгдээрээ хийж байж ийм үр дүнд хүрсэн. Энэ үр дүнг гаргахын тулд ажил авсныхаа дараахан “Бригадын даргын зөвлөгөөн”-ийг анх удаа зохион байгуулж байлаа. Зөвлөгөөний өмнө “Замын ажил гүйцэтгэх үеийн аюулгүй байдлыг хангах” зааврыг шинэчилсэн байсан. Дараа нь, мастерын зөвлөгөөн хийж, Зам засварын 44 технологи боловсруулснаа хэрэгжүүлье гээд ажил зохион байгуулсан. Гэхчлэнгээр замын техникийн байдлыг сайжруулах зөвлөгөөнийг таван удаа хийгээд байна. Зөвлөгөөнөөс зөвлөгөөний хооронд хэлэлцсэн асуудлынхаа үр дүнг хэлэлцдэг, дүгнэдэг болсон. Замчдынхаа нурууг амраах, ажлыг нь зөв чиглүүлэн удирдах чиглэлд гол анхаарлаа төвлөрүүлж ажиллалаа. Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд манай төмөр замчид Д.Жигжиднямаа даргын удирдлага доор Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замын бүтээн байгуулалтыг богино хугацаанд амжилттай гүйцэтгэснийг дурдахгүй өнгөрч болохгүй. Автозам, эрчим хүчнийхэн, төмөр замынхан гээд бүгд нэгэн зэрэг оролцсон энэ бүтээн байгуулалтын дараа манай төр засгийн удирдлагууд “Төмөр замчид өөрсдөө төмөр замаа тавьж чаддаг юм байна. УБТЗ-д өөрийн гэсэн мэргэшсэн ажилтнууд, техник хэрэгсэл, тооцоо судалгааг хийдэг инженерүүд байдаг юм байна” гэдгийг анх удаа ойлгосон. Тиймдээ ч Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт руу эрс шийдэмгий орсон. Тус төмөр замын ерөнхий гүйцэтгэгчээр нь УБТЗ томилогдож, туслан гүйцэтгэгчээр нь Зэвсэгт хүчний жанжин штаб, МТЗ ТӨХК ажиллахаар гэрээ байгуулсан. ЗЗМС-ын хамт олон, замын ангийн замчид гээд хамтын хүчээр 416 км төмөр зам 4-5 өртөө зөрлөг зэрэг нүсэр их ажлыг амжилттай гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгсөн. Одоо тээвэр явж байна. Тухайн үедээ цаасан дээр байсан зүйлийг бодит ажил болгосон хамт олноороо бахархдаг. УБТЗ-ын хөдөлмөрч хамт олны татсан жимээр л шинэ төмөр замын бүтээн байгуулалтууд шил даран хөвөрлөө шүү дээ.

 

Хөдөлмөрийн хүмүүсээ л дэмжих нь чухал

 

