Г.М.Фадеев бол ёстой түшихэд ард шиг төлөхөд алт шиг хүн дээ

 Аравдугаар сар дуусах гэж байна. Дээр үед аравдугаар сарыг Монгол Зөвлөлтийн Найрамдлын сар гэж их л ач холбогдол өгч тэмдэглэдэг байлаа. Зөвлөлтийн бүгд найрамдах улсууд Орос, Белорусъ, Украйн, Казакстан, Киркизстан, Гүрж, Эстони гээд бараг Зөвлөлтийн бүх Бүгд Найрамдах Улсуудын найрамдлын өдөрлөгүүд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд, хөдөө орон нутагт ээлж дараалан зохион байгуулагдаж их л сайхан үйл явдлууд болдог байж билээ. Манай улсын гадаад харилцаанд тэр үеийн Зөвлөлт Холбоот Улс онцгой байр суурь эзэлнэ. Зөвхөн улсын гадаад худалдааны 80 хувь нь Зөвлөлттэй харьцах харьцаан дээр тогтдог байсан. Монголчууд бидэнд хэзээнээсээ оросын бараа таваар, хүмүүсийн харьцаа, оросын агуу их соёл, боловсрол онцгой дотно санагддаг шүү дээ. Тэрний ч нөлөөгөөр социалиазмын үед алдаа оноо байсан ч Монгол улс, Монгол үндэстэн хоцрогдлоос ангижирсан. Оньсон техникийг эзэмших ажлыг бид оросуудаас л суралцсан. Дээр үеийн орос техник бөх, гарын ая даадагийг бид мэднэ. Одоо Зүтгүүрийн депогийн хажууд байгаа үзэсгэлэнд тавьсан Паравоз, ТЭ-2, ТЭМ зүтгүүрүүд дотор 522 номертой тепловоз бий. Уг нь 418 байх ёстой байсан байх. 1961–2001 он хүртэл даруй 40 жил ашигласан юмдаг. Ахмад машинч Хувьтай түүнийг түрээсийн гэрээ байгуулан авч Сонгины замд ашиглаж байсан.

1970-аад онд биднийг Эрхүүгийн их сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцаж байхад Баргузан нэртэй кино театрын дэргэд монгол дэлгүүр байх. Тэнд Алтанбулаг хивс, Дарханы нэхий дээл, ноосон хувцас, савхин куртик, нийслэл архи, боргио пиво, лаазалсан махан бүтээгдэхүүнүүд, тарваган малгай зэрэг зарагдаж Эрхүүчүүд, Сибирьчүүд дугаарлан зогсож авдаг байсныг санаж байна. Тэр үед одоог бодвол хил гаалийн элдэв чирэгдэл ч байгаагүй. 1990-ээд оны эхээр социалиаст гэгдэж байсан орнууд зах зээлд шилжихэд Монгол Оросын харьцаа жаалхан царцанги байдалд орсон юмдаг. Оросын Элчин Сайдын Яаманд ажиллаж байсан нэгэн сэтгүүлч төвийн нэгэн хэвлэлд бичихдээ Оросын дор хаяахад нэг сая хүн монголтой хувь заяагаараа холбогдсон байдаг юм шүү, бид энэ улсыг мартаж яагаад ч болохгүй гэж бичсэн байсан нь санаанаас гардаггүй юм. 1987 онд Ж.Батмөнх даргыг Москвад айлчлахад Сергей Горбачёв оросын зах хязгаар нутгуудад цэргүүд хүнс тэжээлээр гачигдаж байгаа тул махыг их хэмжээгээр нийлүүлэхийг хүссэн байдаг. Хүсэлтийг ёсоор болгож малыг хөлөөр болон нядалж нийлүүлж байсан. Харин Хөвсгөлийн фосфортын орд газрыг ашиглах асуудлыг хойшлуулж байж билээ. Тэр үед сэтгүүлч Ц.Балдоржийн “Далай ээж цаазын тавцанд” гэсэн нэртэй нийтлэл “Ардын эрх” сонинд гарч шуугиан тарьж байсан үе.