-Эргээд бодоход миний амьдралын дийлэнх хугацаа төмөр замчдынхаа л дунд өнгөрч дээ. Өнгөрсөн хугацаанд “Хөдөлмөрийн хүмүүсээ л сайн дэмжих юм сан” гэдэг бодол миний сэтгэлээс огт гараагүй. Шийдвэр бүрт ажилтнаа бодсон, ойлгосон шийдэл байгаасай гэж боддог байлаа. Замчид замаа л засдаг байх ёстой гэдэг үүднээс уурын зуухуудыг л гэхэд Орон сууцны ангийн мэдэлд шилжүүлсэн. Замчдын авто машиныг орчин үеийн фургоноор, багаж хэрэгслүүдийг шинэчлэх гэхчлэн боломжийнх нь хэмжээнд шийдээд явахыг хүссэн. Замчдын ажлын байранд 5C хөтөлбөрийг хэрэгжүүлж,  залуу үеийнхэнд ажлын байрны эмх цэгц, тав тух, таатай орчноор нь дамжуулан мэргэжлээрээ бахархдаг, ажлын байраа хүндэтгэдэг соёлыг  бий болгоё гэсэн санаачилгыг сүүлийн долоон жилийн турш түгээлээ. Саяхан замчдад зам арчлалтын нэмэгдэл олгох тухай Замын даргын тушаал гарсан. Тээврийн ажлын хэмжээ өсөхийн хэрээр зам засвар арчлалтын хэрэгцээ шаардлага нэмэгдэнэ. Ингээд ирэхээр замчид зам дээрээсээ салж чадахгүй хэмжээнд ажлын ачаалал нь нэмэгдэнэ. Энэ байдлыг Замын удирдлага, төлөвлөлт эдийн засгийн албаныхан ойлгож, дэмжсэн. Холбогдох тооцоо судалгааг ч гаргасан. Ингэснээр 1800 орчим хүн жилд дунджаар 7.8 тэрбум төгрөгийн нэмэгдэл авах эрх зүйн орчин бүрдлээ. Миний хувьд суурь бүтцээ бэхжүүлэх, аюулгүй байдлаа хангах, байр сууц, ажиллах нөхцөлийг хангах тухайд гол анхаарлаа хандуулж ажилласан. Харин нийгмийн чиглэлд нь үнэнийг хэлэхэд хүрч чадаагүй зүйлүүд бий. Замчид маань гар ажиллагаанаас бүрэн гарч машин механизм руу шилжих ёстой. Тийм учраас манай алба “Зам засварын машин механизмыг шинэчлэх хөтөлбөр”-ийг боловсруулан, замын техникийн зөвлөгөөнөөр оруулж батлуулсан. Механикжилтын түвшинг дээшлүүлж, замчдаа мэргэшсэн ажилтан болгоод явах тогтолцоо руу орно. Үүнийг Замын даргад танилцуулсан. Ерөнхий хорооны хурлаар оруулж, “Энэ төслийг дэмжье” гэдэг шийдвэрийг гаргуулахад бэлдчихсэн байгаа. Бүтээмж ихсээд техникжээд ирэхээр цалин хөлс ч нэмэгдэнэ. Би бусад салбарт ажиллаж байгаагүй учраас ийм тийм гэж хэлж чадахгүй юм. Харин УБТЗ бол төмөр замчин хүнд өөрийгөө сорих маш том орон зай. Энэ орон зайд хэрэв чадал чинь хүрвэл ямар ч ажлыг бүтээх боломж нь үргэлж нээлттэй байдаг. Дээрээс нь чи маш том шийдвэрийг гаргаж ажиллах ёстой. Хэрэв буруу шийдвэр гаргаад буруу замаар явчихвал тэр чинь дорхноо илэрнэ. Товчхондоо УБТЗ-д ажиллаж л байгаа бол чамд өөрийгөө хуурах боломж олдохгүй. Чи алдах эрхгүй. Тиймээс өөрийгөө байнга боловсруулж байх хэрэгтэй. Өөрийн чинь гаргасан шийдвэр хөрсөндөө хэрхэн бууж байна вэ гэдгийг үргэлж дахин нягталж байх хэрэгтэй. Үргэлж цаг хугацаатай уралддаг, маш завгүй ажил. Нөгөө талаасаа чиний гаргасан шийдвэр маш оновчтойгоор ажлын байран дээр хэрэгжиж, өгөөжөө өгөхийг харах хамгийн сайхан хэмээснээр бидний ярилцлага өндөрлөсөн билээ.

 

Салбар нэгжээс ажлын гараагаа эхлүүлж, дөрвөн албаны бодлогыг боловсруулах түвшинд зүтгэж, Замын орлогч даргын хэмжээнд хүртэл өсөж дэвшиж ажилласан түүний хувьд УБТЗ-ыг Олон улсын төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагад(UIC) “Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөрлөг”-өөр нэгтгэсэн. Оны тэргүүн зорилт буюу Замын даргын A01 тоот тушаалыг анх санаачилж, хэрэгжүүлэхэд гол хувь нэмрийг оруулсан гээд олон ажлыг санаачилсан билээ. “Ажлаа сайн төлөвлөе. Нэгэнт төлөвлөсөн бол гүйцэтгэлээ сайн хийе. Сайн гүйцэтгэсэн бол заавал дүгнэе” гэсэн зарчмыг үргэлж баримталж ирсэн учраас дээрх ажлын ард амжилттай гарч ирснээ ч энэхүү ярилцлагын үеэр онцолсон билээ.  Төгсгөлд нь хэлэхэд бид хоёрын ярилцлага сүүлчийн биш. Зүгээр л зөрлөг дээр түр зогсоод дараагийн өөр нэртэй өртөө рүү галт тэрэг хөдлөх хооронд эртний танилтайгаа таарч дахин уулзахын ерөөл тавьсан учирлын нэгээхэн хэсэг гэж тодорхойлсон нь илүү зохимжтой байх...

 

Б.Дэлгэрхишиг