Олон жил мөр зэрэгцэн хөдөлмөрлөж явсан, яваа Орос, зөвлөлт нөхдөө дурсаж бодоход сайхан байдаг. Тэр жил Замын нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байсан А.В.Трошкинийд миний бие очоод буцахад Тула хотын галт тэрэгний буудал дээр тэр маань намайг үдэж мордуулахдаа таяг тулчихсан зогсож нүдэнд нь нулимс цийлэгнэж байх шиг байж билээ. Тэр хүн энд миний орлогчоор ажиллаж байхдаа сайхан зөвлөгөөг харамгүй өгнө. Нэгэн удаа Багануурын наадах Гүн галуут зөрлөгөөс 2 суудлын вагон өнхөрч, орох дохионы гадна гарч зогссон юм. Тэнд хонхор газар л даа. Мухар азаар юм гараагүй учраас тийшээ орлогч даргын түвшинд комисс явсан юмдаг. Тэгэхэд Васильевич надад хэлэхдээ хоорондын замд гарсан аливаа ЧП-д Замын дарга өөрөө очиж байх ёстой байдаг юм гэж хэлж байж билээ. Санхүүгийн албаны дарга М.Я.Магро манай санхүүгийнхны хувьд “Өндөр Ээж” л гэсэн үг. Би Маяагаар 7 хоног санхүүгийн балансаар хичээл заалгаж байж билээ. Дебит Кредит гээд л хүснэгт зураад л махардагсан зайлуул. А.Е.Черных ясны хөдөлгөөнчин хүн. Хүний мөсөөр ёстой шаргал намар. Дор.Сиб.ТЗ-ын Гадаад харилцааны газрын дарга асан Кремльякова Светлана сайхан сэтгэлтэй, асуудалд туйлширдаггүй, маш ажил хэрэгч, хэзээ ч нэг л зангаараа явдаг, нандин хүн. А.И.Долгий, Г.И.Комаров, А.И.Касьянов, А.В.Ушаков, И.В.Милостных гээд монголчууд бидэнд сайхан сэтгэгдэл, ул мөрөө үлдээсэн аж ахуйн мундаг удирдагчид, санхүүч, хуулийн мэргэжилтэн зэрэг олон сайхан нөхдөө дурсан санаж явна. Я.С.Усольцева, Е.Р.Яковенко, Н.А.Гук, О.Л.Филиппов гээд мундаг мэргэжилтнүүддээ.

1990-д онд Зүтгүүрийн албаны даргаар ажиллаж байсан Минин нэгэн бүтэн сайн өдөр намайг ажил дээрээ сууж байхад тал шуудай хэртээ дугуй зордог резец нэртэй хутгыг өрөөнд нэг нөхөртэй дамжилж үүрч орж ирж байж билээ.

“Газрын жигүүр” кинон дээр зааварлагч машинчийн дүрд тоглодог В.Т.Поляков манайд ахлах диспетчерээр ажиллаж байгаад буцахдаа диспетчер Охинхүүд гэртээ хэрэглэж байсан хөргөгч, зурагт зэрэг гэрийн эдлэлээ бэлэглээд явсан гэдэг.

1992 онд МПС-ын сайд Г.М.Фадеев миний урилгаар манайд ирсэн юм. Вокзал дээр бидний хооронд ээж хүний тухай нөхөрсөг яриа болж билээ. Ээжийгээ хайрлахгүй хүн гэж ямар юм байх билээ. Геннадий Матвеевич ажил дээр ядраад ээжийнхээ шарил дээр очиж 30 минут суухад хамаг бие сайхан болдог гэж надад ярьж байж билээ. Би нэгэн удаа Москва явах болсноо өөрийн ээж /Жуужаа/-дээ дуулгахад тэр том сайд хүн миний хэдэн бор ааруулыг яаж тоогоо ч дээ гээд тос даасан бор ааруул шаргалтсан өрмийг “Үнэн” сонинд боож улаан утсаар ороож, миний хүү үүнийг Фадеев сайдад өгөхийг бодоорой гэж өгч билээ. Би ёсоор болгосонд Фадеев сайд асар их баярласан юмдаг. Хүний эх хүн холыг харна гэдэг тэр л байх. Фадеев сайд Монголын Раш, Финландын төмөр замын дарга хоёрыг би хамгаас хүндэтгэж явдаг гэж сайд асан Жигжидэд хэлсэн байж билээ.

Ленинградын төмөр замын дээд сургуулийн Ачиж буулгах ажлын механикжуулалт, автоматжуулалтын тэнхимийн эрхлэгч профессор Е.Гохбом намайг /сельский тружник, хөдөө талын хөдөлмөрчин/ гэж орчуулах болов уу даа гэдэг байж билээ. Нэгэн удаа өрөөнд нь ороод ярьж суухад номын тавиур дээр байсан авто урт чингэлэгийг заагаад, энэ урт машин чинь ирээдүйн дэлхийн тээврийн гол хэрэгсэл шүү дээ гэж хэлж байж билээ. Тэр үг 1970-аад оных. Сурдаг толгой юм бол сургадаг толгой нар байж дээ тэр өвгөн профессорууд.

Өнөөдөр Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар” төмөр зам нийгэмлэг Монгол Оросын харилцааны бат бэх гүүр болж хөгжиж байна. Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков, Замын ерөнхий инженер С.П.Старцев нар УБТЗ-ын төлөө чөмгөө дундартал зүртгэж байна.

 

Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Р.Раш